news
stringlengths 2
65.4k
| label
stringclasses 9
values |
---|---|
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Дүрслэх урлагийн музей, Урлагийн орон зай төвөөс хамтран “UB Art Fair” нэртэй үзэсгэлэн, уран бүтээлийн дуудлага худалдааг энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Дуудлага худалдаа аравдугаар сарын 5-10-нд Дүрслэх урлагийн музейнд танхимд болно. “UB Art Fair 2012”-ын хүрээнд “Соёлын утга агуулгаар баяжсан гар урлалын бүтээл” сэдэвт сургалт өчигдөр болжээ. Сургалтад гар урлалын бүтээгдэхүүн хийдэг иргэд, соёлын чиглэлийн сургуулиудын оюутан, багш нар оролцсон юм. Түүнчлэн “UB Art Fair”-ын хүрээнд энэ сарын 6, 7-нд “Тархины зураглал” нээлттэй хичээлийг Урлагийн орон зай төвөөс явуулах ажээ. Энэ жилийн “UB Art Fair”-ын онцлог нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог уран бүтээлч эмэгтэйчүүдийг дэмжиж буй явдал гэнэ. Тйимээс уг үзэсгэлэнд арван эмэгтэй уран бүтээлчийн бүтээлийг дэлгэн тавьжээ. Мөн дан ганц уран зураг бус уран бичлэг, уран хатгамал, монгол зураг, шавар болон эсгий эдлэлээр бүтээлээ туурвидаг уран бүтээлчдийг хамруулсан байна. Уран бүтээлчдийн тус бүр нэг бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулах бөгөөд олсон мөнгийг хүүхэд, эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах, хөгжлийн бэрхшээлтэй авьяаслаг хүүхэд болон эмэгтэй уран бүтээлчдийг дэмжихэд зориулах аж. Дуудлага худалдаа маргааш буюу энэ сарын 6-нд Дүрслэх урлагийн музейн танхимд болох юм. Мөн “UB Art Fair”-ын урлагийн номын үзэсгэлэн, гар урлалын дижитал номын худалдаа, мини кино театр ажиллаж байна. Энэ арга хэмжээг Монгол, Францын соёлын төв, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв дэмжин ажиллаж байгаа ба Дуу, бүжгийн эрдмийн чуулгын хамт олон хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байна. Г.ДАША | урлаг соёл |
Зайсан дахь “Цагаандариум” арт галерейд зураач Ж.Толгау "Сэтгэх" бие даасан үзэсгэлэнгээ маргааш 15.00 цагт нээх гэж байна. Зураач Ж.Толгау багаасаа уран зурагтай амьдралаа холбон 1992 оноос эхлэн дотоодддоо төдийгүй гадаадад өөрийн гэсэн өвөрмөц сэтгэлгээтэй орчин үеийн бүтээлүүдээ дэлгэн толилуулсаар иржээ. Үзэсгэлэнгийн нэрийн хувьд зураачийн Толгау гэдэг нэр нь “сэтэх” гэсэн утгатай учраас ийнхүү нэрлэжээ. Академич, профессор Ц.Цэгмэд түүний бүтээлүүдийн тухай “өвөрмөц ертөнц сэтгэхүйтэй, төсөөлөн харснаа тод өнгөөр чөлөөтэй дүрсэлж илэрхийлдэг нь Монголын авангард урлаг гэмээр. Ж.Толгаун бүтээлүүдийг ажиглахад тэнгэрийн цаглашгүй орчлонг бүжиг мэт хүүрнэж, бүсгүй хүний дүрээр зөншдөг нь юутай гайхалтай. Өөрөөсөө, дотроосоо шинийг эрэлхийлсэн гүн агуулгатай орчин үеийн хурц сэтгэхүйтэй өөртөө үнэнч байдаг нь Толгау-ын философи болой” хэмээн дүгнэн хэлсэн байна. Зураачийн тод өнгөөр наадсан “Сэтгэх” үзэсгэлэн энэ сарын 29-н хүртэл үргэлжилнэ. Г.ДАША | урлаг соёл |
Хүн бүрийн харах өнцөг, юмсыг хүлээн авах тусгал нь харилцан адилгүй. Тэр дундаа уран бүтээлчдийн хувьд нэг зүйлийг өөр өөр арга, хэлбэрээр дүрсэлдэг нь урлаг сонирхогчдын анхаарлыг татдаг. “Max Mall” дахь “976” уран зургийн галерейд нээгдсэн “Ээж хайрхан” үзэсгэлэн говь нутаг гурван уран бүтээлчийн бийрийн үзүүрт хэрхэн буусныг харуулжээ. Зураач Л.Ганболд, Ц.Болд, Францын уран бүтээлч Алайн Ричард нар өнгөрсөн найм, есдүгээр сард Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь аймгаар аялж, байгалийн үзэсгэлэн, тал нутгийн их орон зайг урлангаа болгон буудаллажээ. Тус үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг тэд байгаль урланд туурвисан байна. Өөрөөр хэлбэл, тухайн агшны сэтгэгдэл, мэдрэмж нь бийрийн үзүүрээр өнгө будаг алаглан үзэгчдэд хүрч буй юм. Тэд байгалийн нэг дүр зургийг өөр, өөрийн арга барилаар гурван өнцгөөс харуулсан нь үзэсгэлэнгийн онцлог аж. “Ээж хайрхан” үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ. Г.ДАША | урлаг соёл |
“Зүрхний Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдааныг Гэрэл зураг сонирхогчдын клубээс зарлаад байгаа юм. Хүүхэд залуусыг нийслэл хотоороо бахархах, байгаль эх дэлхийгээ хайрлах үзлийг төлөвшүүлэх зорилготой уралдааны орологчид хэдийнэ бүтээлээ илгээгээд эхэлжээ. Оролцогчдын гэрэл зураг нь Улаанбаатар хотыг эерэгээр харуулсан, архи, тамхи, хүчирхийлэл гэх мэт сөрөг агуулагагүй байж, зөвхөн эерэг, гэгээлэг өнгө аястай байх юм. Уралдаанд оролцогчдын фото зураг нь дурсамжтай хуучин зураг байж болох ба нэг оролцогч хэдэн ч зургаараа өрсөлдөх боломжтой гэнэ. Бүтээлийг аравдугаар сарын 24 хүртэл ubphoto2012@gmail.com и-мэйл хаягаар хүлээн авах ба холбогдох хаяг, утасны дугаар, танилцуулгын хамт явуулснаар уралдаан зохион байгуулагчид бүртгэж авах аж. Уралдааны зохион байгуулагчид гэрэл зургийн нэр, агуулгад нийцсэн байдал зэргээс сонгон “Зүрхний Улаанбаатар” хөтөлбөрийн http://www.facebook.com/zurkhniiulaanbaatar хуудсанд байршуулан иргэдийн саналыг харгалцан үзэж, уралдааныг дүгнэх гэнэ. Уралдаанд тэргүүн байр эзэлсэн бүтээлийн эзнийг “Canon” гэрэл зургийн аппаратаар урамшуулах юм байна. Тусгай байрт шалгарсан бүтээлийн эздэд үнэ бүхий зүйл, мөнгөн шагнал дагалдах нь ээ. Түүнчлэн шалгарсан бүтээлүүдийг нийтэд зарлаж, цахим хуудсаар мэдээлж, олон нийтэд хүргэх юм байна. Г.ДАША | урлаг соёл |
