Title
stringlengths 4
61
| Text
stringlengths 360
32.5k
⌀ |
---|---|
Солийн Данзан | Солийн Данзан (1883 – 1924) нь Монгол улсын төрийн зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын Намын анхны дарга, Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэгч ч юм.
Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошуунд одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт төржээ. Бат-Очир гэдэг хүний ууган охин Солиос бутач төрсөн ажээ. Бага насандаа хийдэд шавилан сууж байсан. Мал маллаж, аян жин тээж амь зуухын сацуу нутгийн баячуудын агт морьдыг хошуу алгасуулан арилжиж баригдаж явжээ. Оргон зайлж Говийн нутгаар хэдэн жил цагаачлан амьдарсны дараагаар 1910 оны үед Хүрээнд ирж, наймаа эрхлэх болжээ. 1915-1916 онд Монгол улсын Хөрөнгийг захирах газраас зохион байгуулсан Эдийн засгийн шинжилгээний ангид оролцож, 1916-1917 онд Ой ангид бичээч, түшмэлээр ажиллаж байв.
1919 онд Гаалийн хорооны түшмэл байхдаа Зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэн байгуулсан ба улмаар Ноёдын бүлгэм, Консулын дэнжийн нууц бүлгэмтэй нэгдэн 1920 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Монгол Ардын Намыг үүсгэн байгуулалцаж намын анхны даргаар 1921 оны 3-р сард сонгогдон ажиллажээ. 1921 оны намраас Сангийн сайдын ажлыг хийж гүйцэтгэж байсан. 1923 онд Дамдины Сүхбаатарыг нас барсны дараа Бүх цэргийн жанжин болсон.
1921 оны 11 дүгээр сарын 5-нд Москва хотод айлчилсан Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн Ленинтэй уулзаж ЗХУ-тай найрамдлын гэрээ байгуулсан.
Үндэсний хувьсгалын анхны зүтгэлтнүүд:Солийн Данзан нь Сүхийн хажууд бүрх малгайтай байна
С.Данзан нь тэр үеийн бодлого баригчдаас эрс ялгаатай зарчмыг барьдаг байсан ба либерал ардчилсан сэтгэлгээтэй хүн байсан юм. Тэрээр барууны хөгжингүй орнуудын туслалцааг авч Монгол орноо татан босгох талаар ээлжит улсын бага хурлуудаар удаа дараалан саналаа оруулж байсан ба Монгол улсын мөнгөн тэмдэгтийг Монгол доллар (Данзангийн доллар гэж алдаршсан) болгох саналаа ч илэрхийлж байжээ. Мөн түүний гол баримтладаг зүйл нь Монгол орон хэзээ ч капиталист нийгмийг алгасч болохгүй гэсэн үзэл нь байлаа. Энэ нь түүнийг Коминтернийхэнд илүү үзэгдэх, шахан зайлуулах гэсэн бодлогод нь гүн түлхэц нь болсон юм.
1924 онд Элбэгдорж Ренчино Коминтерны дэмжлэгтэйгээр Монгол Ардын Намын 3-р бага хурлаар Солийн Данзанг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар авчээ.
1992 оны 11 сарын 23-нд Монгол улсын Дээд Шүүхийн Бүгд хурлаас С.Данзан, Ж.Баваасан нарыг цагаатгажээ.
2010 онд Солийн Данзан сан түүний зээнцэр Р.Батрагчаагийн санаачлагаар байгуулагдсан.
Эдүгээ Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Энх тайвны өргөн чөлөөний төгсгөл, Эскадрилийн хөшөөний уулзвараас хуучин Улаанхуарангийн эцсийн буудал, Цэргийн их сургууль хүртэлх гудамжийг С.Данзангийн нэрэмжит болгосон. |
Дамдины Сүхбаатар | Дамдины Сүхбаатар (* 1893 оны 2 сарын 2; † 1923 оны 2 сарын 20) нь Монголын ардын нам, Төрийг үүсгэн байгуулагчдын нэг, Төрийн зүтгэлтэн, Монгол улсын Ардын засгийн газрын Цэргийн яамны сайд, бүх цэргийн жанжин байсан хүн юм. Олон түмнээ "гоймон баатар" хэмээн алдаршсан. Тэрбээр өнөөгийн Улаанбаатар[1] хот буюу тухайн үеийн Амгаланбаатар хотод харц ядуу ард Дамдины хүү болон мэндэлжээ.
Товч намтар
1893.02.02-нд ядуу ард Дамдины гэр бүлд төрсөн. 14 настайдаа бичиг үсэг суржээ.
1911 онд цэргийн албанд орж, пулемёт сумангийн даргаар ажилласан.
1918 онд эх орноо гаднын түрэмгийлэлээс чөлөөлөх дайнд оролцож баатар цолоор шагнагдав.
1919 оны Ардын хувьсгалын удирдагчдын нэг, оросын хувьсгалчидтай холбоо тогтооход онцгой үүрэг гүйцэтгэсэн.
1921.03.01-нд МАН-ын анхдугаар их хуралд төлөөлөгчөөр оролцжээ.
1921.11 сард ЗХУ-д очиж хоёр улсын хоорондох найрамдлын гэрээнд гарын үсэг зурж, Зөвлөлтийн удирдагч Владимир Ильич Ленинтэй уулзав.
1922.07 сард Цэргийн яамны сайд, Бүх Цэргийн жанжнаар томилогдсон.
1923.02.20-нд 30 настайдаа таалал төгссөн. (Хорлогдож нас барсан гэж үздэг).
Бага залуу нас
МАН, ардын засаг төрийг үүсгэн байгуулагчдын нэг, цэргийн жанжин, монголын ард түмний гарамгай хүү Дамдины Сүхбаатар 1893 оны 2-р сарын 2-нд тэр үеийн Маймаа (одоогийн Амгаланбаатар) хотноо ядуу ард Дамдины гэрт төржээ. Д.Сүхбаатар багадаа харц ардын хүнд бэрх амьдралыг биеэр туулан, бусдад зарагдаж зах дээрээс мах үүрэх, мод түлээ зөөх, улаа нэхэх зэрэг ажил хийж ар гэрийнхээ ядуу амь зуулгад тусалдаг байв. Д.Сүхбаатарын балчир ахуйд ард олны хүүхдийг сурган хүмүүжүүлэх улсын сургууль байсангүй. Иймээс Д.Сүхбаатар бага насандаа сургуульд сурч чадсангүй. Харин эцэг нь хүүгээ эрдэм номтой хүн болгохыг хичээж 1907 онд гүн С. Жамъянд шавь оруулан монгол бичиг, тоо заалгаж байв.
Д.Сүхбаатар 19 настайдаа 1912 онд Богд хаант Монгол улсын цэргийн албанд дайчлагдан Хужирбулангийн цэргийн дарга нар бэлтгэх сургуульд амжилттай суралцаж пулемёт бууны сумангийн жагсаалын дарга болжээ. Д. Сүхбаатарт орчин үеийн цэргийн тактикаар хэрхэн байлдах, пулемёт буугаар хэрхэн буудах зэрэг цэргийн эрдмийг тэр үед Хужирбулангийн цэргийн сургуульд сургагч багшаар ажиллаж байсан хаант Орос улсын цэргийн офицер, монголчуудын дунд "сахалт" хэмээн алдаршсан Васильев гэдэг хүн сайтар зааж сургасан ажээ. Энэ үеэр Д.Сүхбаатар Их хүрээний ядуу ард Нэмэндэйн охин Янжмаатай айл гэр болжээ. Д. Сүхбаатар цэрэг эрстэй итгэмжит сайн нөхрийн ёсоор харилцаж, цэргийн эрдэм эзэмшихэд нь туслахыг туйлаа эрхэмлэдэг байлаа. Иймээс цэргүүд Д.Сүхбаатарыг чин сэтгэлээс хүндэлдэг байснаар үл барам түүний удирдлагаар тэмцэлд эрслэн босож байв.
Тухайлбал 1914 оны зун Хужирбулангийн цэргүүд хоолонд ялзарсан мах өгсний эсрэг шаардлага тавьж, эсэргүүцэн тэмцээд дийлж байжээ. Д. Сүхбаатар Богд хаант Монгол улсын цэргийн албанд зүтгэж байхдаа улс орныхоо тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалсан тулалдаанд хэдэнтээ оролцож гарамгай гавьяа байгуулж явжээ.
Нийгмийн бүтээн байгуулалт
Д.Сүхбаатар түүний гэргий Янжмаа 1923 он
Д.Сүхбаатар олон хошуу нутгаас дайчлагдан ирсэн ядуу залуусын хамт цэргийн алба хааж байхдаа гадаадын булаан эзлэгчдийн дарлал доромжлолыг үл зөвшөөрч, тэрхүү зовлон зүдгүүрээс улс орноо хэрхэн ангижруулах арга замыг сүвэгчлэн эрэх болжээ. Д. Сүхбаатарын үзэл бодолд нийслэл Хүрээнд ажиллаж байсан монголын тэргүүний сэхээтэн Солийн Данзан, Догсомын Бодоо болон нийслэл Хүрээний орос хэвлэлийн газар ажиллаж байсан М. И. Кучеренко, Я. В. Гембаржевский нарын зэрэг оросын хувьсгалчид их нөлөө үзүүлж тэдэнтэй нягт холбоо тогтоон ажиллах болжээ.
Д.Сүхбаатар 1918 оноос эхлэн Нийслэл хүрээний Монгол хэвлэлийн хороонд үсэг өрөгчөөр ажилласнаар тус орны гадаад дотоод байдал, засаг төрийн бодлоготой нэлээд тодорхой танилцах бололцоотой болжээ. Орос оронд болсон октябрийн хувьсгалын үзэл санаагаар зоригжсон ард ангийн тэргүүний хүмүүс улс орныхоо тусгаар тогтнолыг хятадын түрэмгийлэн эзлэгчдээс хамгаалахын тулд өөрсдийн хүчийг хамтатган, нэгэн байгууллагад нэгдэхийн чухлыг ойлгож зорилго нэгт хань нөхдөө эрэлхийлж байжээ.
1919 оны 7-р сард нийслэл Хүрээг хятадын гамин цэрэг түрэмгийлэн эзэлж Богд хаант монгол төрийг устгаж монгол цэргийн зэвсгийг хурааж Богд хааныг гэрийн хорионд оруулж улс орны байдал хүнд хэцүү болов. Тэр үеийн монголын төрийн зүтгэлтнүүд, лам хувраг, ард иргэд хятадын гамин цэргийн түрэмгийлэлд ихэд дургуйцэж тусгаар тогтносон Монгол улсаа дахин сэргээх арга замыг эрэлхийлж байв.
Үүний илрэл нь Нийслэл хүрээнд Бодоо, Данзан нарын анх байгуулсан Хүрээний ба Консулын гэсэн эх оронч хоёр нууц бүлэг үүссэн явдал байв. Д. Сүхбаатар эх оронч нууц бүлгийг санаачлан байгуулагчдын нэг байв. 1920 оны 6 дугаар сарын 25-нд хоёр бүлгийн хамтарсан хурал болж, тус хоёр бүлгийг нэг байгууллага болгон нэгтгэж “Монгол Ардын Нам” гэж нэрлэхээр тогтжээ. Энэ хурал дээр Д. Сүхбаатар хэлэхдээ:
„Манай намын нөхөд эв санаа нэгтэй, сахилга бат сайтай, нийтийн төлөө үнэнчээр зүтгэхдээ амь бие үл хайхрах, өөрсдийн нууцыг бусдад задруулахгүй гэж нэг намд багтсан нэгэн тангаргатан болох бидэнд хатуугаар сахиж явах нэг тангараг заавал байх хэрэгтэй“
– Д. Сүхбаатар: Намын бүлгүүдийн хамтарсан хуралд хэлсэн үг
гэжээ.
Тэрхүү тангараг нь тус эх оронч байгууллагын дагаж мөрдөх мөрийн хөтөлбөр “Намын хүмүүсийн дагаж явах тангаргийн бичиг” байсан юм. Нууц хоёр бүлгийн дотор янз бүрийн үзэл санаатай хүмүүс оролцсон учир тэд ард түмний тэмцлийн зорилгыг өөр өөрөөр ойлгож байв. Нууц бүлгийн хамгийн гол зорилго бол эх орноо хятадын түрэмгийлэгчдээс чөлөөлөх явдал байлаа.
Түүний нэрээр нэрлэгдсэн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хот дахь Сүхбаатарын талбай
1920 оны хавар Д.Сүхбаатар хэдийгээр эцэг нь хүнд өвчтэй байсан боловч арга буюу орхин гэр орноо зарж хөл залгах унаа бэлдээд ард түмний их хэргийн төлөө Зөвлөлт Орос улсын зүг зорьжээ. Ийнхүү явахынхаа өмнө тэмцэл, үйл ажиллагааныхаа гол шугамыг тодорхойлж өөрийн эцэгт
„Миний бие, амь биеийг хайрлахгүй ард түмний эрх чөлөөг мандуулах үйл хэрэгт оролцон зүтгэхээр шийдвэрлэсэн“
– Д. Сүхбаатар
гэж хэлж байв. Хятадын гамин цэргүүд монгол-оросын хилийг чандлан сэргийлж байснаас болж Д. Сүхбаатар энэ удаа хил нэвтэрч амжаагүй бөгөөд харин 1920 оны зун хоёр дахь удаагийн явалтаар зорилгоо биелүүлж чадсан юм. Тэд Эрхүү хотноо Коминтерний Дорно Дахины нарийн бичгийн дарга нарын газрын удирдах ажилтан нартай удаа дараа учирч Монгол Ардын Намын нэрийн өмнөөс Зөвлөлт орос улсын засгийн газарт хандан тусламж гуйх тухай бичиг үйлдэж түүндээ хувьсгалт байгууллагаас нэн даруй гүйцэтгэх чухал асуудлыг тодорхойлон бичжээ. Зөвлөлт Орос улсад очсон ардын намын Данзан, Лосол, Чагдаржав нар Омскоор дамжин Москва хот орж тэнд Зөвлөлт Оросын ГЯЯ-ны сайд Георгий Чичеринтэй уулзжээ. Харин Д. Сүхбаатар, Х. Чойбалсан нар бэлтгэл ажлаа хангах зорилгоор Эрхүү хотод үлджээ. Ардын намынхан Орос улсад очоод улс орноо хятадын цэргээс чөлөөлөхийн тулд зэвсэг гуйж оронд нь зөвлөлт засгийг улс орондоо тогтоох тохиролцоо хийсэн гэдэг. Гэвч сүүлдээ зөвхөн зэвсэг гуйх бус, улаан орос цэрэг гуйх болсон нь тусгаар тогтнолооо дөнгөж олоод байсан Богд хаант Монгол улсын хувьд тусгаар тогтнолоо алдах аюул болно гэдгийн тэр үед хэн ч яахин мэдэх билээ.
1921 оны 2-р сарын 24-ний өдөр хаант Орос цэргийн жанжин, азийн морин дивизийн командлагч, хошууч генерал Барон Унгерн фон Штернберг гамин цэргээс монголыг чөлөөлөх зорилгоор дүн өвлийн хүйтэн цагт нийслэл Хүрээ рүү довтолж, арван мянган хятад цэргийн эсрэг мянга хүрэхгүй цөөн цэрэгтэйгээр зоригтой тулалдаж Богд хааныг гамин цэргийн гэрийн хорионоос чөлөөлж нийслэл Хүрээг гамин цэргээс чөлөөлөв. Богд хааныг дахин хаан ширээнд залж Монгол улс дахин тусгаар тогтнолоо сэргээв. Богд хаан монголын тусгаар тогтнолыг дахин сэргээсэн гавьяатай Барон Унгернд Улсыг мандуулагч их баатар цол олгов. Барон Унгерн удалгүй өмнө зүг довтолж Чойрт байрлаж байсан гамин цэргийг ялж 1921 оны дөрөвдүгээр сар гэхэд монголын нутгийг хятадын гамин цэргээс бүрэн чөлөөлөв. Харин нийслэл Хүрээнээс Барон Унгерний цэрэгт ялагдаж зугтаасан гамин цэрэг Оросын нутгаар дамжиж зугтаахаар хойд зүгт явж Хиагт хотод бүгсэн байлаа. Энэ үед Д. Сүхбаатар монголын дотоод дахь бодит байдлыг мэдэж, ард түмнийг дарлал зовлонгоос бүрэн ангижруулах их хэргийг эхлэх цаг нэгэнт болсон гэж үзээд намын анхдугаар их хурлыг яаралтай хуралдуулж, монголын ард түмний хувьсгалт тэмцлийг зохион байгуулж удирдах улс төрийн дайчин байгууллага МАХН-ыг жинхэнэ ёсоор байгуулах бүх бэлтгэл ажлыг шууд гардан удирдсан юм.
Үүний хамт намын бодлогыг олон түмэнд таниулах, ухуулах хуудас болон намын анхны дайчин хэвлэл “Монголын үнэн” сониныг хилийн чанадад хэвлүүлэн монгол нутагт нууцаар нэвтрүүлэх, партизан цэрэг элсүүлэх зэрэг асар их ажлыг зохион байгуулж байв. 1921 оны 2-р сарын есөнд болсон хувьсгалчдын зөвлөлгөөнөөр ардын журамт цэргийг байгуулах ажлыг түргэтгэх, зэвсэгт тэмцэлд идэвхтэй бэлтгэх зорилгын үүднээс Д. Сүхбаатарыг журамт цэргийн жанжнаар томилсон байна. 1921 оны 3-р сарын 1-3 ны өдөр хуралдсан Монгол Ардын Намын анхдугаар их хурал Монгол орны улс төрийн байдлын тухай хэлэлцэж, намын Хөтөлбөрийг батлан бүх ард түмний зэвсэгт бослогыг бэлтгэн явуулах, Ардын журамт цэргийн штаб байгуулах, Монгол Ардын Намын Төв Хороог сонгон нам байгуулах тухай асуудал хэлэлцжээ.
Их хурал Ардын журамт цэргийн жанжнаар Д. Сүхбаатарыг томилсон юм. 1921 оны 3-р сарын 13-нд Дээд Шивээ хотноо “Монгол Ардын засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар” гэдэг нэртэйгээр Монгол Ардын Түр засгийн газрыг МАН-ын удирдлагаар байгуулсан байна. Түүний бүрэлдхүүнд Д. Сүхбаатар оржээ. 1921 оны 3-р сарын 18-ны шөнө Хиагт хотноо бүгж байсан гамин цэргийн гол хүчийг бут цохиж Хиагт хотыг гамин цэргээс чөлөөлж ард түмний зэвсэгт бослогын том ялалт, ардын хувьсгалын эхлэлт болжээ. Монголд ийнхүү хоёр засгийн газар байгуулагдав. Нэг нь саяхан дахин сэргээн байгуулагдсан хууль ёсны Богд хаант Монгол улсын Засгийн газар, нөгөө нь Дээд Шивээ хотноо байгуулагдсан Монгол Ардын Түр засгийн газар байлаа.
Хиагтыг хятадын гамин цэргээс чөлөөлөх тэмцэлд Д. Сүхбаатарын зохион байгуулах ур чадвар улам тодорч чин зоригт авьяаслаг жанжин болохоо илтгэн харуулсан юм. Д. Сүхбаатараар удирдуулсан ардын журамт цэрэг болон Нейман, Шетинкинаар удирдуулсан улаан армийн олон мянган орос цэргүүд 1921 оны 7-р сарын 6-нд Нийслэл Хүрээнд орж ирэв. 1921 оны 7-р сарын 8-ны өдөр МАН-ын төв хорооны өргөтгөсөн хурал болж хууль ёсны Богд хаант монгол төрийг халж, засгийн бүх эрхийг Ардын түр засгийн газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. 1921 оны 8-р сарын 10-нд Богд хаант Монгол улсын засгийн газрыг татан буулгаж, Ардын түр засгийн газрыг өргөтгөн Ардын байнгын засгийн газар болгон байгуулж Ардын засгийн анхны Ерөнхий сайдаар Д.Бодоог томилж, Д. Сүхбаатарыг Ардын засгийн газрын Цэргийн яамны тэргүүн сайд бөгөөд Бүх цэргийн жанжнаар томилжээ.
1941 оноос Монгол улсын 5 төгрөгийн тэмдэгт. Баруун талд Сүхбаатарын гэрэл зураг байна
1921 оны 8-р сарын 11-нд тусгаар тогтносон Монгол улсыг байгуулсан тухай түмэнд тунхаглан зарлажээ. 1921 оны 11-р сард байгуулагдсан Монгол Зөвлөлтийн ард түмний найрамдлын хэлэлцээр бол их бага үндэстний хооронд жинхэнэ тэгш эрх, бие биеэ хүндэтгэх, харилцан туслах зарчмын үндсэн дээр байгуулагдсан олон улсын ач холбогдол бүхий түүхэн бичиг баримт мөн юм. Гэвч цаашид дөнгөж байгуулагдсан Ардын нам засаг Коминтерний тулгалтад орж хүнд хэцүү байдалд орж байлаа. Удалгүй Коминтерний шахалтаар ардын засгийн ерөнхий сайд, бусад сайд нар төдийгүй хуучин Богд хаант төрийн зүтгэлтнүүд, лам хутагт хувилгаад нарыг ямар ч үндэслэлгүй цаазаар авах хорт ажиллагаа эхэлсэн юм. Ардын засгийн анхны ерөнхий сайд Бодоо улс орноо Англи, Япон улсын адил хэмжээт эрхт хаант засаглалтай Үндсэн хуульт улс байгуулах төлөвлөгөөтэй байсан боловч 1922 онд амь насаа алдсан юм. Гэвч эцэстээ Монгол улс Коминтерний заавраар зөвлөлтийн загвараар байгуулсан улс болох нь тодорхой болсон юм. 1922 онд Цэргийн жанжин Д. Сүхбаатарын тушаалаар Монгол улсын Ерөнхий сайд байсан Д.Бодоо, Чагдаржав болон Богд хаант төрд зүтгэж байсан бусад 15 түшмэдийг Шар хаданд цаазлан хороожээ. Д.Сүхбаатар 1923 онд үл мэдэгдэх шалтгаанаар нас баржээ. 1924 онд Ардын намын анхны дарга, Сангийн сайд Солийн Данзан цаазаар авхуулжээ. Энэ бүх хорт ажиллагааны цаана Коминтерний төлөөлөгч Элбэгдорж Ринчино байсан хэмээн түүхчид үздэг.
Нас барсан нь
Монгол Ардын Нам төрийг үндэслэн байгуулагчдын нэг, улсын баатар, цэргийн жанжин Д.Сүхбаатар ийнхүү нам ард түмнийхээ үйл хэрэгт зүтгэхийн үлгэрийг үзүүлж Ардын хувьсгалын ололтыг хамгаалан тэмцсээр 1923 оны 2-р сарын 20-нд таалал төгсчээ. Энэ цаг үе их ээдрээтэй хүнд хэцүү цаг үе байлаа. Ардын хувьсгал ялаад дөнгөж ганц жилийн дараа 1922 онд Монгол улсын Ерөнхий сайд Д.Бодоо болон Чагдаржав, Да лам Пунцагдорж нарыг ямар ч үндэслэлгүй, ямар ч шүүхгүйгээр шууд буудан хороов. Дараа нь ардын засгийн сайд, ардын намын анхны дарга С.Данзанг ямар ч үндэслэлгүй буруутган цаазаар авав. Түүхчид Д.Сүхбаатарын нас барсан шалтгааныг хоёр янзаар тайлбарладаг. Нэг таамаглал нь Хүрээнд байрлаж байсан оросын улаан цэргүүд нийслэл Хүрээнд хүн алж хүрээ талж, хүчирхийлэл үйлдэж байсан тул Д. Сүхбаатар Монголд орж ирсэн оросын улаан цэргийн тоог 500 болтол нь цөөрүүлэх санал гаргасан нь оросын улаан комиссаруудын дургүйг хүргэж тэд Сүхбаатарт эм хэмээн хортой үрэл өгч хөнөөсөн гэдэг таамаг байдаг. Нөгөө таамаглал нь ханиад хүрч, хатгаа аваад хүндэрсний улмаас нас барсан гэж үздэг. Аль ч таамаг нь албан ёсоор батлагдаагүй бөгөөд Монголын зарим уран сайхны кинонууд дээр хорлогдож нас барж буйгаар дүрслэн гардаг. Тэрхүү социализмын нэг үзэл суртал ноёрхсон цаг үеийн кинонууд дээр Богд гэгээнтэн нэгэн ламаар дамжуулан Сүхбаатарт эм гээд хортой үрэл өгч хөнөөсөн гэдэг нь огт худал гүтгэлэг юм. Богд гэгээн Сүхбаатар хоёр эртнээс Хужир булангийн сургууль төгсөж Богд хаант Монгол төрийн цэргийн бага дарга байх цагаас нь эхлэн найрсаг дотно харилцаатай байсан гэдэг. Д. Сүхбаатар насан эцэслэхийнхээ өмнө
„Эрхэм нөхөд та бүхэн одоогийн явуулан буй намын бодлого ба засгийн хэрэг явдлыг уг зорилгод нийлүүлж, ард түмний эрх чөлөөг мандуулж, аливаа дотоод, гадаадын эзэрхэг харгисуудын гар савраас ангижруулан ард түмнийг асран хамгаалах гэгээн замыг удирдан жолоодохыг эрхэмлэ! Миний бие алтан амийг алдавч ариун санаат нөхөд минь залгамжилж, элдэвт хичээн зүтгэж ардын төрийг мандуул!“
– Д. Сүхбаатар: гэрээслэл
хэмээн гэрээсэлжээ. Улаантнууд түүнийг нас барснаас хойш элдэв худал домог зохиож, нам төрийг үндэслэгч суут ард түмний удирдагч байсан мэтээр хэт дөвийлгөж байсан. Тэр туурга тусгаар Монгол улсынхаа төлөө зүтгэсэн эрэлхэг зоригтой цэргийн жанжин байсан.
Шигтгээ
1922 онд Сэцэн хан аймгийн Ёст бэйс Доржжавын хошууны бүх хүний нэр, овог, нас, өрх ам, малын тоог тодорхойлсон бүртгэлээс...
Сайд жанжин Сүхбаатар, ургийн овог Хайс, нас 28. Өрх 3. Лам Дэндэв нас 33, хар Эрэнчин нас 31 /зарим номонд Аранжин гэж ташаарсан нь буй/, хөвгүүн Төмөр нас 3, эх Ханджав нас 62, ноёхон Янжин нас 30, эм Мандал нас 35, хүүхэн Долгор нас 21, Оюун 6 настай, ам 9. Адуу 11, үхэр 10, хонь 10 гэж бүртгэгдсэн байна.
Урлагийн бүтээлүүд
Сүхбаатар (кино). Уран сайхны кино
Мандах нарны туяа. Уран сайхны кино
Долоон бурхан харвадаггүй. Уран сайхны кино зэрэг олон бүтээлүүд бий
Түүнчлэн үзэх
Ардын хувьсгал
Монгол Ардын Нам
Анхны долоо
Гадаад орнууд дахь дурсгал
ОХУ-д:
Сүхбаатарын нэрээр : ЗХУ-ын Эх орны дайны үед 112 дугаар Улаан тугийн одонт танкийн бригадын "Хувьсгалт Монгол" /Революционная Монголия/ танкийн цувааны Т-34 , сүүлд Владимир хотод байралдаг ОХУ-ын Зэвсэгт хүчний — 44 дүгээр Бердичевын гвардийн танкийн хороо.
Москва хотын «Метрополь» зочид буудлын хананд Д.Сүхбаатарт зориулсан дурсгалын самбар байдаг.
Хиагт хотод Сүхбаатарын гэр музей байдаг.
Д.Сүхбаатарын нэрээр дараах хотуудын гудамжийг нэрлэсэн байна:
Барнаул хот
Эрхүү хот
Курган хот
Эрхүү мужийн Ново-Ленино хот
Улан-Үд хот
Новоя-Курба хот /Буриадын Заиграевский дүүрэг/
Элстэй хот
Киргиз Улс:
Бишкек хот
Казахстан Улс:
Алмата хот
Тараз хот
Шымкент хот |
Дамбын Чагдаржав | Дамбын Чагдаржав (1880 - 1922 оны 8 сарын 31) нь Монгол Улсын гурав дахь ерөнхий сайд байжээ.
Тэрээр 1880 онд хуучнаар Түшээт хан аймгийн Дайчин бээсийн хошуунд төржээ.
1921 оны ардын хувьсгалд идэвхийлэн оролцож Консулын дэнжийн нууц бүлгэмийг Догсомын Бодоогийн хамт байгуулалцаж байсан, ардын хувьсгалын анхны долоон хувьсгалчийн нэг.
Дамбын Чагдаржав нь Ардын түр засгийн газрыг байгуулахад 1921 оны 3 сараас ерөнхий сайдаар ажиллаж байсан. 1921 оны 4 сард ерөнхий сайдаас чөлөөлж, Тагнын урианхайн хязгаарт ажиллах Засгийн газрын төлөөлөгчөөр томилон ажиллуулжээ.
1922 оны 8 сарын 31-нд эх орноосоо урвасан хэрэгт хилсээр ял тулган цаазалжээ. |
Дансранбилэгийн Догсом
| null |
Хорлоогийн Чойбалсан
| Хорлоогийн Чойбалсан (Эцэг нь Жамц гэдэг хүн байсан боловч Хорлоо гэж эхийнхээ нэрээр овоглогджээ, төрөхдөө Дугар гэсэн нэртэй байсан, * 1895 оны 2 сарын 8, † 1952 оны 1 сарын 26) нь 1930-аад оноос 1952 онд нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа. Монгол дахь Төвөдийн буддын шашны Чойбалсан хийдэд бага насандаа шавилан сууж байснаас Чойбалсан нэрээр олонд танигдаж улмаар нэрээ сольжээ. Чойбалсан гэдэг нь сайн цогт ном эрдэм гэсэн утгатай төвөд үг юм. Халхын Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд мэндэлж, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын Москва хотод нас барсан.
Бага насны явдал
Оросын консулын Орос, монгол хэл бичгийн сургуульд
Хорлоогийн Чойбалсан 1895 оны 2-р сарын 8-нд тэр үеийн Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошууны зүүн Суваргачин отгийн хамжлага, малчин эмэгтэй Хорлоогийн 3 дугаар хүү болон төржээ. Түүний эцэг нь Жамц хэмээх Манжуур дахь Дагуур Монголоос цагаачилж ирсэн Барга ястан хүн байв. Гэвч тэр нутаг усныхан, ялангуяа хошуу тамгын газраас Жамцыг элдвээр хавчиж байсан учир Чойбалсангийн эх Хорлоотой гэр бүл болж чадалгүй, хүүгээ эхийн хэвлийд байхад орхин явсан байна. Харин хүүгээ төрсний дараа буцаж ирэн, хүүдээ Дугар гэдэг нэр өгч эхнэр хүүхэдтэйгээ хэсэг хугацаанд хамт байсан ч удалгүй буцаж яваад, эргэж ирж амжилгүй өөд болжээ.
Дугар хүү хоёр айл дамжин үрчлэгдэж, эцэст нь төрсөн эх дээрээ буцаж ирсний дараа 7 наснаасаа эхлэн төвд ном үзэж, улмаар 13 насандаа Санбээсийн хүрээнд шавилан сууж, сахил хүртэн, Чойбалсан хэмээх нэртэй болсон байна. Чойбалсан 1910 оны зун хөдөө гэртээ хариад, буцаж Санбэйсийн хүрээнд очсонгүй. Найз Гэндэн-Яринпилийн хамт Их Хүрээнд ирж, хар бор ажил хийн амьдрах болов.
Чойбалсан 17 насандаа Монгол улсын Гадаад яамны байгуулсан "Орос, монгол хэл бичгийн сургууль"-д багшилж буриад Данчиновын дэмжлэгээр орж суралцан, жилийн дараа сурлага, сахилгаараа шалгарч, 1914-1917 онд Орос улсын Эрхүү хотод бусад 8 монгол хүүхдийн хамт улсын дунд сургуульд (орос. Реальная гимназия) суралцжээ.
Гэр бүл, үр хүүхэд
X.Чойбалсан нь хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны эхнэр Бортолгойтой 1921-1935 оны хооронд амьдарч байв. 1935 онд албан ёсоор гэр бүлээ цуцлах үедээ Бортолгой:
“Чойбалсан чи бол нам, төрийн өндөр хариуцлагатай албан үүрэг хүлээсэн хүн над мэтийн шашин мөргөлд автсан энгийн дорд хүүхнээр юу хийх вэ? Үзэл бодол таарахгүй бол чи бид хоёрын хэн хэнд сэтгэлийн зовлон. Би чамайг жирийн нэг сайн эмэгтэйтэй танилцуулъя”
хэмээн Б.Гүндэгмаатай ойртуулаад салсан гэдэг. Б.Гүндэгмаа бол маршал Чойбалсанг насан эцэс болтол дэргэд нь байсан түшигтэй хань нь байлаа. Маршал Чойбалсан Нэргүй, Сувдаа хэмээх хүү, охин хоёртой байсан. Маршал өөрийн төрсөн хүүхэдгүй тул 2 хүүхэд өргөж авсан нь эд ажээ.
Төрийн албанд
Хувьсгалт бүлгэм
Д.Сүхбаатар, Х.Чойбалсан
Х.Чойбалсан 1917 оны Оросын хувьсгалын улмаас Эрхүү хотоос нутагтаа буцан ирж "Цахилгаан мэдээний түр сургууль" дүүргэсэн байна. Чойбалсан Орост болж буй үйл явдлыг нүдээр үзсэн мөн үндэсний ардчилсан үзэлтэн Бодоотой дотно нөхөрлөсөн нь түүний цаашдын хувь заяанд үндсэн эргэлт гаргав. 23 настай залуу Чойбалсан 1918 онд эх үүсвэрээ тавьсан Консулын хувьсгалт бүлгийн нэг гишүүн боллоо. Улмаар анхны долоон нөхдийн бүрэлдэхүүнд орос хэлтэй учир багтаж, Эрхүү хотноо их үйл хэргийг сэдэлцэж эхэлсэн юм. Тэрээр хувьсгалын хэрэгт идэвхийлэн оролцож, Ардын журамт цэргийн суртлыг номлогч, улмаар 1921 оны 5 сарын сүүлчээр баруун замын тусгай ангийн цэргийн захирагч, Ардын журамт цэргийн дэд жанжнаар тус тус томилогдон хүчин зүтгэжээ. 1921 оны 2 дугаар сард Барон Унгерн Монгол орныг хятадын цэргээс бүрмөсөн чөлөөлөв. Тухайн үед Монгол оронд оросын цагаантныг устгах үйл ажиллагааг удирдахад онцгой гавьяа байгуулсан гэж Зөвлөлт Засгийн газраас түүнийг Д. Сүхбаатар, Сандагдоржийн Магсаржав нарын хамт 1922 онд Улаан тугийн одонгоор шагнаж байжээ.
1921 оны хувьсгалын дараа орост сурч оросыг баримтлагч Х.Чойбалсан улс орноо Зөвлөлт маягаар өөрчлөх үйлсэд зүтгэж эхлэв. Юуны өмнө 1921 оны 8 сарын 25-нд Зөвлөлтийн залуучуудын "комсомол" загвараар МХЗЭ-ийг үүсгэн байгуулалцаж, Эвлэлийн Төв Хорооны анхны даргаар сонгогдов. Богдын хатан Дондогдулам 1923 онд мөн нас баран, удалгүй Богд гэгээн 1924 онд нас баржээ.
1922-1931 он
1922-1931 он бол Х.Чойбалсангийн амьдралын тун ээдрээтэй хэсэг болно. Тэрээр "Бодоогийн хэрэгт" холбогдон намын орлогч гишүүн болон шийтгэгдэж, ЗХУ-д цэргийн сургуульд явсан боловч өвчний учир буцаж иржээ. Ардын намын анхны дарга, анхны ерөнхий сайд Д.Бодоо, С.Данзан нарыг эх орноосоо урвасан, хувьсгалын эсэргүү гэсэн гүтгэлгээр цаазлах явдалд Чойбалсан голлох үүрэг гүйцэтгэж байжээ. Харин 1924 оны намраас 1928 он хүртэл Бүх цэргийн жанжин, 1929-1930 онд Улсын Бага Хурлын дарга байж, бас Феодалын хөрөнгө хураах төв комиссыг толгойлсон байна. Харин 1930-1931 онд Гадаад яамны сайдаар ажилласан Х.Чойбалсан “барууны үзэлтэн” мөн архинд орсон гэх зэргээр шүүмжлэгдэж нэг хэсэг ажилгүй байв. 1931 оны эцсээр тэрээр Мал тариалангийн яамны сайдаар томилогдож, дахин төрийн албанд гарч ирсэн байна.
Төрийн эрхэнд
Хорлоогийн Чойбалсангийн монгол үндэстнүүдийг БНМАУ-тай нэгтгэхийг санаархан зүтгэж явсан газар нутаг
1934 онд Москвад очиж жил шахам болжээ. Мөн энэ үедээ "Лхүмбийн хэрэг" гэгчид нэр холбогдож байв. Чойбалсан 1936 онд Дотоод яамны сайдаар хавсран томилогдов. 1930-аад оны сүүлчээр Чойбалсангийн гарт ихээхэн эрх мэдэл төвлөрч, улмаар тус улсын Засгийн газрын тэргүүн болов. Ард иргэдийн мал сүргийг хураан авч Бурханы шашин шүтэхийг хориглов.
Их хэлмэгдүүлэлт
Үндсэн өгүүлэл: Их Хэлмэгдүүлэлт (Монгол)
Х.Чойбалсангийн толгойлсон "Онцгой бүрэн эрхт комисс" Дотоод яамнаас оруулсан нэрсийн жагсаалтаар асуудал шийддэг, зөвхөн нэг өдрийн хурлаар 129-1,278 хүнд ял оноодог байжээ. Эдгээр хүмүүс хэргийн бүрдэлгүй, шүүхгүйгээр, өмгөөлөгчгүйгээр "Онцгой бүрэн эрхт комиссын" хурлаар шийтгэгддэг байв. Энэхүү Онцгой бүрэн эрх комисс хэмээх хууль бус байгууллага нь Х.Чойбалсангийнгарын үсэгтэй тушаалаар ямар ч гэм зэмгүй 22 000 монгол хүнийг буудан хөнөөжээ. 1935-1940 онд “Японы тагнуул”, "Хувьсгалын эсэргүү","хар, шар феодал" хэмээн хилс хэрэгт баригдаж шийтгүүлсэн 70000 хүнээс 90% нь буудуулсан байна. Үүнээс 36% нь нам болон төрийн албан хаагчид, цэргийн хүмүүс, ажилчин, энгийн ард, үлдсэн нь лам нар байлаа. 1937 онд Х.Чойбалсан нь Зөвлөлтийн НКВД-ийн дарга Ёжов, орлогч дарга Фриновскийн даалгаврын дагуу "Заговор" хэмээн зохиомол хэргийг Монголд үүсгэж, олон мянган сэхээтэн, төрийн албан хаагчдыг буудан хороож байв. Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, аймгуудад нүүж ирсэн буриад айлуудын эрчүүдийг толгой дараалан баривчилж бүгдийг нь буудан хороов.Тэр үеийн буриад зон бүх эрчүүдийг нь улаантнууд баривчилж толгой дараалан хядсан тул хонь төхөөрөх эр хүн олдохгүй байсан хэмээн дурсан ярьдаг байсан. Х.Чойбалсангийн тушаалаар улаантнууд Навчаа, Дунгаржид зэрэг монголын тэргүүний сэхээтэн , жирийн ард 10 гаруй хөл хүнд жирэмсэн бүсгүйчүүдийг буудан хороож байжээ. Х.Чойбалсан нь өмнөх Ерөнхий сайд байсан А.Амарыг лам нарыг устгах ажлыг удаашруулсан, японы тагнуул хэмээн гүтгэж баривчлуулж Москвад аваачиж улаан оросуудаар буудуулан хөнөөжээ.Яруу найрагч Банзрагч
Гучаад оны шуурга хаяа хатавчаар исгэчнэ
Гунигийн бараан сүүдэр хар цайнд тунарна
Гол харлуулсан бодолд цагаан гэр минь барайна
Гай зовлон нөмөргөсөн улаан Сталины сүүдэр
Лай ланчиг ихтэй Монгол цусыг минь хөргөнө
Хөрст газар хөрвөж байхад ч ийм гарз гараагүй
Хөвчин улс байлдаж байхад ч ийм гай дайраагүй
хэмээн бичсэн байдаг. Их хэлмэгдүүлэлтийн үед хэлмэгдүүлэлтэд өртөөгүй айл өрх Монголд үндсэндээ байсангүй.
Онцгой Бүрэн эрхт комиссын дарга Чойбалсанийн гарын үсэг зурсан тушаалаар нийт 22 000 хүнийг цаазаар авсан байдаг. Чойбалсан 1937 онд Зөвлөлт Холбоот Улсын НКВД-ын дарга Н.Ёжовт " Монголын том толгой лам нар, хувьсгалын эсэргүү нарыг бүгдийг нь баривчлан цаазаар авч, таны даалгаврыг амжилттай биелүүлэв. Х.Чойбалсан" гэсэн цахилгаан утас илгээж байв.
1250 сүм хийд, тэдгээрт хадгалагдаж байсан түүх, соёлын дурсгалыг устгажээ. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга агсан Д.Дамба:
“Намайг Өмнөговь аймгийн Намын хорооны даргаар ажиллаж байхад сүм хийдийг ид устгаж байв. Зөвхөн Хошууд хийд, Ламын хийд, Галбын болон Үл Олдохын хийдүүдийг буулгахаар аймгийн төвөөс ... 40 гаруй хүнтэй бригад гаргасан. Ажлыг шуурхай зохион байгуулж байсан боловч маршал Чойбалсан нар “Сүм дуган нураах ажлыг яаравчил. Нөхөр Дамба ямар санаатай энэ ажлыг удаашруулж байна” гэж тулгаж сүрдүүлсэн албан даалгавар, цахилгаан ирүүлсээр байсан”
хэмээн дурссан байдаг. Зөвлөлтийнхний өөрсдийн нь тооцоолсон доод ханшаар Монголын сүм хийдүүдийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө 57 сая алтан рубль болж байв.
1939 оны МАХН-ын Төв Хорооны 12-р бага хурлаар Чойбалсан өмнөх Ерөнхий сайд А.Амарыг " Амар бол японы тагнуул, лам нар,феодалыг устгах ажилд саад болсон хувьсгалын эсэргүү этгээд" хэмээн элдвээр гүтгэн шүүмжилж Ерөнхий сайд Амарыг албан тушаалаас нь буулгаж баривчлуулан Зөвлөлт Холбоот Улс руу илгээж, Анандын Амар ерөнхий сайдыг хууль бусаар гүтгэж хилсдүүлэн цаазлуулахад гол үүрэг гүйцэтгэж байжээ.
Халхын голын байлдаан
Үндсэн өгүүлэл: Халхын голын байлдаан
Георгий Жуков, Маршал Чойбалсан, Халхын гол
Монгол улсын гадаад байдал хурцадсаар 1939 онд Халхын гол орчим БНМАУ болон Япон тулалдахад хүрэв. Энэ байлдаанд Монгол Ардын хувьсгалт цэргийг маршал Х.Чойбалсан командалжээ. Дөрвөн сар гаруй үргэлжилсэн Халхын голын байлдаан Монгол-Зөвлөлтийн ялалтаар төгссөн.
Зарим судлаачид 1939 оны Халхын голын байлдаан нь ЗХУ, Коминтернээс бүс нутгийн талаар явуулсан стратегийн бодлогын нэг хэсэг байснаас бус, Монгол, Япон хоёр зайлшгүй байлдахаас өөр аргагүй болсон тийм зэвсэгт мөргөлдөөн хараахан биш байсан гэж үздэг. Зарим судлаачид Халх голын байлдааныг Номун ханы мөргөлдөөн гэж үздэг. Япончууд тэр үед "Азичууд азидаа" гэсэн уриа гаргаж Хятадын зүүн хойд нутагт Манж Го улсыг байгуулж, тэр улс нь манж, монгол үндэстэнг нэгтгэж Хятад, улаан Оросын нөлөөнөөс ангид бие даасан Чингис хааны үеийнх шиг хүчирхэг улс байгуулахыг төлөвлөж байсан гэдэг.
Чойбалсанг тахин шүтэх эхлэл
Х.Чойбалсан 1940 оны МАХН-ын X их хурал, Улсын VIII Их хурлын бэлтгэлийг сайтар хангаж, улмаар уг хурлуудаас гаргах шийдвэр нь олон түмний урам зоригийг сэргээж чадахуйц байх ёстой гэж үзлээ. Ингээд үүндээ туслалцаа хүсэхээр 1939 оны 9 сард Москвад очив. Уг уулзалтаар Зөвлөлтийн тал Наушкаас Улаанбаатар хүртэл төмөр зам тавих, мах комбинат, автотехникийн болон цементийн завод барихад туслах болсон байна. МАХН-ын X, Улсын VIII их хурлаас улс орны хөгжлийн тулгамдсан зорилтуудыг тодорхойлон Улсын VIII их хурал БНМАУ-ын хоёр дахь Үндсэн хуулийг батлав. Тухайн үед Чойбалсанг тахин шүтэх явдал газар авч байсан учраас энэ Үндсэн хуулийг "Маршал Чойбалсангийн Үндсэн хууль" гэж нэрлэж байлаа.
Улсын болон намын хурлын дараагаас Улсын сайн малчдын зөвлөлгөөн хийж, малын тоо толгой ашиг шимийг нэмэгдүүлэх, малчин ардуудын хувийн аж ахуйгаа хөгжүүлэх сонирхол санаачлагыг урамшуулах талаар зарим арга хэмжээ авч эхлэв. Тухайлбал, малчдад "Улсын сайн малчин" цол олгож, маршал Чойбалсан өөрөө хөдөө орон нутагт явж, газар дээр нь одон медаль, бараа таваараар шагнаж байлаа. Энэ нь нэг талаар Иосиф Сталин Монголын малын тоо толгойг 200 саяд хүргэх тухай үл гүйцэлдэх лоозон дэвшүүлсэн, мөн Монголчууд Зөвлөлтийн тусламжийн хариуд жилд 40 мянган тонн ноос, ноолуур бэлтгэж өгөх үүрэг хүлээсэнтэй холбоотой. Улс орон даяар "Ноос бол алт" компанит ажил өрнүүлж, ЗХУ-д нийлүүлэх ноосны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэв.
Энэ ажлыг зохион байгуулах явцдаа Чойбалсан өөрөө яамдын сайд, дарга нарт хэрхэн ямаа самнах, хонь хяргах талаар биечлэн үзүүлж зөвлөгөө, семинар өгч байв. Энэ үед Дэлхийн II дайн цар хүрээгээ тэлж, олон улсын байдал улам хүндэрч байв.Зөвлөлт улсад Сталиныг тахин шүтэх ажил дээд цэгтээ хүрч байхад Монголд ч гэсэн Чойбалсанг тахин шүтэх явдал дээд цэгтээ хүрчээ.Монголын сэхээтэн эх орончид 1950, 1960 онуудад нэг хүнийг тахин шүтэх үзэл, Чойбалсанг тахин шүтэх үзлийн хор уршгийг арилгах зорилгоор монголын эх оронч сэхээтнүүд зарим нэг шүүмжлэл гаргахыг оролдож байсан боловч тэр үеийн Чойбалсанг залгамжлагч удирдагч Ю.Цэдэнбал, төрийн ахмад зүтгэлтэн Ж.Самбуу нар огт зөвшөөрсөнгүй хаацайлан өнгөрөөв.
Дэлхийн II дайн
Үндсэн өгүүлэл: Дэлхийн хоёрдугаар дайн
Хорлоогийн Чойбалсан бид Георгий Жуков
1941 оны 6 сарын 22-нд Герман ЗХУ-д гэнэт довтолсноор БНМАУ-ын гол холбоотон - Зөвлөлт гүрэн Дэлхийн II дайнд татагдан орлоо. Дайны эхний өдрөөс БНМАУ Зөвлөлтийн талд баттай зогсож, "Бүхнийг фронтод" уриан дор ажиллаж, амьдарч эхлэв. Зөвлөлтийн ард түмэнд бололцоотой бүхнээрээ туслах хөдөлгөөн нийт монголчуудын дунд өрнөлөө. Нийтдээ хагас сая шахам адуу фронтод зориулан хямд үнээр худалдаж, 32 мянга гаруй морь бэлэглэв. Мөн 938 вагон дулаан хувцас, хүнсний зүйл, хувийн бэлгийг хандивласны дээр Монголчуудын хөрөнгөөр Хувьсгалт Монгол танкийн бригад, "Монгол ард" нисэх онгоцны эскадрилийг байгуулан, Улаан армид хүлээлгэн өгч, танкийн бригадын бүх хангалтыг дайн дуустал хариуцаж байв.
Дэлхийн II дайны сүүлчээр буюу 1945 оны 2 сард Ялтад хуралдсан ЗХУ, АНУ, Их Британий Засгийн газрын тэргүүн нарын Ялтын бага хурлаар дайны дараа Дэлхий дахинд энх амгалан байдал тогтоох, бататгах асуудал хэлэлцсэнийн зэрэгцээ Японд дайн зарлах тухай мөн тохиролцов. Энэ хурлын үеэр гурван их гүрний /АНУ, Их Британи, ЗХУ/ Засгийн газрын тэргүүн нар ЗХУ-ын гаргасан санал болох "Гадаад монголын статус квог хэвээр байлгах"-ыг хүлээн зөвшөөрөв. Энэ нь Монголын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд зөвшөөрөх эхлэл болсон юм. Тухайн үед Хятад улс Монголыг өөрийн салшгүй хэсэг гэж үзэж байсан ч Сталины шахалтаар зөвшөөрөхөөс аргагүй байдалд орсон байна. 1945 оны 7 сарын эхээр Чойбалсанг Сталин Москвад урьж, тусгаар улсын Засгийн газрын тэргүүний хэмжээнд, хоёр улсын төрийн далбааг мандуулан, хүндэт харуул жагсаан хүлээж авч байсан түүх байна.
Дэлхийн II дайны дараахи БНМАУ, тусгаар тогтнол
Үндсэн өгүүлэл: Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт
Сталин БНМАУ-ыг Дэлхийн II дайны төгсгөлд оролцож, дорно дахинд энх тайван байдал тогтооход хувь нэмэр оруулах саналыг Чойбалсанд тавив. Холбоотны өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу ЗХУ 1945 оны 8 сарын 8-нд Японд дайн зарласан ба 2 хоногийн дараа буюу мөн сарын 10-нд БНМАУ Японд дайн зарлав. Монгол ардын хувьсгалт цэрэг ЗХУ-ын Өвөр Байгалийн фронтын мото-механикжсан нэгтгэлийн хамт 8 сарын 11-нд улсын хилийг нэвтэрч Долоннуур, Жанчхүүгийн чиглэлээр Японы цэргийн эсрэг байлдааны ажиллагаа өрнүүлэн Хойт Хятадын зарим муж, Өвөр Монголын нутгийн чөлөөлөхөд оролцлоо.
1945 оны 9 сард Сталины шахалтад автсан Хятад, монголчууд БНМАУ-ын тусгаар тогтнолын төлөө саналаа өгвөл БНМАУ-д тусгаар тогтнолыг зөвшөөрч болно гэсэн саналын дагуу 10-р сарын 20-ны өдөр бүх нийтийн санал хураалт зохион байгуулж, монголчууд 100% тусгаар тогтнолын төлөө санал өгөв. Энэхүү санал хураалтын дараа 1946 оны 1-р сарын 6-нд Хятад улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөв.
Х.Чойбалсанг Монголыг удирдаж байх хугацаанд БНМАУ 1939, 1945 оны хоёр томоохон дайнд оролцон ялалт байгуулсан, мөн 1945 оны тусгаар тогтнол нь түүнийг тахин шүтэх явдлыг улам лавшруулж, дарангуйлах нэр хүндийг нь өргөжээ. 1945 онд маршал Чойбалсангийн 50 насны ойг тэмдэглэхэд бүх зохиолч, яруу найрагчид уран бүтээлээ зориулж байв. Эрдэмтэн зохиолч Цэндийн Дамдинсүрэн "Маршал Чойбалсангийн 50 насны ойд зориулсан ерөөл"-дөө:
Таны насалсан
Тавин жил бол
Тайван цагийн
Мянган жилтэй тэнцэнэ
Хоёр гурван мянган жилийн
Хосгүй түүхт их хэргийг
Хорлоогийн хүү Чойбалсан бүтээлээ!
хэмээн бичиж байв. Дийлэнхи Монголчууд Х.Чойбалсанг биширч, "шалгарсан жолоодогч" хэмээн хүндэтгэж байлаа.
Нийгмийн бүтээн байгуулалт
Х.Чойбалсангийн засгийн эрх барьсан хугацаанд Монголын түүхэнд үлдсэн эдийн засаг, соёлын олон чухал үйл явдлууд болсон юм. Тухайлбал, Налайхын чулуун нүүрсний уурхай, Төв цахилгаан станц, мөн Аж үйлдвэрийн комбинатыг өргөтгөх ба шинэчлэх ажил эхлэв. Зүүн баянгийн нефтийн үйлдвэр, "Совмонгометалл" нийгэмлэгийн харьяа уул уурхайн үйлдвэрүүд, Наушки-Улаанбаатарын хооронд өргөн төмөр зам ашиглалтанд орж, морин өртөөг халан, авто өртөө байгуулав.
МУИС-ийн өмнө байх Х.Чойбалсангийн хөшөө
Боловсрол, соёлын талаар гарсан том өөрчлөлт бол монгол уйгаржин бичгийг кирилл үсэгт үндэслэсэн шинэ бичгээр сольж, бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах талаар томоохон ажлуудыг хийв. Анхны 10 жилийн дунд сургууль, ялангуяа 1942 онд Улсын Их Сургуулийг байгуулж сургуулийн насны бүх хүүхдийг бага сургуулийн боловсролтой болгох зорилтыг хэрэгжүүлж байсан нь боловсролын салбарт олсон үсрэнгүй амжилт байв. Улаанбаатар хотын 1-р дунд сургууль болон Монгол Улсын Их Сургууль нь Маршал Чойбалсангийн нэрэмжит сургуулиуд юм. Маршал Чойбалсан өөрөө "Монголын ардын үндэсний хувьсгалын анх үүсч байгуулагдсан товч түүх", "Монгол ардын үндэсний хувьсгалт цэргийн агуу хөгжлийн товч зам", "Ардын Хатанбаатар Магсаржавын хураангуй түүх" зэрэг зохиол бичиж, илтгэл өгүүллэгүүд нь 4 ботиор хэвлэгдэж байв. Иргэдийн 1930-аад оны хэлмэгдүүлэлт,гаднаас заналхийлж буй Япон, Гоминданы Хятадын цэрэглэн халдах дайны аюул,1944,1945 оны цас зуд зэргээс шалтгаалан үүссэн айдас хүйдэс,олон нийтийн санаа сэтгэл унасан байгааг харгалзан үзэж шүтэх бишрэх эрхийг хүндэтгэн үзэж, Гандантэгчэнлин хийдийн хурал, мөргөлийн ажиллагааг 1944 онд дахин сэргээжээ. 1944 онд сонгуулийн эрх хасагдсан хүмүүст сонгуулийн эрх олгож, 1949 онд сонгуулийн бүх нийтийн, шууд, тэгш бөгөөд саналаа нууцаар хураах шинэ систем тогтоож, 1951 онд Улсын Их Хурлын анхны сонгуулийг явуулсан байна.
Х.Чойбалсан их гүрнүүдийн зүгээс бага орны удирдагчид үзүүлдэг дарамт, шахалт бүхий амаргүй хувь тавиланг амссан ч, Монголын тусгаар тогтнолыг тууштай сахин хамгаалах, гадаад бодлогын харьцангуй бие даасан чиг шугам баримтлахыг хичээн оролдож байв. И. В. Сталины мэндэлсний 70 жилийн ойн ёслолын арга хэмжээнд Европ, Азийн орнуудын нам, төрийн удирдагчид бүгд Москвад очиж үнэнчээ харуулахад, Х. Чойбалсан өөрийн биеэр очоогүй байна. ЗСБН Автономит Тува улсын тэргүүн Салжиг Тогоо Монголд айлчлах үедээ Монголыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд орохыг ятгах үг хэлэхэд Чойбалсан ихэд уурлан, алгадсан гэдэг дам яриа тархсан байдаг. 1950 онд Монголын улс төрийн хувьд хамгийн тэргүүний хүмүүс болох Ю. Цэдэнбалын идэвхтэй дэмжлэгтэйгээр эхний удаад Жамбалдорж нар, дараа нь Д. Төмөр-Очир тэргүүтэй хэдэн сэхээтэн улс орныхоо хөгжлийг түргэтгэх гол арга зам бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд даруй орох явдал хэмээх санал өргөхөд тэрвээр дургүйцэн, тэднийг зэмлэж байсан гэдэг.
Нас барсан нь
"Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч", "Хайрт эцэг" хэмээн өргөмжлөгдөж байсан Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсан 1952 оны 1 сарын 26-нд таалал төгсчээ. Намын Төв Хороо, Их Хурлын Тэргүүлэгчид, Сайд нарын Зөвлөлийн эмгэнэлийн бичигт
"...манай улсын бүх түүх бол Ардын хувьсгалыг мандуулах ба манай орныг цэцэглүүлэх үйл хэрэгт бүх амьдралаа зориулсан нөхөр Чойбалсангийн нэртэй холбоотой юм..."
гэж тэмдэглэсэн байдаг.
Хэлсэн үг
„Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн
Эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв.“
– Хорлоогийн Чойбалсан
Түүхэн нөлөө
Монголын тулгар төрийг сэргээн байгуулах үйлсийн төлөө халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй тэмцэж байсан үе үеийн эх орончид болох Ринчиндорж ван, Шадар ван Чингүнжав, Богд хаан, Ханддорж ван, Сайн ноён хан Намнансүрэн, Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав, Да лам Цэрэнчимэд, Сүхбаатар жанжин, Содномын Дамдинбазар, Догсомын Бодоо, Солийн Данзан, Дансранбилэгийн Догсом зэрэг бидний мэдэх болон нэр нь тодроогүй Монголын чин зоригт баатруудын зүтгэж, тэмцэж байсан Монгол Улсыг байгуулж, тусгаар тогтнолыг нь бусдаар хүлээн зөвшөөрүүлэх хамгийн хүнд бөгөөд хатуу үйлсийг бүтээж, өнөөдрийн дэлхий дахинд Монгол Улсыг бусдаар хүлээн зөвшөөрүүлж чадсан явдалд "Монголын бүх ард түмний дотны хайрт жолоодогч", "Хайрт эцэг" хэмээн өргөмжлөгдөж байсан Монголын төрийн зүтгэлтэн Х. Чойбалсангийн гол гавъяа оршино. |
Дарьзавын Лосол | Лосол, Дарьзавын(1885-1940) Монголын улстөрч. МАХН-ын Төв Шалган Байцаах Комиссын дарга, БНМАУ-ын Бага хурлын орлогч дарга байсан Дарьзавын Лосол ардын хувьсгалын анхны долоон удирдагчдын нэг боловч хожим “хувьсгалын эсэргүү” гэгч хилс хэргээр хэлмэгджээ.
Намтар
1885 онд Цэцэн хан аймгийн дайчин бэйл Дашцэрэнгийн хошуу, одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын 1-р багийн нутаг Хужиртын толгой гэдэг газарт харц ард Дарьзавын хүү болон мэндэлжээ.
9 настай байхад нь Лосол хүүг эцэг эх нь лам болгохоор нутгийн жижиг хурлын газар шавь оруулан суулгажээ. Тэрээр 12 насандаа Монголын шарын шашны төв Гандан хийдэд ирж, 6 жил орчим шавилан сууж шашны эрдэм ном, төвөд хэлийг сурч судалжээ.
Шашны ном сургааль үзсэн залуу лам Лосол үзэж мэдэхийн хүслэнд хөтлөгдөн гадаад орноор аялан явахаар шийджээ. Тэгээд 1908 онд Манжуурын төмөр замаар аялан Хятадын зүүн муж, мөн Бээжин хот оржээ. Тэндээсээ Буриадаар дамжин улмаар Петроград, Москва хотод очсон байна. Ингэж явахдаа Орос Хятад хоёр гүрний дотор өрнөсөн хөрөнгөтний ардчилсан хувьсгалын явдлыг нүдээр үзсэн нь үзэл санаанд нь нөлөө болсон байна. Түүнийг хилийн чанадаас эх орондоо эргэж ирэхэд Монголын ард түмэн улс орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэл ид өрнүүлж байсан бөгөөд, улмаар харийн түрэмгийлэгчдийн талхинаас ангижирч, Богд Хаант Монгол Улс байгуулагджээ.
1918 онд Монгол улсын тусгаар тогтнолд ахин заналхийлж өнгөлзсөн Хятадын хар цэргийн эсрэг домогт Манлай ван Дамдинсүрэнгийн хамт цэргийн ламаар явж эх орноо хамгаалах тулалдаанд удаа дараа оролцжээ. 1918 оны сүүлчээр Зүүн хүрээнд үүсэн бүрэлдэж эхэлсэн хувьсгалт нууц бүлгийг Д.Бодоо, С.Жамъян, Д.Чагдаржав нарын зэрэг нөхдийн хамт анх байгуулалцжээ. 1920-8-1 нд Д.Сүхбаатар, Д.Догсом нарын хамтаар ЗОУ-аас тусламж гуйх монголын хувьсгалчдын анхны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оржээ. 1921-3-1 нд хуралдсан МАХН-н анхдугаар их хуралд оролцож, гишүүнээр элсжээ. Тус их хурлаас Намын төв хороог 3 хүний бүрэлдэхүүнтэй сонгоход Д.Лосол, С.Данзан, Ц.Дамбадорж нарын хамт сонгогджээ.
1921 оны 3-р сард ардын түр засгийг анх байгуулахад Сангийн яамны худалдааны ба цэргийн бэлтгэлийн хэлтсийн эрхэлсэн түшмэлээр, дараа нь мөн яамны сайдаар томилогдсон байна. 1921-1922 оныг дуустал бүх цэргийн ламаар томилогдон ажиллаж байсан. 1922 оны 12-р сард Москва хотноо хуралдсан Алс Дорнодын хувьсгалт байгууллагуудын анхдугаар их хуралд Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан оролцсон.
1923 онд нэр төдий үлдсэн лам мяндгаа орхисноо албан ёсоор илэрхийлсэн байна.1923-1924 онд Бүх цэргийн эмнэлэгийн газрын эрхэлсэн түшмэл. 1924 оны намын 3-р их хурлаас МАХН-ын ТХ-ны орлогч гишүүнээр сонгогджээ. 1925-1928, 1934-1939 онд МАХН-ын Хянан байцаах төв комисын даргаар ажиллаж байв. 1928 онд Коминтерний 6-р их хуралд МАХН-ын төлөөлөгчөөр оролцсон.1928-1934 онд МҮЭ-ийн төв зөвлөлийн дарга, Улсын банкны орлогч дарга 1937-1939 онд БНМАУ-н Бага хурлын тэргүүлэгчдийн орлогч /дэд/ даргаар ажиллаж байв. 1939-7-12-нд гэнэт хөдөө явах томилолт авч /Дорнод аймгийн Хунт сумын ардуудыг хилийн дотогш нүүлгэх ажлаар/ онгоцонд суухад, уг онгоц нь явах зүгт нь биш огт өөр зүг нисэн оджээ. Тэр онгоцонд Монгол улсын ДДЯ-ны сайд Шагдаржав мөн нэгэн адил хувь заяа оногдон суусан байв.
Түүнийг Чита хот дахь ЗХУ-н ДХГ-ын салбарт аваачин олон сарын турш мөрдөн байцааж, тамлан яргалаж байлгасаар, улмаар Москва хот руу Монголын бусад нам төрийн удирдагчдын /Амар, Догсом, Лувсаншарав, Мэнд, Найдан, Довчин нарын зэрэг/ хамт аваачин мөрдөлтийг үргэлжлүүлэн явуулж, “хувьсгалын эсэргүү, Японы тагнуул” гэдэг хилс хэрэгт гүтгэгдэн хоригдсоор 1940 онд шоронд нас баржээ Түүний эл хэргийг 1962 онд БНМАУ-ын АИХ-ын дэргэдэх цагаатгах ажлыг эрхлэх комисс шалган үзээд цагаатгажээ. Лосолыг баригдахад 2 настай үлдсэн хүү Өлзийхишиг нь эхийн хайр ивээлээр өсч өндийн уран барилгач болжээ. Тэрээр Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөг хийлцсэн уран барилгачдын нэг юм.
|
I. ТЭМҮҮЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ ҮЕ |
1. Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ чино,
гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх
Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвүүнийг
төрүүлжээ.
2. Батцагааны хөвүүн Тамача, Тамачийн хөвүүн Хоричар мэргэн,
Хоричар мэргэний хөвүүн Уужим буурал, Уужим бууралын хөвүүн
Саль-хачау, Саль-хачаугийн хөвүүн Ихнүдэн, Ихнүдэний хөвүүн
Шинсочи, Шинсочийн хөвүүн Харчу.
3. Харчугийн хөвүүн Боржигидай мэргэн бүлгээ. Боржигидай
мэргэний гэргий нь Монголжин гуа, түүнээс төрсөн хөвүүн Торголжин
баян. Торголжин баян, Борогчин гуа гэргийтэй, Боролдайсуялби гэдэг
залуу зарцтай, дайр бор хоёр хүлэг морьтой бүлгээ. Торголжин баяны
хөвүүн Дува сохор, Добу мэргэн хоёр бүлгээ.
4. Дува сохор, магнай дундаа ганц нүдтэй гурван нүүдлийн газар
харах бүлгээ.
5. Нэгэн өдөр Дува сохор, Добу мэргэн дүүтэйгээ Бурхан халдун
уул дээр гарав. Дува сохор, Бурхан халдун дээрээс харвал Түнхэлэг
горхин руу нэгэн бүлэг иргэн нүүж айсуй.