“Рearl Art gallery” буюу “Сувд” арт галерейд аравдугаар сарын 26-нд зураач Ц.Ягаанцэцэг “Гэгээ” нэртэй уран зургийн бие даасан үзэсгэлэнгээ нээх гэж байна. Уран бүтээлч Ц.Ягаанцэцэг нь Унгар улсын Будапешт хотод Хөнгөн үйлдвэрийн дээд сургуулийг загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн. Тэрээр Монголийн урлагийн зөвлөлийн гишүүн бөгөөд Турк улсад зохиогдсон олон улсын үзэсгэлэнгээс "Мөнгөн баавгай" шагнал хүртэж байсан авьяаслаг уран бүтээлч юм. Тэрээр "Гэгээ" нэртэй тав дахь бие даасан үзэсгэлэнгээрээ хүний нийгэмд чухал асуудал болоод байгаа хүн ба байгаль хүйн холбоог, хүний байгаль орчноо хайрлах ухааныг харуулахыг зорьжээ. Зураач Ц.Ягаанцэцэг 2008 он “Сувд” арт галерей, 2009 он “France gallery”, 2010 он Хаан Банк gallery, 2011 он “Сувд” арт галерейд тус тус өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан бөгөөд жил болгон “Red Art gallery”-д уран бүтээлээ толилуулдаг. Сонирхуулахад “Сувд” арт галерей нь “Баянгол” зочид буудлын ард талын 23 дугаар байранд байрладаг, уран зураг цуглуулагч,тойрон аялагч, уран бүтээлч, урлагийг шимтэгч хэн бүхний өмнө тус галерейн үүд хаалга нээлттэй аж. “Сувд” арт галерей нь анх 2007 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийн уран бүтээлчдийн зураг, баримал, сийлбэрийг худалдан авах буюу хоёр талын гэрээний дагуу уг галерейдаа худалдаалж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй хамтарсан болон бие даасан үзэсгэлэн зохион байгуулж, 800-аад уран бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Г.Даша | урлаг соёл |
Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд маргааш Занабазарын музейд Японы хүүхэлдэй урлаач, уран бичээч, яруу найрагч, Бошо Сошойнгийн “Үзэсгэлэнт Япон урлаг” Япон хүүхэлдэйн үзэсгэлэнгээ нээх гэж байна. Уг үзэсгэлэнг Японы элчин сайдын яам, Сойшин Хүүхэлдэйн үйлдвэр хамтран зохион байгуулж байгаа юм. Япон төдийгүй Америк, Голланд, Герман, Тайван, Франц, Австрали зэрэг орнуудын үзэгчдийн хүртээл болсон Япон хүүхэлдэй үзэсгэлэнд тухлан Японы зан заншил, хүүхэлдэйн урлагийн ур хийцийг нь сонирхоорой. Г.ДАША | урлаг соёл |
“Цагаандариум” арт галерейд дүрслэх урлагийн мастерууд хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Зураач Ч.Хүрэлбаатар, уран барималч Б.Дэнзэн нарын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 24-нд буюу маргааш 18.00 цагт нээлтээ хийнэ. Уг хамтарсан үзэсгэлэнд Санкт Питербург хотын Репиний Академийг дүүргэсэн хоёр уран бүтээлчийн сүүлийн үеийн шинэ ажлуудыг сонирхуулах юм байна. Монголын урчуудын эвлэлийн хорооны шагналт зураач Ч.Хүрэлбаатарын уран бүтээлүүд нь реалист шинжтэй байдаг ба тэрээр уран бүтээлүүддээ нарийн деталчиж ажилладаг, бараандуу бор саарал өнгийг их ашигладаг. Түүний мастер нарийн ажиллагаа усан будгийн техникийг гайхамшигтай харуулж усан будгийн судалбар зургууд уран зураг сонирхогч хэн бүхнийг анхаарлыг яах аргагүй татдаг. Гадаад дотоодод бие даасан болон хамтарсан олон үзэсгэлгээ дэлгэж байсан, чамгүй олон шагналын эзэн түүний бүтээлүүд Монголын уран зургийн галерей, АНУ-ын “Pierre House Gallery”, Японы “Fukuoka Art Museum”, "Toyota" company, болон Англи, ОХУ, БНХАУ, АНУ, Франц, Герман, Итали, Унгар, Шведийн уран зураг сонирхогчдын хувийн цуглуулгад багтдаг. Их зохиолч Б.Ринченгийн ач, Монголын тэргүүний палеонтлогич Р.Барсболдын хүү уран барималч, зураач Б.Дэнзэнг Улаанбаатарын төвд байрлах С.Зориг агсны хөшөө, “Централ таур”-ын өмнөх цэцэрлэгт талбайд Хубилай хааны үед түүний захидлыг Ромын папад хүргэсэн элч төлөөлөгч, нэрт жуулчин Марко Поло, Их дэлгүүрийн өмнө байрлах “Битлз” хамтлагийн хөшөөг урлаж байсан гэдгээр нь хэн хүнгүй андахгүй. Тэрээр Улаан-Yдэд тєрж Монголд єссєн. Орос, Польш, Унгар улсад тvvний бvтээсэн олон сайхан баримал сvндэрлэн байдаг билээ. Б, Дэнзэнгийн сvvлийн үеийн уран бүтээлийг сонирхон түүнтэй урлагийн талаар яриа өрнүүлэхийг хүсвэл энэ үзэсгэлэнгийн үүд хаалга хэн бүхний өмнө нээлттэй байх юм. Хоёр уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэн энэ сарын 31-н хүртэл хүртэл үргэлжилнэ. Г.Даша | урлаг соёл |
МУБИС-ийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн Уран зургийн багш, Монголын Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын үндэсний нийгэмлэгийн дэд дарга, зураач Сүхбаярын Батцоожийн “Хүлэг мину” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн энэ сарын 22-нд Уран зургийн галерейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд С.Батцоожийн 40 гаруй уран бүтээл дэлгэгдэж байгаа бөгөөд хадны сүг зураг дахь морь дүрсэлгээ, хүрэлийн үеийн морь дүрсэлгээ зэрэг уламжлалт хэв маягийг монгол үндэсний хээ угалзны загвартай уялдуулан өөрийн гэсэн шинэлэг өнгө төрх бүхий морь дүрсэлгээнүүдийг гаргаж, илэрхийлснээрээ онцлог юм. Уран бүтээлүүдийн өнгө нь хурц тод, ханасан өнгөнд хийгдсэн нь амьдрал дээр хатуу зөөлөн, сайн муу зэрэг эрс тэс зүйлс мөнхөд оршин байдгийг уран зургийн эрс тэс, хүйтэн дулаан өнгүүдээр төлөөлүүлэн авч эсрэгцүүлэн зохицуулж хийсэн, далд утга санаатай бүтээлүүд нь тавигджээ. Зураач С.Батцоожийн “Хүлэг мину” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 29-нийг үргэлжилнэ. Г.ДАША | урлаг соёл |
Монгол төрийн Түүхийн музейд “Тэнгэрлэг Чингис хаан” нэртэй үзэсгэлэнгийн нээлт боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг үзэсгэлэнг нээхдээ “Тэртээ XIII, XIV зуун буюу бүтэн хоёр зуун дамнан дэлхий дахин Монголоор овоглож, Монголын тухай л ярьж байлаа. Эдүгээ дэлхийд оршин байгаа 200 гаруй улс орноос хүн төрөлхтний хоёр зууны өнгийг тодорхойлж байсан үндэстэн Монголоос өөр гараагүй. Тухайн үеийн дэлхий дахин монгол эр хүн, монгол аргамаг хүлгийн хурдыг гайхан биширч байсан гэдэг. Тэр үеийн хурдыг өнөөгийн интернэтийн хурдтай зүйрлэж болмоор. Бидний монголчууд тэр хурдаа өнөөгийн нөхцөлд сэргээж ашиглаж чадвал Монгол Улс өөдлөн дэвжих болно” гэдгийг онцолж хэллээ. Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан дэлгэсэн энэхүү үзэсгэлэнд Их хааны алтан ураг буюу түүний язгуур угсаа, Монголын нууц товчоо, Чингис хаантай андгай тавин нөхөрлөсөн анд, хаан ширээний төлөө өстөн болж өрсөлдсөн Жамухын бүс, Монгол дайчдын зэр зэвсэг, Их хааны мөнгөн гэрэгэ, алтан хундага, алтан зоос зэрэг олон үзмэр дэлгэжээ. “Тэнгэрлэг Чингис хаан” үзэсгэлэн сар гаруй үргэлжлэх бөгөөд даваа гаригаас бусад өдөрт өглөө 10-13, өдөр 14-16 цагийн хооронд Төрийн ордонд зочилж үзэсгэлэнг сонирхож болох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. | урлаг соёл |