6. Дува сохор өгүүлрүүн: «Тэр нүүдэл иргэний дотор, тэрэгний
мухлагийн өмнө нэг сайхан охин сууж явна. Хүний гэргий болоогүй
бол Добу мэргэн дүү чамд гуйж гэргий болгоё» гээд түүнийг
үзүүлэхээр Добу мэргэн дүүгээ илгээв.
7. Добу мэргэн, тэр нүүдэлд хүрч охиныг үзвэл үнэхээр алдартай,
гоо сайхан охин бөгөөд хүний гэргий болоогүй ажээ. Нэр Алун-гуа
гэнэ.
8. Энэ охин, хорь түмдийн ноён Хорилардай мэргэний гэргий
Баргужин гуагаас хорь түмд (хорь буриад)-ийн нутаг Ариг ус гэдэг
газар төржээ. Түүний эх Баргужин гуа бол хол газрын Баргужин
төхүмийн эзэн Баргудай мэргэний охин бүлгээ. Тэр бүлэг иргэн бол
Хорилардай мэргэнийх ажээ.
9. Хорилардай мэргэн, хорь түмдийн газарт булга, хэрэм зэрэг ан
гөрөөс агнахаа хориглон булаалдаж харилцан муудалцаад салж,
хорилар овогтон болоод Бурхан халдун ууланд ан гөрөөс элбэг гэж
сонсож, Бурхан халдуны эзэн бурхан босгосон Шинч баян
урианхайтай уулзахаар нүүж ирсэн ажээ. Энэхүү хорь түмдийн ноён
Хорилардай мэргэний охин, Ариг уснаа төрсөн Алун-гуаг гуйж, Добу
мэргэний гэргий болгосон ёс тийм ажээ.
10. Алун-гуа, Добу мэргэнд ирээд Бүгүнүтэй, Бэлгүнүтэй гэдэг
нэртэй хоёр хөвүүнийг төрүүлэв.
11. Дува сохор ах нь дөрвөн хөвүүнтэй бүлгээ. Дува сохрыг
үхсэний хойно түүний дөрвөн хөвүүн, Добу мэргэнийг авга гэж
үзэхгүй доромжилж салж нүүгээд дөрвөд овогтон болов.
12. Түүний хойно нэг өдөр Добу мэргэн Тогоцог өндөр дээр
гөрөөлөхөөр гарвал, ой дотор нэгэн урианхай хүн гунжин буга алаад
хавирга цоройг шарж байхад уулзаж,
13. «Нөхөр шоролгодоо» гэж Добу мэргэн хэлбэл, тэр хүн уушги
зүлд ба арьсыг өөрөө авч, бусдыг цөм Добу мэргэнд өгөв.
14. Добу мэргэн, тэр бугын махыг ачиж явтал замд хүүхдээ
хөтөлсөн нэгэн ядуу хүн учрав.
15. «Чи юун хүн бэ?» гэж Добу мэргэн асуувал, тэр хүн
өгүүлрүүн: «Би Малиг баяудын хүн. Одоо би ядарч явна. Тэр
гөрөөсний махнаас надад өг. Би энэ хөвүүнээ чамд өгье» гэвэл,
16. Добу мэргэн зөвшөөрч, бугын өрөөсөн гуяг тэр хүнд өгөөд
хөвүүнийг авч ирж гэртээ зарцлах болов.
17. Тэгж байтал Добу мэргэн үгүй болов. Добу мэргэнийг үгүй
болсны хойно түүний гэргий Алун-гуа бэлэвсэн бөгөөтөл Буха хатаги,
Бухату салжи, Бодончар мунхаг гэдэг нэртэй гурван хөвүүнийг
төрүүлэв.
18. Урьд Добу мэргэнийг амьд бүхий цагт төрсөн Бэлгүнүтэй,
Бүгүнүтэй хоёр хөвүүн, эх Алун-гуагаас эчнээ хэлэлцсэн нь: «Бидний
эх, ойр төрлийн эрэгтэй хүнгүй ба эргүй бөгөөтөл энэ гурван
хөвүүнийг төрүүлэв. Гэр дотор ганц Малиг баяуд овгийн зарц хүн
байна. Энэ гурван хөвүүн, түүний хүүхэд биз» гэж эхээс далд
хэлэлцэхийг нь Алун-гуа мэдээд,
19. Хаврын нэгэн өдөр хонины хатсан мах чанаж Бэлгүнүтэй,
Бүгүнүтэй, Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван
хөвүүндээ идүүлээд тэднийг зэрэгцүүлэн суулгаж, хүн бүрд нэжээд
мөс (сум буюу нарийн мод)-ийг хугал гэж өгвөл амархан хугачиж
орхив. Бас таван мөсийг нийлүүлж баглаад хугал гэж өгвөл тавуул
дараалан оролдож хугалж чадсангүй.
20. Үүнд Алун-гуа эх нь өгүүлрүүн: «Бэлгүнүтэй, Бүгүнүтэй та
хоёр намайг энэ гурван хөвүүнийг яахин төрүүлэв, хэний хөвүүд бол
гэж сэжиглэн хэлэлцэнэ. Сэжиглэх тань зөв.
21. Гэвч, та нар учрыг мэдэхгүй байна. Шөнө бүр цагаан шар хүн,
гэрийн өрх тотгоор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний
гэрэл миний хэвлийд шингэх бүлгээ. Тэр хүн, гарах нар сарны хилээр
шар нохой мэт шарвалзсаар гарч одно. Дэмий яахин өгүүлнэ та.
Түүнээс үзвэл тэнгэрийн хөвүүд биз. Хар тэргүүт хүнтэй адилтгаж
яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хүн сая учрыг мэднэ» гээд
22. Бас Алун-гуа, таван хөвүүнээ сургаж өгүүлрүүн: «Та таван
хөвүүн, миний нэгэн хэвлийгээс төрсөн биш үү. Та нар ганц ганцаар
салбал нэжээд сум мэт хүнд хялбархан дийлэгдэнэ. Та нар эв эеэ
нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч хялбар
дийлэгдэхгүй болно» гэв. Тэгж байтал Алунгуа эх нь үгүй болов.
23. Эх Алун-гуаг үгүй болсны хойно ах дүү тавуулаа, адуу малаа
хуваах болж, Бэлгүнүтэй, Бүгүнүтэй, Буха хатаги, Бухату салжи
дөрвүүлээ юмаа хувааж аваад дүү Бодочар мунхагийг бядуу гэж урагт
үл тооцож хувь эс өгөв.
24. Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол
даарьт, годил сүүлт орог шинхул морио унаж үхвэл үхье, амьдарваламьдаръя гэж Онон мөрөн рүү зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг
газар хүрч өвсөн эмбүүл гэр барьж суув.
25. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг үзэж,
гол даарьт, годил сүүлт орог морины хялгасаар урхи хийж, тэр бор
харцагыг барьж авчрав.
26. Бодончар, идэх юмгүй тул чонын гууд хорьсон гөрөөсийг
мярааж харван алж идэх буюу чонын идсэн сэгийг түүж гэдсээ
хооллож, харцагаа тэжээсээр тэр он гарав.
27. Хавар болж, нугас ирэх цагт харцагаа сойж тавиад галуу, нугас
олныг алж, идэж үл барах тул,
Мөчир бүрээс
Мөч гуя өлгөж
Хожуул бүрээс
Хоёр гурван шувуу өлгөсөн нь ялзрахад хүрчээ.
28. Битүү модот уулын хяраас нэгэн бүлэг иргэн, Түнхэлэг горхин
руу нүүж ирэв. Бодончар, харцагаа тавин өдөр бүр тэр иргэнд очиж
цэгээ гуйж уугаад, шөнө өвсөн эмбүүл гэртээ ирж хонох бүлгээ.
29. Тэд иргэн Бодончарын харцагыг гуйвал эс өгөв. Тэд иргэн,
Бодончарыг хэн юун хүн бэ гэж асуухгүй, Бодончар бас тэр иргэнийг
юун иргэн гэж асуухгүй явна.
30. Гэтэл Буха хатаги ах нь Бодончар мунхаг дүүгээ энэ Онон
мөрөн рүү одлоо гэж нэхэн ирж, Түнхэлэг горхинд нутаглах тэд иргэнд
хүрээд тийм морьтой, тийм хүн үзэгдэв үү гэж сурвал,
31. Тэд иргэн өгүүлрүүн: «Өдөр бүр нэгэн хүн манд ирж эсэг
(цэгээ) ууж одно. Тэр хүн ба түүний морь, чиний сурдагтай адил
байна. Түүнд нэг харцага бий. Тэр, шөнө хаана хонодгийг мэдэхгүй.
Баруун хойноос салхи салхилбал түүний харцагаар бариулсан нугас,
галууны өд сөд нь цас мэт бутарч хийсэж ирнэ. Бодвол түүний гэр
холгүй биз. Одоо түүний ирэх цаг болов. Хоромхон хүлц» гэв.
32. Удалгүй Түнхэлэг горхин өөд нэгэн хүн айсуй. Хүрч ирвэл
Бодончар мөн. Буха хатаги ах нь таньж аваад Онон мөрөн өөд дагуулан
давхив.
33. Бодончар, Буха хатаги ахын хойноос даган хатирч өгүүлрүүн:
«Ах аа, ах аа, бие тэргүүтэй, дээл захтай нь сайн» гэвэл, ах нь тэр
үгийг хайхарсангүй.
34. Бодончар мөн үгийг хоёрдугаар удаа өгүүлбэл, ах нь хариу
хэлсэнгүй. Мөн үгийг гуравдугаар удаа хэлэхэд ах нь өгүүлрүүн: «Чи
энэ үгийг юунд дахин дахин өгүүлнэ?».
35. Бодончар өгүүлрүүн: «Тугаарын (саяын) Түнхэлэг горхиноо
бүхий иргэнд эзэнгүй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил
чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя».
36. Ах нь өгүүлрүүн: «За тийм бол гэртээ хүрч, ах дүү нартай
зөвлөлдөж, тэд иргэнийг эзэлье» гэж.
37. Гэртээ хүрээд, ах дүү нартай хэлэлцэж мордов. Тэргүүлэн
хянагчид мөн Бодончарыг явуулав.
38. Бодончар тэргүүлэн явж нэгэн жирэмсэн эмийг барьж «Чи юун
хүн бэ?» гэж асуувал, тэр эм өгүүлрүүн: «Би жарчиуд аданхан
урианхайн хүн» гэв.
39. Тэндээс ах дүү тавуул тэд иргэнийг довтолж, адуу малыг авч,
хүн ардыг зарц болгов.
40. Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хөвүүн төрөв. Түнийг харь
овгийн хөвүүн гэж Жажирадай гэж нэрийдэв. Жадараны өвөг тэр
болов. Тэр Жажирадайн хөвүүн Тугудай нэрт бүлгээ. Тугудайн хөвүүн
Бури-булчиру. Бури-булчиругийн хөвүүн Хар-хадаан бүлгээ. Хар-
хадааны хөвүүн Жамуха бүлгээ. Жадаран овогтон тэд болов (Жада
гэдэг нь харь бусад гэсэн үг болно).
41. Тэр эм бас Бодончараас нэгэн хөвүүн төрүүлэв. Түүнийг барьж
авсан эмийн хөвүүн хэмээн Баарьдай гэж нэрийдэв. Баарины өвөг тэр
болов. Баарьдайн хөвүүн Зүтгэлбөх. Зүтгэлбөх олон эм авсан тул
хөвүүн нь манан мэт (олон) төрөв. Манан баарин овогтон тэд болов.
42. Бэлгүнүтэй, бэлгүнүд овогтон болов. Бүгүнүтэй, бүгүнүд
овогтон болов. Буха хатаги, хатгин овогтон болов. Бухату салжи,
салжид овогтон болов. Бодончар, боржигин овогтон болов.
43. Бодончарын авааль эмээс төрсөн Барим ширату Хабич нэрт
бүлгээ. Тэр Хабич баатрын эхийн инжинд ирсэн эмийг Бодончар
татвар эм болгож нэгэн хөвүүн төрсөнд Жаурьдай нэр өгөв. Бодончар
амьд байх цагт Жаурьдайг зүхэл тайлгад орох эрхтэй болгов.
44. Бодончарыг үгүй болсны хойно тэр Жаурьдайг гэрт ямагт
аданхан урианхайдай хүн байсан тул түүний хөвүүн гэж тайлгаас хөөж
гаргав. Тэр Жэүрэдийн өвөг болов.
45. Хабич баатрын хөвүүн Мэнэн тудун бүлгээ. Мэнэн тудуны
хөвүүн Хачи хүлүг, Хачин, Хачиу, Хачула, Харалдай, Хачиун, Начин
баатар долоо бүлгээ.
46. Хачи хүлүгийн хөвүүн Хайду, Намулун эхээс төрсөн бүлгээ.
Хачины хөвүүн Ноёгидай нэртэй бүлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон
овогтон болов. Хачиугийн хөвүүн Баруладай нэрт бүлгээ. Их биетэй ба
идээ барах ховдог тул Барулас овогтон болов. Хачулагийн хөвүүн бас
идээ барах ховдог тул их барула, өчүүхэн барула гэдэг хоч нэртэй
болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргүүтэн барулас овогтон
болов. Харалдайн хөвүүд будаа мэт эх түрүүгүй хутгалдах тул будаад
овогтон болов. Хачиуны хөвүүн Адархидай нэрт бүлгээ. Ах дүүгийн
дунд адармаатай (яхир хэрүүлч) тул адархин овогтон болов. Начин
баатрын хөвүүн Уруудай Мангудай хоёр бүлгээ. Урууд, мангуд овогтон
болов. Начин баатрын авааль эмээс төрсөн хөвүүн Шижуудай
Доголдай хоёр бүлгээ.
47. Хайдугийн хөвүүд Байшинхор догшин, Чирхай лянхуа,
Чаужин ортагай гурав бүлгээ. Байшинхор догшны хөвүүн Тумбинай
сэцэн бүлгээ. Чирхай лянхуагийн хөвүүн Сэнгүн билгэ, амбагайтан
тайчууд овогтон болов. Чирхай лянхуа бэргэнээ эм болгон авч, нэгэн
хөвүүн төржээ. Нэр нь Бэсүдэй гэнэ. Бэсүд овогтон болов. Чаужин
Ортагай зургаан хөвүүнтэй, нэр нь: Оронар, Хонхотан, Арулад, Сөнид,
Хабтурхас, Гэнигэс гэдэг тул ийм овогтон болов.
48. Тумбинай сэцэний хөвүүн Хабул хаан Сэмсэчүлэ хоёр бүлгээ.
Сэмсэчүүлийн хөвүүн Бүлтэчү баатар бүлгээ. Хабул хаан, долоон
хөвүүнтэй, тэдний нэр нь Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор,
Хотала хаан, Хулан, Хадаан, Тодойн отчигин гэнэ.
49. Охинбархагийн хөвүүн Хутугту Жүрхи бүлгээ. Хутагту
жүрхийн хөвүүн Сэчэ-бэхи, Тайчу хоёр бүлгээ. Тэд жүрхи овогтон
болов.
50. Бартан баатрын хөвүүд Мэнгитү хиан, Нэгүүн тайжи, Есүхэй
баатар, Даридай отчигин энэ дөрөв бүлгээ. Хутугту Монхорын хөвүүн
Бүри бөхө бүлгээ. Онон мөрний шугуйд хуримлах цагт [Чингисийн
дүү] Бэлгүтэйн мөрийг тэр тас цавчсан билээ.
51. Хотала хааны хөвүүд Зочи, Хирмау, Алтан гурав бүлгээ. Хулан
Баатрын хөвүүн Их Чэрэн бүлгээ. [Их Чэрэнгийн боол] Бадай Хишлиг
хоёр [Чингисийн үед] Дархадын ноёд болов. Хадаан Тодойн хоёр үргүй
өнгөрчээ.
52. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон
хөвүүнээ байтал, Сэнгүн билгийн хөвүүн Амбагайг хамаг Монголын
хаан болгохоор хэлсэн ажээ.
53. Буйр Хөлэн хоёр нуурыг холбож урсах Оршуун мөрөнд
айргууд, буйргууд Овгийн татаар аймаг нутаглана. Тэдэнд Амбагай
хаан охиноо өгч, өөрөө охиныг хүргэж очоод татаарт баригдав. Татаар,
Амбагай хааныг барьж, Хятадын Алтан хаанд хүргүүлэв. Бэсүд овгийн
Балхачи гэдэг хүнийг элч болгож, Амбагай хааны хэлсэн нь: «Хабул
хааны долоон хөвүүний дундах Хоталад, миний арван хөвүүний
дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал
охиноо өөрөө үдэж хүргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татаар
аймагт баригдав. Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа
барагдтал миний өшөөг авахыг оролдогтун» гэж илгээжээ.
54. Тэр цагт Есүхэй баатар, шувуу агнан явах зуур олхуноуд
аймгаас эм аваад буцаж яваа мэргидийн их Чилэдү гэдэг хүнтэй
уулзаж, түүний эмийг өнгийж үзвэл гоо үзэсгэлэнтэй хатан байна.
Есүхэй баатар гэртээ давхиж ирээд ах Нэгүүн тайжи, дүү Даридай
отчигийн хоёрыг дагуулан мордож, их Чилэдүүг гүйцэж очвол,
55. Тэр айж хурдан ухаа морины гуяг ташуурдаж, уулын бэлээр
дутаав. Түүнийг гурвуулаа цувалдан хөөвөл тэр улам дутаасаар нэгэн
хошууг тойрч эргэж тэргэндээ хүрч ирсэнд эм Өэлүн үжин (фүжин гэж
хятадаар хатныг хэлнэ) өгүүлрүүн: «Тэр гурван хүний учрыг мэдэв үү
чи? Тэдний царай сэжиглэмээр байна. Чиний аминд хор хүргэж болно.
Амьд мэнд үлдвэл эхнэрийг олоход бэрхгүй. Мухлаг тутам охид бий.
Тэрэг тутам хатад бий. [Миний мэт өнгөт эхнэр олдоно А. то.] Хэрэв
намайг санавал дахин авсан гэргийг миний нэрээр нэрлэгтүн. Одоо
амиа арчил. Миний үнэрийг үнсэж яв» гээд өмссөн цамцаа тайлж өгөв.
Их Чилэдү, тэр цамцыг морин дээрээс тонгойж авмагц, харвал, нөгөө
гурав мөн хошууг тойрч нэхэж айсуй. Чилэдү, хурдан ухаа морины гуяг
ташуурдаж яаран Онон мөрөн өөд дутаав.
56. Түүнийг гурвуулаа хойноос нь нэхэж, долоон даваа давтал
хөөж орхиод, Өэлүн үжнийг авч, Есүхэй баатар жолоодон хөтөлж, ах
Нэгүүн тайжи тэргүүлж, дүү Даридай отчигин хажууд дагаж [тэмээг
гилж А. то.] явна. Үүнд Өэлүн үжин өгүүлрүүн:
«Миний эр Чилэдү;
Сэрүүн салхинд
Сэвлэг үсээ хийсгэж
Хээр хөдөө
Гэдсээ өлсгөж яахин зовох болов?
Одоо би хоёр сэвлэг үсээ хойш урагш унжуулж яахин одно?» гээд
Онон мөрнийг долгилтол, ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад
Даридай отчигин хажуугаас өгүүлрүүн:
«Тэврэх хайрт эр чинь
Тэртээ давааг давав.
Уйлан санах эр чинь
Ус олныг гэтлэв.
Хайлж уйлавч
Харж чамайг үзэхгүй,
Хайж эрэвч
Хаалга зам нь олдохгүй.
[Гурван гол гэтэлгэв
Гурван гурви давуулав
Хайвал мөргүй
Харвал бараагүй
Хайлбал үл сонстоно. Ч. ц.]
Дуугүй бай гэж ятгав.
Өэлүн үжнийг Есүхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов.
Өэлүн үжнийг Есүхэй баатрын авчирсан ёс ийм бүлгээ.
57. Амбагай хаан баригдаад Хадаан, Хотала хоёрыг нэр заасан тул
хамаг монгол, тайчууд нар Онон мөрний Хорхунагийн хөндий гэдэг
газар цугларч хэлэлцээд, Хоталыг хаан болгов. Монголын жаргалан нь
бүжиг, хурим бүлгээ. Хоталыг хаан өргөмжлөөд Хорхунагийн саглагар
модны дор хавирга газрыг халцартал, өвдөг газрыг өлтөртөл дэвхцэн
бүжиглэж хуримлав.
58. Хотала хаан болоод Хадаан тайжитай хоёулаа татаар иргэнээс
өшөө авахаар мордов. Татаарын Хотан бараг, Жали буха хоёртой арван
гурван удаа байлдавч, Амбагай хааны өшөөг сайтар авч эс чадав.
59. Тэр цагт Есүхэй баатар, татаарын Тэмүжин-үгэ, Хори-буха
зэргийн татаар хүнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өэлүн үжин,
Ононы Дэлүүн болдог гэдэг газар Чингис хааныг төрүүлжээ. Чингис
төрөхдөө баруун гарт шагайн чинээ нөж атган төржээ. Татаарын
Тэмүжин-үгээг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг
өгчээ.
60. Есүхэй баатрын Өэлүн үжинээс Тэмүжин, Хасар, Хачиун,
Тэмүгэ дөрвөн хөвүүн төрөв. Бас Тэмүлэн нэртэй нэгэн охин төрөв.
[Есүхэй баатрын нөгөө гэргий Сочигэл эхээс төрсөн Бэгтэр, Бэлгүтэй
хоёр бүлгээ. А. то.] Тэмүүжинийг есөн настай байхад Зочи-Хасар
долоон настай, Хачиун алчи таван настай, Тэмүгэ отчигин (отгон нь
галын хаан, голомтын эзэн болно гэсэн үг) гурван настай. Тэмүлэн
өлгийтэй байсан бүлгээ.
61. Есүхэй баатар Тэмүүжинийг есөн настай байхад Өэлүн эхийн
төрхөм олхуноуд иргэнд хөвүүний нагац нараас охин гуйя гэж
Тэмүүжинийг аваад одов. Явах замд Цэгцэр Чихургу гэдэг газрын
хооронд Хонгирадын Дэй Сэцэнтэй уулзав.
62. Дэй Сэцэн өгүүлрүүн: “Есүхэй худ аль хүрэхээр явна?” Есүхэй
баатар өгүүлрүүн: “Миний хөвүүний нагац олхуноуд иргэнээс охин
гуйхаар явж байна”. Дэй Сэцэн өгүүлрүүн: “Энэ хөвүүн чинь нүдэндээ
галтай, нүүртээ гэрэлтэй хөвүүн байна.
63. Есүхэй худ. Би энэ шөнө нэгэн зүүд зүүдлэв. Цагаан шонхор
шувуу, нар сар хоёрыг атган нисэж ирээд миний гар дээр буув” гэж
зүүдлэв. Нар сарыг бид нүдээр үздэг билээ. Гэтэл нар сарыг шонхор
шувуу атгаж миний гар дээр буух нь гайхалтай, ямар сайн тохиол
учрах болов гэж би бусдад хэлсэн бүлгээ. Есүхэй худ чи хөвүүн
дагуулж ирсэн нь даруй миний зүүдний тайлбар болов. Юун зүүд байх
вэ! Танай хиад аймгийн сүлд ирж, зүүдээр дохиолсон ажээ.
64. Манай хонгирад хэдийнээс бусдын нутаг ба хүнийг булаан
тэмцэлддэггүй.
Харь улсыг үл довтлон
Хацар сайт охидоо
Хасаг тэргэнд суулгаж
Хар буур хөллөж
Хатируулж одож
Хаан болсон та нарын
Хатан сууринд дэвшүүлж
Хамт суулгана.
Өөр иргэнийг үл тэмцэн
Өнгө сайт охидоо
Өлжгэтэй (суудалтай) тэргэнд суулгаж
Өл буур хөллөж Үүсгэж одож
Өндөр суурь эзлэгчдийн
Өрөөл хань болгоно.
Манай хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, өнгө сайн охидтой
тул зээгийн зүсээр, охидын өнгөөр явна.
65. Нуган хүүхэд нутгаа эзэмшинэ. Охин хүүхэд өнгө шилэгдэнэ.
Есүхэй худ, миний гэрт оч. Надад өчүүхэн охин бий. Та үз» гэж, Дэй
сэцэн хэлээд Есүхэйг гэртээ дагуулж аваачив.
66. Есүхэй худ, охиныг үзвэл нүүртээ гэрэлтэй, нүдэндээ галтай
охин тул санаанд нийлэв. Түүний нэр Бөртэ гэнэ. Тэмүжинээс нэгэн
нас ах, аравтай ажээ.
Дэй сэцэний гэрт хоноод маргааш нь охиныг гуйвал, Дэй сэцэн
өгүүлрүүн: «Олон удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж
өгвөл доромжлогдох гэдэг боловч, охин хүний заяа, төрсөн үүдэнд
өтлөхгүй тул охиноо өгье. Чи хөвүүнээ хүргэн болгож манай гэрт
үлдээ» гэж хэлбэл, Есүхэй баатар өгүүлрүүн: «Би хөвүүнээ орхиё.
Миний хөвүүн нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи, миний
хөвүүнийг нохойноос бүү цочуул!» гээд хөтөлж явсан мориор бэлэг
өгч, Тэмүүжинийг орхиод Есүхэй баатар буцав.
67. Есүхэй баатар, Цэгцэрийн шар талд явж байтал, татаар иргэн
хуримлаж байхтай тохиолдоод ам цангах тул хуримд буув. Татаар нар
Есүхэйг таньж, «Эрхэм Есүхэй ирэв» гэж хуримд суулгаад, урьдын
булаагдсан өшөөг санаж, нууцаар хэлэлцэн, хоолонд хор хольж өгчээ.
Есүхэй тэндээс мордож явах замд бие муужирч, гурван хоног арай гэж
яваад гэрт хүрч,
68. Есүхэй өгүүлрүүн: «Миний дотор муу байна. Дэргэд минь хэн
байна?» гэж асуувал, хонхотаны Чирха өвгөний хөвүүн Мэнлиг
(Мэнлиг буюу Мунлиг) ойр байна гэвэл, түүнийг дуудаж өгүүлрүүн:
«Хүү минь Мэнлиг чи сонс. Хөвүүн минь балчир билээ. Тэмүжин
хөвүүнийг урагт орхиод ирэх замын зуур татаарт хорлогдов. Дотор
минь муу байна. Өнчин хоцорсон дүү нараа, бэлэвсэн бэргэнээ асрахыг
чи мэд. Тэмүжин хөвүүнийг даруй явж авчир! Хайрт Мэнлиг минь!»
гээд наснаас нөгчив
|
ЧИНГИСИЙН ИДЭР НАС | null |
МЭРГИДИЙГ СӨНӨӨСӨН БА ТЭМҮЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ
ӨРГӨМЖИЛСӨН НЬ | 104. Тэндээс Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуул явж, Туул голын
Хар шугуйд нутаглаж байгаа ван хан Тоорилд очиж өгүүлрүүн:
«Санамсаргүй байтал гурван мэргид довтолж, эхнэр хүүхдийг минь
булааж авав. Хан эцэг минь эхнэр хүүхдийг минь аварч өгнө үү гэж
ирэв» гэвэл, ван хан Тоорил хариу өгүүлрүүн: «Би ноднин жил чамд
хэлсэн биш үү. Эцгийн адил эцэг гэж булган дах авчирч өгсөн тухайд
би ингэж хэлсэн билээ:
«Булган дахны чинь хариуд
Бутарсан улсыг чинь
Бөөгнөрүүлж өгье
Хар булган дахны чинь хариуд
Хагацсан улсыг чинь
Хамтатгаж өгье.
Цэрээ цээжинд байлга
Бөөрөө бөгсөнд байлга [Ах захтай байг]» гэж
хэлсэн билээ. Одоо тэр үгэндээ хүрч,
Булган дахны чинь хариуд
Бүгд мэргэдийг
Бүрэлгэн довтолж
Бөртэ үжинийг чинь
Буцааж өгье.
Хар булган дахны чинь хариуд
Хамаг мэргидийг
Хамх цохиж
Хатан Бөртий чинь
Хариулж авчиръя.
Чи Жамуха дүүд хэл өг. Жамуха дүү Хорхунаг Жубур гэдэг газар
бий. Би эндээс хоёр түмэн цэрэг авч баруун гар болон мордъё. Жамуха
дүү хоёр түмэн цэрэг авч зүүн гар болон морилог. Бидний учрах
болзоог Жамуха тогтоотугай» гэв.
105. Тэмүжин, Хасар, Бэлгүтэй гурвуулаа, Тоорил ханаас салж
гэртээ ирээд Тэмүжин, Жамухад Хасар Бэлгүтэй хоёрыг илгээж
хэлүүлсэн нь:
«Өст мэргид ирж
Өрийг минь өвтгөв
Өврийг минь хоослов.
Өмөг түшиг болох
Өнөр төрлийн та нар
Өшөөг авч өгнө үү.
Элэг зүрх минь
Эмтэрч байна.
Элгэн садан та нар
Энэ өшөөг авч өг» гэв.
Бас Хэрэйдийн Тоорил ханы үгийг Жамухад, уламжлан хэлсэн нь:
«Эрт өдөр эцэг хан Есүхэйтэй эв нэгтэй явснаа санаж, одоо хоёр түмэн
цэрэг авч баруун гар болон мордъё. Жамуха дүү хоёр түмэн цэрэг авч
зүүн гар болон морилтугай. Хамтрах болзоог Жамуха дүү мэдтүгэй»
гэснийг уламжлав. Эдгээр үгийг сонсож гүйцээд Жамуха өгүүлрүүн:
«Өнөө Тэмүжин анд
Өдий зовлон бэрхэд
Өртөгдсөнийг сонсоод би
Өр өвдөж
Өршөөн санана
Элэг эмтэрч
Эмгэнэн гашуудна.
Эл өшөөг нэхэж
Эдгээр мэргид аймгийг
Эвдэн мөхөөж
Эхнэр Бөртийг
Эргүүлж авчиръя
Хамаг хаад мэргидийг
Хамх цохиж
Хатан Бөртийг
Хариулж авъя.
Давирах гөлмийн чимээг
Дайны хэнгэргийн дуу гэж
Ташааран дутаагч Тогтоа
Дайд Буур-хээрт
Ташаалдан суугаа биз.
Давхар хоромсогын амсар
Дарвалзан хөдлөхөд
Дайн тулаан болов гэж
Ташааран дутаагч
Дайр-Үсүн одоо
Давлагат Орхон Сэлэнгийн
Талхун аралд
Далдиран суугаа биз.
Хамхуул өвс хийсэхэд
Халдах дайсан ирэв гэж
Хар ойг чиглэж
Хашхиран дутаагч муу
Хаатай Дармала одоо
Харжийн талд
Хааш ч үгүй байгаа биз.
Сайхан Хилго мөрөнд
Сахал өвс их гэнэ
Сахал өвс түүгээр
Сал хийж болдог гэнэ.
Өнөө дөхмийг бодож
Өвсөөр сал хийж
Өргөн Хилго мөрнийг
Өнгөрч хөндлөн гараад
Өөдгүй муусайн мэргидийн
Өнөөх муу Тогтоагийн
Өрх үүдийг нь эвдэж
Өм цөм дайрч
Өнгөтэй эдийг нь олзолж
Өвөртлөх эмийг нь булааж
Өсөх үрийг нь тасалж
Өшөө хорсголоо авъя!
Хутагт эрхэм шүтээний нь
Хуга татаж эвдээд
Хувхай болгож хаяя!
Хотол их улсыг нь
Хоосон болтол довтолъё» гэв.
106. Жамуха бас Тэмүжин анд, Тоорил хан ах хоёрт хэлүүлсэн нь:
«Одоо би
Хараа ихт [холоос харагдах] тугаа тахиж
Хар бухын арьсаар бүрсэн
Харгих дуутай хэнгэргээ дэлдэж
Хатан болд жадаа барьж
Халх хуягт дээлээ өмсөж
Хатгах зэвт сумаа онилж
Хар хул морио унаж
Хамаг олон цэргээ дагуулж
Хаад мэргэдийг халдан довтолж
Хатгалдан байлдахаар мордов би.
Үзэмжит сайхан тугаа тахиж
Үхрийн арьсан хэнгэргээ дэлдэж
Үргэлж хэлхээ хуягаа өмсөж
Үзүүр хурц илдээ барьж
Үнэхээр мэргэн сумаа онилж
Үлэмж сайн морио унаж
Үй түмэн цэргээ дагуулж
Үхээнц муусайн мэргид иргэнтэй
Үхтэл тэмцэхээр нэгэнт мордов.
Тоорил хан ах мордож, Бурхан халдуны өврөөр Тэмүжин андыг
дайрч аваад Онон мөрний эх Ботохан-бооржи гэдэг газар ирэгтүн. Би
эндээс нэгэн түмэн цэрэг авч мордоод замд Онон мөрөнд нутаглаж
байгаа Тэмүжин андын харьяат нараас бас нэгэн түмэн цэрэг авч, бүгд
хоёр түмэн цэрэг болоод Ботохан-бооржид очиж нийлье» гэж илгээв.