Нэгэн өвөрмөц үзэсгэлэн Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийгээд байна. Монгол уран цутгуурын үйлдвэрийнхны санаачилгаар уран барималч Ө.Батсүрэнгийн бүтээлүүдийг хүрлээр цутгаж нийтэд дэлгэсэн нь Монголдоо анхных болж байгаа юм. Монголчууд тэнгэр язгуурт, чонон сүлдтэй ард түмэн гэдэг үүднээс уран цутгуурын анхны үзэсгэлэнгээ Чингэс хааны есөн өрлөг жанжин, есөн тугийг уран бүтээлийн гол санаагаа болгосон ажээ. Мөн уран бүтээлдээ монгол үндэсний тэнгэр язгууртай гэсэн бүхнийг тусгахыг хичээжээ. Үзэсгэлэнд Хүннүгийн үеийн гурван баримал, Чингис хааны үеийн ес, байгаль эх дэлхийн сэдэвтэй таван баримал тавигджээ. Уран бүтээлч бүтээлүүдийнхээ санааг гурван жил гаруй хугацаанд бодож боловсруулсан байна. Уран бүтээлчдийн бүтээлийг ийнхүү хүрэл цутгуураар цутгах болсныг маш том боломж гэж тэнд цугларсан хүмүүс олзуурхаж байлаа. Ө.Батсүрэнгээс уран бүтээл болон Монголын анхны уран цутгуурын үйлдвэрийн талаар тодрууллаа. -Чингис хааны есөн өрлөгийг та яагаад чоноор төлөөлүүлж дүрсэлсэн юм бэ? -Бөртэ чоно, Гоо маралын удамтай монголчууд бид аливаа хийморилог бүхнийг чонотой зүйрлэдэг. Чингэс хааны өрлөг жанжид хийморилог эрс байсан гэдэгт би эргэлздэггүй. “Монголын нууц товчоо”-нд Чингис хааны ноход гэх нь ч бий. Байлдааны тактик, арга барил нь ч ан хийх чоно мэт байсан болоод тэгж нэрлэсэн гэдэг. Тиймээс би тэднийг есөн өөр чонын дүрсээр цутгаж, дээр тус бүр есөн тугаа залсан юм. -Монголд анх удаа хүрэл цутгуурын үйлдвэр байгуулагдсан гэх юм. Энэ үйлдвэрийн талаар товчхон тайлбарлахгүй юу? -“Монгол уран цутгуур” нэртэй хүрэл цутгуурын үйлдвэр манайд анхных. Солонгост олон жил ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн миний дотнын анд Д.Эрдэнэбилэг маань энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг хийж, уран бүтээлч талаас нь намайг дэргэдээ авч үйлдвэртээ ажиллуулж байна. Өмнө манай улс аливаа хөшөө дурсгалаа хүрэлдэж илүү удаан эдэлгээтэй болгоё гэхэд заавал Хятад, эсвэл хойд хөршийг зорьдог байсан юм. Тэгж явах нь манай улсын эдийн засагт ихээхэн хор хохиролтой байсан. Харин одоо бид урд хөршийнхөөс илүү өндөр төвшинд чанартай цутгуур хийж байна гэдгийг миний энэ үзэсгэлэнгийн уран бүтээлүүд батлах байх. -Хүрэл металлыг яг хүрэл зэвсгийн үеийнх шиг үйлдвэрлэж болдог юм уу? -Бололгүй яах вэ. Хүрэл металлын найрлагад олон төрлийн элементүүд ордог. Тухайлбал, зэс, гууль, цайр гэх мэт металлын дундаас цэвэр хүрлийг гарган авдаг юм. Бидний цутгаж буй энэ хүрэл хэдэн зууны настай байх болно. Ер нь хамгийн бөх бат зүйлээр л монголчууд төдийгүй хүн төрөлхтөн хойч үедээ түүх дурсгалаа үлдээж ирсэн байдаг. Хамгийн бат бөх материалд эхлээд чулуу дараа нь хүрэл металл ордог юм. Тиймээс л бидний өвөг дээдэс бидэнд Хүн чулуу, буган чулуу, хүрэл эдлэлүүдээр өв соёлоо өвлүүлсэн хэрэг шүү дээ. А.АМАР | урлаг соёл |
АНУ-ын “ARC” салоноос урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн шилдэг 70 сургуулийн дунд, жил бүр уламжлал болгон шилдэг бүтээлийн уралдаан зарладаг. Харин энэ удаагийн тэмцээнд Италийн урлагийн “Florence Academy of Art” сургуульд мэргэжил дээшлүүлсэн уран барималч, зураач Б.Баясгалан хэмээх монгол залуу тэргүүн байр эзэлсэн байна. “Florence Academy of Art” сургууль нь дэлхийн сонгодог таван сургуулийн нэг бөгөөд Б.Баясгалан уг уралдаанд сургуулиа төлөөлж оролцсоноор сургуулийнхаа болон Монгол улсынхаа нэрийг цууриатууллаа. Энэхүү уралдаанд аристократ үзлээр ази хүн тэр дундаа монгол хүн уг шагналыг авч байгаагүй юм байна. Б.Баясгалан тус наадамд уралдуулсан баримлын бүтээлдээ хүний дотоод сэтгэлийн илэрхийллийг түлхүү тусгаж өгсөн аж. Мөн тэрээр дэлхийн II дайнд үрэгдсэн Италийн сүмүүдийг сэргээн засварлах арга барилаар судалгаа хийдэг аж. Г.ДАША | урлаг соёл |
Зайсан дахь “Цагаандариум” арт галерейд ирэх сарын 2-нд 17.00 цагт өвөрмөц, содон сэтгэлгээтэй зураач Жиндийн Гэрэл “Далд амьдрал-2” үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Тэрбээр Монголын дүрслэх урлагийн түүхэнд байгаагүй шинэлэг үзэсгэлэнг толилуулахаар зэхжээ. Үзэсгэлэнгийн нээлтэд ирсэн зочдод зураачийн тухай баримтат киног сонирхуулах гэнэ. Зураач Ж.Гэрэлийн үзэсгэлэнг “Цэрэн Турс” компани ивээн тэтгэн, хамтран оролцож байгаа юм. Үзэсгэлэн ирэх сарын 12-ныг хүртэл үргэлжилнэ. Г.ДАША | урлаг соёл |
Эзэн богд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан “Чингис хаан ба түүний залгамжлагчид” хөрөг зургийн бичил үзэсгэлэнг өчигдрөөс эхлэн “Монгол цэргийн музей”-д үзэгч олноо толилуулж байна. Тус үзэсгэлэнгийн гол зорилго нь Монгол туурагатнуудыг 400 гаруй жил удирдсан алтан ургийн хаадуудыг он дарааллаар нь суртачилахад оршино. Аливаа улс үндэстэний орших, эс оршихуйн түүхэн замнал үе үеийн цэрэг эрс, эх оронч зүтгэлтэнүүдээс эхлээд эр зориг, эрдэм ухаан төгс алдарт хаад жанждын нарын “халуун амь, бүлээн цус”-аар бичигдсэн нь түүхэн үнэн билээ. Уг үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр Монгол цэргийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй алтан ургийн хаадуудын хөрөг зургаас бүрдсэн энэхүү үзэсгэлэнг үзэхээс гадна “Чулуу шидэгч чөдөр оньс”-ны бодит хэмжээгээр хийсэн загвар, Чингисийн чулууны бичээс зэрэг шинэ үзмэрүүдийг сонирхох боломжтой юм. Б.БАТ | урлаг соёл |
Зураач Б.Номингийн “Inner Space” үзэсгэлэнгийн нээлт маргааш “Цагаан дариум” арт галерейд болно. “Дотоод орон зай” нэртэй бие даасан үзэсгэлэндээ дэлгэх бүтээлүүдийнхээ талаар Б.Номин “Дэлхий даяарчлагдаж, улс үндэстэн бүхэн өөрсдийн онцлогоо бага багаар мартаж байгааг, хүн байгальтайгаа хэрхэн харьцаж байгааг өөрийнхөө харж мэдэрч байгаагаар шүүжлэлтэйгээр харуулахыг зорьдог нь миний уран бүтээлийн ерөнхий агуулга болдог. Үүнийгээ өөрийн эзэмшсэн монгол зургийн аргыг орчин үеийн арга барилтай хослуулан ажилладаг” хэмээн онцолсон юм. Үзэсгэлэнд түүний 2008-2012 онд бүтээсэн дотоод орон зайн илэрхийлэл болсон бүтээлүүд дэлгэгдэх нь. Үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ. Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү. Г.ДАША | урлаг соёл |
Монгол Улсын Төрийн соёрхолт зураач Долгоржавын Болдын дүрслэх урлагийн салбарт оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлэн Англи дахь олон Улсын намтрын төвөөс 2012 оны шилдэг 100 мэргэжилтний нэгээр шалгаруулжээ. Дэлхийн алдартнуудын намтрыг ном болгон хэвлүүлж, энэ салбартаа тэргүүлэх болсон тус байгууллага 42 жилийн дотор нэг сая гаруй хүний намтар бүхий 150 орчим товхимол хэвлэн гаргасан байдаг аж. Олон улсын намтрын төвийн судлаачид дэлхийн олон оронд судалгаа явуулж, алдартнуудаа тодруулдаг аж. Төрийн соёрхолт, зураач До.Болд И.Репиний нэрэмжит Уран Зургийн Академийг 1977 онд дүүргэсэн. Тэрээр тухайн үедээ реалист үзэл баримтлал давамгайлсан зураачдын дунд цоо шинэ өнгө аяс бий болгож, уламжлалт хэв маягаа эвдэхэд нь чухал нөлөө үзүүлсэн хэмээн дүрслэх урлагийн салбарынхан ярьдаг юм. Түүнийг Монголын дүрслэх урлагийн салбарт "ардчилал"-н салхийг анх зоригтойгоор оруулж ирсэн уран бүтээлч гэж тодорхойлдог нь ч бий. Дэлхийн 20 гаруй оронд, 30 орчим үзэсгэлэн гаргаж, олон улсын шагнал удаа дараа хүртсэн түүнийг зөвхөн Монголын бус, дэлхийн уран бүтээлч гэдгийг нь энэ үйл явдал нотолж байна гэж судлаачид онцолж байна. Г.Даша | урлаг соёл |
Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн энэ сарын 22- 25-ныг хүртэл Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна. Үзэсгэлэнд оролцох бүтээлүүд нь сэдэв, хэмжээ чөлөөтэй бүтээлийн хуулбарлагдаагүй эх хувь нь байх ёстой юм. Шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнгийн болзлыг хангасан бүтээлүүдийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Уран зургийн галерейд болно. Эдгээр бүтээлээс шилдгийн шилдгийг энэ сарын 25-нд шалгаруулан зарлаж, Уран зургийн галерейн сан хөмрөгт худалдаж авах юм. Г.ДАША | урлаг соёл |
Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг юм. Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн энэ сарын 22-нд нээлтээ хийн 80 гаруй уран бүтээлчийн 160-аад бүтээлийг танилцуулж буй. Уг үзэсгэлэнд ирсэн бүтээлүүдээс шилдэг уран бүтээлийг арваннэгдүгээр сарын 25-нд тодруулан улсын сан хөмрөгт худалдан авах байсан ч одоог хүртэл Соёл, спорт аялал жуучлалын яамнаас шийдвэр ирээгүй байгаа учраас хойшлуулаад байгаа аж. Одоогоор шилдэг бүтээлийг хэзээ тодруулах нь тодорхойгүй байна. Г.ДАША | урлаг соёл |
Монголд мэргэжлийн уран бүтээлч бэлтгэж эхэлсэн Дүрслэх урлагийн дээд сургууль үүсэн байгуулагдсаны 68 жилийн ой онд тохиож байна. Ойн хүрээнд маргааш Зайсан дахь Веста Велла хотхонд байрлах “Цагаандариум” арт галерейд 16.00 цагт ДУДС-ийн залуу уран бүтээлч багш М.Ганзул, С.Ганзам, М.Чинбат, Ч.Эрдэнэбилэг, Б.Баярсайхан нарын хамтарсан “Бид” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнд монгол зураг, уран сийлбэр, керамик, чимэглэх урлагийн төрлүүдээр хийгдсэн 30 гаруй бүтээлийг дэлгэж толилуулах аж. Үзэсгэлэн ирэх арванхоёрдугаар сарын 12 хүртэл үргэлжлэх юм байна. Г.ДАША | урлаг соёл |
“Рearl Art gallery” буюу “Сувд” арт галерейд энэ сарын 23-нд 17.00 цагт Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн “Эртний сайхан” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Монголчууд хад чулуун дээр сайн сайхныг бэлгэдэн ерөөн дээдэлж түүнийгээ тахин шүтэж ирсэн түүхтэй бөгөөд үүний үргэлжил нь орчин үед зураач Ц.Цэгмидийн уран бүтээлд илэрлээ олсон байдаг. Түүний зургууд нь дүрслэх урлагийн илэрхийллийн арга болох, дүрсийн бэлгэдэл, хэлбэр, галбир, өнгө, хөрвөсийн бэлгэдэл зэргээр илэрхийлэгдэж байдаг байна. Ц.Цэгмидийн бүтээлд морь, үхэр, тэмээ, хонь, ямаа, нохой, загас зэрэг амьтны дүрслэл их байдаг бөгөөд морины дүрсээр амьдралын эрч хүч, хийморь, үхрээр баян чинээлэг амьдрал, тэмээгээр аз жаргалтай амьдрал, хониор амар амгалан амьдрал, ямаагаар өөдрөг хувь заяа, нохойгоор үнэнч шударга анд нөхдийг, загасаар сонор соргог, өсөн үржихийг бэлгэдэн өгүүлсэн нь бий. Дүрслэх урлаг сонирхогчид, уран бүтээлчид та бүхнийг үзэсгэлэнгийн нээлтэнд хүрэлцэн ирэхийг урьж байна. “Сувд” арт галерей нь “Баянгол” зочид буудлын ар талын 23 дугаар байранд байрладаг юм. Г.ДАША | урлаг соёл |
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн болон Бүгд найрамдах Улс тунхагласан өдрүүдийг тохиолдуулан Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас эх орноо сурталчлах өдрүүдийг зохион байгуулжээ. Энэ өлрүүдийн хүрээнд Санкт-Петербургийн И.Е.Репины нэрэмжит Уран зураг, баримал, архитектурын улсын академийн дэргэдэх Урлангийн зураач Б.Отгонтүвдэнгийн бүтээлийн үзэсгэлэнг Москва хотод нээж монгол зураачийн бүтээлүүдтэй москвачуудыг танилцуулсан байна. Үзэсгэлэнг нээж Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Д.Идэвхтэн хэлсэн үгэндээ “Залуу зураач Б.Отгонтүвдэнгийн бүтээлээс та бүхэн Монголын сайхан орны үзэсгэлэнт байгаль, монгол түмний түүх, соёл, зан үйлтэй танилцаж, улмаар монгол орчинд тухлан саатаж, сэтгэл тань уяран баясана гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Мөн Монгол Улсад авьяаслаг, ирээдүйтэй, мэргэжлийн өндөр ур чадвартай уран бүтээлч бэлтгэж өгсөн Санкт-Петербургийн И.Е.Репины нэрэмжит академийн багш, профессорууд болон Б.Отгонтүвдэнгийн бүтээл, үзэсгэлэнгийн үйл ажиллагааг ивээн тэтгэгчдэд талархал илэрхийлжээ. Нээлтийн ажиллагааны үеэр Москва, Санкт-Петербург хотын урлагийн тэргүүлэх академуудад суралцаж байгаа монгол оюутнуудын ардын дуу, хөгжим, бүжгийн бичил тоглолт болсныг москюачууд таалан сонирхжээ. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд ОХУ-ын яам, агентлагийн удирдах албан тушаалтнууд, соёл, урлаг, олон нийтийн зүтгэлтнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагчид, Элчин сайдын яамны ажилтнууд оролцсон байна. Зураач Бадамын Отгонтүвдэн нь ОХУ-ын Воронеж хотын Урлагийн улсын академид 2004 оноос суралцаж, 2008 оноос Санкт-Петербургийн И.Е.Репины нэрэмжит Уран зураг, баримал, архитектурын улсын академид уригдан суралцаж энэ 2012 онд төгсчээ. Б.Отгонтүвдэн академид суралцаж байх хугацаандаа Москва, Санкт-Петербург, Воронеж зэрэг хотуудад зохион байгуулсан 10 гаруй үзэсгэлэнд оролцож, уран бүтээлийнхээ бие даасан үзэсгэлэнг Санкт-Петербург хотод хоёр удаа, мөн Улаанбаатар хотод гаргаж байжээ. Энэ удаагийн үзэсгэлэн нь түүний дөрөв дэх бие даасан үзэсгэлэн юм байна. Д.ОЮУН | урлаг соёл |
Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг билээ. Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 21- 25-ныг хүртэл Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд болно. Үзэсгэлэнд оролцох бүтээлүүдэд тухайд баримлын бүтээл бол гипсээс бусад материалаар хийсэн байх бөгөөд бүтээлийн сэдэв, хэмжээ чөлөөтэй, гадуур, дотуур жааз чанарын баталгаатай, туханй бүтээлийн хуулбарлагдаагүй эх хувь нь байх хэрэгтэй аж. Энэ үзэсгэлэнд уран бүтээлч хоёр л бүтээлээрээ оролцох боломжтой юм байна. Шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэнгийн болзлыг хангасан бүтээлүүдийг ирэх сарын 15,16-нд 10.00-16.00 цагийн хооронд Уран зургийн галерейд бүртгэх аж. Г.ДАША | урлаг соёл |
Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгт дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг худалдан авах зорилготой шилдэг уран бүтээлийн үзэсгэлэнг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн шилдэг бүтээл шалгаруулах үзэсгэлэн энэ сарын 22-нд нээлтээ хийн 120 гаруй уран бүтээлчийн 170 бүтээлийг танилцуулсан юм. Ингээд өчигдөр улсын комисс үзэсгэлэнд ирүүлсэн бүтээлүүдтэй танилцаж, дараах 10 бүтээлийг улсын сан хөмрөгт худалдан авахаар болсон байна. Ж.Мөнхжаргал “Тэнд л хүрсэн тэнгэрийн таалал”, 2012 он, 60х80см, гуашь даавуу М.Батзориг “Нисэн одох цаг хугацаа”, 2011 он, 150х150см, холимог техник А.Баярмагнай “Хашхираан дээр туссан дуслууд”, 2012 он, 120х90см, зотон тос Д.Ганбаатар “Монголын нууц товчоо”, 2012 он, 141х360см, бэх муутуу Б.Насанцэнгэл “Алтан бийр”, 2011 он, 126х147см, зотон тос Г.Лхагвасүрэн “Нууц товчооны нууцат арал”, 2009 он, 160х140см, зотон тос Б.Гансүх “Бүсгүйчүүд”, 1996 он, 110х69.5см, зотон тос Д.Бөхшандас “Хөрөг”, 2012 он, 30х40см, зотон тос Д.Булгантуяа “Зохиомж”, 2012 он, 200х150см, зотон тос Б.Дэнзэн “Бэр”, 2012 он, 57х27х10см, хүрэл мод бүтээлүүд багтжээ. Харин үнийн дүн хараахан тодорхойгүй байна. Сонирхуулахад, өнгөрсөн жил улсын сан хөмрөгт шилдэг 10 бүтээлийг худалдан авахад 50 сая төгрөг зарцуулж байжээ. Г.ДАША | урлаг соёл |
Хаа сайгүй бийр багс хөглөрч, ханаар дүүрэн элдэв зураг эгнүүлэн хадсан харагдана. Будагны өвөрмөц үнэр ханхийсэн өрөөнд ярилцлагын маань зочин сууж байлаа. Тэрбээр бийр багсаа хойш тавьж ширээний ард тухлав. Түүнийг гэр хороолол бүтээлээр нь нийслэлчүүд андахгүй билээ. Энэ удаа “Хүмүүс” булангийнхаа зочноор Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач, СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийн захирал Л.Бумандоржийг урилаа. -Та сая хүмүүст шүлэг уншиж өгөөд байсан ямар учиртай юм бэ. Би гадаа хэсэг хүлээлээ? -Монголын урчуудын эвлэлийн хорооны 70 жилийн ой болж байгаа юм. Тэгээд дурсамж ном хэвлүүлэх юм байхаа. Намайг шүлэг уншиж өгөөч гээд би “Зураач” гэдэг шүлгээрээ цацал өргөлөө. -Зурах, бичих, оюутнуудыг зааж сургах гээд танд цаг зав хомс байдаг бололтой. Хаалганы ард байгаа зураг нүдэнд өртөөд байх юм. Ямар төрлөөр туурвисан бүтээл вэ, Олон янзын өнгө, дүрс ойлгоход нэг л бэрх байна шүү? -Цаг зав үнэхээр бага шүү. Энэ зургийг саяхан зурсан юм. Чөлөөт сэтгэлгээний бүтээл. Сайн харвал миний дотоод ертөнц харагдана. Нэр өгч амжаагүй л байна. Ер нь бол абстракт буюу хийсвэр зураг гэж хэлж болно. -Сүүлийн үед уран бүтээлчид абстракт буюу хийсвэр чиглэлээр зурахыг эрмэлздэг болжээ. Энэ юутай холбоотой вэ? -Энэ бол дэлхий нийтийн чиг хандлага. Яах вэ хүмүүс янз бүрээр л шүүмжилдэг юм. Ойлгомжгүй сонин дүрс зурчихаад сонгодог бүтээл гэлээ. Бараг цэцэрлэгийн хүүхэд ч ийм зүйлийг зурчихна гэж ярьдаг. Гэвч тийм биш. Абстракт зураг бол зураачийн дотоод сэтгэлийн илэрхийлэл юм. Энгийн хүн харахад элдэв хэлбэр дүрс байх боловч цаанаа далд утга агуулж байдаг. Би абстракт төрлийг гэр хорооллынхоо бүтээлд хэрэглэхийг зорьж байгаа. Нэг зүйл сонирхуулахад “Лондон 2012” зуны олимпийн үеэр дэлхийн зураач нарын бүтээлээр үзэсгэлэн гаргасан. Энэ үзэсгэлэнд миний “Эрч хүч” бүтээл тавигдсан. Бас л абстракт төрлийн зураг. -Тийм үү. Та Лондонд өөрөө очсон уу, олон улсын үзэсгэлэнд Монголоос хэчнээн зураач оролцсон бэ? -“Лондон 2012” олимпийн үеэр дэлхийн 300 зураачийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан. Тус үзэсгэлэнд Монголоос гурван уран бүтээлч оролцлоо. Ганбаатар, Хонгорзул бид гурвын бүтээлийг дэлгэсэн. Миний “Эрч хүч” бүтээл нэлээд том. Метр, хоёр метрийн хэмжээтэй зураг л даа. Лондонд хоёр долоо хоносон. Энэ үеэр Лондонгийн урлаг соёлтой холбоотой бүх л зүйлийг үзлээ. Лондонгийн музей, галерей бол заавал үзэх ёстой газрын нэг л дээ. -Тэндхийн музей, галерейд ямар бүтээлүүд байдаг юм байна? -Ихэвчлэн түүх өгүүлэх эд өлгийн зүйлс байдаг юм билээ. Нэлээд ховор үзмэрүүд байсан. -Олон улсын үзэсгэлэнд оролцсон бүтээлийг чамгүй өндөр үнээр худалдана биз? -Сонирхсон хүн л зургийн үнийг тодорхойлно. Тухайн бүтээл зарагдахгүй бол эзэнд нь буцааж илгээх зарчимтай. -Гэр хорооллын сэдэвт бүтээлүүд чинь таны нэрийн хуудас болсон. Яагаад энэ сэдвээр түлхүү зурах болов? -Гэр хороолол бол миний уран бүтээлийн нэгээхэн