107. Жамухын эдгээр үгийг Хасар Бэлгүтэй хоёроос Тэмүжин
сонсоод Тоорил ханд уламжлав. Тоорил хан, Жамухын үгийг сонсмогц
хоёр түмэн цэрэг авч мордоод Бурхан халдуны өврөөр Хэрлэнгийн
Бүрги эргийг чиглэн явав. Үүнийг Тэмүжин сонсоод Бүрги эргээс
хөдөлж, Бурхан халдуны өвөр Түнхэлэг өөд нүүж Тана горхинд очиж
буув. Тоорил хан, нэгэн түмэн цэрэгтэй, Тоорил ханы дүү Жаха хамбу
нэгэн түмэн цэрэгтэй Химурга горхины Айл харгана гэдэг газар бууж
бүхийд Тэмүжин, цэргээ авч очиж нийлэн буув.
108. Тэмүжин, Тоорил хан, Жаха хамбу гурвуул нийлэн хөдөлж,
Ононы эх Ботохан-бооржи гэдэг газар хүрч ирвэл энд Жамуха нэгэнт
ирээд гурав хоног хүлээжээ. Тэмүүжин, Тоорил, Жаха хамбын
цэргүүдийг Жамуха үзээд хоёр түмэн цэргээ жагсаав. Тэмүжин, Тоорил
хан, Жаха хамбу гурав бас цэргүүдээ засаж хүрэлцэн нийлэлдэж
танилцав. Жамуха өгүүлрүүн: «Бороо тохиолдовч болзооноос
хождохгүй, хур тохиолдовч хурлаас саатахгүй гэж монгол үгээр
хэлэлцэж «За» гэж андгайлсан биш бил үү? «За» гэсэн цагаас
хожигдсон этгээдийг зэрэг дотроо хасъя гэсэн биш бил үү?» гэвэл,
Тоорил хан өгүүлрүүн: «Тогтсон болзооноос гурван өдөр хожимдсоны
учир торгож буруушаахыг Жамуха дүү минь мэд» гэв. Болзоо
хожидсон тухай ийм үгийг ярилцаж өнгөрөв.
109. Ботохан-бооржиос бүгдээр хөдөлж, Хилго мөрөнд хүрч сал
уяж гэтлээд Буур-хээр гэдэг газар очиж Тогтоа бэхийн өрх дээрээс
нөмрөн бууж, эрхэм шүтээний нь эвдэн сүйтгэж, эм хүүхдийг нь эзлэн
булаав. Хутагт сахиусыг нь хуга дайрч, хотол улсыг нь хомрон довтолж
хоосон болгов. Тогтоа бэхийг унтаж байхад дайран барьж болох
байсан. Гэтэл Хилго мөрөнд нутаглах загасчин ба булга агнагчид,
гөрөөчид «Дайсан айсуй» гэж тэр шөнийн дотор Тогтоа бэхид хэл
хүргэжээ. Энэ мэдээг сонсоод Тогтоа ба Увас мэргидийн Дайр-Үсүн
хоёр хамтарч цөөн нөхдийн хамт Сэлэнгийг уруудаж Баргужин оронд
дутаан одов.
110. Мэргидийн улс дүрвэж, тэр шөнө Сэлэнгийг уруудан дутаахад
манай цэргүүд дүрвэсэн мэргидийг нэхэж довтлон дээрэмдэн явав.
Тэмүжин, дүрвэж яваа хүмүүсийн дундуур «Бөртэ, Бөртэ» гэж дуудан,
эрж явтал, дүрвэж яваа иргэний дотор байсан Бөртэ үжин,
Тэмүүжиний дууг сонсож таниад тэрэгнээс бууж Хуагчин эмгэн хоёул
гүйж ирээд, Тэмүүжиний жолоо цулбуурыг барьж авав. Тэмүжин
шөнийн саруулд үзвэл Бөртэ үжин мөн тул тэврэлдэн учрав. Тэмүжин
мөн шөнө Тоорил хан, Жамуха анд хоёрт хүн илгээж хэлүүлсэн нь:
«Эрсэн хүнээ олсон тул энэ шөнө довтлохоо зогсож энд бууя» гэв.
Дүрвэж явсан мэргидүүд мөн шөнө хаана хүрсэн, тэр газраа бууж
хонов. Бөртэ үжин мэргидийн гараас гарч, Тэмүжинтэй уулзсан ёс ийм
бүлгээ.
111. Урьд Удуйд мэргидийн Тогтоа бэхи, Увас мэргидийн Дайр-
Үсүн, Хаад мэргидийн хаатай Дармала гурвуул гурван зуун хүнийг
дагуулж Тогтоа бэхийн дүү Их Чилэдүгийн гэргий Өэлүнийг Есүхэй
баатарт булаагдсаны өшөөг авна гэж тэр нэг өглөө мордсон билээ. Тэр
цагт Тэмүүжинийг Бурхан халдунд дутаалгаж гурав дахин тойрч
нэгжээд Тэмүүжинийг олсонгүй. Харин Бөртэ үжинийг барин авч
Чилэдүгийн дүү Чилэгэр бөхөд өгч асруулсан ажээ. Түүнээс хойш
Бөртэ үжин Чилэгэр бөхийн гэрт байсаар билээ. Одоо Чилэгэр бөх
дутааж гараад гэмшиж өгүүлрүүн:
«Хар муу хэрээ
Хальс холтос идэх заяатай байтал
Харлаг галууг идэхээр
Халдан тэмцэх мэт,
Хариугүй муу
Чилэгэр би
Харин ихийг санаж
Хатан үжинд халдаж
Хамаг мэргид иргэнийг
Хачлагдах аюулд учруулж
Халх нөмөргүй болж
Харанхуй шөнө зугтан гарч
Хадны хавчилд хоргодон
Хайран амиа гээх
Хар толгойгоо алдах болов
Хулд муу шувуу
Хулгана оготно идэх заяатай байтал
Хун галууг идье гэж
Хошуугаа билүүдэх мэт.
Хувхай муу Чилэгэр би
Хутагт үжин хатныг
Хувилан авч ирээд
Хотол олон мэргидэд
Хор хөнөөл болгов.
Хохир муу Чилэгэр би
Хохимой муу толгойгоо
Хоргодох газаргүй болов
Хорголын төдий амиа
Арчлах газаргүй болов
Харанхуй хавчилд шургах уу
Хадны завсраар орох уу
Хаана очих билээ?»
гээд дутаасан ажээ.
112. Хаатай Дармалааг барин авчирч, хавтсан дөнгө өмсгөж
Халдун ууланд явуулав. Бэлгүтэйн эх тэр айлд бий гэхийг сонсоод
Бэлгүтэй, эхээ авъя гэж очоод гэрийн баруун үүдээр орвол түүний эх
навтархай нэхий дээлтэй бөгөөд гэрийн зүүн үүдээр гарч гаднах хүнд
өгүүлрүүн:
«Хайрт хөвүүд минь
Хаадын зэрэгт хүрч байтал
Харин би энд
Харц муу хүнд
Харьяалагдаж явна
Хан хөвүүдийн нүүрийг
Харж яахин үзэх билээ?»
гээд гүн шугуйд гүйж орсонд хойноос нь нэхэж эрээд олсонгүй. Үүнд
Бэлгүтэй ноён, мэргид овгийн хүнийг үзвэл «Эхийг минь авчир» гэж
харвах билээ. Бурхан халдунд Тэмүжин нарыг довтолсон гурван зуун
мэргидийг
Үрийн үрийг хүртэл
Үнсийг хийстэл хядаж
Үлдсэн эм хүүхдийг
Үүдний зарц болгож
Үзэсгэлэн сайтай заримыг
Үүрд дотнолж авав.
113. Тоорил хан Жамуха хоёрыг Тэмүжин бишрэн өгүүлрүүн:
«Эцэг хан Тоорил
Эрхэм анд Жамуха нар
Эв хүчийг нэгтгэж
Эрхт тэнгэрийн өршөөлөөр
Эх дэлхийн ивээлээр
Эртний өшөөт мэргидийн
Элэг зүрхийг эмтэлж
Эрхэм төрлийг сөнөөж
Эзэмших гэрийг хоосолж
Элдэв зүйлийг олзлов» гэв.
Мэргид иргэнийг тийнхүү дайлж буцав.
114. Удуйд мэргидийн дүрвэж дутаасны хойно тэдний нутаг дээр
булган малгайтай, бугын арьсан гуталтай, булган хөөмий дээлтэй,
нүдэндээ галтай, нүүртээ цогтой Хүчү гэдэг нэртэй, таван настай
хөвүүн хоцорсныг манай цэргүүд олж авчраад Өэлүн эхэд бэлэг болгон
өгөв.
115. Тэмүжин, Тоорил хан, Жамуха гурвуул нийлж
Олон мэргидийн
Оцгор гэрийг эвдэж
Олигтой эмсийг олзолж
Орхон Сэлэнгэ хоёрын
Ой талаас буцав.
Талхун арлаас хөдөлж, Тэмүжин Жамуха хоёр Хорхунаг Жубурыг
чиглэн явав. Тоорил хан, Бурхан халдуны хяраар Өхөрт шугуйг дайран
Гацуурт (Гацууртай) сүвчид, Улиат (Улиастай) сүвчид гэдэг газрыг
дайрч, ан гөрөө хийсээр Туул голын Хар шугуйд буцаж харив.
116. Тэмүжин Жамуха хоёр, Хорхунагийн хөндийд нийлэн бууж,
эртний анд бололцсоноо дурдаж улам дотно болж найралдъя гэлцэв.
Анх урьд анд бололцоход Тэмүжин арван нэгэн настай байсан билээ.
Тэр цагт Жамуха нэгэн гурын шагайг Тэмүжинд өгч, Тэмүжин нэгэн
цутгамал шагайг Жамухад өгч, Ононы мөсөн дээр шагалцан наадаж
анд бололцсон билээ. Түүний хойд хавар алангир нумаар харваж
байхад Жамуха, бярууны хоёр эврийг нааж нүхэлж хийсэн дуут сумаа
Тэмүжинд өгч, Тэмүжин, арц модон годил (болцуу)-оо Жамухад өгч
анд бололцов. Хоёр удаа анд бололцсон ёс ийм билээ.
117. Ахас дээдсийн үгийг сонсвол
Аливаа хүн харилцан
Анд нөхөр бололцвол
Амь биедээ
Арч болж
Аль алиндаа
Түшиг болж
Амраглан ханилах ёстой.
Одоо бид амраглан явъя гэж Тэмүжин, мэргидийн Тогтоагаас
олзолж авсан алтан бүсээ Жамуха андад бүслүүлж, Тогтоагийн эсгэл
(эрмэг буюу агсам) халиуныг Жамуха андад унуулав. Жамуха хариуд
нь Увас мэргидийн Дайр-Үсүнээс олзолж авсан алтан бүсээ Тэмүжинд
бүслүүлж, мөн Дайр-Үсүний эвэрт ишгэн цагаан морийг Тэмүжинд
унуулав. Ийнхүү анд бололцож
Хорхунаг Жубурын хөндийд
Хулдгар хуны өвөрт
Саглагар модны дор
Сайхан хурим үйлдэж
Сайтар бүжиглэн жаргаж
Санаа сэтгэл нэгдэж
Сайн нөхөд болоод
Шөнө нэгэн хөнжилд орж хонох бүлгээ.
118. Тэмүжин Жамуха хоёр янаг найртай байж, нэгэн жил хагас
хамт сууж, нэгэн өдөр тэр нутгаас нүүе гэлцэж, зуны тэргүүн сарын
арван зургааны улаан тэргэл (дүгрэг сартай) өдөр нүүв. Тэмүжин
Жамуха хоёр, тэрэгнүүдийн урд явж байтал Жамуха өгүүлрүүн:
«Тэмүжин анд аа!
Ууланд шахан бууя
Адуучинд гэр болтугай!
[Ай зөв үү? А. то.]
Голд шахан бууя
Хоньчин хургачин нарт
Хоол болтугай!
[Хориггүй биш үү? А. то.]» гэв.
(Хагас нь адууны бэлчээрийг татаж ууланд бууя, хагас нь хонины
бэлчээрийг татаж голд бууя гэсэн үг бололтой). Тэмүжин, Жамухын
энэ үгийг ухан ядаж хариу юу ч хэлсэнгүй хоцроод нүүдлийн тэргийг
хүлээж Өэлүн эхэд өгүүлрүүн:
«Жамуха анд надад хэлэв:
Ууланд шахан бууя,
Адуучинд гэр болтугай!
Ай зөв үү?
Голд шахан бууя,
Хоньчин хургачин нарт
Хоол болтугай!
Хориггүй биш үү?
гэж өгүүлэв. Би энэ үгийг ухаж ядаж хариу юу ч эс хэлэв. Эхээс асууя
гэж ирэв би» гэв. Өэлүн эхийг үг хэлж амжаагүй байтал, Бөртэ үжин
өгүүлрүүн: «Жамуха анд амархан уйддаг гэдэг билээ. Одоо биднээс
уйдах цаг нь болсон биз. Тугаар (сая)-ын Жамуха андын хэлсэн нь
биднийг жишээлсэн үг буюу. Бид бүү бууя. Энэ хөдөлсөөр шулуухан
Жамухаас хагацаж шөнө турш явъя» гэв.
119. Бөртэ үжиний үгийг зөвшөөж үл буун шөнө турш явж зуур
мөрт тайчуудыг дайрав. Тайчууд айж мөн шөнө хөдөлж Жамухын зүг
одов. Тайчуудын бэсүдийн нутаг дээр Хөхөчү нэртэй нэгэн өчүүхэн
хөвүүн хоцорсныг манайхан олж аваад Өэлүн эхэд өгч тэжээлгэв.
120. Тэмүжин нар тэр шөнө дүлэн явж өдөр гийхэд үзвэл, жалайр
аймгийн Хачиун-Тохураун, Хархай-Тохураун, Харалдай-Тохураун ах
дүү гурвуул шөнө дүлэн нүүж дагалдан ирэв. Дархад аймгийн Хадаан,
Далдурхан ах дүү тавуул, бас Мэнгиту хианы хөвүүн Үнгүр нар,
чаншиут, баяуд харьяат нараа дагуулж ирэв. Барулас аймгаас Хубилай,
Худус ах дүү нар ирэв. Мангуд аймгаас Жатай, Доголху чэрби ах дүү
хоёул ирэв. Боорчийн дүү Үгэлэн чэрби, Арулад аймгаас хагацаж ах
Боорчидоо нийлж ирэв. Зэлмийн дүү Чаурхан, Сүбээдэй баатар,
Урианхай аймгаас салж Зэлмэд нийлэн ирэв. Бэсүд аймгаас Дэгэй,
Хүчүгүр ах дүү хоёр ирэв. Сүлдүс аймгаас Чилэгүтэй-Тахи, Тайчиудай
ах дүү нар ирэв. Жалайр аймгийн Сэцэ-Домог, Архай-Хасар Бала хоёр
хөвүүнээ дагуулж ирэв. Хонхотанаас Сүйхэтү чэрби ирэв. Сүхэгэнээс
Жэгэй хондгарын хөвүүн Сүхэхэй-Жаун ирэв. Нэүдэйн Цагаан гоо
ирэв. Олхуноуд аймгаас Хингиадай, Горлос аймгийн Сэчиүр, Дүрвэд
аймгийн Мөчи бүдүүн нар ирэв. Ихирэс аймгийн Буту, энд хүргэн
болж байсан тул хамт ирэв. Ноёхон аймгийн Жунсо ирэв. Оронар
аймгаас Зургаан ирэв. Тэгээд барулас аймгаас Сохо сэцэн, Харачар
хөвүүнтэйгээ ирэв. Бас Баарин аймгийн Хорчи, Үсүн өвгөн, Хөхөчөс,
Мэнэн баарингаа дагуулж нэгэн хүрээ болж ирэв.
121. Хорчи ирж өгүүлрүүн: «Бид Бодончар богдын барьж авсан
эмээс төрсөн тул Жамухатай хэвлий нэгтэй, хэлхээ бэхтэй хүмүүс
билээ. Иймийн тул Жамухаас хагацаж болохгүй. Гэвч заарин тэнгэр
ирж нүдэнд минь зааж үзүүлсэн нь, ухаагчин үнээ ирж Жамухыг
тойрон явж, Жамухыг ба гэр тэргийг нь мөргөсөөр өрөөсөн эврээ
хугалж солжир эвэртэй болоод «Эврийг минь өг» гэж Жамухын зүг
мөөрч шороо сацлан байна. Бас нэгэн мухар ухаа үхрийг их гэрт
тэргэнд хөллөжээ. Тэр үхэр их тэргүүр (зам)-ээр Тэмүүжиний хойноос
зүтгэн явж мөөрөн хэлэх нь:
«Тэнгэр газар эелдэж (зөвлөж)
Тэмүжинийг улсын эзэн болтугай» гэж
Тээж хүргэж явна» гэж мөөрнө.
Ийнхүү миний нүдэнд заарин тэнгэр ирж зааж үзүүлэв.
«Тэмүжин чи, улсын эзэн болбол намайг урьдаас зааж хэлсэн тул
хэрхэн жаргуулах вэ?» гэж асуувал, Тэмүжин өгүүлрүүн: «Үнэхээр би
улсын эзэн болбол чамайг түмний ноён болгоё» гэв. Хорчи өгүүлрүүн:
«Өдий их төрийн үйлийг урьдаас заасан намайг түмний ноён болгох нь
ямар жаргалан бэ? Намайг түмний ноён болгоод бүх улсаас гоо сайхан
охид гучийг шилж эм болгох эрхийг олго. Бас миний юу хэлсэн
бүхнийг анхаарч сонс!» гэв.
122. Хунан тэргүүтэн Гэнигэс нэгэн хүрээ болж, бас Даридай
отчигин нэгэн хүрээ болж ирэв. Жадаран аймгийн Мулхалху ирэв.
Унжин сахайт нэгэн хүрээ болж ирэв. Жамухаас ийнхүү салж хөдлөөд
Химурга горхины Айл-харгана гэдэг газар хүрч буув. Тэр цагт бас
Жамухаас салж Жүрхиний Сорхату-Жүрхийн хөвүүн Сача бэхи, Тайчу
хоёр нэгэн хүрээ болж, Нэгүүн тайжийн хөвүүн Хучар бэхи нэгэн
хүрээ болж, Хотала хааны хөвүүн Алтан отчигин нэгэн хүрээ болж,
Жамухаас салж хөдлөөд Тэмүүжинийг Химурга горхины Айл-харганад
бууж байхад нийлэн ирэв. Тэмүжин нар тэндээс нүүж Хүрэлх доторх
Сэнгүр горхины Хар зүрхний Хөх нуурт очиж буув.
123. Алтан, Хучар, Сача бэхи бүгдээр зөвлөлдөж Тэмүжинд
өгүүлрүүн: «Чамайг хаан болгоё. Тэмүжин чамайг хаан болгож бид
Олон дайнд
Оройлон явж
Онц гуа
Охидыг олзолж
Ордон сайхан
Гэрийг авч
Олны хаан
Тэмүжинд өгье.
Харийн иргэнийг
Халдан довтолж
Хацар гуа
Хатдыг олзолж
Хатир сайт
Агтыг хөөж
Авчирч өгье.
Ороо гөрөөсийг
Авлах цагт
Отож ойртуулж
Энэ биеийг минь
Эзгүй газар
Хөөж орхи» гэв.
Ийм үгийг хэлж, ийнхүү ам алдаж, Тэмүүжинийг Чингис хаан гэж
нэрийдэж хаан болгов (Чингис хаан гэх нь Тэнгис хаан, Далай хаан
гэсэн үг бололтой).
124. Чингис, хаан болоод Боорчийн хүү Үгэлэн чэрби, Хачиун-
Тохураун ба ах дүү Жэтэй, Доголху дөрөвт хоромсго агсуулав. Өнгүр,
Сүйхэтү чэрби, Хадаан-Далдуурхан гурав өгүүлрүүн:
«Өглөөний зоогийг
Өнөд осолдохгүй
Үдийн ундыг
Үүрд тасалдахгүй гүйцэтгэж байя»
гэсэн тул буурч [тогооч] болгов.
Дэгэй өгүүлрүүн:
«Алаг сайхан хоньдыг
Ар дүүрэн бэлчээж
Хонин олон сүргийг
Хот дүүрэн өсгөж
Ховдог төрсөн би чинь
Хос цувдай хүртэж
Хошгиног мах идэж
Өдөр тутам өнжихгүй
Хоног тутам хожимдохгүй
Шилдэг иргийг алж
Шимтэй шөлийг бэлтгэж явъя»
гэсэн тул Дэгэйгээр хонь адуулгав. Түүний дүү Хүчүгүр өгүүлрүүн:
«Цуургатай тэрэгний
Цуурга цүүг
Өгье бид
Ойн гөрөөсийг
Агнах цагт
Олж гаргаж
Өгье бид.
Хээрийн гөрөөсийг
Хэтэж авлахад
Хэвлий нь нийлтэл
Шахаж өгье.
Гууны гөрөөсийг
Агнах цагт
Гуяг нь нийлтэл
Шахаж өгье.
Хатгалдах дайн
Болох цагт
Хан Тэмүжин чиний
Хатуу зарлигийг
Хайхрахгүй явбал
Хатан эмээс
Хагацуулан салгаж
Хамаг юмыг
Хамран авч
Хар толгойг минь
Хаяж одогтун.
Энх цагт
Эзэн Тэмүжин чиний
Эе зарлигийг
Эс дагах бол
Эзэлсэн ардыг авч
Эм хөвүүдийг булааж
Цуцран эвдрэхгүй болгож
Тэнхлэгтэй тэргийг
Тэргүүр замд
Тээглэн саатахгүй болгож
Тэрэг гэрийн ажлыг
Тэгшлэн засаж явъя»
гэсэн тул Хүчүгүрийг тэрэгчийн тушаалд томилов. Гэр доторх гэргий
хүүхэд ба зарц нарыг Додай чэрбиэр захируулав. Хасарын захиргаанд,
илд агсаж явахаар Хубилай, Чилгутай, Хархай-Тохураун гурвыг
томилж:
«Хүч түрэмгийлэгчдийн
Хүзүүг хянгардаж
Омог ихтийн
Омрууг огтолж яв» гэв.
Бэлгүтэй Харалдай-Тохураун хоёрыг: «Агт хариултугай. Агтчин
болтугай» гэв. Тайчуудын Хуту, Моричи, Мулхалху гурвыг «Адуу
адуултугай» гэв. Архай Хасар, Тахар, Сүхэхай, Чаурхан дөрвийг
«Холын холбогч, ойрын оточ (хол ойрыг сурвалжлах газарч) болтугай»
гэв. Сүбээдэй баатар өгүүлрүүн:
«Хулгана оготно мэт
Хураасан хөрөнгийг хадгалж
Хар хэрээ мэт
Хамаг юмыг харамлаж
Нөмрөх эсгий мэт
Нөхөөс бамбай болж
Гэр орныг хамгаалж
Хэрсгээ бүрээс болъё» гэв.
125. Тэндээс Чингис хаан, хан болж Боорчи Зэлмэ хоёрт
өгүүлрүүн:
«Сүүдрээс өөр
Нөхөргүй байхад
Сүүдэр минь болж
Сүүлнээс өөр
Ташуургүй байхад
Сүүл минь болж
Сэтгэлийг минь сэргээж
Санааг минь амруулсан
Зүрхний дотно нөхөд минь
Та хоёр хамгаас урьд ирж нөхөрлөсөн тул хамгийг ахална» гэв.
Бас Чингис хаан өгүүлрүүн: «Тэнгэрт өршөөгдөж, газарт ивээгдэж,
Жамухаас салж намайг сэтгэж нөхөрлөе гэж ирсэн анхны өлзийт нөхөд минь алинаас ч илүү хүндтэй байх учиртай тул ийнхүү та нарыг зохих
зохих тушаалд томилов» гэв.
126. Чингис хааныг хан болгов гэж Хэрэйдийн Тоорил ханд Тахай
Сүхэхэй хоёрыг илгээвэл, Тоорил хан өгүүлрүүн: «Тэмүжин хөвүүний
минь, хан болгосон нь маш зөв.
Монголчууд, хангүй байж яаж болно.
Энэ шийдвэрээ эвдэхгүй
Эв зангиагаа таслахгүй
Эх захаа алдахгүй
Эгнэгт журамтай бай» гэв. |
ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ | 127. Архай Хасар, Чаурхан хоёрыг Жамухад элч болгож очуулбал,
Жамуха өгүүлрүүн: «Алтан Хучар хоёрт очиж хэл: Алтан, Хучар та нар
Тэмүжин анд (найз) бид хоёрын завсарт сүвээг сүлбэж, хавиргыг
хатгаж юунд салгав? Тэмүжин бид хоёрыг хамт байхад түүнийг хан эс
болгосон байтал, одоо ямар санаагаар түүнийг хан болгов? Алтан,
Хучар та хоёр хэлсэн үгэндээ хүрч Тэмүжин андын сэтгэлийг амруулж,
андад сайн нөхөр болж яв» гэж хэлүүлжээ.
128. Түүний хойно, Жалама (уул)-ын өвөр Өлгий булаг гэдэг газар
нутаглан суугаа, Жамухын дүү Тайчар, Саарь-хээр гэдэг газар байгаа
манай Жөчи-Дармалагийн адууг дээрэмдэхээр явж Жөчи-Дармалагийн
адууг Тайчар дээрэмдэн одов. Үүнд Жөчи-Дармала, адуугаа
дээрэмдэгдээд нөхөд нь зүрх шантарч явахгүй болмогц Жөчи-Дармала
өөрөө ганцаар нэхэж, шөнө адууны захад хүрээд мориныхоо дэл дээр
элгээрээ хэвтэж очоод Тайчарын нурууг хуга харван алж адуугаа
буцааж аваад иржээ.
129. «Дүү Тайчарыг алагдав гэж Жамуха Жадараны арван гурван
отгийг нэгтгэн тэргүүлж гурван түмэн цэргийг авч Алагууд, Тургагууд
уулыг давж, Чингис хаанд халдахаар айсуй» гэж Ихирэс овгийн
Мүлхэ-тотаг, Боролдай хоёр Чингис хааныг Хүрэлхэд байхад хэлж
ирэв. Энэ мэдээг аваад Чингис хаан, арван гурван хүрээнээсээ гурван
түмэн цэргийг авч, Жамухыг угтаж мордоод Даланбалжуд гэдэг газар
байлдав. Чингис хаан, Жамухад шахагдаж Онон мөрний Зээрэн гэдэг
хавчилд шургаж оров. Үүнд Жамуха өгүүлрүүн: «Ононы Зээрэн
хавчилд тэднийг бид шургуулав» гэж буцахдаа чинос овгийн залуусыг
далан тогоонд буцалгаж, Нэүдэй цагаан гуагийн толгойг огтолж
морины сүүлд чирч оджээ.
130. Жамухыг харьсны хойно тэндээс Уруд аймгийн Жүрчидэй,
Мангуд аймгийн Хуйлдар нар харьяат аймгаа дагуулж Жамухаас
салаад Чингис хааныг түшиж ирэв. Хонхотаны Мэнлиг эцэг, Жамухыг
дагаж байсан бөгөөд одоо долоон хөвүүнээ дагуулан, Жамухаас
хагацаж, Чингис хаанд нийлэн ирэв. Жамухаас өдий улс иргэн салж,
Чингис өөртөө ирэв гэж баясаж Чингис хаан, Өэлүн үжин, Хасар,
Жүрхиний Сача бэхи, Тайчу нар Ононы шугуйд нийлж хуримлав.
Чингис хаан, Өэлүн үжин, Хасар, Сача бэхи нарт тэргүүлэн нэжээд
хундага барив. Дараа нь Сача бэхийн бага эхнэр Эбэхэйд тэргүүлэн
хундагалахад Хорижин хатан, Хуурчин хатан хоёр уурлаж, «Бидэнд
тэргүүлэн барихгүй, яагаад Эбэхэйд эхлэн хундагалав» гэж тогооч
Шихүрийг жанчив. Тогооч Шихүр жанчигдаад «Есүхэй баатар, Нэгүүн
тайж хоёр үгүйн тул ингэж жанчигдав» гэж их дуугаар уйлжээ.
131. Тэр хуримыг манай талаас Бэлгүтэй засаад, Чингис хааны
морийг барьж байв. Жүрхинээс Бүри-бөх тэр хуримыг засаж байв.
Гэтэл хатгин овгийн нэгэн хүн, бидний морины уяанаас цулбуур
хулгайлж аваад баригдав. Бүри-бөх тэр хүнийг өмөөрч, Бэлгүтэйтэй
хэрэлдэв. Бэлгүтэй үргэлж барилдах тул баруун ханцуйгаа мулталж,
гараа нүцгэн гаргаж явах бүлгээ. Бэлгүтэйн нүцгэн мөрийг Бүри-бөх
илдээр хага цавчив. Бэлгүтэй ингэж цавчигдсан боловч, огт ажиггүй
цусаа цувруулж явахыг, сүүдэрт суугаад хуримлаж байсан Чингис хаан
үзэж гарч ирээд өгүүлрүүн: «Хэнд ингэж цавчигдав» гэхэд Бэлгүтэй
өгүүлрүүн: «Өглөө ийм болсон билээ. Миний төлөө ах дүү нар
муудалцах болуузай! Би алзахгүй. Миний бие илаарь байна. Ах дүү
нар сая ижилдэн найрамдаж байгаа тул миний төлөө ах битгий
муудалц, хоромхон байзна» гэв.
132. Чингис хаан, Бэлгүтэйн ятгасан үгийг үл хайхарч, хоёр этгээд
(хоёр тал)-аас модны гишүүдийг хуга татаж, айргийн бүлүүрийг
сугачиж аваад зодолдож, жүрхин нарыг ялж Хорижин хатан Хуурчин
хатан хоёрыг булааж авав. [Хасар харвах тутам нэг хүнийг унагаж
байв. Бэлгүтэй хөхүүртэй айргаар цохилцож явав. Тайчууд нар
Бэлгүтэйг барьж аваад хасаг тэрэгнээс хүлж тавив. Унтсан хойно
Бэлгүтэй, хасгийг үүрсээр хүрч ирэв. А. то.] Жүрхин нар найрамдан
зохилдъё гэснийг бид зөвшөөрч, Хорижин хатан, Хуурчин хатан
хоёрыг буцааж өгөв. Тэр цагт Хятадын Алтан хаан, Татаарын Мэгүжин
сүүлтийг эедээ үл орох тул Вангин чансанд цэрэг өгч, тэдэнтэй даруй
байлд гэж явуулжээ. Вангин чансан, Мэгүжин-сүүлт тэргүүтэн
Татаартай байлдаж, Улз гэдэг газар өөд адуу малын хамт түрэн хөөж
айсуй гэх мэдээг авав. Тэр мэдээг аваад,
133. Чингис хаан өгүүлрүүн: «Хэдийнээс Татаар бол бидний эцэг
өвгөдийг алсан өстөн иргэн билээ. Одоо энэ алалдаанд хавсралцъя»
гээд Тоорил ханд элч зарж «Алтан хааны Вангин Чансан, Мэгүжин-
сүүлт тэргүүтэй Татаарыг Улз өөд түрж айсуй гэнэ. Эцэг өвгөдийг
хорлосон өшөөт Татаартай байлдъя. Тоорил хан эцэг даруй иртүгэй»
гэж явуулав. Энэ хэлийг аваад, Тоорил хан өгүүлрүүн: «Хөвүүн
(Чингис) минь, зөв үг хэлж ирүүлжээ. Бид хавсран байлдъя» гээд
гуравдугаар өдөр цэргээ цуглуулж мордоод Тоорил даруй Чингисийг
угтан хүрч ирэв. Чингис хаан, Тоорил хан хоёр Сача бэхи тэргүүтэй
жүрхин нарт хэлүүлсэн нь: «Энэ байлдаанд хавсарч, эртний эцэг
өвгөдийг минь хорлосон Татаартай байлдахаар хамт мордъё» гэж элч
явуулаад, зургаан өдөр хүлээвч тэд ирсэнгүй. Хүлээж ядаад Чингис
хаан, Тоорил хан хоёр, цэргээ авч Вангин чансантай хавсрахаар Улз
өөд явж очвол, Улзын Хусуту шитүэн, Нарату шитүэн гэдэг газар
Татаарын Мэгүжин-сүүлт тэргүүтэн татаар нар хороо бэхлэлтийг
барьжээ. Чингис хаан, Тоорил хан хоёр тэрхүү Мэгүжин-сүүлт нарыг
бэхлэлтээс нь барьж, Мэгүжин-сүүлтийг тэнд нь алаад мөнгөн өлгий
ба тана эрдэнийн чимэгт хөнжлийг нь Чингис хаан олзлон авав.
134. Мэгүжин-сүүлтийг алав гэж Чингис хаан, Тоорил хан хоёр
мэдэгдвэл, Вангийн чансан сонсоод маш баясаж чаутхури (чаутхурийг,
хятадаар хүчит ноён гэсэн үг гэж Рашид Эддин тайлбарлажээ) гэдэг
цол шагнав.