хэсэг. Уран бүтээлч тэр дундаа зураач хүн аливаа юмны нарийн ширийнийг анзаардаг байх ёстой. Би байгаль, хөрөг, модон бар гээд олон чиглэлээр зурдаг. Нэг хэсэг маркны зураг зурлаа. Гэхдээ гэр хороолол бол түүх. Хэмхэрч унасан хашаа, бор гэр харагдавч тэр нь давтагдашгүй урлагийн бүтээл байдаг. Байгаа байдлаар нь дүрслэвэл хэн ч сонирхохгүй. Урлаг болгож зурах нь чухал. Дэлхий дээр Монголд л байдаг тийм натур. Ер нь нүүдэлчдийн соёл иргэншил гэдэг утгаар нь гадаадынхан ч гэр хорооллын сэдэвт зургийг илүү сонирхдог. Энэ сэдвээр зурах бүрт өөр өөр өнгө төрх, өнцөг гарч ирдэг. -Танд гэр хорооллын сэдвээр зурсан хэчнээн бүтээл байдаг вэ, Өөртөө хадгалж үлдсэн зураг бий юу? -1970-аад оноос эхэлж энэ сэдвээр зурсан. Ихэнх бүтээл Монголын уран зургийн галерей болон хувийн музейнүүдэд хадгалагдаж байна. Яг өөрийн гар дээр үлдээсэн бүтээл байхгүй. Уран зураг хадгална гэдэг асуудалтай шүү дээ. Зөв хадгалж чадахгүй бол сэвтчихдэг. -Та багаасаа зурах авьяастай байв уу. Бага насаа хаана өнгөрөөсөн бэ? -Би Архангай аймгийн Булган уулын өвөрт төрсөн. Нутагтаа дунд сургууль дүүргэж, 1974 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгсч, 1987 онд Германы Лейпциг хотын Урлагийн дээд сургуульд уран зураг, графикч мэргэжлээр суралцсан. Зураач болох миний хувь тавилан юм уу. Зураач хүний амьдрал бусдаас их өөр шүү дээ. Урлангийнхаа өрөөнд амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг. -Архангай чинь байгалийн үзэсгэлэн бүрдсэн сайхан нутаг шүү дээ. Нутгийнхаа тухай олон сайхан бүтээл төрүүлсэн байх тийм үү? -Аймгийнхаа үзэсгэлэнт газруудаар олон сайхан зураг зурсан. Даанч цаг үеийн байдлаас болоод хадгалж үлдсэнгүй. Зах зээлийн нийгмийн шилжилт энэ тэр гээд бэрхшээл тулгарч байлаа. Нөгөөтэйгүүр бүтээлийг эх хувилбараар нь хадгалах төвөгтэй байдаг юм. Тиймээс фотог нь авч үлдвэл зүгээр юм байна. Олон бүтээлийнхээ фотог авч үлдэж чадаагүй. Харин сүүлийн үеийнхээ бүтээлүүдийн фотог авч үлддэг болсон. Ер нь монголынхоо үзэсгэлэнт газруудаар явж зурсан. -Зураач нарын бүтээл тухайн цаг үедээ олонд анзаарагдахгүй хэрнээ хэсэг хугацааны дараа үнэ цэнэтэй болдог. -Дэлхийн урлагийн түүхэнд зураач уран бүтээлчдийг нийгмээсээ хэдэн зуунаар түрүүлж хөгжсөн гэж тэмдэглэсэн байдаг. Амьдарч байгаа цаг үед нь уран бүтээл нь ойлгогдохгүй байсан хэрнээ хэдэн зуун жилийн дараа үнэ цэнэтэй болдог нь үнэн. Ер нь баян чинээлэг амьдарсан зураач ховор. Учир нь бүтээлийг нь ойлгохгүй галзуу, солиотой, тэнэг мангар гэж дуудах нь олон тохиолддог байхгүй юу. Тиймээс зураачийн бүтээлийг яг өнөөдөр хийснээр нь үнэлж сайн, муу гэж дүгнэж болохгүй. Өнөө цаг үед олныг шагшруулж байсан бүтээл хожим үнэгүй болох нь ч бий. Миний хэр зураач болохыг цаг хугацаа л шүүнэ. -Та бусад хүмүүсийн бүтээлийг хэр сонирхож судалдаг вэ? -Зураач нар зургаа солилцох явдал бий. Гэхдээ би бусдын бүтээлийг хураагаад байдаггүй. Бусдынхыг байтугай өөрийнхөө бүтээлийг ч хадгалж үлдэж чадахгүй л явна. Тийм болохоор надад бусдын бүтээлийг авч гэмтээх эрх байхгүй. -Монголын уран зургийн хөгжил дэлхийтэй харьцуулахад ямар хэмжээнд байна вэ? -Монголчуудын бүтээлийг дэлхийн олон орны хүмүүс сонирхдог болсон. Энэ бол хөгжиж буйгийн илрэл. Манай уран бүтээлчид дэлхийн хэмжээнд сэтгэж байгаа шүү дээ. Нүүдэлчдийн соёл иргэншил, онгон дагшин байгалийн сэдэвт зургууд гадаадынхны харааг булаадаг юм. Монгол гэдэг чинь өвөрмөц ертөнц шүү дээ. -Та дэлхийн хэчнээн оронд үзэсгэлэнгээ гаргаж байсан бэ. Гадаадад үзэсгэлэн гаргахад санхүүгийн асуудлаас эхлээд бэрхшээл тулгардаг уу? -Ази, Европын хэд хэдэн улсад үзэсгэлэн гаргаж байсан. Гадаадад үзэсгэлэн гаргахаар олсон орлогынхоо 50, эсвэл 30 хувийг тухайн улсад төлдөг. Заримдаа олон улсын байгууллагын тусламж дэмжлэгээр үзэсгэлэнгээ гаргачихдаг. Бүх зургаа борлуулчихвал гаргасан зардлаа нөхдөг л юм. Зураач нар өдөр бүр мөнгө олоод байж чадахгүй шүү дээ. Уран бүтээл бол цаг хугацаа, хөдөлмөр шаардсан ажил. Гадны улсад үзэсгэлэн гаргах нь бусад зураач нартай туршлага, санаа бодлоо солилцох боломж олгодог. Бид мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзахаараа дэлхийн урлаг хаашаа явж байгааг ярилцдаг. Нэг удаа надад АНУ-ын Сан-Францискод байдаг Азийн музейг сонирхох боломж тохиосон юм. -Тэгээд Азийн музейд Монгол зураач нарын бүтээл байх юм уу? -Хүн үүссэнээс эхлээд чулуун зэвсгийн үе болон өнөөг хүртлэх бүтээлүүд хадгалагдаж байдаг юм билээ. Харамсалтай нь Азийн музейд монголын зураач нарын бүтээлийг тавьдаг жижигхэн булан л байсан. Манайх урлагийн арвин баялаг сантай. Монголчууд өөрсдийгөө дэлхийд таниулж чадахгүй байна. Азийн музейн жижиг булан байтугай хэдэн заал дүүргэх бүтээл манайд бий. Гэтэл үнэ цэнэтэй бүтээл хараа хяналтгүй алга болоод байна. Тэр музейн нэг давхрыг бүхэлд нь солонгосчуудын бүтээл эзэлдэг нь харагдсан. Бидэнд солонгосчуудаас дутах зүйл байхгүй шүү дээ. Б.ГАНДОЛГОР | урлаг соёл |
Английн зураач, зургийн багш Петер Грейн “Уран зураг ба дүрслэх урлагийн сурах бичиг” ном орчуулагдан гарлаа. Энэхүү ном нь 304 нүүртэй бөгөөд харандаагаа хэрхэн барих, яаж үзүүрлэх, ямар төрлийн харандаагаар зурах, сүүдэртүүлэг хэрхэн хийх, хэмжээ яаж авах гэх мэт зураг зурахад мэдвэл зохих бүхий л суурь ойлголт, мэдлэгүүдийг багтаасан бөгөөд, нүүр царай, биеийн бүтэц, байгаль, байшин барилга, шог зураг, амьтан гэх мэт найман бүлэг сэдэвтэй юм байна. Бүлэг тус бүр өөрийн дасгал ажлуудтай бөгөөд зааврын дагуу гүйцэтгэхэд хялбар, энгийн ойлгомжтой төдийгүй таныг гайхалтай үр дүнд хүргэх аж. Амьдралдаа огт зураг зурж үзээгүй хүн ч энэхүү номтой ажиллаад дууссаны дараа зураг зурах арга барилыг эзэмшсэн байх бөгөөд өөрийн ажиглалт төсөөлөл, мэдрэмжээ зураг болгон цаасан дээр буулгаж, бүтээл туурвих хэмжээнд хүрэх боломжтой юм байна. Өөрийн авьяасаа нэээж, зурах арга барил үндсэн ойлголтуудад суралцаж, өөрийгөө хөгжүүлж, дүрслэх урлагт хөл тавихыг хүссэн хүн бүрт зориулсан тус бүтээлийг “Интер” номын бүх салбараар борлуулж эхэллээ. Нээгдээгүй үлдсэн, хөгжүүлээгүй орхигдсон авьяас хамгийн том харамсал. Залуусаа өөртөө цаг гаргаад “Уран зураг ба дүрслэх урлагийн сурах бичиг” номыг сөхөөд нэг хараарай. Г.ДАША | урлаг соёл |