Хэрэйдийн Тоорилд ван цол шагнав. Вангин чансан, ван цол өгсөн
түүнээс хойш Тоорилыг ван гэж нэрийдэх болов. Вангин чансан
өгүүлрүүн: «Мэгүжин-сүүлтийг хавсран алж, та нар Алтан хаанд их
тус хийв. Энэ тусыг чинь Алтан хаанд хэлье би. Чингис хаанд үүнээс
илүү цол шагнахыг Алтан хаан мэдтүгэй» гэв. Вангин чансан тийнхүү
баясаж буцав. Чингис хаан Ван хаан хоёр Татаарыг хувааж аваад гэртээ
харьж буув.
135. Татаарын хоргодож байсан Нарату шитүэний нутаг дээр нэгэн
өчүүхэн хүүхэд орхигдсоныг бидний цэргүүд олжээ. Үзвэл, дөртэй
алтан ээмэг зүүсэн ба булгаар доторлосон даж торгон элгэвч (хантааз)
өмссөн ажээ. Тэр хүүхдийг Чингис хаан авчирч, Өэлүн эхэд бэлэг гэж
өгөв. Өэлүн эх өгүүлрүүн: «Сайн хүний хөвүүн биз. Язгуур сайт хүний
ураг биз. Таван хөвүүний дараах зургаадугаар хөвүүн болгоё гээд
Шигихутаг гэдэг нэр өгч асрав.
136. Чингис хааны аураг гэр (ар гэр) Харилт нуурт байсан билээ.
Жүрхин нар, Чингисийн ар гэрт хоцорсон хүмүүсийг довтолж, тавин
хүний хувцсыг тоноод арван хүнийг алжээ. Жүрхин нар ингэж сүйтгэв
гэж бидний ар гэрт хоцрогсод Чингис хаанд мэдэгдвэл, Чингис хаан
маш хилэгнэж өгүүлрүүн: «Жүрхин нар биднийг яагаад ингэж байгаа
билээ? Ононы шугуй хуримлаж байхад тогооч Шихүрийг тэд жанчив.
Бэлгүтэйн мөрийг цавчив. Найрамдъя гэхэд бид Хорижин хатан,
Хуурчин хатан хоёрыг буцааж өгсөн билээ. Түүний хойно эцэг
өвгөдийг минь хорлосон эртний өшөөт татаарыг хавсран байлдъя гээд
жүрхин нарыг зургаан өдөр хүлээсэн боловч, тэд ирсэнгүй. Одоо бас
дайсны хажуугаар дайсан болов» гээд Чингис хаан, Жүрхинтэй
байлдахаар морилов. Жүрхин нарыг Хэрлэнгийн Хөдөө арлын Долоон
болдог гэдэг газар байхад дайран орвол Сача бэхи Тайчу хоёр, цөөн
хүмүүсийг авч дутаав. Хойноос нь нэхэж Тэлэтү ам гэдэг газар гүйцэж,
Сача бэхи Тайчу хоёрыг барив. Бариад Чингис хаан, Сача Тайчу хоёрт
өгүүлрүүн: «Урьд бид юу гэж хэлэлцсэн билээ?» гэвэл, Сача Тайчу
хоёр өгүүлрүүн: «Бид хэлсэн үгэндээ хүрээгүй бол үгэнд минь хүргэ»
гэвэл, тэдний урьд хэлсэн үгийг сануулж, хэлсэн үгэнд нь хүргэж
тэднийг бүтээж алав.
137. Сача Тайчу хоёрыг дуусгаад Жүрхиний иргэнийг хөдөлгөж
ирэхэд тэдний дотор Жалайрын Тэлэгэтү баяны хөвүүн Гүн гуа,
Чулуун хайч, Зэвгээ гурав байв. Гүн гуа, Мухулай (Мухули) Буха хоёр
хөвүүнээ Чингист уулзуулан, өгч өгүүлрүүн:
«Босгын чинь
Боол болтугай!
Босгоноос чинь
Бултаж зайлбал
Борвийг нь огтол!
Үүдний чинь
Өмч болтугай!
Үүднээс чинь
Дутааж зайлбал
Элгийг нь эмтэл!»
гэв.
Чулуун хайч Түнгэ Хаши хоёр хөвүүнээ уулзуулан өгч өгүүлрүүн:
«Алтан босгыг чинь
Ашид сахиж байг.
Алтан босгоноос чинь
Ангид одох бол
Амийг нь тасалж ал
Өргөн үүдийг чинь
Өргөж өгч байг
Өргөн үүднээс чинь
Өөр зүг явбал
Өрийг нь эмтэлж ал» гэв.
Зэвгээг Хасарт өгөв. Зэвгээ Жүрхиний нутгаас Борохул нэрт
хөвүүнийг олж авснаа Өэлүн эхэд уулзаж өгөв.
138. Өэлүн эх, мэргидийн олж авсан Хүчү нэрт хөвүүн ба
тайчуудын бэсүдийн нутгаас олж авсан Хөхөчү, Татаарын нутгаас олж
авсан Шигихутуг, Жүрхиний нутгаас олж авсан Борохул энэ дөрвөн
хөвүүнийг гэр дотроо асарч байв. Өэлүн эх хөвүүддээ өгүүлрүүн:
«Эднийг өдөр үзэх нүд, шөнө сонсох чих болгоё» гэв.
139. Жүрхин овгийн уг гарал нь Хабул ханы долоон хөвүүний ах
нь Охинбархаг бүлгээ. Түүний хөвүүн Сорхату Жүрхи, Жүрхиний эцэг,
Хабул ханы хөвүүдийн ахмад тул харьяат иргэдийн дотроос
Эрхийдээ эрчимтэй
Элгэндээ шүүстэй
Уушгиндаа ууртай
Уруулдаа хилэнтэй
Хүчит бөх ба
Эрдэмт эрсийг
ялгаж хөвүүндээ өгөв. Ийнхүү уур омогтой, чанга зүрхтэй хүмүүс
нийлсэн тул Жүрхин гэж нэрлэжээ. [Эрийн эр төрсөн А. то.] Чингис
хаан, ийм омогт жүрхин нарыг доройтуулан дарж олон ардыг нь
өөрийн иргэн болгов.
140. Чингис хаан, нэгэн өдөр Бүри-бөх, Бэлгүтэй хоёрыг
барилдуулъя гэв. Бүри-бөх Жүрхинд байсан билээ. Бүри-бөх, урьд
Бэлгүтэйг өрөөсөн гараар барьж, өрөөсөн хөлөөр ташиж унагаад
хөдөлгөлгүй дарж чадах бүлгээ. Бүри-бөх улсын нэртэй бөх байсан.
Энэ удаа Бүри-бөх Бэлгүтэй хоёрыг барилдуулахад Бүри-бөх үл
ялагдах хүн байтал унаж өгөв. Бэлгүтэй, Бүри-бөхийн арай гаж мөрлөн
дарж саарь бүс дээр гараад Чингис хааныг нүдээр хяламхийж харвал
Чингис хаан хөмхийгөө зуув. Бэлгүтэй ухаан олж Бүри-бөхийг агдлан
барьж, цээж бөгснөөс угзран татаж нурууг нь хугалав. Бүри-бөх,
нуруугаа хугалуулаад өгүүлрүүн: «Бэлгүтэйд би үл ялагдах билээ.
Хаанаас айж аргадаж зориуд унаад амиа алдав, би» гээд үхэв. Түүний
нурууг Бэлгүтэй хугалж чирч аваачаад хаяв. Хабул ханы долоон
хөвүүний ахмад нь Охинбархаг, хоёрдугаар нь Бартан баатар бүлгээ.
Түүний хөвүүн Есүхэй баатар. Гуравдугаар нь Хутугт Монхор, түүний
хөвүүн Бүри-бөх, Бүри-бөх барилдахдаа Бартан баатрын хөвүүдээс
илүү бөгөөд Бархагийн зоригт хөвүүдтэй нөхөрлөж явдаг бүлгээ.
Улсын бөх Бүри ийнхүү Бэлгүтэйд нуруугаа хугалуулж үхэв.
141. Түүний хойно, тахиа жил (1201 дүгээр онд) хатгин салжиуд
хамтаар, Багу чорхи тэргүүтэй хатгин нар, Чирхитэй баатар тэргүүтэй
салжиуд нар, Дөрвэний татаартай найрамдсан Хачиун бэхи тэргүүтэй
дөрвэн нар, Алчи, татаарын Жали Буха тэргүүтэй татаар нар, Түгэ
маха тэргүүтэй ихирэсүүд, хонгирадын Тэрхэг Эмэл Алхуй нар, Чоёг
цагаан тэргүүтэй горлосууд, найманаас Xүчүгүд, Найманы Буйруг хан,
мэргэдийн Тогтоа бэхийн хөвүүд Хуту, ойрадын Худуга бэхи,
тайчуудын Таргудай Хирилтуг, Ходун орчан [Монголын А. то.] Аучу
баатар нар, бусад тайчууд нар, Адхуй булаг гэдэг газар чуулаад
жажирдай овгийн Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж, азарга гүүг
алж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд
цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг гүр хан болгож
өргөмжлөв. Жамухыг гүр хан (бүгдийн хан) өргөмжлөөд, Чингис хаан
Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцэв. Ийнхүү байлдах гэснийг
горлосын Хоридай гэдэг хүн, Чингис хааныг Хүрэлх гэдэг газар байхад
хүрч ирж хэлэв. Энэ хэлийг Чингис хаан аваад Ван ханд мэдэгдвэл,
Ван хан сонсоод цэргээ авч даруй Чингис хаанд хүрч ирэв.
142. Ван ханыг ирмэгц, Чингис хаан Ван хан хоёр хамтарч,
Жамухын эсрэг байлдахаар морилъё гэж Хэрлэн мөрөн рүү мордож,
Чингис хаан, Алтан, Хучар, Даридай гурвыг манлайд явуулав. Ван хан
Сэнгүн, Жаха хамбу, Билгэ бэх гурвыг манлайд явуулав. Энэ манлай
явагчдын түрүүнд бас харуул гаргаж Энэгэн Гүйлэтү гэдэг газар нэгэн
суурин харуул тавив. Түүний цаана Чихурху гэдэг газар нэгэн суурин
харуул тавив. Бидний манлай болж тэргүүлэн явсан Алтан, Хучар,
Сэнгүн нар Утхия гэдэг газар хүрч бууя гэж байтал, Чихурхуд тавьсан
харуулаас хүн давхиж ирж «Дайсан айсуй» гэж мэдээлэв. Тэр мэдээг
аваад, дайснаас тодорхой хэл мэдээ авъя гэж буулгүй угтан явж,
дайсны тэргүүтэй уулзаж, «Хэн бэ?» гэж асуувал Жамухын манлай
болгож явуулсан Монголын Аучу баатар, найманы Буйруг хан,
мэргидийн Тогтоа бэхийн хөвүүн Хуту, ойрадын Худуга бэхи энэ дөрөв
явж байна. Бидний манлай, тэдэнтэй хашхиралдан хэлэлцэж, маргааш
байлдахаар тогтоод үдэш болоход буцаж голд нийлэн бууж хонов.
143. Түүний маргааш хоёр этгээд Хүйтэн гэдэг газар учирч бие
биеэ шахалцан давших, ухрах зэргээр байлдаж байв. Мөн Буйруг хан,
Худуга хоёр зад (хур оруулах, шуурга шууруулах)-ын аргыг мэдэх
ажээ. Тэр хоёр зад барьтал мөн үүсгэсэн арга нь тэдэн дээр бууж
балчигт гулгаж явах аргагүй болоход «Бидэнд тэнгэрийн хилэн болов»
гээд бутран дутаажээ.
144. Найманы Буйруг хан, Алтайн өвөр Улугтаг гэдэг газрыг зорин
салж хөдөлжээ. Мэргидийн Тогтоагийн хөвүүн Хуту, Сэлэнгийг зорин
хөдөлжээ. Ойрдын Худуга бэхи, ой модыг хүсэж Шисгисийг зорин
хөдөлжээ. Тайчуудын Аучу баатар, Ононыг зорин хөдөлжээ. Жамуха
өөрөө, хан өргөмжилсөн иргэдийг дээрэмдээд Эргүнэ рүү буцаж
хөдөлжээ. Тэднийг тэгж бутрахад Ван хан, Эргүнэ рүү Жамухыг нэхэв.
Чингис хаан, Ононы зүг тайчуудын Аучу баатрыг нэхэв. Аучу баатар,
улсдаа хүрээд, улсаа дүрвүүлж хөдөлгөөд Аучу баатар, Ходун орчан
нар үлдсэн шилдэг цэргээ засаж, Ононы цаана байлдахаар хүлээж
байжээ. Чингис хаан хүрээд тайчуудтай байлдав. Зууралдан ихэд
байлдсаар үдэш болоход мөн байлдсан газар хонов. Дүрвэсэн айлууд
байлдсан цэргүүдтэй хамт хүрээлж хонов.
145. Чингис хаан, тэр байлдаанд хүзүүний судсыг шархтаж цус
тогтохгүй ядран зовж, нар шингэхэд мөн байлдааны газар буув.
Чингисийн бөглөрсөн цусыг Зэлмэ амаар шимж, уруулаа цусдаж, бус
(өөр) хүнийг итгэхгүй, өөрөө сахиж суусаар шөнө дүл болов. Цусыг ам
дүүрэн балгаж асгасаар шөнө дүл өнгөрвөл Чингис хааны ухаан
сэргэж өгүүлрүүн: «Цус хатаж гүйцэв. Би ундаасаж байна» гэв.
Тэндээс Зэлмэ, малгай гутал, дээл хувцсаа бүгдийг тайлж, гагцхүү
дотууж (дотуур өмд)-тай чармаа нүцгэнээр эсрэг дайсны дунд гүйн
орж, цаана хүрээлж буусан иргэний тэргэн дээр авирч гараад эсэг
(цэгээ) эрж олсонгүй. Учир нь, дүрвэж яваа айлууд гүүгээ саалгүй
тавьсан ажээ. Эсэг олдохгүй тул нэгэн их хөхүүртэй таргийг тэрэгнээс
хулгайлан авч өргөж ирэв. Зэлмэ замд явах ба ирэхдээ нэг ч хүнд
мэдэгдсэнгүй. Тэнгэр ивээсэн биз ээ. Хөхүүртэй таргийг авчраад Зэлмэ
өөрөө бас ус олж авчирч таргийг зуурч Чингис хаанд уулгав.
Чингис хаан, гурвантаа амран ууж өгүүлрүүн: «Дотор минь саруул
болов» гээд өндийж суутал, үүр цайж гэгээн болсон ажээ. Зэлмийн
шимж асгасан цус, тэдний суусан орчны газрыг намаг болгожээ.
Үүнийг Чингис хаан үзэж өгүүлрүүн: «Энэ юу вэ? Хол асгахгүй яасан
юм бэ?» гэв. Үүнд Зэлмэ өгүүлрүүн: «Чамайг зовуурь байхад хол
явахаас эргэлзэн айж сандран, залгихыг залгиад, асгахыг асгаад байсан
билээ. Хэвлийд минь бас үлэмж оров» гэв. Чингис хаан бас өгүүлрүүн:
«Намайг ийм болж хэвтэн байтал, чи яагаад нүцгэн гүйж одов? Чи
баригдвал намайг энд ингэж хэвтэнэ гэж хэлэх байсан биш үү?» гэвэл,
Зэлмэ өгүүлрүүн: «Би ингэж бодсон билээ. Нүцгэн яваад хэрэв
баригдвал, би тэдэнд ингэж хэлнэ: Би танд орох дуртай билээ. Гэтэл
манайхан үүнийг мэдэж, намайг барьж алъя гэж хувцсыг минь цөм
тайлж, гагцхүү өмдийг тайлаагүй байтал, би мултарч танд дутааж ирэв
гэж хэлнэ. Миний үгийг тэд үнэмшиж надад хувцас өгч асарна. Би
тэгэхэд нэг морь олж унаад хүрч ирж чадах биш үү? Би ингэж бодоод
хааны зовсон биеийг амруулъя гэж нүд цавчих зуур шийдэж одсон
билээ» гэв. Чингис хаан өгүүлрүүн: «Би одоо юу гэх вэ? Намайг урьд
гурван мэргидэд хөнөөгдөж, Бурхан халдунд хоргодож гурвантаа
нэгжүүлэхэд чи миний амийг нэг авч гарлаа. Одоо чи бас хальж бүхий
цусыг амаар шимж аминд минь нэг оров. Бас цангаж ядран байхад
амиа өрж нүд үзсээр дайсны дотор орж ундаан авчирч аминд минь
оров. Энэ гурван ачийг чинь үүрд мартахгүй» гэж зарлиг болов.
146. Өдөр болоход үзвэл, байлдахад бэлэн хоносон дайсны
цэргүүд шөнөдөө бутран дутаажээ. Харин хүрээлж буусан иргэд,
цэргийн хамт хурдан нүүж үл чадах учраас хөдөлсөнгүй хоцорчээ.
Дүрвэсэн улсыг хурааж авчиръя гэж Чингис хаан, хоносон газраас
мордож, дүрвэсэн улсыг хураан явахад нэгэн улаан дээлтэй эм хүн
«Тэмүжин, Тэмүжин» гэж их дуугаар уйлан хайлан бархирахыг Чингис
хаан өөрөө сонсож: «Ямар хүний эм ийнхүү уйлж байна?» гэж
асуулгахаар хүн илгээв. Тэр хүн очиж асуувал тэр эм өгүүлрүүн: «Би
Сорхон-шарын охин. Хадаан нэртэй. Эрийг минь энд цэргүүд барьж
алах гэж байна. Эрийг минь аварч аль гэж Тэмүүжинийг дуудаж
уйлав» гэв. Тэр хүн буцаж ирээд Чингис хаанд түүний үгийг өгүүлбэл,
Чингис хаан сонсоод давхин очиж мориноос буугаад Хадаантай
тэврэлдэв. Гэтэл эрий нь манай цэргүүд тэр завсар нэгэнт алжээ. Тэр
улсыг хувааж аваад, Чингис хаан, их цэргийн хамт мөн тэнд бууж
хонов. Хадааныг урин ирүүлж дэргэдээ суулгав. Маргаашийн өдөр
тайчуудын Төдөгэгийн харьяат байсан Сорхон-шар, Зэв хоёр хүрч
ирвэл, Чингис хаан, Сорхон-шард өгүүлрүүн:
«Хүзүүнд минь угласан
Хүнд модыг
Хөсөр хаясан
Заханд минь угласан
Заадас дөнгийг
Зайлуулж өгсөн
Эцэг мэт ачит
Эрхэм ах та
Ингэж юунд их хождож ирэв?» гэв.
Сорхон-шар өгүүлрүүн: «Би чамд дотроо гүн итгэсээр билээ.
Яараад яах вэ? Хэрэв яарч урьд ирвэл тайчуудын ноёд миний хоцорсон
эм, хөвүүд ба адуу малыг үнсээр хийсгэх нь магад тул би яарсангүй.
Одоо хаандаа нийлж ирэв» гэв. Энэ үгийг сонсож, Чингис хаан: «Зөв»
гэв.
147. Бас Чингис хаан өгүүлрүүн: «Хүйтэн гэдэг газар урагшлах,
ухрах зэргээр байлдаж байхад уул дээрээс харваж, миний байлдааны
ам цагаан хул морины аман хүзүүг хэн шархтуулсан бэ?» гэвэл тэр
үгийг сонсож, Зэв өгүүлрүүн: «Уул дээрээс харвасан хүн би билээ.
Одоо хаан намайг
Алъя гэвэл ал
Алганы төдий газрыг
Алаг болгож өмхийрөх
Алд бие байна,
Аваръя гэж санаад
Амийг минь соёрхвол
Халд гэсэн газарт чинь
Харайж очоод би
Хар усыг цалгитал
Хад чулууг хэмхэртэл
Харь дайсныг довтолж
Хаан чамд тусалъя.
Цээлийн усыг цалгитал
Цэгээн чулууг хагартал
Чин зоригийг гаргаж,
Чингис чамд тусалъя.
Хүр гэсэн газарт чинь
Хүрч очоод би
Хүр чулууг хэмхэлье
Хүний зүрхийг шанталъя!» гэв.
Чингис хаан өгүүлрүүн: «Дайсны хүн дайсагнаж хорлож явснаа
нууж худал хэлэх бүлгээ. Гэтэл чи дайсагнаж хорлосноо нуухгүй
шударга хэлж байна. Ийм хүнтэй нөхөрлөж болно. Чиний Зургаадай
нэрийг халж, байлдааны ам цагаан хул морины минь аман хүзүүг
зэвээр харвасан тул Зэв гэж нэр өгье. Миний дэргэд зэв мэт хамгаалж
яв» гэж зарлиг болов. Тайчуудаас Зэвийн ирж нөхөрлөсөн ёс ийм
билээ. (Чингис өөрийн шархтсанаа далдалж, морио шархтсан мэтээр
хэлж байгаа бололтой. )
|
ТАТААРЫГ СӨНӨӨСӨН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ | null |
ХЭРЭЙД УЛСЫН МӨХСӨН НЬ | null |
ВАН ХАН СӨНӨСӨН НЬ | null |
ХҮЧҮЛҮГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ | ХҮЧҮЛҮГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ
198. Мэргид иргэнийг эзэлж, Тогтоа бэхийн их хөвүүн Худугийн
хатан Тухай, Дөргэнэ хоёроос, Дөргэнэ-г тэнд Өгөөдэй хаанд өгөв.
Мэргидийн зарим улс дайжиж, Тайхал шивээнд очоод хороолон
бэхэлжээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: «Сорхон-шарын хөвүүн
Чимбай, зүүн гарын цэргийг аваад, хороолон бэхэлсэн мэргэдийг
бүсэл» гэж илгээв. Тогтоа, хөвүүн Худу, Чулуун нарын хамт цөөн хүн
дутааж гарсныг Чингис хаан нэхэж, Алтайн өвөрт өвөлжиж, үхэр жил
(1205)-ийн хавар Арайн даваагаар давж одвол, найманы Хүчүлүг хан,
улсаа алдаад цөөн хүнтэй дутааж яваа мэргидийн Тогтоатай уулзаж,
Эрчис мөрний Бүхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ засаж байжээ.
Чингис хаан хүрч байлдвал Тогтоа тэнд зэрлэг суманд оногдож
үхэв. Хөвүүд нь түүний хүүрийг авч явж оршуулж завдахгүй болоод
толгойг огтлон авч одов. Тэндээс найман, мэргид нар хамтран байлдаж
барахгүй болоод буруулан дутааж, Эрчис мөрнийг гэтлэхэд олонх хүн
нь усанд живж үхэв. Найман, мэргидийн цөөн хүн, Эрчисийг гэтлээд
хагацан салав. Найманы Хүчүлүг хан, уйгурын Харлугийг дайран,
Сартаулын газарт Чүй мөрөнд байгаа Хар хятадын Гүр ханд нийлэн
очив. Мэргидийн Тогтоагийн хөвүүд Xуду, Гал, Чулуун тэргүүтэн
мэргид, ханлиныг, хипчагуудыг дайран одов.
Тэндээс Чингис хаан харьж, Арайн даваагаар давж, уул ордондоо
буув. Чимбай, Тайхалд бүгсэн мэргидийг эзэлжээ. Чингис хаан зарлиг
болж мэргидээс хядахыг нь хядуулж, үлэгсдийг цэргүүдээр талуулж
дээрэмдүүлэв. Бас урьд дагаж орсон мэргид, Аураг (арын буюу уул)
ордноос урван боссонд ордны газар байсан хөтөч нар тэднийг даржээ.
Тэнд Чингис хаан зарлиг болруун: «Тэднийг хамт байлгая гэсэн билээ.
Гэтэл тэд урвасан ажээ» гээд мэргидийг зүг зүг дуустал хуваарилав.
199. Мөн үхэр жил, Чингис хаан зарлиг болж Сүбээдэйд төмөр
тэрэг хийлгэж өгөөд Тогтоагийн хөвүүд Худу, Гал, Чулуун тэргүүтнийг
нэхүүлэхээр илгээхдээ Сүбээдэйд зарлиг болгосон нь:
«Уршигт Тогтоагийн
Урвасан хөвүүд
Уургат хулан шиг
Ухаан алдаж
Шархт буга шиг
Шантран мохож
Буцаж харвалдсаар
Буруулан дутаав.
Хөөгдсөн Худу, Чулуун нар
Хөөрөх жигүүртэй болж
Хөх тэнгэрт нисвэл
Хүлэг баатар чи
Хөнөөх шонхор болж
Хөөж тэднийг бариарай!
Муу Тогтоагийн хөвүүд
Мунхаг тарвага болж
Мухар нүхэнд шургавал
Төгс баатар Сүбээдэй
Төмөр царил болж
Төнхөж малтаж гүйцээрэй!
Өшөөт мэргидийн үрс
Өргөст загас болж
Өргөн далайд орвол
Өрлөг Сүбээдэй чи
Өөш гувчуур болж
Өлгөж гохдож бариарай!
Өрлөг баатар чамайг
Өндөр давааг давуулж
Өргөн мөрнийг гэтлүүлж
Өшөөт мэргэдийг даруулахаар
Өдөр болзож илгээв.
Усны уртыг туулж
Газрын холд хүрэхдээ
Унах морьдоо гамнаж
Уулга хүнсээ хэмнэж
Урьдаас болгоомжтой яв!
Агт морьдоо муудуулбал
Амаа баривч хожимдоно
Аливаа хүнсээ барвал
Арвилан хэмнэвч оройтно.
Алсын тэр замд
Авлах гөрөөс олон бий.
Ан ав хийсээр
Алсын замыг бүү март
Хүнсний нэмэр болгож
Хүрэлцэх хэмжээгээр авла.
Эрхэлсэн аваас ангид
Энгийн явах замд
Эр цэргийн морьдын
Эмээлийн хударгыг мулталж
Агтын хазаарыг амгайчилж
Аяар зөөлөн яв
Чанд энэ журмыг
Чармайн сахиж явбал
Аяны хүн дураар
Авлан давхихаа болино.
Цээрлэх журмыг зөрчсөн
Цэргийн хүмүүсийг занч
Таних хүн, миний
Таалал зарлигийг зөрчвөл
Та нар надад явуул
Танихгүй хүн, миний
Таалал зарлигийг зөрчвөл
Та нар мэдэж шийтгэ.
Уул нурууг алславч
Уг санаагаа нэгтгэж
Мөрөн голыг гэтлэвч
Мөн санаагаа нэгтгэж
Мөнх тэнгэрийн хүчинд
Мөрийн хүч нэмэгдэж
Гайт Тогтоагийн хөвүүдийг
Гартаа оруулж баривал
Тэднийг авчрах хэрэггүй
Тэнд нь чигийг ологтун!»
гэж зарлиг болов.
Чин зоригт Сүбээдэйд
Чингис бас хэлэв:
«Чи одоо яваад
Чивэлт мэргидийг сөнөө.
Балчир цагт минь тэд
Байн байн довтолж
Бурхан халдунд биднийг
Бултуулан сандаргаж байсан
Өшөөт тэр мэргидүүд
Өнөө бас тангараглаад
Өөр зүг дутаав.
Уртын үзүүрт хүрч
Гүний ёроолд орж
Төлөөс өшөөг ав!» гэж
Төмөр тэргийг хэрэглүүлэн
Үнэн итгэлтэй Сүбээдэйг
Үхэр жил илгээв.
«Далд оровч
Ил мэт санаж
Хол очивч
Ойр мэт бодож
Бидэнд итгэлтэй явбал
Дээд тэнгэр ивээж
Дэмжих болно» гэж
Баатар Сүбээдэйг мордоход
Бас зарлиг болов.
200. Найман мэргидийг эзэлж дуусвал, Наймантай хамт байсан
Жамуха, улсаа алдаж, таван нөхөртэй тэнүүчилж яваад Танлу (Тагна)
ууланд гарч нэгэн угалз алж шарж идэж байгаад Жамуха, нөхдөдөө
хэлсэн нь: «Хэний хөвүүд энэ өдөр угалз алж, ингэж идэж байна?» гээд
тэр угалзын махыг идэж байх завсар таван нөхөр нь Жамухыг гардан
барьж Чингис хаанд авчирчээ. Жамуха, нөхдөдөө баригдаж ирээд
Чингис хаанд хэлүүлсэн нь:
«Хар хэрээ
Халтар нугасыг
Барих болов
Харц боол
Хан эзэндээ
Халдах болов.
Хаан анд минь
Хайрлаж өршөө
Бор элээ
Борлог нугасыг
Барих болов
Боол зарц
Бодот эзэндээ
Босож халдав.
Богд анд минь
Бодож үз» гэжээ.
Жамухын тэр үгэнд Чингис хаан зарлиг болруун: «Хаан эзэндээ
халдсан хүнийг яаж орхих вэ? Тийм хүн хэнтэй нөхөрлөх вэ? Хаан
эзэндээ халдсан харц ардыг ураг төрлийг нь хүртэл устга» гэж зарлиг
болов. Тэгээд Жамухын нүдний өмнө түүнд халдсан ардыг алав.
Чингис хаан, Жамухад хэл гэж зарлиг болсон нь:
«Одоо бид хоёул
Ойртож бас нөхөрлөе.
Өнөө болоход, чи
Өрөөсөн арал болоод
Өөр санаа агуулахгүй биз.
Хамт хоёул нийлж
Харилцан найрамдаж
Умартсанаа сануулж
Унтсанаа сэрүүлж явъя
Өөр замаар
Явсан боловч
Өлзийт сайн нөхөр минь
Мөн билээ, чи.
Өшилдөн байлдах
Өдөр болоход
Өр зүрхээ
Өвддөг билээ, чи.
Ангид замаар
Явсан боловч
Анд сайн нөхөр минь
Мөн билээ, чи.
Улайшран байлдах
Өдөр болоход
Уушги зүрхээ
Өвддөг билээ, чи.
Хэдэн жишээг хэлбэл:
Хэрэйд улстай бид
Хархалзан элээтэд
Хатгалдах цаг болоход
Тоорил ханы санааг
Тодруулж бидэнд хэлээд
Тун их туслав.
Бас Найман улсыг
Үгээр үхтэл сүрдүүлж
Амаар айтал сандаргаж
Аливаа байдлыг мэдэгдэж
Ач тус хүргэсэн билээ» гэж хэлүүлжээ.
201. Жамуха өгүүлрүүн:
«Эрт өнгөрсөн цагт
Энхрий бага насанд
Хорхунаг Жубурын хөндийд
Хоёул их найрамдаж
Хан анд чамтай
Хайрт найз болж
Үл шингэх идээ идэлцэж
Үл мартах үг хэлэлцэж
Нэг хөнжил нөмөрч
Нэг санал санаж явлаа.
Хөндлөнгийн хүнд хөөдөгдөж
Хөнөөх үгэнд автагдаж
Хажуугийн хүнд хатгагдаж
Хатгах үгэнд автагдаж
Хаан анд чамаас
Хагацан салаад, би
Хар нүүрийнхээ арьсыг
Халцарч хуурсны адил
Хаан анд чиний
Халуун царайг харахаас
Халшран зовж явав
Умарташгүй хэлэлцсэн
Урьдын үгийг санаж
Улаан нүүрийнхээ арьсыг
Уруулж өвчүүлсний адил
Уужим сэтгэлт андынхаа
Ухаант царайг харахаас
Ухран зовж явав.
Хаан анд намайг
Хайрлан соёрхож
Хамтран нөхөцье гэжээ
Нөхцөх цагт
Нөхөцсөнгүй, би
Тэмүжин чи
Түмэн улсыг
Төвшин болгож
Харь улсыг
Хамтатган захирч
Хамгийг эзэлсэн
Хаан болоод
Дэлхий дахин
Бэлэн байхад
Дэмий надаар
Юу хийх вэ?
Харанхуй шөнийн
Зүүд болж
Гэгээн өдрийн
Гэмтэн болж
Хаан андыг
Зовоох болно, би
Энгэрийн чинь бөөс
Эгмийн чинь өргөс
Болох биз, би.
Атаат эмийн үгээр
Андаас салаад
Алжаан зовов, би
Энэ насны дотор
Эрхэм анд бидний
Энхрий нэр алдаршиж
Ургах нарнаас аваад
Шингэх наран хүртэл
Улс даяарт дуурьсав.
Сэргэлэн баатар чамд
Сэцэн эх заяажээ.
Эрэлхэг баатар андад
Эрдэмтэн дүү нар төржээ
Далан гурван хүлэгтэй
Дархан өрлөг нөхөдтэй
Далай Чингис чамдаа
Дарагдаж мөхөв, би чинь
Өөрийн эцэг эхээс
Өнчин бие хоцроод
Итгэх сайн нөхөргүй
Идтэй сайн дүүгүй
Илүү дутуу үгтэй
Их домогч эхнэртэй
Ийм байсан учраас
Тэнгэр эцгээс заяатай
Тэмүжин чамд дийлэгдэв, би.
Анд нөхөр минь соёрхож
Амийг минь үтэр тонилговол
Ариун зүрх чинь амарч
Амгалан жаргах болно
Анд чи соёрхож
Асгарах цусыг гаргалгүй
Алуулж өршөө, намайг!
Үхэж хэвтэх яс минь
Үржилт эх дэлхийд
Үүрд оршиж байгаад
Итгэлт андын ургийг
Ивээж тэтгэх болтугай гэж
Ийм ерөөлийг тавья
Өөр төрлийн би
Өндөр төрөлт андын
Өмөг сүлдэнд дарагдав
Хэлсэн үгийг минь
Мартахгүй
Хэзээ ямагт
Дурдаж яваарай!
Одоо намайг тонилготугай!» гэж өгүүлбэл, эдгээр үгийг сонсоод
Чингис хаан өгүүлрүүн:
«Анд нөхөр Жамуха
Анги тасархай явавч
Атаа хор санаж
Амиа хорлох үгийг
Арай хэлсэнгүй билээ.
Засарч чадах боловч
Засрахыг хичээхгүй байна.
Үзэх төлгөөр мэргэлбэл
Үхэх цаг нь болоогүй мэт
Дээд язгуурын хүнийг
Дэмий хорлож болохгүй
Хүний амийг хорлоход
Хүндэт шалтгаан хэрэгтэй.
Энэ тухайн шалтгааныг хэлбэл, урьд Жочи Дармала, Тайчар хоёр
адуугаа харилцан дээрэмдэлцэх үед Жамуха анд чи, буруу зан, булхай
явдал гаргаж, Далан балжууд гэдэг газар байлдаж, намайг Зээрэний
хавчилд бачимдуулан айлгаснаа санаж байна уу? Одоо бас нөхөрлөе
гэвэл зөвшөөрөхгүй байна. Амийг чинь хайрлах боловч аргагүйд хүрэв
гэж хэлэгтүн. Одоо чиний үгээр цус гаргалгүй нөгчүүлж, хүүрийг чинь
ил хаяхгүй, хүндэт ёсоор оршуулъя» гэж зарлиг болов. Тэнд Жамухыг
үхүүлж хүүрийг оршуулав.
202. Тэгээд эсгий туургатан улс энх шударга болж, барс жил
(1206) Онон мөрний эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа
мандуулаад Тэмүжинд Чингис хаан (Далай хаан) цолыг өргөв.
Мухулайд гоо ван (улсын ван) цолыг тэнд өгөв. Найманы Хүчүлүг
ханыг нэхүүлэхээр Зэвийг мордуулав. Монгол угсаатан улсыг нэгтгэн
барж Чингис хаан зарлиг болруун:
«Улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхдөө угсаатан ноёд
болгож, мятралгүй зүтгэсэн миний хайрт нөхдийг мянганы ноёд
өргөмжилж, соёрхлын үгийг хэлье» гэж зарлиг болов. Мянганы ноёдыг
томилж тушаасан нь:
1. Мэнлиг эцэг, 2. Боорчи,
3. Мухулай гоо ван, 4. Хорчи,
5. Илугай, 6. Жорчидай,
7. Хунан, 8. Хубилай,
9. Зэлмэ, 10. Түгэ,
11. Дэгэй, 12. Толун,
13. Үнгүр, 14. Чүлгэдэй,
15. Борохул, 16. Шигихутуг,
17. Хүчү, 18. Хөхөчү,
19. Хоргасун, 20. Үсүн,
21. Хуилдар, 22. Шилүгэй,
23. Жидай, 24. Тахай,
25. Цагаан гуа, 26. Алаг,
27. Сорхан-шара, 28. Булугун,
29. Харачар, 30. Хөхөчос,
31. Сүйхэтү, 32. Наяа,
33. Жунсо, 34. Хучүгүр,
35. Бала, 36. Оронартай,
37. Дайр, 38. Мүгэ,
39. Бужир, 40. Мүнгүүр,
41. Долоодай, 42. Бөгэн,
43. Худус, 44. Марал,
45. Жибгэ, 46. Юрүхан,
47. Хөхө, 48. Зэв,
49. Удутай, 50. Бала-чэрби,
51. Хэтэ, 52. Сүбээдэй,
53. Мөнх, 54. Халжа,
55. Хурчахус, 56. Гэүги,
57. Бадай, 58. Хишилиг,
59. Хэтэй, 60. Чаурхай,
61. Хонгиран, 62. Тогоонтөмөр,
63. Мэгэтү, 64. Хадаан,
65. Мороха, 66. Дори-бөхө,
67. Идухадай, 68. Ширахул,
69. Даун, 70. Дамачи,
71. Хауран, 72. Алчи,
73. Тобсаха, 74. Тунхудай,
75. Тобуха, 76. Ажинай,
77. Түйдхэр, 78. Сачуур,
79. Жидэр, 80. Олар хүргэн,
81. Хингиадай, 82. Буха-хүргэн,
83. Хурил, 84. Ашиг хүргэн,
85. Хадай хүргэн, 86. Чигу хүргэн,
87,88, Алчи хүргэн, гурван мянган хонгирад,
89,90. Буту хүргэн, 2. Мянган Ихирэс,
91, 92, 93, 94, 95. Онгуудын Алхушдигид хури хүргэн, таван
мянгат онгууд, ойн иргэнээс гадна, Монгол улсын мянгатын ноёдыг
Чингис хааны томилсноор мянгатын ноёд ерэн таван хүн болов.
203. Бас Чингис хаан хүргэдийн хамт эдгээр ерэн таван мянганы
ноёдыг томилоод тэр дотор зарлиг болруун: «Өмөг туст нөхдөдөө өөр
соёрхлыг өгье. Боорчи, Мухулай тэргүүтэн бусад ноёдыг ирүүлтүгэй»
гэж гэр дотор байсан Шигихутугийг «Тэднийг урьж авчир» гэсэнд
Шигихутуг өгүүлрүүн:
«Боорчи, Мухулай нар
Булт биднээс
Их тусалж
Илүү зүтгэсэн үү?
Тэмдэглэн соёрхоход
Тэднээс би
Дутуу тусалж
Ядуу зүтгэсэн үү?
Өлгийтэй цагаасаа би
Өндөр босгыг чинь түшиж
Өдий их сахалтай
Өвгөн буурал болтлоо
Өөр санаа санасангүй
Өршөөлд чинь багтсаар ирэв.
Алмай бага наснаасаа би
Алтан босгыг чинь түшиж
Амандаа өдий сахалтай
Ахмад настай болтлоо
Алжааж бэрхшээсэн зүйлгүй
Аль чадахаар зүтгэв.
Хөлдөө хэвтүүлж
Хөнжилдөө хучиж
Хөвүүн адилаар
Хүмүүжүүлэв, намайг
Дэргэдээ хэвтүүлж
Дээлдээ хучиж
Дүү мэтээр Түшиж өсгөв.
Одоо надад ямар соёрхлыг хайрлах вэ?» гэж хэлсэнд Чингис хаан,
Шигихутугт өгүүлрүүн: «Чи миний зургаадугаар дүү биш үү? Өргөмөл
дүү чамд өөрийн дүү нарын адилаар өмч хувийг олгоё. Бас чиний
хүргэсэн ач тусыг бодож, есөн ослыг хэлтрүүлэх болгоё» гэж зарлиг
болов. «Мөнх тэнгэрийн ивээлээр улс гүрнийг тохинуулж байхад чи,
үзэх нүд, сонсох чих болж яв. Бидний эх ба дүү нар, хөвүүдэд эсгий
туургатны дотроос эзлэх хувийг олгож, хавтсан үүдтэний дотроос
харьяалах ардыг хувааж өг. Чиний тушаасан үгийг хэн ч өөрчилж үл
болно» гэж зарлиг болов. Бас Шигихутугийг «Бүх улсын доторх
хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, үхүүлэх ёстойг үхүүлж, яллах
ёстойг яллаж бай» гэж бүх улсын дээд заргач (шүүгч) болгов. Бас
«Нийт улсын өмчийг хувааж заргыг шийтгэж, түүнийгээ хөх дэвтэрт
бичиж тэмдэглэгтүн. Надтай зөвлөж, Шигихутугийн шийтгээд цагаан
цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл үүрд
хэн ч бүү өөрчилтүгэй» гэж зарлиг болов. Шигихутуг өгүүлрүүн:
«Миний мэтийн өргөдөл (өргөмөл) дүү, хааны дүүтэй адилаар хувь
өмч авч яаж болох вэ? Хаан соёрхвол, байшин гэртэй, балгас хотын
иргэдээс авъя» гэж өчвөл «Чи өөрөө энэ хэргийг бүртгэж шийтгэх тул
өөрөө мэдэж гүйцэтгэ» гэв. Шигихутуг өөрөө хаанаас соёрхлыг олж
төгсөөд гарч, Боорчи, Мухулай тэргүүтэн ноёдыг урьж оруулав.
204. Тэндээс Чингис хаан, Мэнлиг эцэгт зарлиг болруун:
«Төрөхийн хамт төрөлцсөн, өсөхийн хамт өсөлцсөн өлзийт буянт
чиний, өршөөл тус хүргэсэн нь өдий төдий болжээ. Тэр дотроос
тэмдэглэж хэлбэл, Ван хан эцэг, Сэнгүм анд хоёр намайг мэхэлж
урьсанд очих замдаа Мэнлиг эцгийн гэрт хоновол, чи намайг
ятгасангүй бол хар усанд живж, халуун галд түлэгдэж үхэх билээ, би.
Тэр тусыг чинь сэтгэж, ургийн урагт хүртэл үүрд мартахгүй. Тэр тусыг
чинь санаж, энэ эрхэм суудалд суулгаж он бүр осолдохгүй, сар бүр
саатахгүй сайшаал шагналыг өгч, үрийн үрд хүртэл үүрд мялааж байя»
гэж зарлиг болов.
205. Бас Чингис хаан, Боорчид өгүүлрүүн: «Насан бага цагт
найман шарга морио алдаад гурван хоног нэхэж явах замд чамтай
уулзсан билээ. Мунгинаж яваа надад тусалъя гэж чи гэртээ харьж,
эцэгтээ хэлэлгүйгээр гүүний айрагтай суулгаа хээр орхиж, миний
оготор хонгор морийг юүлж, орог шинхул морийг надад унуулаад
өөрөө хурдан ухаа морио унаж, адуугаа эзэнгүй орхиод яаравчлан
надтай бас гурван хоног дээрэмчдийг нэхсэн билээ. Бид хоёр, шарга
морьдыг минь дээрэмдсэн хүрээнд хүрээд, хүрээлсэн гэрүүдийн захад
байсан шарга морьдыг гадагш хөөж дутааж авчрав. Чи Наху баяны
ганц хөвүүн бөгөөд юу мэдэж надтай нөхөрлөсөн билээ? Чи үнэн
сайхан сэтгэлээр нөхөрлөв. Түүний хойно чамайг санасаар явж, би
Бэлгүтэйг илгээж нөхөрлөе гэвэл, чи бөгтгөр хонгороо унаж, бор өрмөг
хэвнэгээ нөмөрч өөрөө хүрч ирэв. Гурван мэргид бидэнд халдаж,
Бурхан халдуныг гурван удаа бүслэхэд чи бидний хамт бүслэгдэв. Бас
түүний хойно, Далан нэмүргэд татаартай тулалдаж хоноход өдөр шөнө
үргэлж хур зүсрэн оров. Тэр шөнө намайг унтуулах гэж нөмрөгөө
надад нөмөргөөд, миний дээр борооны усыг дусуулахгүйгээр шөнө
турш зогсохдоо чи өрөөсөн хөлөө ганц удаа сольж гишгэсэн билээ.
Хүлэг баатрын шинж энэ мөн. Түүнээс бусад чиний зүтгэлийн алийг
хэлж барах вэ? Боорчи Мухулай хоёр, зөв явдлыг минь зөвшөөрөн
тэтгэж, буруу явдлыг минь буцаан зогсоож энэ их сууринд хүргэв.
Одоо бүгдийн дээр суулгаж, есөн удаа осол гаргавч ял хэлэлцэхгүй
болгоё. Боорчи, баруун гарын Алтай орчмын түмнийг мэдэж
захиртугай» гэж зарлиг болов.
206. Бас Мухулайд Чингис хаан зарлиг болруун: «Хотала хааны
бүжиглэх Хорхунаг-жубурын хөндийд саглагар модны ёроолд саатан
буух цагт Мухулай, тэнгэрийн зайран (сүлд)-ы заасан үгийг тэмдэглэн
хэлсний тул тэнд би [Мухулайн эцэг] Гүн гуаг дурсаж, Мухулайтай үг
барилдсан билээ. Одоо түүний ёсоор би их сууринд суусны тул
Мухулайг ургийн урагт хүртэл улс гүрний гоо ван болгоё» гэж гоо ван
нэр өгөв. «Мухулай гоо ван, зүүн гарын Хараун-жидуны хавийн
түмнийг мэдтүгэй» гэж зарлиг болов.
207. Чингис хаан, Хорчид өгүүлрүүн:
«Өчүүхэн балчир цагаас
Өдий болтол минь
Өлзийт нөхөр болж
Нойтонд хамт норж
Хүйтэнд хамт хөрж
Хүчээ өргөв, чи.
Хол урьдын цагт
Хорчи чи мэргэлээд
Зөгнөж хэлсэн үгээ
Зөв болгон тохирч
Тэнгэрийн өршөөл хүчээр
Тэр ёсоор бүтвэл
Гучин эхнэр авъя гэж
Гуйсан билээ, чи.
Одоо чи хэлсэн үг бүтсэний тул эзэлж оруулсан улсын дотроос чи
сайн эхнэр, сайхан хүүхнүүдийг сонгож ав» гэж зарлиг болов. Бас
«Гурван мянган баарины дээр Тахай Ашиг хоёрын хамт Адаргины
чинос, тоолис, тэлэнгүүд аймгийг нийлүүлж түмэн иргэн болгоод
Хорчи захирч, Эрчис мөрний дагуу ойн иргэнд хүртэлх нутгийг
эзэмшин нутаглаж, бас ойн түмэн иргэнийг даргалж мэдтүгэй» гэж
зарлиг болов. «Хорчийн зөвшөөрөлгүйгээр ойн иргэн ийш тийш нүүж
үл болно. Хорчийн үгийг зөрчигчдийг шийтгэтүгэй» гэж зарлиг болов.
208. Бас Чингис хаан, Жорчидайд өгүүлрүүн: «Чиний бүтээсэн
эрхэм тусыг дурдвал, Хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах
цагт Хуилдар анд тэргүүлэн байлдана гэсэн боловч, чухам хэргийг
бүтээсэн нь чи мөн. Жорчидай чи довтолж ороод Жүрхин, Түбэгэн,
Дунгайд, Хориширэмүний мянган торгууд, шилдэг цэрэг бүгдийг
дарсаар их гол хүчинд хүрч, Сэнгүмийн энгэсэг хацрыг харван
шархтуулж, мөнх тэнгэрт ялахын үүдийг нээв. Сэнгүмийг
шархтуулсангүй бол бид ямар болохыг мэдэхгүй. Жорчидай чиний
хүргэсэн эрхэм их тус тэр байна. Тэндээс зайлж, Халх гол руу нүүхэд
Жорчидай чамайг би өндөр уулын нөмөр мэт өмөг болгон санаж явлаа.
Тэндээс бид Балжун нуурт ундлахаар буув. Жич, Балжун нуураас
Жорчидайг туршуул (алхинч) болгож Хэрэйдэд явуулсан билээ. Тэнгэр
газрын ивээлээр бид хэрэйд иргэнийг номхотгон дагуулав. Голлох
Хэрэйд улсыг салгаж дарсан учраас дагалдах найман, мэргидийн зориг
шантарч байлдаж чадахгүй буснив. Мэргид, найман нарыг бутран
сарних завсар, Хэрэйдийн Жаха-хамбу, хоёр охиноо дагах шалтгаанаар
харьяат нараа хамт авч үлдэв. Гэтэл тэр дайсагнаж одсон тул
Жорчидай нэхэж, нэгэнт зайлан одсон Жаха-хамбыг заль аргаар барьж
тонилгов. Тэр Жаха-хамбын улсыг талж эзлэв. Жорчидайн бас нэг тус
нь энэ мөн».
Алалдах өдөр
Амиа хайрлахгүй
Ачийг хүргэж
Байлдах өдөр
Байраа алдахгүй
Баатарлан зүтгэсний тул
Чингис хаан, Ибага бэхи хатнаа Жорчидайд соёрхож өгөөд Ибагад
өгүүлрүүн:
«Авир занг чинь голсон биш
Ариун үзэсгэлэнг чинь чамласан биш,
[Хөлийг чинь шивэртэй гэсэн биш,
Хөлсийг чинь үнэртэй гэсэн биш, А. то.]
Өврөө дулаацуулж
Хөлөө хучуулсан
Өөрийн хатан чамайг
Их төрийн үйлст
Илт зүтгэсэн Жорчидайд
Ийнхүү соёрхох болов.
Хатгалдах цагт
Халх болж,
Хагацсан улсыг
Хамтатган өгч
Хутгалдан байлдахад
Хуяг болж
Хуваасан улсыг
Хурааж өгсөн
Жорчидайн ачийг хариулж, гавьяаг тэмдэглэхийн тул чамайг өгөв.
Үүнээс хойш миний ургаас хаан ширээнд залгамжлан суугчид, энэ мэт
тус хийснийг хариулсан ёсыг сэтгэж, миний үгийг өөрчлөлгүйгээр
ургийн урагт хүртэл Ибагын ор суурь (нэр хүнд)-ийг бүү тасалтугай»
гэж зарлиг болов. Бас Чингис хаан, Ибагад өгүүлрүүн: «Чиний эцэг
Жаха-хамбу, чамд инж болгож Ашиг-Төмөр, Алчиг хоёр тогоочийн
хамт хоёр зуун хүнийг өгсөн билээ. Одоо чи урууд иргэнд очихдоо
дурсгал болгож, надад инжний хүмүүсээс Ашиг-Төмөр тогоочоо нэгэн
зуун хүний хамт өгч од» гэж авав. Бас Чингис хаан, Жорчидайд
өгүүлрүүн: «Ибага хатнаа чамд өгөв. Чи дөрвөн мянган уруудаа мэдэж
захиртугай» гэж соёрхож зарлиг болов. |
ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ | ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ
209. Бас Чингис хаан, Хубилайд өгүүлрүүн: «Чи хүчтэний хүзүүг
мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ,
Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг
хаан ч илгээвэл,
Хүр гэсэн газар хүрч
Хүр чулууг хэмх цохиж
Халд гэсэн газар халдаж
Хад чулууг хага цохиж
Цэгээн чулууг бутартал
Цээлийн усыг цалгитал
Ниргэж нядалж явав.
Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн нохойгоо зорьсон газартаа
явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа
дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд, мангудын
цэргийг Жорчидай Хуилдар хоёроор толгойлуулан мордуулбал сая
миний сэтгэл бүрнээ амардаг билээ» гэв. «Хубилай чи, цэргийн үйл
бүгдийг ерөнхийлөн захирч бай» гэж соёрхож зарлиг болов. Бас
«Бидүгүн, их дуулгаргүй тул би буруушааж, мянганы ноён
болгосонгүй. Чи түүнийг сургаж үз. Тэр чамтай зөвшиж нэг мянганыг
захирч явтугай. Бидүгүнийг хойш ямар болохыг бид үзье» гэв.
210. Бас Чингис хаан, Гэнигэдэй Хунанд өгүүлрүүн: «Боорчи,
Мухулай тэргүүтэн ноёд оо, Додай Доголху тэргүүтэн чэрби нар аа!
Энэ Хунан,
Харанхуй шөнө
Халдах чоно болж
Гэгээн өдөр
Хэсэх хэрээ болж
Нүүхэд үлдэхгүй
Үлдэхэд нүүхгүй
Үргэлж намайг дагаж
Харийн дайсанд
Халуун нүүр өгч
Харилцдаггүй
Өшөөт хүнд
Өмөг тус болж
Өөр зан гаргадаггүй билээ.
Хунан Хөхөчос хоёртой зөвлөж, хамаг үйлсийг үйлдэгтүн» гэж
зарлиг болов. «Хөвүүдийн минь ах Жүчи биз. Хунан, Гэнигэс овогтноо
тэргүүлэн захирч, миний хөвүүн Жүчийн дор түмний ноён болтугай»
гэж зарлиг болов. «Хунан, Хөхөчос, Дэгэй, Үсүн өвгөн энэ дөрвүүл,
үзсэнээ нуухгүй, үнэн үгээ хэлж, мэдсэнээ мэлзэхгүй, сонссон үгээ
сонсгодог билээ».
211. Бас Чингис хаан, Зэлмэд өгүүлрүүн: «Жарчиудай өвгөн, үлээх
хөөргөө үүрч өчүүхэн хөвүүнээ дагуулж, Бурхан халдунаас бууж ирээд
Ононы Дэлүүн болдогт намайг төрөх цагт булган өлгийг өгөв. Түүнээс
хойш ч босго хатавчийн боол, өрх үүдний өмч болж, өдий төдий тусыг
хүргэв. Булган өлгийд төрсөн буянт нөхөр минь, хамт төрөөд хань
болж өссөн хайрт нөхөр Зэлмэ минь чамайг есөн удаа осол гаргахад
буруушаан яллахгүй» гэж зарлиг болов.
212. Бас Чингис хаан, Толунд өгүүлрүүн: «Эцгээс тусгаар
мянганыг захирч байсан билээ. Улсыг хураан тохинуулахад чи өөрийн
эцгийн өрөөл жигүүр болон зүтгэж бүтээсний тул чэрби гэдэг цолыг
авав. Одоо өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож, Турухантай
зөвшиж захирагтун» гэж зарлиг болов.
213. Бас Чингис хаан, Үнгүр буурчид өгүүлрүүн: «Мэнгитү хианы
хөвүүн Үнгүр чи, гурван аймаг тохурауд, таван аймаг таргууд,
чаншиуд, баядаа дагуулж нэгэн хүрээ болж,
Будан мананд төөрөлгүй
Булаалдах дайн салалгүй
Нойтонд хамт норж
Хүйтэнд хамт хөрж
Явав чи
Одоо ямар соёрхол авах вэ, чи?» гэвэл Үнгүр өгүүлрүүн:
«Соёрхлыг сонгуулбал хамаг баяд ах дүү нар, хамаагүй бутран тарж
байна. Хаан соёрхвол, баяд ах дүү нараа цуглуулан захиръя» гэвэл,
«тэг, Баяд ах дүү нараа цуглуулж мянганыг чи захиртугай!» гэж зарлиг
болов. Бас Чингис хаан зарлиг болруун: «Борохул Үнгүр та хоёр, буурч
түгээгч болж, баруун зүүн этгээдэд барих идээг түгээж, баруун талын
хүмүүст байр байраар олгож, зүүн талын хүмүүст зүй зүйгээр өгч идээ
хүнсийг түгээвэл миний хоолой онгойж, сэтгэл амардаг билээ. Үнгүр
Борохул хоёр морилон явж (мориор явж) олон хүнд идээ зуушийг
түгээгтүн!» гэж зарлиг болов. Их төсрөг сөнгийн баруун зүүн этгээдэд
идээ базааж бэлтгээд «Та хоёр, Толунтай хамт төвлөн суугаад идээг
түгээж байгтун» гэж суурийг зааж өгөв.
214. Бас Чингис хаан, Борохулд өгүүлрүүн: «Миний эх,
Шигихутуг, Борохул, Хүчү, Хөхөчү та дөрвийг дүрвэсэн иргэний
нүүсэн нутгаас
Хөдөөгөөс олж
Хөлдөө бүүвэйлж
Хүмүүжүүлэн тэжээж
Хүзүүнээс чинь татаж
Хүний зэрэг болгож
Эгмээс чин татаж
Эрийн зэрэгт оруулж
Хөвүүд бидний нөхөр сүүдэр болгоё гэж тэжээжээ. Миний эхийн
тэжээсэн ачийг та нар их хариулан зүтгэв. Борохул надад нөхөр болж
Хурдан аянд мордож
Хуртай шөнө тохиолдовч
Хоол ундгүйгээр
Хоосон хонуулсан удаагүй,
Яаралтай дайнд мордож
Ямар ч бэрхшээл тохиолдовч
Шөл тасалдуулж
Өл алдуулж байсангүй
Өвөг эцгийг минь хорлосон
Өстөн татаарыг доройтуулж
Өшил өшиж
Хясал хясаж
Тэр татаар иргэнийг
Тэрэгний бултай чацуулж
Түүнээс өндөр нуруутныг
Түүж хядах цагт
Татаарын Харгил шар, ганцаараа дутааж яваад өлссөний тул
аргагүй ирж, манай эхийн гэрт орж ирээд «Идэх юм гуйя» гэсэнд,
«Идэх юм гуйвал тэнд суу» гэж баруун исэр (ор)-ийн өмнөд үзүүрт
суулгав. Тэр цагт таван настай байсан хөвүүн Толуй гаднаас орж ирээд
гэдрэг гүйж гармагц, Харгил шар босон харайж, Толуйг сугандаа
хавчуулж гүйхийн хамт хутга тэмтэрч сугалан авахыг завдахад эхийн
гэрт зүүн талд сууж байсан Алтани «Хүүг минь аллаа» гэж эхийн
орилон бархирахыг сонсож гүйн гарч, Харгил шарын хойноос гүйцэж
нэг гараараа үснээс нь зууран барьж, нөгөө гараараа хутгыг сугалж
байсан гарыг нь барьж угзраад хутгыг алдуулав. Тэр үед гэрийн ард
мугалзар хар үхрийг тэлэн алж байсан Жидай Зэлмэ хоёр, Алтанийн
дууг сонсоод сүхээ барьсаар, улаан цустай хэвээр гүйн ирж, татаарын
Харгил шарыг мөн тэнд нь сүхээр цохиж, хутгаар бүлж алав. Алтани
Жидай Зэлмэ гурав, хөвүүний амь аварсан гавьяаг булаалдахад Жидай
Зэлмэ хоёр өгүүлрүүн: «Бид даруй гүйн ирж түүнийг эс алсан бол ганц
эхнэр Алтани юу хийж чадах вэ? Хөвүүний амийг хорлосон байх
билээ. Хөвүүний амийг аварсан гавьяа биднийх болно» гэвэл, Алтани
өгүүлрүүн: «Миний дууг сонссонгүй бол та нар яаж ирэх билээ? Би
гүйн гүйцэж түүний сэвлэг үснээс барьж хутгыг сугалсан гарыг татаж
хутгыг алдуулсангүй бол Жидай Зэлмэ хоёрыг хүрч иртэл, хөвүүний
амийг хорлож амжсан байх биш үү?» гэв. Тэгж хэлбэл, гол гавьяа нь
Алтанийнх болов. Борохулын гэргий, эр Борохулдаа өрөөсөн арал
болон тусалж явсны дээр, Толуйн амийг аварч тус хүргэв.
Бас хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт
Өгөөдэйн гүрээний судал, суманд шархтаж унасанд Борохул, дээр нь
бууж түүний асгарсан цусыг амаараа шимж хоноод маргааш нь
Өгөөдэй морь унаж чадахгүй тул урдаа сундлан тэвэрч, бүрэлдсэн
цусыг нь бүлээн уруулаараа шимж, ам завжаа улайлгаж, ачит хөвүүн
Өгөөдэйг амьд мэнд авч ирсэн билээ. Эхийн минь, зовж тэжээсэн
ачийг, хоёр хөвүүний амийг аварч хариулав. Борохул надтай нөхөрлөж,
уриалах дуунд минь уухайгаа нэмж, урагшлан зүтгэж явав. Борохулыг
есөн удаа осол гаргавч, яллахгүй болгоё» гэж зарлиг болов.
215. Бас «Охин ургаа соёрхол өгье» гэв.
216. Бас Чингис хаан, Үсүн өвгөнд өгүүлрүүн: «Үсүн, Хунан,
Хөхөчос, Дэгэй энэ дөрвүүлээ, үзсэн сонссоноо үлдээж нуулгүй,
үргэлж хэлдэг билээ. Монголын төр ёсонд бэхи ноёдыг өргөмжлөх
заншил бий. Ахмад үеийн хүнээ бэхи болгодог заншилтай тул баарин
ахын ураг, Үсүн өвгөнийг бэхи болгоё. Бэхи өргөмжлөгдөөд цагаан
дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж
сонгож байтугай» гэж зарлиг болов.
217. Бас Чингис хаан өгүүлрүүн: «Хуилдар анд алалдан байлдах
цагт урьтаж ам нээж байлдсан гавьяа бий тул түүний хөвүүд ач нарт,
өнчдөд олгох өршөөл тусламжийг хүртээсүгэй» гэв.
218. Бас Чингис хаан, Цагаан гуагийн хөвүүн, Нарийн-Тоорилд
өгүүлрүүн: «Чиний эцэг Цагаан гуа чинь зоригийг барьж байлдсаар
Даланбалжудын байлдаанд Жамухад алагджээ. Одоо эцгийн гавьяаг
хүртэж, өнчдийн тусламжаас авч бай» гэсэнд, Тоорил өгүүлрүүн:
«Миний төрлийн нэгүс нар олон аймагт хуваагдан тарсан байна. Хаан
соёрхвол, ах дүү нэгүс нараа цуглуулъя» гэвэл, Чингис хаан зарлиг
болруун: «Тийм бол ах дүү нэгүс нараа цуглуулж, чи ургийн урагт
хүртэл захирч бай» гэж зарлиг болов.
219. Бас Чингис хаан, Сорхон-шард өгүүлрүүн: «Намайг өчүүхэн
цагт, Тайчуудын Таргудай Хирилтуг, ах дүү нартайгаа нийлж атаархан
барих цагт Сорхан-шарын хөвүүн Чулуун, Чимбай нар, намайг ах дүү
нартаа атаархагдсан ажээ гэж нууж, охин Хадаанаар асруулж байгаад
тавьж илгээсэн биш үү. Чиний тэр ачийг би харанхуй шөнө зүүдэндээ
бодож, гэгээн өдөр цээжиндээ санасаар явсан билээ. Дараа нь
тайчуудаас надад баахан удаж ирэв. Одоо танд соёрхлыг өгье. Ямар
соёрхлыг хүсэж байна?» гэвэл, Сорхан-шар ба түүний хөвүүн Чулуун,
Чимбай нар өгүүлрүүн: «Бид, мэргидийн нутаг Сэлэнгэд дархан дураар
нутаглахыг хүснэ. Бас ямар соёрхол хишиг хайрлахыг Чингис хаан
мэдтүгэй!» гэв. Тэгэхэд Чингис хаан өгүүлрүүн: «Нутаг дархалж,
мэргидийн газар Сэлэнгээр ургийн урагт хүртэл нутаг орноо эзэмшиж,
нум сумаа агсаж, хурим найрыг хийж, хундага сөнгөө түшилцэж
явтугай. Есөн удаа осолдоход зэмлэхгүй болгоё!» гэж зарлиг болов. Бас
Чингис хаан, Чулуун Чимбай хоёрт соёрхож хэлсэн нь: «Урьд Чулуун
Чимбай та хоёрын хэлж байсныг яаж мартах вэ? Чулуун Чимбай та
хоёр, санаснаа хэлье гэвэл, дутуугаа гуйя гэвэл дам хүнээр бүү
хэлүүлж бай. Өөрийн биеэр уулзаж, өөрийн амаар санаснаа хэлж,
дутсанаа гуйж бай» гэж зарлиг болов. Бас «Сорхон-шар, Бадай,
Хишилиг та гурван дархан,
Олон дайсанд довтолж
Олз юм олбол
Олсноо бүрэн автугай!
Аян ав хийж
Ан гөрөөс албал
Алснаа бүрэн автугай!»
гэж зарлиг болов. «Сорхан-шар бол тайчуудын Түдэгэ-гийн гэрийн
хүн. Бадай Хишилиг хоёр бол Чэрэнгийн адуучин хүн билээ. Одоо
миний шадар хорчи (нум сум агсагч) болж, хуримд хундага дэвшүүлж,
дархан эрхтэйгээр жаргаж явтугай!» гэж зарлиг болов.
220. Бас Чингис хаан, Наяад өгүүлрүүн: «Ширээт өвгөн, Алаг Гаяа
хоёр хөвүүний хамт Таргудай Хирилтутийг барьж авчрах замд Хутгал
нугад хүрээд Гаяагийн хэлсэн нь: «Бид хаан эзнээ яахан тэвчиж барьж
одох вэ?» гэж сэтгэл түвдэхгүй болоод Таргудайг сул тавин буцааж,
Ширээт өвгөн, хөвүүн Алаг Наяа нартай хамт ирж Наяагийн хэлсэн нь:
«Бид, хан Таргудай Хирилтугийг гардан барьж ирж яваад жич тэвчин
ядаж тавин буцаагаад бид Чингис хаанд хүчээ өгье гэж ирэв. Хэрэв
ханаа барьж ирвэл хан эзнээ барьсан харц ардад яаж итгэх вэ гэх билээ.
Хандаа халдаж чадсангүй тул тэднийг тус (өөрийн) ханаа хайрлах их
ёсыг мэдсэн хүмүүс гэж үгийг зөвшөөж, нэгэн үйл хэргийг тушаая
гэсэн билээ. Боорчи, баруун гарын түмнийг захирах ноён болов.
Мухулай го ван болж зүүн гарын түмнийг захирах ноён болов. Одоо
Наяа, төвийн түмнийг захирах ноён болтугай» гэж зарлиг болов.
221. Бас Зэв, Сүбээдэй хоёрыг өөрийн олсон зөөсөн иргэнээ
мянгат болгож захирагтун гэв.
222. Бас хонь хариулагч Дэгэйд мянгатыг энд тэндээс цуглуулж
өгөөд мянганы ноён болгов.