Уран зургийн галерейд маргааш 10.00 цагт “Хоёр зуун дамжсан Монгол амьдрал” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнг Монголын уламжлалын академи, Оросын кино, гэрэл зураг, баримтын улсын архиваас зохион байгуулж байгаа бөгөөд Соёл урлаг хөгжүүлэх сан дэмжин ажиллажээ. Үзэсгэлэнгээр Оросын кино, гэрэл зураг, баримтын архиваас ирсэн ховор сонин гэрэл зургуудыг анх удаа үзэгчдийн хүртээл болгохоос гадна ховор киног үзүүлэх юм байна. Г.ДАША | урлаг соёл |
Орхон аймгийн урчуудын холбооны зураач, Соёлын тэргүүний ажилтан Д.Батбилэг энэ сарын 12-нд Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд уран бүтээл болон цуглуулгынхаа үзэсгэлэнг дэлгэх гэж байна. Түүний үзэсгэлэнгийн нэр “Та бэлэн үү...”. Үзэсгэлэнд түүний уран бүтээлүүд болон хүүхэд наснаас эхлэн сонирхож цуглуулж ирсэн хамтлаг дуучдын зурагт хуудас, ном, сонин, пянз зэрэг олон сонирхолтой бүтээлүүд багтжээ. Зураач Д.Батбилэг 1988 онд анхны үзэсгэлэнгээ Буриадын Улаан-Үд хот “Турган хивсний үзэсгэлэн” нэртэйгээр толилуулж байсан аж. Харин уг үзэсгэлэнгээ арван жилийн дараа анх удаа эх орондоо дэлгэж байсан гэнэ. Мөн тэрээр 2009 онд Англи улсад “Queen” хамтлагийн фенүүдийн 25 дахь цугларалтын ойд зориулж уран бүтээлийн үзэсгэлэн гаргаж байсан бөгөөд өнгөрсөн жил мөн Лондон дахь Европын банкинд үзэсгэлэнгээ гаргажээ. Түүний ертөнцөөр аялан уран бүтээл, цуглуулгынх нь талаар ярилцахыг хүсвэл энэ сарын 12-нд Уран зургийн галерейг зориорой. Үзэсгэлэн энэ сарын сарын 25-ныг дуустал үргэлжлэх бөгөөд дуу хөгжим, дүрслэх урлагт дуртай, хэн бүхний өмнө нээлттэй аж. Г.ДАША | урлаг соёл |
“Sotheby” дуудлага худалдаагаар Пабло Пикассогийн 1932 онд зурсан “Цонхны дэргэд суугаа эмэгтэй” гэх зургийг үнэ хаялцуулна. Зурагт их зураачийн хайрын сахиусан тэнгэр гэгдэх Мари-Тереза Вальтерийг дүрсэлжээ. Зургийн анхны үнэ 40,2-56,3 сая ам.доллар байх аж. Бүжигчин Хохловатай гэрлэсэн байсан Пикассо Вальтертай танилцсанаас хойш таван жилийн дараа дээрх зургийг зуржээ. Вальтер 1935 онд Пикассогийн охиныг төрүүлсэн юм. “Sotheby’s” Лондон хотноо хоёрдугаар сарын 5-нд дуудлага худалдаа явуулж, 61 нэр төрлийн эд зүйлийг худалдаалах аж. Үүнд Пикассогийн дээрх зургаас гадна Эгон Шилегийн хэдэн зураг, Клод Монегийн “Хонхон цэцэг” цувралын зургууд багтжээ. Дуудлага худалдаагаар 240 сая орчим ам.доллар олно гэж “Sotheby’s” төлөвлөсөн байна. Пабло Пикассогийн бүтээлүүд дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрдэг. 2012 оны эцсийн дүнгээр дэлхийн хэмжээнд түүний зургуудыг дуудлага худалдаагаар нийт 334,7 сая ам.доллараар худалджээ. Тэдгээр бүтээлийн нэлээд хэдэд нь Вальтер дүрслэгдсэн нь бий. “Хонгор зул цэцэгтэй цээж баримлын натюрморт”, “Нүцгэн эмэгтэй, ногоон навчис”, “Цээж баримал” гэх мэт. Ш.МЯГМАР | урлаг соёл |
“976” галерейд энэ сарын 22-нд зураач Н.Гүнчинсүрэнгийн “Оргил өөд” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Тэрээр өнөөгийн цаг үеийн төрхийг баатруудаар нь дамжуулан түүхнээ мөнхлөхийг хүсдэг уран бүтээлчдийн нэг бөгөөд шинэ үзэсгэлэнгийнхээ талаар “Хорвоогийн хамгийн үнэ цэнэтэй зүйл бол хүн. Өнөөдөр биднийг хүрээлэн буй ололт амжилт, дэвшилт бүхэн хүний бүтээл. Тиймээс би янз бүрийн насны, ажил мэргэжил, амьдрал ахуйгаараа ялгаатай ч сэтгэл татам, сайхан хүмүүсийн хөрөг зурах дуртай” хэмээн ярьж байна. Зураач цаашид ч хөрөг зургийн чиглэлээр бүтээл туурвиж, энэ төрлийг орчин үеийн урсгалтай сүлэн хөгжүүлэхийг зорьж байгаа гэнэ. Тэрээр ОХУ-ын Красноярскийн Уран зургийн академид 2007-2011 онд суралцан төгссөн. Тэрээр суралцах хугацаандаа Красноярск хотод “Пейзаж”, “Осень”, “Весна”, “Мартовский кот”, Санкт-Петербургт “Копий”, Улаанбаатарт “Хар зураг” тэргүүтэй үзэсгэлэнгээ дэлгэж байжээ. “Оргил өөд” үзэсгэлэндээ тэрээр 2009-2012 оны хооронд туурвисан 30 орчим бүтээл толилуулах нь. Тэрээр “Дүрслэх урлаг бол агуу уул. Тэр уулын бэлд нь буй би оргил өөд тэмүүлнэ. Үүнийг бэлгэдэн үзэсгэлэнгээ ийн нэрлэсэн юм” хэмээн ярилаа. Үзэсгэлэн ирэх нэгдүгээр сарын 5-н хүртэл үргэлжилнэ. Г.ДАША | урлаг соёл |
Их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тохиолдуулан “Их хааны өв соёл” нэртэй үзэсгэлэн Үндэсний түүхийн музейд өнөөдөр нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнг Үндэсний түүхийн музей, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулж байгаа юм. “Их хааны өв соёлыг ард иргэддээ мэдрүүлж, бахархах сэтгэл төрүүлэх зорилгоор энэхүү үзэсгэлэнг хийж байна. Үүнээс гадна өөр олон арван хүмүүс тусалсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Ямар ч байсан бид их хааны үлдээсэн соёл, хувцас хэрэглэл, зэвсэглэлийн ур маягийг хойч үедээ харуулах болно” гэж ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл ярьсан юм. Тус үзэсгэлэнд төрийн түүхийн музейн сан хөмрөгт багтдаг ховор үзмэрүүд болоод Тайванийн түүхийн музейд хадгалагддаг их хааны болоод бусад хатдын зургийг авчран олон нийтийн хүртээл болгож байгаа аж. Их хааны өв соёл үзэсгэлэн ирэх оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл үүд хаалгаа нээлттэй байлгах ажээ. Б.Сүх | урлаг соёл |