223. Бас модоч дархан Хүчүгүрт өгөх иргэн дутагдсан тул бусад
ноёдын албат нараас татаж цуглуулсан иргэнийг Жадараны Мулхалхуд
зүгээр нийлүүлж, Хүчүгүр Мулхалху хоёр нэг мянгатыг хавсран
зөвлөж захирагтун гэв.
224. Улсыг байгуулахад зүтгэсэн хүмүүсийг түмний ноёд, мянганы
ноёд, зууны ноёд, арваны ноёд болгож, соёрхлыг өгөх хүмүүст
соёрхлоо өгч, зарлигийг буулгах хүмүүст зарлигаа буулгаж Чингис
хаан зарлиг болруун: «Урьд би, наян хэвтүүл манаачтай, далан шадар
хишигтэнтэй байв. Одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр газрын
ивээлээр хүч агуу нэмэгдэж, гүр (нийт) их улсыг хамтатгаж, ганц
жолоондоо оруулсан тул одоо надад мянган шадар хишигтэн
(ээлжтэн)-г ялгаж өг. Хэвтүүл, хорчин, торгуудын хамт бүгд түмэн хүн
болгож өгтүгэй!» гэж зарлиг болов. Бас Чингис хаан, хишигтнийг
ялгаж томилох тухай мянганы ноёдод тунхаг зарлиг буулгасан нь:
«Миний хишигтнийг томилоход түмт, мянгат, зуутын ноёдын хөвүүд,
сул (чөлөөт) хүний хөвүүдийн дотроос миний дэргэд тэнцэх билэг
эрдэмтэй, бие сайтайг нь ялгаж оруултугай. Миний шадар цэрэгт
орохдоо мянганы ноёдын хөвүүд, арван нөхөр (цэрэг), нэг дүүгээ
дагуулж иртүгэй. Зууны ноёдын хөвүүд таван нөхөр, нэг дүүгээ
дагуулж иртүгэй. Арваны ноёдын хөвүүд бас сул хүний хөвүүд, гурван
нөхөр нэг дүүгээ дагуулж иртүгэй. Ингэхдээ тэд уг газраасаа уналга
морио бэлтгэж иртүгэй.
Миний шадар цэрэгт ирэх мянганы ноёдын хөвүүд арван нөхөд,
хэрэглэх юмаа харьяат мянганы дотроос татаж авагтун. Эцгийн өгсөн
хувь хишиг буюу өөрийн олсон зөөсөн морь, юм хэдий байвч, өмч
хувиас ангид бидний заасан хэмжээгээр авч бэлтгэж иртүгэй. Зууны
ноёдын хөвүүд, таван нөхөдтэй, арваны ноёд бас сул хүний хөвүүд,
гурван нөхөдтэй, мөн өмч хувиас ангид мөн тэр ёсоор хэрэглэх морь,
юмаа бэлтгэж иртүгэй!» гэж зарлиг болов. «Мянгат, зуут, аравтын ноёд
олон хүн, бидний энэ зарлигийг сонсоод зөрчиж давбал чангалан
шийтгэнэ. Бидний шадар цэрэгт орвол зохих хүн бултарч бидний
дэргэд явахдаа бэрхшээвэл өөр хүнийг оруулаад түүнийг шийтгэж
эчнээ (далд) хол газар цөлье» гэж зарлиг болов. «Бидний дэргэд дотно
явж суралцъя гэж бидэнд ирэх ардыг бүү хориглотугай» гэв.
225. Чингис хааны зарлигийн ёсоор мянгат, зуут, аравтын ноёдын
хөвүүдийг ялгаж явуулаад, урьд байсан наян хэвтүүлийг найман зуу
болгов. Найман зуу дээр нэмж мянга болготугай гэв. Хэвтүүлд орох
хүмүүсийг бүү ятгаж хориглотугай гэж зарлиг болов.
Хэвтүүлийг Их-нэүрин захирч, мянганы ноён болтугай гэж зарлиг
болов. Бас дөрвөн зуун хорчныг томилж, хорчныг Зэлмийн хөвүүн
Есөнтэй ахалж, Түгэгийн хөвүүн Бүхэдэйтэй зөвлөж захиртугай гэв.
Торгууд, хишигтэн нарыг дөрвөн ээлжээр манах болгож, Есөнтэй нэгэн
ээлжийн хорчныг захирч, Бүхэдэй нөгөө ээлжийн хорчныг захирч,
Хорч-худаг, гуравдугаар ээлжийн хорчныг захирч, Лаблах, дөрөвдүгээр
ээлжийн хорчныг захирч явтугай. Нум сум агссан хорчин торгон
цэргийг ийнхүү захирч явтугай. Хорчныг мянга болгож, Есөнтэй
захирч байтугай! гэж зарлиг болов.
226. «Урьд Өэлэн чэрбийн захирч байсан торгууд дээр нэмж мянга
болгоод, Боорчийн ураг (үр) Өэлэн чэрбиэр захируулъя. Бас нэгэн
мянган торгуудыг Мухулайн ураг Бухаар захируулъя. Илугайн ураг
Алчидайгаар нэгэн мянган торгуудыг захируулъя. Нэгэн мянган
торгуудыг Додай чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг
Доголху чэрбиэр захируулъя. Нэгэн мянган торгуудыг Жорчидайн ураг
Чанайгаар захируулъя. Нэгэн мянган торгуудыг Алчийн ургаас
Ахуйдайгаар захируулъя. Нэгэн мянган баатар цэргийг шилж Архай
Хасараар захируулаад энгийн өдөр ээлжлэх торгон цэрэг болгож,
хатгалдан байлдах өдөр хамгийн түрүүнд баатарлуулан явуулъя!» гэж
зарлиг болов. Олон мянгатаас ялгаж ирүүлсэн хүмүүсийг найман
мянган торгууд болгов. Хоёр мянган хэвтүүл, хорчины хамт бүгд нэгэн
түмэн хишигтэн болов. Чингис хаан зарлиг болруун: «Бидний шадар
түмэн хишигтэнг бэхжүүлж их голын цэрэг болгоё!» гэж зарлиг болов.
227. Бас Чингис хаан зарлиг болж, өдрийн жасаа (ээлж)-ны
торгуудыг дөрвөн ээлж болгож, ээлжийн ахлагч нарыг томилсон нь:
Буха, нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Алчидай нэгэн
ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Додай чэрби нэгэн ээлжийн
хишигтнийг захирч, засаж яв. Доголху чэрби, нэгэн ээлжийн
хишигтнийг захирч, засаж яв. Энэ дөрвөн ээлжийн хишигтнийг
захирах ахлагчдыг томилж тунхаг зарлиг буулгаад бас ээлжийн
ахлагчид, харьяат хишигтнээ жагсааж ээлж хишигт оруулаад гурав
хоноод солилцуулна. Хишигт хүн, ээлжээ тасалбал тэр ээлж тасалсан
хүнийг гурван бэрээ жанчъя. Тэр дахин ээлжээ тасалбал долоон бэрээ
жанчъя. Бас тэр хүн, бие эрүүл бөгөөд ээлжийн ахлагчдын
зөвшөөрөлгүйгээр гуравдугаар удаа ээлжийг тасалбал гучин долоон
бэрээ жанчаад, бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж үзээд
эчнээ хол газарт цөлье! гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид, гурван
ээлжийн хишигтэнд тухай бүр энэ зарлигийг сонсгож байтугай. Эс
сонсгосон бол ээлжийн ахлагчид бурууг хүлээнэ. Зарлигийг сонссон
байтал, зөрчих буюу зарлигаар тогтоосон ээлжийг тасалбал
хишигтнийг буруушаан шийтгэнэ гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид
гагцхүү ахлагч гэсэн төдийгөөр хамт манаж байгаа хишигтнийг миний
зөвшөөрөлгүйгээр бүү шийтгэгтүн. Гэм үйлдсэн хүнийг хэлэгтүн.
Мухриулах (алах) ёстой бол бид мухриулъя. Жанчих ёстойг хэвтүүлж
жанчъя. Ахлагч нар, ахлагч гэсэн төдийгөөр адил эрхтэй хишигтэнд
минь, өөрийн гар хөлийг хүргэж жанчвал бэрээний хариуд бэрээдэж
нударгын хариуд нударгадаж жанчтугай гэв.
228. Бас Чингис хаан зарлиг болруун: «Гадаад мянганы ноёдоос
миний хишигтний ерийн хүмүүс эрхэм бөгөөд гадаад зууны ноёд,
аравны ноёдоос миний хишигтэн хөтөч эрхэм тул гадаад мянганы
ноёд, миний хишигтэнтэй тэнцэж хэрэлдвэл мянганы ноёныг
шийтгэе!» гэж зарлиг болов.
229. Бас Чингис хаан зарлиг болж ээлжийн хишигтний ноёдод
зарлиг тунхагласан нь: Хорчин, торгууд хишиг (ээлж)-т орж, өдрийн
хамгаалагчид зүг зүгт мөр мөртөө явж наран шингэхээс өмнө хэвтүүл
[манаачид хамгаалах ажлаа шилжүүлээд]-д зайлж гадна гарч
хонотугай. Биднийг шөнө хэвтүүлийн цэрэг хамгаална. Хорчин нум
сумаа, буурч (тогооч) нар аяга саваа хэвтүүлд тушааж өгөөд гарч
хонотугай. Гадна хоносон хорчин, торгууд, буурч нар бидний шөл
идтэл уяаны тэнд хүлээж байгаад хэвтүүлд мэдэгдэж, биднийг шөл
идсэний дараа дотогш орж, хорчин нум сумаа авч, торгууд сууриа
эзэлж, буурч нар аяга саваа авч ажлаа хийтүгэй. Ээлж хишгийн хүмүүс
энэ тогтоосон ээлжийн хуулийг мөрдөж яв гэж зарлиг болов. Наран
шингэсний хойно ордны хойгуур урдуур явах хүнийг хэвтүүл манаач
нар барьж хоноод маргааш өглөө байцаан асуугтун. Хэвтүүл, халаагаа
ирэхэд тэмдгээ шилжүүлж өгөөд чөлөөлөгдөнө. Манаагаа шилжүүлсэн
хэвтүүл гарч одтугай гэв. Хэвтүүл, шөнө ордны орчим байж үүдийг
харгалзаж, орохыг завдах хүний мөрийг мөлт цохиж, толгойг тоншин
цавчиж хаятугай. Шөнө яаралтай мэдээ хүргэж хүн ирвэл урьдаар
хэвтүүлд мэдэгдээд гэрийн ард хэвтүүлийн хамт байж, хэлэх үгээ
гаднаас хэлэгтүн. Хэвтүүлийн суурь дээр хэн ч сууж үл болно.
Хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр хэн ч орж үл болно. Хэвтүүлийн
дэргэдүүр хэн ч явж үл болно. Хэвтүүлийн завсраар явж үл болно.
Хэвтүүлийн тоог асууж үл болно. Хэвтүүлийн дэргэдүүр явсан хүнийг
барьтугай. Хэвтүүлийн тоог асуусан хүний тэр өдрийн унасан
эмээлтэй, хазаартай морийг, өмссөн бүрэн хувцсыг хэвтүүл автугай гэж
зарлиг болов. Элжигэдэй итгэлтэй хүн боловч хэвтүүлийн дэргэдүүр
үдэш явж баригдсан биш үү? |
УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ | УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ
230. Чингис хаан өгүүлрүүн:
«Үүлтэй шөнө
Үүдтэй гэрийг минь
Үргэлж сахиж
Энэ биеийг минь
Энх унтуулж
Эрдэнийн сууринд
Хүргэсэн эртний
Ээлт хэвтүүл минь!
Одтой шөнө
Орд гэрийн минь
Орчимд хэвтэж
Өлгий дэвсгэрийн минь
Өмөг болж
Өчүүхэн биеийн минь
Түшиг болж
Өндөр сууринд
Хүргэсэн
Өлзийт буянт хэвтүүл минь!
Халих усан бороонд
Хайрах хүйтэн жаварт
Ханатай гэрийг минь
Харгалзан байж
Халуун амийг минь
Хамгаалан манаж
Хаан сууринд хүргэсэн
Хайр ивээлт хэвтүүл минь!
Өрсөх дайсны мөрөөс
Өших хортны гараас
Өглөө үдэш ялгалгүй
Өрх гэрийг минь хамгаалж
Өөрийн нүдийг цавчилгүй
Өвч биеийг минь арчилсан
Өнийн итгэлт хэвтүүл минь!
Холтсон хоромсогын
Хорд хийх чимээнээс
Хоцролгүй ирэгч
Хотлын сайн хэвтүүл минь!
Шинсэн нумын
Ширдхийх чимээнээс
Шилжрэлгүй ирэгч
Шигшмэл сайн хэвтүүл минь!
Өнө хэдийний
Өлзийт хэвтүүлийг минь
Өвгөн хэвтүүл гэгтүн.
Итгэлт Өэлэн чэрбийн
Ивээлт далан торгуудыг
Их торгууд гэгтүн.
Архай Хасарын харьяат
Ачит шилдэг баатруудыг
Ахмад баатрууд гэгтүн.
Есөнтэй, Бүхэдэйн харьяат
Ерөөлт хуучин хорчныг
Ерөнхий хорчин гэгтүн»
гэж зарлиг болов.
231. «Ерэн таван мянгатаас миний биеийн шадар өмч болгож
илгээсэн түмэн хишигтнийг миний хойно их суурийг залгамжилсан
хөвүүд, ургийн урагт хүртэл миний гэрээс дурсгал мэт сэтгэж, аливаа
гасланд хүрүүлэлгүй сайтар асрагтун. Эдгээр түмэн хишигтнийг
миний эрхэмсэг хишигтэн гэж өргөмжлөхгүй байж болох уу?» гэв.
232. Бас Чингис хаан өгүүлрүүн: «Ордны чэрбийн охид, гэрийн
хүмүүс, тэмээчин үхэрчин нарыг хэвтүүл эрхлэн мэдэж, ордны гэр
тэргийг бас мэдтүгэй. Туг, хэнгэрэг, дөрөө, жадыг хэвтүүл даргалтугай.
Аяга савыг мөн хэвтүүл эрхэлтүгэй. Бидний унд идээг хэвтүүл
даргалтугай. Тахилгын мах идээг хэвтүүл даргалж болготугай. Унд
идээ хор хомс болбол даргалсан хэвтүүлээс шаардъя» гэв. «Хорчин нар
унд идээг түгээхдээ даргалсан хэвтүүлийн зөвшөөрөлгүйгээр тараан
өгч үл болно. Идээг түгээхдээ урьдаар хэвтүүлээс эхлэн түгээтүгэй»
гэв. «Орд гэрт орох гарах юмыг хэвтүүл эрхлэн мэдтүгэй. Гэрийн ойр
үүдэнд хэвтүүлийн хаалгачин байтугай. Хэвтүүлийн хоёр хүн дотогш
орж, их сөнг түшиж байтугай. Хэвтүүлээс нутаг эрэн үзэж орд гэрийг
буулгатугай» гэв. «Бидний шувуу авлахад хэвтүүл бидэнтэй хамт
шувуу авлан явтугай. Гэр тэрэгний дэргэд заримыг цагийн байдлаар
үлдээтүгэй» гэв.
233. Бас Чингис хаан өгүүлрүүн: «Бидний бие байлдаанд эс
мордвол хэвтүүл биднээс ангид байлдаанд мордож үл болно» гэв. «Энэ
зарлигийг мэдсээр байгаад атаархан зөрчиж, хэвтүүлийг байлдаанд
мордуулбал цэргийн хэргийг эрхлэх чэрбийг буруушаан шийтгэнэ»
гэж зарлиг болов. «Хэвтүүлийн цэргийг байлдаанд үл мордуулах
шалтгааныг та нар асуувал, хэвтүүл, миний алтан амийг сахина.
Шувуу, гөрөөсийг авлахад хамт зовж зүднэ. Нүүх суухад ордыг
хамгаалж, хөсөг тэргийг харгалзана. Миний биеийг сахиж хонох
хялбар уу? Гэр тэрэг, их аураг (гол орд)-ийг нүүхэд хамгаалах гэдэг
хялбар уу? Ийм давхар салбарын ажилтай тул тэднийг биднээс ангид
байлдаанд явуулахгүй гэсэн учир тийм биз» гэжээ.
234. Бас зарлиг болруун: «Шигихутугийн зарга шийтгэхэд
хэвтүүлээс сонсолцож оролцтугай. Хэвтүүлээс нум, саадаг, хуяг, зэвийг
хадгалах, түгээх ажлыг эрхлэлцтүгэй. Агт морьдыг авчирч ачаа юмыг
ачиж явтугай» гэв. «Хэвтүүл, чэрби нарын хамт эд уурсыг түгээж
байгтун. Хорчин, торгууд нар нутаг заагаад нүүхэд Ёсөнтэй, Бүхэдэй
нарын хорчин, Алчидай, Өэлэн Ахудай нарын торгуудууд, ордны
баруун этгээдэд явтугай» гэв. «Буха, Додай чэрби, Чанай нарын
торгууд, ордны зүүн этгээдэд явтугай» гэв. «Архайн баатрууд ордны
урд явтугай» гэв. «Хэвтүүл, орд гэр, тэргийг хамгаалж ордны дэргэд,
зүүн этгээдэд явтугай» гэв. «Бүх хишигтэн, торгууд ба ордны орчим
явах, орд гэрийн хөвүүд адуучин, хоньчин, тэмээчин үхэрчнийг ордны
дараа ард явах Додай чэрби захиртугай» гэж тушаав. «Додай чэрби,
хотол ордны хойноос дагаж, хог идэж, хомоол түүж явтугай» гэж
зарлиг болов.
235. Хубилай ноёныг харлагуудад мордуулав. Харлагийн Арслан
хан, Хубилайд элсэн ирсэнд Хубилай ноён, Арслан ханыг авчирч,
Чингис хаанд уулзуулав. Чингис хаан, Арсланыг байлдсангүй дагав
гэж сайшаан соёрхож, охиноо өгье гэж зарлиг болов. [Харлугуудын
Арсланд Алха бэхийг өгч Чингис хаан соён зарлиг болруун:
Харайхад минь хөл болж
Хазайхад минь түшиг болж
Халтирахад минь тах болж
Халамж тус хүргэхээ
Хайрт Алха минь мэдтүгэй.
Энэ биеэ хэврэг боловч
Эрхэм нэр мөнх шүү.
Саруул ухаанаас илүү
Сайн нөхөр байдаггүй.
Мунхаг хилэнгээс илүү
Муу дайсан байдаггүй.
Эрхэм итгэл олон боловч
Энэ бие бүгдээс итгэлтэй
Хайрлах юм олон боловч
Халуун амийг хамгаас хайрлалтай
Хатуужиж явбал хамагт хэрэгтэй.
Ариун явбал ашид тустай гэж
Сургасан ажээ. А. то.]
236. Сүбээдэй баатар, төмөр тэрэгтэй цэргээ авч яваад мэргидийн
Тогтоагийн Худу, Чулуун зэрэг хөвүүдийг нэхэн довтолж, Чүй мөрний
тэнд гүйцэж сөнөөгөөд ирэв.
237. Зэв, Найманы Хүчүлүг ханыг нэхэж Сариг гүн гэдэг газарт
гүйцэж сөнөөгөөд ирэв.
238. Уйгурын Идүүд хан, Чингис хаанд Адхираг Дарбай хоёр
элчийг илгээж хэлүүлсэн нь: «Үүл арилж гэгээн наран тодорсон мэт,
мөс хайлж тунгалаг мөрөн урссан мэт. Чингис хаан соёрхвол, алтан
бүсийн чинь горхиноос барьж, ариун дээлийн чинь үртэснээс олж,
тавдугаар хөвүүн чинь болж хүч өгье» гэж өчиж илгээжээ. Тэр үгийг
сонсоод Чингис хаан соёрхож хариу хэлж илгээсэн нь: «Охиноо өгье.
Тавдугаар хөвүүн болтугай. Алт мөнгө, сувд, тана, хоргой хээт оёмол,
торго уурсыг авч иртүгэй» гэж илгээвэл, Идүүд соёрхогдов гэж баясаж,
алт, мөнгө, сувд, тана, торго, хоргой зэрэг уурс авч ирээд Чингис
хаантай уулзав. Чингис хаан, Идүүдийг соёрхож, Алалтун бэхи охиноо
өгөв. [Уйгурын Идүүдэд Алалтун бэхийг өгөхөд Чингис хаан сургасан
нь: «Хатагтай хүнд гурван эр бий. Анхны эр нь алтан төр. Түүний
дараах эр нь ариун нэр. Түүний дараах эр нь авсан эр мөн билээ. Алтан
төрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг
бэхэлбэл, авсан эр ангид үл одно» гэж зарлиг болсон ажээ. А. то.]
239. Туулай жил (1207 он), Зүчи, баруун гарын цэргийг авч, ойн
иргэнийг эзлэхээр мордоход Буха газарчилж явав. Ойрд (ойн ард)-ын
Худуга бэхи, түмэн ойрдоо авч дагаар ирэв. Худуга бэхи ирээд Зүчийг
газарчлан, түмэн ойрадын нутгаар явж Шигшид (Шишгид гол)-д
хүрэв. Зүчи, ойрд, буриад, барга урсууд, хабханас, ханхас, туба
аймгийг оруулаад Түмэн хэргисийн нутагт хүрвэл, хэргисийн ноёд,
Эди, Инал, Алдиэр, Өлэбэгтигин нар элсэн орж цагаан шонхор, цагаан
морь, хар булга авч ирээд Зүчитэй уулзав. Шибир, Хэсдин, Баяд, Тухас,
Тэнлиг, Төөлс, Тас зэрэг Баягидаас нааших ойн иргэнийг эзэлж
оруулаад хэргисийн түмний ноёд, мянганы ноёд ба ойн иргэний
ноёдыг аваад ирсэнд тэд, Чингис хаанд цагаан шонхрууд, цагаан
морьд, хар булгануудаа бэлэглэж уулзав.
Ойрдын Худуга бэхийг урдаас угтан, түмэн ойрдоо дагуулан элсэж
ирэв гэж соёрхож, түүний хөвүүн Иналчид Чэчэйхэн охиноо өгөв.
Иналчийн ах Төрэлчид Зүчийн охин Олуйханыг өгөв. Алагабэхи
охиныг Онгуудад өгөв. Чингис хаан, Зүчийг соёрхож өгүүлрүүн:
«Хөвүүдийн минь ахмад чи, гэрээс анх гараад мөр сайтай явж хүрсэн
газарт хүн, морийг гарздаж зовоосонгүй, өлзийт ойн иргэнийг оруулж
ирэв, чи. Эдгээр иргэнийг чамд өгье» гэж зарлиг болов.
240. Бас Борохул ноёныг хорь түмд (хорь буриад) иргэнийг
эзлүүлэхээр явуулав. Хорь түмд иргэний ноён Дайдухул сохрыг
үхсэний хойно түүний гэргий Ботохой тарган хорь түмдийг захирч
байжээ. Борохул ноён, тэнд очоод гурван хүнийг дагуулан их цэргийн
тэргүүн үд оройг ойлгоход бэрх ойн дотор нарийн харгуйгаар явж
байтал хорь түмдийн харуулын хүмүүс тэдний ард гарч зам боогоод
Борохул ноёныг барьж алжээ. Борохулыг хорь түмдэд алагдсаныг
сонсоод Чингис хаан маш хилэгнэж өөрөө морилохыг завдвал, Боорчи
Мухулай хоёул Чингис хааныг ятгаж болиулав. Жич Дөрвөдийн
Дөрбэй- Догшинд тушаасан нь: «Цэргийг чанга захирч мөнх тэнгэрт
залбирч, хорь түмд иргэнийг эзлэхийг оролдогтун» гэж зарлиг болов.
Дөрбэй, цэргээ аваад урьд цэргийн явж, харуулын сахисан зам сүвээр
цөөн цэргийг явуулж сүр үзүүлж мэхлээд өөрөө олон цэргээ авч улаан
бухын харгуйгаар урагш давшив. Цэргийн аливаа хүний зүрх
шантарвал жанчихын тул хүн бүрд арван саваа (торлог) үүрүүлж, эр
бүрийг сүх, ооль, хөрөө цүүцээр зэвсэглүүлээд улаан бухын явсан
мөрөөр урагш давшиж, мөрт тохиолдсон модыг огтчин цавчуулж,
хөрөөдүүлж замыг цэвэрлээд, уул дээр гараад, хуримлан суугаа түмд
иргэний орой дээрээс довтлон оров.
241. Урьд Хорчи ноён, Худуга бэхи хоёр, хорь түмдэд баригдаад
Ботохой тарганы тэнд байсан ажээ.
Хорчийн баригдсан учир нь: Хорь түмдээс гоо сайхан хүүхэн
гучийг шилж ав гэж зарлиг болсонд Хорчи ноён, хорь түмдээс
хүүхнүүдийг авах гэт очтол, урьд дагасан хорь түмд иргэн дахин
дайсан болж Хорчи ноёныг бариад авчээ. Хорчийг түмдэд баригдсаныг
сонсоод Чингис хаан ойн иргэний байдлыг мэдэх хүн гэж Худуга
бэхийг илгээвэл, Худуга бэхи бас баригджээ. Хорь түмдийг эзэлж
дуусаад Борохулын хүүр ясны тул зуун Түмдийг түүний гэр бүлд өгөв.
Хорчид гучин охиныг өгөв. Ботохой тарган хатныг Худуга бэхид өгөв.
242. Чингис хаан зарлиг болж, эх, хөвүүд, дүү нартаа иргэнийг
хувааж өгсөн нь: «Улсыг хураахад зовж зүдсэн эх минь биз. Хөвүүдийн
минь ах Зүчи биз, Дүү нарын минь бага Отчигин (отгон: галын хан,
голомтын эзэн) биз» гээд, эх Отчигин хоёрт нэгэн түмэн иргэн (түмэн
өрх)-ийг өгвөл эх чамлаж эс дуугарав. Зүчид есөн мянган иргэнийг
өгөв. Цагадайд найман мянган иргэнийг өгөв. Өгэдэйд таван мянган
иргэнийг өгөв. Толуйд таван мянган иргэнийг өгөв. Хасарт дөрвөн
мянган иргэнийг өгөв, Алчидайд хоёр мянган иргэнийг өгөв.
Бэлгүтэйд нэгэн мянга таван зуун иргэнийг өгөв. Авга Даридайг
Хэрэйдтэй нийлж явсан гэж нүднээс далд болгоё гэвэл, Боорчи
Мухулай Шигихутуг гурав өгүүлрүүн: «Өөрийн голомтыг сөнөөх мэт,
өөрийн гэрийг эвдэх мэт болох биш үү. Сайн эцгийн чинь гэрээс болж
үлдсэн ганц авга чинь биш үү. Түүнийг үгүй хийж яаж болно? Түүний
ухаж мэдсэнгүйг уучилтугай. Сайн эцгийн чинь багын нутагт
голомтдоо утаа гаргаж яваг» гэж халуун сэтгэлээр ятгаж, хамраасаа
утаа гартал хэлсэнд «За тийм болог» гэж сайн эцгээ санаж, Боорчи
Мухулай Шигихутуг гурвын үгэнд орж амарлив.
243. «Би, эх Отчигин хоёрт түмэн иргэнийг өгөөд, Хүчү, Хөхөчү
Жунсо, Аргасун дөрвөн ноёдыг тушааж өгөв. Зүчид, Хунан Мүнхэүр
Хэтэ гурвыг тушааж өгөв. Цагадайд Харачар Мөнх Идухадай гурвыг
тушааж өгөв». Бас Чингис хаан өгүүлрүүн: «Цагадай хэцүү догшин
авиртай тул Хөхөчос, өглөө үдэш дэргэд нь байж санаснаа хэлж
зөвлөж байтугай» гэж зарлиг болов. Өгэдэйд Илугай Дэгэй хоёрыг
тушааж өгөв. Толуйд Жидай Бала хоёрыг тушааж өгөв. Хасарт
Жибэгээг тушааж өгөв. Алчидайд Чаурхайг тушааж өгөв.
244. Хонхотны Мэнлиг эцгийн хөвүүд долоо билээ. Долоон
хөвүүний дундах нь Хөхөчү Дэв тэнгэр бөө бүлгээ. Тэр хонхотны
долоон хөвүүд, Хасарыг бариад элбэж жанчжээ. Хасар, долоон
хонхотонд жанчигдав гэж Чингис хаанд сонсговол Чингис хаан бусад
хэрэгт хилэгнэж байсан цаг тул хилэнтэйгээр Хасарт өгүүлрүүн:
«Амьтанд дийлэгддэггүй хүн гэдэг биш билүү, чи? Яагаад дийлэгдэв?»
гэвэл, Хасар нулимс унагаж босоод гарав. Хасар гомдож, гурван өдөр
ирсэнгүй. Тэр цагт Дэв тэнгэр, Чингис хаанд өгүүлрүүн: «Мөнх
тэнгэрийн сахиулс, нэгэн удаа Тэмүжин, улсын эрхийг барина. Нэгэн
удаа Хасар, улсын эрхийг барина гэж зөн мэдэгдэв. Хасараас эс
болгоомжилбол юу болохыг мэдэхгүй» гэсэнд, Чингис хаан мөн шөнө
морилж, Хасарыг барихаар одвол, Хүчү Хөхөчү хоёр, «Хасарыг
барихаар одов» гэж Өэлүн эхэд мэдээлэв. Өэлүн эх сэүх тэргэнд цагаан
тэмээ хөллөөд шөнө турш явж, наран ургах үеэр хүрч ирвэл, Чингис
хаан, Хасарын ханцуйг уяж, малгай бүсийг нь аваад байцаан асууж
байв.
Чингис хаан эхээ үзээд эмээн зайлав. Өэлүн эх уурлаж тэрэгнээс
буумагц, Хасарын ханцуйн хүлгийг өөрөө тайлж тавиад малгай,
бүсийг нь Хасарт өгөөд уур хилэнгээ даран ядаж завилан суугаад хоёр
хөхөө гаргаж, хоёр өвдөг дээрээ барьж өгүүлрүүн: «Үүнийг харж
байна уу? Хөхсөн хөх чинь энэ байна. Хавиргаа хадран хазагчид,
хүйгээ хүчирхэн таслагчид! Хасар яав! Тэмүжин энэ нэгэн хөхийн сүүг
хөхөж барах билээ. Хачиун Отчигин хоёул нэгэн хөхийн сүүг хөхөж үл
барах билээ. Хасар бол хоёр хөхийн минь сүүг дуустал хөхөж, цээжийг
минь уужим болгож амарлиулдаг билээ. Тийнхүү Тэмүжин цээжиндээ
эрдэмтэй,
Хасар хав хүчтэй тул
Хатгалдан зайлагсдыг
Харвах сумын хүчээр
Хамж авчирдаг билээ.
Огшиж дутаагсдыг
Онох сумын хүчээр
Оруулан авчирдаг билээ.
Одоо дайсныг дарж төгсгөв
гэж Хасарыг үзэн ядаж байна уу?» гэв. Эхийн уурыг амарлиулаад
Чингис хаан өгүүлрүүн: «Эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж,
ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхээ болъё!» гэв. Эхдээ хэлэлгүй
далдуур Хасарын зарим иргэнийг булаан авч Хасарт нэгэн мянган
дөрвөн зуун иргэнийг үлдээв. Үүнийг Өэлүн эх мэдээд сэтгэлээ
зовсоор хурдан хөгширчээ. Хасарт өгсөн Жалайрын Жибэгэ тэндээс
зайлж, Баргужин оронд дутаав.
245. Түүний хойно есөн хэлтэн (хамаг) улс, Дэв тэнгэрт хуралдан
очсон ба Чингис хааны агтын хорооноос ч олон хүн Дэв тэнгэрт очиж
захирагдав. Бас Отчигин ноён Тэмүгэгийн харьяат иргэн Дэв тэнгэрт
очжээ. Отчигин ноён, одсон иргэнээ авчруулахаар Сохор нэрт элчийг
илгээвэл, Дэв тэнгэр, элч Сохорт өгүүлрүүн: «Отчигин та хоёр, их элч
илгээдэг болжээ» гэж элч Сохорыг зодож, эмээлийг нь үүрүүлэн явган
буцаажээ. Элч Сохорыг зодуулж явган ирсний маргааш Отчигин ноён
өөрөө Дэв тэнгэрийнд очиж өгүүлрүүн: «Элч Сохорыг илгээвэл зодоод
явган буцаажээ. Одоо би иргэнээ авахаар ирэв» гэвэл, долоон
хонхотон, Отчигин ноёны энд тэндээс хааж «Элч Сохорыг илгээдэг
чинь зөв үү?» гэж барьж зодохыг завдсанд, Отчигин ноён айж
өгүүлрүүн: «Элч илгээсэн минь буруу болжээ» гэв. Хонхотны долоон
хөвүүд өгүүлрүүн: «Буруугаа мэдсэн бол наманчлан сөгд!» гэж
Отчигиныг Дэв тэнгэрийн хойноос сөгдүүлжээ. Тэгээд Отчигин ноён,
иргэнээ авч чадсангүй буцаж маргааш өглөө нь Чингис хааныг
босоогүй, орон дотроо байхад орж ирээд уйлан сөгдөж өгүүлрүүн:
«Есөн хэлтэн иргэн, Дэв тэнгэрт чуулалдаж байгаа үүнд, Дэв тэнгэрээс
харьяат иргэнээ авахаар элч Сохорыг илгээв. Элч Сохор зодуулж
эмээлээ үүрч явган ирсэнд, би өөрөө очвол, долоон хонхотон, намайг
энд тэндээс хааж тулгаж бурууг хүлээлгэн наманчлуулав. Дэв
тэнгэрийн хойноос сөгдүүлэв» гээд уйлав. Чингис хааны үг хэлэхийн
өмнө Бөртэ үжин, орон дотроос өндийн сууж хөнжлийн захаар
өвчүүгээ бүрхэж, Отчигины уйлахыг үзэж, нулимс унагаж өгүүлрүүн:
«Тэд хонхотон нар яасан хэцүү хүмүүс билээ? Урьд Хасарыг бүслэн
жанчсан. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сөгдүүлэв? Энэ
ямар ёс вэ? [чамайг бэлхэн амьд байхад А. то.] Ойн нарс мэт олон
сайхан дүү нарыг чинь ингэж дарлаж байна.
Үүнээс хойш тэд
Үүл мэт биеийг чинь
Үгүй болж одвол
Үлсэн их улсыг чинь
Үр хүүхдээр чинь мэдүүлэх үү?
Сүүлийн цагт тэд
Сүлд гэгээн биеийг чинь
Сүүдэр болж одвол
Сүрэг их улсыг чинь
Сүйтгэхэд хүрэх биш үү,
Өндөр уулын нарс мэт
Өнөр сайхан дүү нарыг чинь
Өшин дарлагч тэд
Өсөж бойжиж амжаагүй
Өчүүхэн хэдэн хүүхдэд чинь
Өргөн улсыг мэдүүлэхгүй
Яасан хэцүү хонхотан нар билээ? Дүү нараа ингэж дарлахыг
үзсээр байгаад зүгээр өнгөрүүлэх үү, чи?» гээд Бөртэ үжин нулимс
цувируулав. Бөртэ үжиний энэ үгийг сонсоод Чингис хаан Отчигинд
өгүүлрүүн: «Дэв тэнгэр одоо ирнэ. Өшөөгөө яаж авахыг чи өөрөө мэд»
гэв. Тэгэхэд Отчигин босож нулимсаа арчиж гараад гурван бөхийг
бэлтгэж зогсоов, удалгүй Мэнлиг эцэг, долоон хөвүүнээ дагуулан ирж
бүгдээр гэрт орж, Дэв тэнгэр, сөнгийн баруун этгээдэд суув. Отчигин,
Дэв тэнгэрийн дээлийн захаас барьж «Өчигдөр чи намайг
наманчлуулсан билүү? Хүчээ үзэлцье» гэж үүдэн тийш чирэв. Дэв
тэнгэр, Отчигиныг эсэргүүцэж, түүний дээлийн захаас барив. Тэр
хоёрын барилдахад Дэв тэнгэрийн малгай, голомтын дээр унав.
Мэнлиг эцэг унасан малгайг авч үнсээд өвөртөө хийв. Чингис хаан
өгүүлрүүн: «Гадагш гарч бөх хүчээ тэмцэлдэгтүн» гэв. Отчигин, Дэв
тэнгэрийг босго дээгүүр чирч гарахад урьд бэлтгэсэн гурван бөх
угтаж, Дэв тэнгэрийг бариад чирэлдэж нурууг хугалаад зүүн этгээдийн
угсарсан тэрэгний үзүүрт орхив. Отчигин орж өгүүлрүүн: «Дэв тэнгэр,
намайг наманчлуулж байсан билээ. Одоо хүчээ үзэлцье гэвэл үл
зөвшөөрч баширлан хэвтэж байна» гэвэл, Мэнлиг эцэг, учрыг мэдэж
нулимс цувируулан өгүүлрүүн:
«Уужим эх газрыг
Довын төдий байхад
Уулзаж нөхөрлөсөн билээ, би
Усан их мөрнийг
Горхины төдий байхад
Учирч танилцсан билээ, би»
гэхэд хонхотны зургаан хөвүүд үүдийг хааж, голомтыг тойрон
ханцуйгаа шамлаж түрэмгийлэхийг завдахад, Чингис хаан бачимдан
шахагдаж, «Зайл. Гаръя» гээд гэрээс гарвал, орчимд байсан хорчин
торгууд нар ирж тойрон хамгаалан, Дэв тэнгэрийг угсарсан тэрэгний
адагт нурууг хугалаад орхисныг Чингис хаан үзэж хойдуул (арын
гэрүүд)-ээс нэгэн бор гэрийг авчруулж, Дэв тэнгэрийн дээр нь
бариулаад «Хөсгөө бэлтгэ! Нүүе» гээд тэндээс нүүв.
246. Дэв тэнгэрийг тавьсан гэрийн өрхийг бүтээж, үүдийг дарж
хүнээр сахиулбал, гуравдугаар шөнө үүр цайж байхад гэрийн өрх
нээгдэж, Дэв тэнгэрийн бие үгүй болжээ. Нягталж үзвэл үнэхээр
түүний хүүр алга байв. Чингис хаан өгүүлрүүн: «Дэв тэнгэр, миний
дүү нарт гар хөл хүрсэн ба миний дүү нарын хооронд оргүй хов үг
хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, түүний амь бие хоёулыг
тэнгэр авч одов» гэв. Чингис хаан, Мэнлиг эцгийг тэнд донгодож
хэлсэн нь: «Та хөвүүдийнхээ авир занг ятгахгүй тул тэд, бидэнтэй
тэмцэх гээд Дэв тэнгэрийн толгойг алдав. Та нарын ийм зан гаргахыг
мэдсэн бол та нарыг хэдийн Жамуха, Алтан, Хучар нарын адил болгох
билээ» гэж Мэнлиг эцгийг буруушаан донгодоод, жич «Өглөө хэлснээ
үдэш няцаж, үдэш хэлснээ өглөө няцаж явбал ичүүртэй биш үү. Урьд
хэлснээ хатуу барьж явбал дээр биш үү» гээд бас зарлиг болруун:
«Ааш авираа татаж явсан бол Мэнлиг эцгийн урагтай хэн тэнцэх
билээ» гэв. Дэв тэнгэрийг үгүй болсноос хойш хонхотны хөвүүд
номхров. |
ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ | null |
ЧИНГИСИЙН НАС БАРСАН БА ӨГӨӨДЭЙН ХААН БОЛСОН НЬ | null |
Толуй | Толуй
Чингис хааны Бөртэ хатнаас төрсөн отгон хөвгүүн, Их Монгол улсын төрийн хэргийг хамаарагч (1227-1229).
Толуй нь их хааны ширээнд албан ёсоор суугаагүй боловч, “Их ноён” цолтой ихээхэн нөлөө бүхий хүн байв. Чингис хаан хөвгүүддээ хувь эзэмшил хуваан өгөхөд Толуй отгон хүүгийн хувиар уугуул монгол нутгийг захирах болжээ. Толуй ихэнхдээ эцгийнхээ дэргэд байж, төрийн хэргийн талаар зөвлөлдөж, аян дайнд оролцдог байв.
Чингис хаан 1211 оноос Алтан улсын эсрэг довтолж эхлэхэд Толуй эцгээ дагалдан 1214 онд Хэбэй, Шаньдун мужийг эрхэндээ оруулжээ. Ялангуяа Дунгуан боомтыг эзлэн авахад Толуй Чигу хүргэнтэй хамт дайсны цэргийг ихэд дарж, гавьяа байгуулав.
1219 онд Хорезм улсыг дайлах үед Толуй эцгийн хамт гол цэргийг удирдан Бухар, Самаркандыг довтлов. Түүнчлэн Толуй Хорасаны Ниса, Мерв, Нишапур, Херат хотуудыг довтлон эзэлснээс гадна Балх, Тальканыг эзлэхэд оролцов. 1226 онд Тангуд улсыг дайлахад Толуй нь ах Өгэдэйн хамт эцгээ даган морджээ.
1227 онд Чингис хааныг нас барсны дараа 1229 он хүртэл 2 жилийн хугацаанд Толуй Их Монгол улсыг захирч байв. Энэ үед Толуй нь 101 мянган эзэмшсэн асар том “голын улс”-ын эзэн байв. Гэвч тэрээр “голын улс”-ыг ах Өгэдэйдээ шилжүүлэн өгснөөр 1229 онд Өгэдэй хаан ширээнд суусан гэдэг.
Толуй 1230 оноос эхэлсэн Алтан улсын эсрэг аян дайнд Монголын баруун жигүүрийн цэргийг удирдаж, чухал үүрэг гүйцэтгэжээ. 1231 онд Толуйн удирдсан цэрэг Шэньсигээс Өмнөд Сүнгийн хилийг давж, Кайфэн-гийн өмнөд этгээдэд довтлон оров. 1232 оны хаврын эхэн сард Толуйн цэрэг Кайфэнгээс баруун өмнө зүгт орших Саньфэн ууланд Ваньянь Хада-гийн удирдсан Алтан улсын 15 түмэн цэрэгтэй тулалдаж, сөнөөжээ. Энэхүү тулалдаанаар Алтан улсын хувь заяа үндсэндээ шийдэгдэв. Түүний дараа Толуй Өгэдэй хааны удирдсан гол хүчтэй нийлж мөн оны 3-р сард Кайфэн-г бүслэв. Удалгүй тус хотыг бүслэх хэргийг Сүбээдэй, Тагачар нарт даалгаж, Өгэдэй, Толуй нар умар тийш буцжээ. Ийнхүү буцах замдаа 1232 оны 10-р сард Толуй нас баржээ. |
Уйгурын үеийн археологийн дурсгалууд | Уйгурууд дөрвөлжин шавар хэрэмт бэхлэлт хотуудыг их барьдаг ба хил хязгаарыг сэргийлэн хамгаалах бэхлэлт хотын бүхэл бүтэн сүлжээ бүрэлдэн тогтсон байжээ. Ялангуяа хил хязгаараа умар зүгээс сэргийлэн хамгаалах нумарсан хэлбэрт их бэхлэлт хэрэм, түүний бүрэлдэхүүнд олон тооны шивээ цайзыг оруулан барьсан байжээ. Энэ их хэрмийн дагуух хилийн 17 бэхлэлт цайзыг Тува улсын нутагт илрүүлэн судалсан байна. Бэхлэлт хотуудын зарим нь засаг захиргааны төвийн үүрэг ч гүйцэтгэж байжээ. Эдгээр нь суурин амьдралын төв болж газар тариалан, гар урлал, худалдаа наймаа цэцэглэн хөгжиж байв. Уйгурын эртний хот балгасны дотроос хамгийн нүсэр том нь хаант улсын нийслэл байсан Ордубалык буюу Хал балгас юм. IX зууны эхээр Арабын жуулчин Тамим Бин Бахр Орхоны хөндий дэх Уйгурын нийслэл Орду Балык хотод өөрийн биеэр очиж хүн ам ихтэй, худалдаа наймаа цэцэглэн хөгжсөн том хот байсныг тэмдэглэжээ. Археологичид Орду Балык хотод явуулсан археологийн хайгуул судалгааны дүнд 32 км квадрат талбайтай байсныг тогтоогоод байна.
Уйгурууд нас барсан хаад, язгууртнуудад тахилын онгон байгуулдаг уламжлалтай байжээ. Булган аймгийн Сайхан сумын нутаг Могойн Шинэ Усанд байгуулсан Уйгурын Моюунчур хааны тахилын онгон нь суваг бүхий шороон хэрэмтэй, голдоо чулуун овоолго болон чулуун мэлхий дээр суурилуулсан руни бичээст гэрэлт хөшөө зэргээс бүрдсэн цогцолбор дурсгал байжээ.
Уйгурууд тухайн үедээ бичиг үсгийн өндөр боловсролтой ард түмэн байжээ. Тэд эхэндээ түрэгийн руни бичгийг хэрэглэж байгаад хожим өөрсдийн хэл авианы онцлогт нийцүүлэн согд бичигт тулгуурлан уйгур бичгийг зохиожээ. Тэд гэрэлт хөшөө босгох чулууг гонзгой дөрвөлжин хэлбэртэй болгон засч, яст мэлхийн суурин дээр суурилуулах бөгөөд гэрэлт хөшөөнд элдэв тамга тэмдгийг цохиж сийлсэн байх нь олон тохиолддог. Мэлхий чулуун суурь дээр суурилуулдаг нь өнө мөнх урт удаан наслах, амгалан тайван байдлыг бэлгэдсэн гүн гүнзгий утга агуулгатай. Тэд руни, уйгур бичгээс гадна согд, брахми, хятад зэрэг хэлээр үйл хэргийг тэмдэглэн хөтөлдөг байсан аж.
Орхоны хөндий дэх Уйгурын нийслэл Хар балгаснаас холгүй орших Дөрвөлжин хэмээх дурсгалыг Монгол–Хятадын хамтарсан археологийн судалгааны анги малтан судалж сонирхолтой үр дүнд хүрсэн байна. Уг дурсгал нь гадуураа сувгаар хүрээлэгдсэн, зүүн талдаа үүд бүхий дөрвөлжин хэлбэрийн намхан шавар хэрэмтэй, түүний дотор нэг, зарим тохиолдолд хэд хэдэн барилгын туурьтай байх бөгөөд тэдгээр барилга байгууламжийг шатаасан тоосгоор барьж, шохойгоор өнгөлж элдэв зургаар будаж чимэглэсэн байжээ. Хэрмийн дотор, газрын гүнд тоосгон бунхан байгуулж нас барсан хүнийг оршуулсан байв. Бунхныг нүүдэлчдийн уламжлалт сууц болох гэрийн ерөнхий хэлбэрийг дууриалган, дугуй хэлбэртэй бөмбөгөр оройтой байгуулаад, хаалга үүдийг нь мөн зүүн зүгт гаргасан байдаг. Дөрвөлжин хэмээх эл дурсгалаас илэрч олддог барилгын хэрэглэгдэхүүн, ваар сав суулганы үлдэгдлүүд нь Уйгурын хот суурингаас гардаг олдворуудтай үндсэндээ ижил юм.
Уйгурын жирийн ард иргэдийн булш оршуулгыг малтан судалсан нь харьцангуй цөөн боловч Казахстан, Тува болон Монголын нутгаас илрүүлэн судалж байна. Тэдгээр нь Түрэг булшны нэгэн адил морь дагалдуулсан оршуулгууд байдаг бөгөөд булшнаас илэрч буй олдвор хэрэглэгдэхүүнээр нь Уйгурын үед холбогдуулан үздэг ажээ.
Уйгурын хүн чулуун хөшөөд Монголын баруун хэсэг, ОХУ-ын Тувагийн өмнөд хэсгээр тархсан бөгөөд Түрэгийн хүн чулуутай ерөнхийдөө төстэй боловч зарим нэг өвөрмөц ялгаатай. Түрэгийн хүн чулууны хажууд тахилын онгон, чулуун хашлага, зэл чулуу зэргийг байгуулсан байдаг бол уйгурчууд хүн чулууг дангаар нь босгодог байсан бололтой. Чихэвчийг нь сөхсөн хавтгайдуу оройтой малгай өмссөн, хоёр гараа хэвлийн өмнө авч цүлхэн бөөртэй сав шахаж тэвэрсэн байдлаар дүрсэлсэн, харьцангуй том хэмжээтэй хөшөөдийг Уйгурын үед хамааруулдаг. Ийм төрлийн хөшөөд Монголоос 10 орчим олдоод байна. |
Аваргын балгас | Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Рашаан дэрсний ухаа хэмээх толгодын дунд орших эртний нэгэн хотын туурь.
Энэ хотын туурь Аварга Тосонгийн рашаан сувиллаас урагш Аваргын голын хойд хөвөөнд байрлах ба зүүнээс баруун тийш 1200 метр, хойноос өмнө зүгт 500 метр, нийт 60 орчим га талбайг эзлэн оршино. Хойд хэсгээрээ хагас дугуйрсан шороон хэрмийн үлдэцтэй. Зүүн, баруун хэсгийг нэвт гарсан гол гудамжны хоёр талаар олон тооны барилгын ор байх бөгөөд зарим нь гадна хөрсөн дээр хэлбэр төрх нь сайн ялгарахгүй шороон овгорууд боловч 10 гаруй хэрэмтэй, хэрэмгүй томоохон ор үлдэгдлүүд илүү тодорхой мэдэгдэнэ.
1950-иад онд эрдэмтэн Х.Пэрлээ уг туурийг Чингис хааны их орд “Ауруг орд” мөн хэмээн тогтоож 1961-1976 онуудад хэд хэдэн удаа судалгаа хийжээ. Хожим 1992 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд дэвсгэр зургийг үйлдэн хэд хэдэн цэгт геофизикийн судалгаа явуулсан байна. Улмаар 2001 оноос Монгол-Японы хамтарсан “Шинэ зуун” төслийн хээрийн шинжилгээний анги нарийвчилсан малтлага судалгааны ажлыг байгалийн шинжлэх ухааны олон талын судалгааны үр дүнтэй нэгтгэн гүйцэтгэж энэ хот нь орд өргөө, газар тариалан, төмрийн дархан, агуулах болон бусад жижиг үйлдвэрлэлийн газруудтай байсныг тогтоосон юм.
Аваргын балгас буюу Чингис хааны “Ауруг орд”-ын туурь нь Хэрлэнгийн Хөдөө арлын бүс нутагт хадгалагдаж буй Монголын эзэнт гүрний үеийн хамгийн чухал археологийн дурсгалуудын гол төлөөлөл болно. Түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн баримтаас үзвэл Чингис хаан улирлын шинжтэй дөрвөн ордтой байжээ. Ордууд нь эхэн үедээ цаг улирлын байдал, малын бэлчээр даган нүүдэллэж байсан ба сүүлдээ суурьшин хот хүрээ болон өргөжсөн байна. Эдгээрээс энэхүү “Ауруг орд” нь хамгийн хүндтэй гол орд байсан бөгөөд Хэрлэнгийн Хөдөө аралд байрлаж үйл хэргийг нь Бөртэ хатан эрхлэн явуулдаг байжээ.
Археологийн малтлага судалгааны үр дүнд энэхүү хотын туурийг XII-XIV зууны үед холбогдох Чингис хааны “Их орд”, Монголын эзэнт гүрний эхэн үеийн улс төр, эдийн засгийн төв, хожим нь онгон шүтээний хамгийн хүндтэй газар байсныг тогтоосон байна.\ |
Авын Хөх уулын булш | Түрүү хүрлийн үеийн Хэмцэгийн соёлын оршуулгын цогцолбор.
Авын Хөх уул нь Ховд аймгийн Булган сумын нутагт сумын төвөөс баруун тийш 8 км зайд Булган голын баруун эрэгт оршино. 2008 онд Д.Батсүх, Т.Батбаяр нар нээн илрүүлжээ. Уулын өвөр бэл, баруун ба зүүн шанаанд хүрлийн үеэс дундад зууны үед хамаарах олон арван дурсгал бий. Тухайлбал, түрүү хүрлийн үеийн хэмцэгийн соёлын хүн чулуу ба булшнууд, хөгжингүй ба хожуу хүрлийн үеийн Баянтүмбийн хэлбэрийн булшнууд, Хүннүгийн үеийн 20 гаруй булштай оршуулгын газар байсныг илрүүлж зарим дурсгалыг 2012 онд Ц.Төрбат нар малтан судалж он цаг ба соёлын хамаарлыг тогтоожээ.
Авын Хөх уул-V дурсгал нь Хэмцэгийн соёлын хоёр булш ба тэдгээрийн зүүн талд босоо байдалтай анхны байрлалдаа байгаа нэгэн хүн чулуунаас бүрдэнэ. 1-р булшийг нь 2010 онд А.А.Ковалев нар малтжээ. Энэхүү булш 3,5х1,8 м хэмжээтэй, 1,6 м өндөртэй хавтгай чулуун хайрцаг ба түүнийг хүрээлэн манасан жижиг чулуун дарааснаас бүрдэнэ. Хайрцагны хавтгай чулуунууд дотор талдаа улаан зосон хээ чимэглэлтэй. Уг булш эрт цагт тоногдсон боловч муу хадгалагдсан 5 хүний оршуулгын үлдэгдэл илэрсний дээр бургасны мөчир, 2 ширхэг чулуун аяга, 30 ширхэг чулуун бөмбөлөг, чулуун туйван зэрэг оршуулгын эд өлгийн зүйлс илэрчээ.
2-р булш өмнөх дурсгалын хойд талд оршино. Уг булш нь 3,4х1,8 м хэмжээтэй чулуун хайрцаг ба түүнийг хаяалан манасан 17 м голчтой, 1,6 м өндөртэй чулуун дараастай болно. Эрт цагт тоногдож чулуун хайрцагны тагнууд эвдэрч, байрлал нь алдагдсан байна. Мөн хожуу үед оруулмал оршуулга хийгдсэн байдаг. Энэхүү булшинд 4 хүний оршуулга малтлагын янз бүрийн түвшинд илэрсэн нь муу хадгалалттай, анхны байрлалаа бүрэн алдсан байжээ. Малтлагаас хээ чимэглэлтэй, улаан хүрэн өнгийн өндгөн ёроолтой шавар сав, хар өнгийн богхед мэт чулуугаар үйлдсэн зориулалт тодорхойгүй эдлэл, 17 ширхэг чулуун бөмбөлөг, чулуун зос, зос нухах чулуун таваг зэрэг эд өлгийн зүйлс илэрчээ.
Авын Хөх уулын он цаг нь оршуулгын түвшиндээ НТӨ 2500-2400 он болно. Энэ нь Хэмцэгийн соёлын сонгодог үеийн хэв шинжит дурсгал бөгөөд хажуудаа буй хүн чулуутай хоршиж соёлын нэн ховор цогцолборыг үүсгэж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм. |
Айрагийн гозгорын булш | Хүннүгийн үеийн язгууртны оршуулгын өвөрмөц дурсгал. Сяньбийн булштай адилтган үздэг.
Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор хэмээх газраас илэрсэн эртний булш оршуулгын дурсгалт газар юм. Энэ дурсгалыг анх 2008 онд илрүүлсэн бөгөөд 2014-2016 оны хооронд Монголын Үндэсний музейн судлаачид малтлага судалгааны ажил хийжээ.
Нийт 97 булш байгаагаас дийлэнх нь дөрвөлжин хэлбэрийн өндөр чулуун өрлөг бүхий том булшнууд бөгөөд ийм булшнууд нь өмнө талдаа урт гонзгой үүдэвчтэй байна. Том булшнуудын ойр орчимд цагариг хэлбэрийн чулуун дараас бүхий жижиг булшнууд цөөнгүй тоотой бий.
Малтлага хийсэн булшнууд нь оршуулгын хэсгийг нууцлан хөмөглөж ухсан нүхтэй байснаар онцлог юм. Энэ нь нүхний аль нэг ханыг дотогш хөндийлөн хөмөглөж хөндий зай гаргаад түүнд оршуулгын хэсгийг бүхэлд нь оруулж нууцласан хэрэг болно. Ерөнхийдөө тонуулчдаас хамгаалах зорилготой зүйл боловч ийм хэлбэр нь тодорхой цаг үе, угсаатны оршуулгын зан үйл болтол хэлбэршин тогтсон байх нь бий. Судалгаа хийсэн булшнуудын нүх 2-6 метр гүнтэй бөгөөд голчлон өмнө талдаа үүдэвчтэй байжээ. Хөндийлөн ухсан хөмөг дотроос ихэвчлэн модон авсанд хийсэн оршуулга илэрсэн ба зарим булшинд 2-3 ширхэг модон авсыг хамт тавьсан тохиолдол ч бий.
Малтан судласан булшууд эрт цагт тоногдож, оршуулгын зан үйлийг тодруулахад хүндрэлтэй байсан ч нас барсан хүнийг тэнэгэр байдлаар, гэдрэг харуулан, толгойгоор нь голдуу баруун, баруун хойт зүгт хандуулан тавьсныг төсөөлж болохоор байжээ.
Айрагийн гозгорын хөмөгт оршуулгад дагалдуулсан эд өлгийн зүйлс харьцангуй сайн хадгалагдсан байдаг. Оршуулгаас гарсан зарим банзан авсны хийц, хэлбэрийг тодорхойлох бүрэн бололцоотой төдийгүй зарим авсны торгон доторлогоо хадгалагдан үлдсэн байжээ. Мөн зарим булшны авсыг үйлдэхдээ ёроол хийлгүй, дөрвөн банз зангидаад, нас барсан хүнийхээ доор цайвар шаргал шороог тусгайлан дэлдэж дэвссэн байв. Илэрч олдсон олдворууд нь Хүннүгийн үеийн булшнаас илэрдэг зүйлстэй төстэй ажээ. Тухайлбал, нумын ясан гичир, шавар ваар, үсний ясан шор, үйсэн сав суулга, шилэн сувс, сумын төмөр зэв, хазаарын амгай зэрэг нь Хүннүгийн олдворуудаас онцын ялгагдах зүйлгүй байна.
Айрагийн гозгорт малтан судалсан булшны оршуулгын байгууламж, зан үйл, гарсан олдвор хэрэглэгдэхүүн, хүний ясанд хийгдсэн судалгааны үр дүнг үзвэл Өвөр Монголын нутагт малтан шинжилсэн Сяньби нарын оршуулгатай төстэй байдал ажиглагддаг. Гэхдээ энэ нь одоогоор таамаг төдий бөгөөд цаашид лабораторийн нарийвчилсан судалгаа, байгалийн ухааны шинжилгээний үр дүн шаардлагатай юм. |
Алтан овооны хүн чулуу | Алтан овооны хүн чулуу
Монголын дундад зууны үеийн хүн чулуун хөшөө.
Сүхбаатар аймгийн Дариганга сумын төвийн зүүн хойно дөрвөн хүн чулуун хөшөө бий. Эдгээрийг нутгийн ард олон “ноён, хатан, хүү, бэр” хөрөг хэмээн нэрлэж хадаг тавин идээ, цагааныхаа дээжийг өргөж хүндэлсээр иржээ. Дурдсан хөргүүдийг анх 1927 онд Зөвлөлтийн судлаач В.А.Казакевич, Монголын эрдэмтэн, судлаач Н.Сэр-Оджав /1961 онд/, Д.Баяр /1981-1985 онд/ давтан судалж удаа дараа хэвлэн нийтэлсэн байна. Харьцуулсан судалгааны дүнд эдгээр хөрөг нь ХIII-ХIV зууны монголчуудын бүтээсэн дурсгал болох нь нэгэнт тогтоогджээ.
Энэхүү дөрвөн хөргийг өөрөөр төрлийн, өнгө зүс ялгаатай чулуугаар харилцан адилгүй ур чадвар гарган хийсэн боловч ерөнхий хэлбэр байдал дүрсэлж гаргасан хувцас эд хэрэглэл нь нэгэн цаг үе, нэг соёлын хүрээнд хамаарахыг илтгэнэ. Ноён хэмээх хөргийг цайвар, бусад хөргийг шаргал саарал, улбар өнгөтэй гантиг болон галт уулын гаралтай чулуугаар урлан хийжээ.
Эдгээрийн нэгээс бусдын толгой хугаран алга болсон агаад В.А.Казакевичийг очиж үзэх үед Ноён хөргийн толгой байсан нь түүний нийтлүүлсэн гэрэл зураг, тэмдэглэлд хадгалагдан үлджээ. Эдгээрийн нэн тэргүүн нүдэнд тусах нийтлэг байдал нь бүгдийг түшлэгтэй исэр сандалд суусан байдлаар хийсэн явдал юм. Ноён хөрөг хэмээн алдаршсан хамгийн том хөргийн ноёны заларч буй исэрийг зөрүүлдэг хөлтэй, түшлэгийн арын самбарт бадамцэцгэн хээгт овойлгон цоолборлож хоёр гарын түшлэгийг элдэв сийлбэр хээгээр чимэглэжээ.
Дээл нь зөв тийш дарж товчилдог, ташуу энгэр, нарийн ханцуй, урт хормойтой уужим халхгар бөгөөд нугалаасыг тун бодитой нарийн дүрсэлсэн. Тухайлбал, ноён хөргийн дээлийн заамыг хоёр эмжээртэй хатан хөргийн хийг хоёр нарийн, нэг өргөн нийт гурван эмжээртэй хийсэн нь ХIII-ХIV зууны монгол хаад хатдын хөрөг зурагт эр, эм хүний дээлийн ялгааг тодотгон гаргасан байдагтай яг дүйдэг. Ноён хөргийн дээлийг дал мөрөн дээгүүр нь толгойд углаж өмсөх, шашны зан үйлийн “додиг” хэмээх өмсгөлийн хэлбэрээр угалз гарган чимэглэсэн. Түүнээс гадна энэ хөргийн дээлийн хормойн өвдөгцөө голоороо усны долгион хээтэй өргөн тууз гаргажээ. Хөргүүдийн хормойн дороос гутлын хамрыг цухуйлган дүрсэлсэн, ихэнх хөргийнх мөлгөр хоншоортой, уллагаатай байх ба харин хатан хөргийн гутал яльгүй ээтгэр хоншоортой байна.
Эр хүний дүрстэй хөргүүдэд бүс, бүснээс зүүж хоёр ташаа дамнуулан унжуулсан хавтага сав, хутга, сэтгүүр мэтийн зүйл товойлгож урласан. Харин эмэгтэй хүний хөргийг бүсгүйгээр урласнаас гадна биеийн галибар төрхч эмэгтэй хүн гэж ялгагдахаар дүрсэлжээ. Нутгийнхан “бэр” хөрөг хэмээн нэрлэдэг.
Эдгээр хөргийг чулуу овоолон хийсэн булш мэт дүгрэг байгууламжийн голд байрлуулсан байна. Харин үүрэг зориулалтын хувьд эдгээр нь булш биш мөн адил тахил шүтээний чанартай зүйл болох нь судалгаанаас тодорхой болжээ.
НТ-ын XIII-XIV зууны Монголын дундад үед хамаарна. |
Алтан толгойн булш | Алтан толгойн булш
Зэс чулууны үеийн Афанасьевийн соёлд хамаарах булш.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Алтан толгойн орчимд түүхийн олон үед хамаарах оршуулгын чулуун байгууламжууд болон хадны зураг бий. Эдгээрээс хамгийн урд талд Алтан толгойн бэлд орших нэгэн булш зэс чулууны үеийн Афанасьевийн соёлын хүрээнд хамаарах юм. Уг дурсгалыг 2011 онд Ц.Төрбат нарын судлаачид малтан судалжээ.
Алтан толгойн булш нь Монгол Алтайн бүс нутагт малтаад буй цөөн тооны зэс чулууны үеийн оршуулгын нэг болохын хувьд Монголын эртний түүх, археологийн судалгаанд чухал байр суурьтай. Мөн уг дурсгалаас зүүн тийш 2,5 км зайд байх Тахилгат Үзүүрт Афанасьевийн соёлын өөр нэгэн булш байсныг дээрх судлаачид малтан судалжээ.
Уг булш нь зүүн баруун чиглэлийн дагуу сунаж байрласан 6х9,4 м хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй хавтгай чулуун дараастай. Дараасны захаар босоо болон хэвтээ чулуун хаяавчтай юм. Дараасны өндөр дунджаар 0,5 м. Дараасны доор төв хэсэгт нь сургаагаар дарж, хавтгай хадны хэлтэрхийгээр дүүргэж чигжсэн булшны нүх илэрчээ. 1,1 м гүнд хоёр хүний оршуулга илэрчээ. Булшинд хоёр удаа цуварсан оршуулга хийгдсэн бололтой. Учир нь мэрэгч амьтанд зөөгдөж зарим яс нь үгүй болсон хэдий ч харьцангуй бүтэн хадгалагдсан хүний ясны эргэн тойрноос өөр нэгэн хүний мөчдийн ба сүүжний яс, эрүү, хавирга зэрэг илэрчээ. Иймээс эхний оршуулга үйлдэгдээд тодорхой хугацаа өнгөрсний дараа хоёрдахь оршуулга явагджээ. Эхний оршуулгын хүнийг хэрхэн тавьсан нь тодорхойгүй бол хоёрдахь оршуулгын хүнийг толгойгоор нь баруун зүгт хандуулан, ар нуруугаар нь тавьж, хөлийг нь өвдгөөр ихэд нугалж биен дээр нь ачиж тавьсан байна. Уг булшнаас 10 гаруй тооны бог малын шагайнаас өөр эд өлгийн зүйл илрээгүй.
Алтан толгойн булш нь оршуулгын байгууламжийн бүтэц, хүнээ тавьсан чиглэл ба тавилт зэргээрээ зэс чулууны үеийн Афанасьевийн соёлын дурсгалуудтай ижилсэнэ. Гэхдээ Алтансандал уул ба Шатар чулууны дурсгалуудаас илүүтэй Орос Алтайн дурсгалуудтай ижилсэж байгаа юм.
Алтан толгойн булшны он цаг нь С14 цацраг идэвхт нүүрстөрөгчийн аргаар тогтооход НТӨ 2900-2600 он буюу НТӨ III мянганы эхэн хагаст холбогдох нь тогтоогдсон. |