Урлаг, соёлын томоохон хот болох Парист өөрийн авсан фото зургаа дэлгэж, Франц улсаар аялмаар байна уу? Тэгвэл та ийм боломж олгох фото зургаа уралдаанд бүтээлээ явуулаарай. Тодруулбал, “Аллианс Франсейз” байгууллагаас гурав дахь удаагийн олон улсын фото зургийн уралдаанаа зарлаж байна. Энэ жил уралдаан “Дэлхийн мэргэжил” сэдвийн дор болох бөгөөд фото зурагт сонирхолтой хэн бүхэн уралдаанд оролцох боломжтой. Уралдаанд үнэ төлбөргүй оролцох боломжтой бөгөөд дэлхийн мэргэжлүүд сэдвийн доор эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өдөр тутмын эрхэлдэг ажил хөдөлмөрийн үзэгдэл, хэв маяг, гоо сайхан, саад бэрхшээлийг зургийн хальснаа илэрхийлэх ёстой. Оролцогчдын болон бүтээлийн ерөнхий шаардлагын тухайд, оролцогч нь мэргэжлийн бус фото сонирхогч байх бөгөөд хоёр бүтээлээ ирүүлэх ёстой. Мөн тухайн зурагт авахуулсан хүмүүсийнх нь өөрсдийнх нь зөвшөөрөл хэрэгтэй бөгөөд зурагт ямар нэгэн брэнд, мансууруулах бодис болон архи тамхи сурталчлахгүй байх ёстой аж. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2013 оны нэгдүгээр сарын 10-ныг хүртэл Монгол-Францын төвд болон www.saraa.dagvatseren@afm.mn хаягаар хүлээн авах гэнэ. Монголоос нэг уран бүтээлчийн хоёр фото зургийг шалгаруулж, Парис руу илгээх бөгөөд нэгдүгээр сарын 20-нд Парисын шүүх бүрэлдэхүүнд шүүх юм байна. У.БОЛОР | урлаг соёл |
Монгол түмний бүтээсэн их өв соёлын нэг нь үндэсний монгол бичиг. Уран бичлэг буюу каллиграф нь дорно дахины ард түмний дотоод сэтгэлгээний урлаг болж, тухайн улс түмнийхээ ахуй соёл, ёс заншил, яруу найраг сэлттэй нягт уялдаатай хөгжсөн түүхтэй. Тэгвэл тун удахгүй буюу энэ сарын 11-нд Уран зургийн галерейд шинэ залуу, шилдэг каллиграфчидын “Шинэ цас-2013” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. “Шинэ цас” үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил долоо дахь жилдээ болох гэж байна. Энэхүү үзэсгэлэн нь монгол уран бичлэг үндэсний өвийг сэргээн хөгжүүлэх, сурталчлан таниулах, золхиостэй хэрэглээ бий болгох зорилготой юм. Үзэсгэлэн энэ сарын 11-наас ирэх нэгдүгээр сарын 15-ныг хүртэл Уран зургийн галерейд үргэлжлэх ажээ. Г.ДАША | урлаг соёл |
Үндэсний хөрөг зургийн галерей Кембрижийн герцогын ахайтан Кейт Миддлтоны албан ёсны анхны хөрөг зургийг танилцууллаа. Пол Эмслигийн зурсан хөрөг зургийг хэдэн сарын хугацаанд бүтээсэн бөгөөд тус галерейн албан ёсны цуглуулгад орох юм. Зурагт Кейтийг Британийн Whistles маркийн даашинзтайгаар зуржээ. Уг зургийг нэгдүгээр сарын 11-нд Үндэсний хөрөг зургийн дэлгэж танилцууллаа. Хөрөг зурах ажлыг уг галерей захиалжээ. Сент-Эндрюссийн их сургуульд урлагийн түүхээр суралцсан Кейт өөрөө зураачийг сонгоход оролцож, санаа бодлоо хэлж байсан гэнэ. Тухайлбал, зураачаас түүний хөргийг энгийн байдлаар бүтээхийг Кейт хүссэн байв. The Independent сонинд өгүүлснээр Кейтэд хөрөг нь их таалагдсан ба Эмслийн бүтээлийг тэрээр гайхамшигтай гэж нэрлэсэн гэнэ. Урлагийн бүтээлийн талаар жонон Уильямс ч бас сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Пол Эмсли Шотландад төрсөн ч амьдралынхаа ихэнхи хугацааг Өмнөд Африкт өнгөрүүлсэн юм. Тэрээр 1996 онд Их Британид ирсэн ба 2007 онд орчин үеийн шилдэг хөрөг зургийн BP Portrait Award шагнал авч байжээ. Уг шагналын шигшээд шалгарагчид болон шагналтных нь бүтээлийг жил бүр Үндэсний хөрөг зургийн галерейд үзүүлдэг байна. Бэлтгэсэн Ш.МЯГМАР | урлаг соёл |
Зураач Ц.Одгэрэл “Цагаан өнгө” үзэсгэлэнгээ энэ сарын 14-нд нээх ажээ. Нээлт цагт “MaxMall” төвийн тавдугаар давхарт байрлах “976” галерейд 18.00 цагаас болох юм. Зураач Ц.Одгэрэлийг урлагт шимтэгчид нийгмийн эмзэг давхаргын хүүхдүүдийг дүрсэлсэн экспрессионист бүтээлээр нь мэднэ. Тэрээр Төв аймагт амьдарч, уран бүтээлээ туурвидаг. Тиймээс ч “Хөдөө амьдардаг хүүхдүүдэд мэдээлэл авах, технологийн дэвшилтэт зүйлстэй танилцах боломж хязгаарлагдал. Гэхдээ энэ хэрээр тэдний сэтгэлгээ хүүхэд хэвээрээ, гэнэн, цайлган төрх нь хадгалагдаж үлдсэн байдаг нь анзаарагдсан. Хотын хөл хөдөлгөөн, бухимдлаас ангид байгаа нь ч тайван, амгалан болгож, бүтээлд нөлөөлдөг болов уу” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм. Сонирхуулахад, “Цагаан өнгө” үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Хөх нар” орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч С.Ганзүг үйл хөдлөлийн урлаг буюу “performance art”-ийн бүтээлээ хүргэх ажээ. Зураач Ц.Одгэрэл 2005 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгссөн. “Амьдралын өнгө”, “Нас ба цаг үе”, “Совин” зэрэг бие даасан үзэсгэлэн гаргаж байсан бөгөөд энэ удаа 2012 онд туурвисан шинэ бүтээлүүдээ дэлгэх юм. Г.ДАША | урлаг соёл |
Үе үеийнхний төлөөлөл болсон 50 гаруй уран бүтээлчийн үзэл санаа, сэтгэлгээний цар хүрээг нэгтгэсэн “Бид” үзэсгэлэнгийн шилдгүүдийг маргааш 16.00 цагт тодруулна. Уран зураг, керамик, баримал, контемпорари гээд дүрслэх урлагийн бүхий л бүтээлүүдийг хамруулсан энэхүү үзэсгэлэнгийн шилдгүүдтэй танилцахыг хүсвэл “Өргөө-2” кино театрын хойно байрлах “Blue mon” барилгын нэгдүгээр давхарт буюу “Blue moon” –“Цэнхэр сар” галлерейг зориорой. Мөн “Цэнхэр сар” галлерейд нэгдүгээр сарын 16-наас зураач Ч.Эрдэнэбат Л.Гантөмөр нарын хамтарсан “Говийн уянга” уран зургийн үзэсгэлэн үүдээ нээнэ. Энэхүү үзэсгэлэнгээр модернист чиглэлийн уран баримал, байгалийн өнгө төрхийг нүдээр үзсэн мэт мэдрүүлэх уран зургууд гээд 80-аад бүтээлийг танилцуулах бөгөөд үзэсгэлэн хоёрдугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. У.БОЛОР | урлаг соёл |
Соёл, спорт, аялал жуулчлалын яам өнөөдөр улсын санд худалдаж авсан хөгжмийн болон дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн эздэд батламжийг нь гардуулж өглөө. Жил бүр хөгжмийн болон дүрслэх урлагийн салбарын шилдэг бүтээлийг шалгаруулан улсын санд худалдаж авдаг бөгөөд өнөөдөр ийнхүү уран бүтээлчид батламжаа гардан авлаа. Хөгжмийн шилдэг бүтээлийн шалгаруулалтад нийт 22 хөгжмийн зохиолчийн бүтээлээс зөвлөлийн гишүүд санал солилцон шилдэг тавыг буюу хөгжмийн том хэлбэрийн бүтээлийг онооны системээр дүгнэн шалгаруулсан байна. Ингээд Хөгжмийн шилдэг бүтээлд: Б.Бямбабаяр “Хүннү” дуурь -15 сая төгрөг, Х.Алтангэрэл “Ай Нанаа” түүхэн дуулалт жүжиг-10 сая төгрөг Ш.Өлзийбаяр “Дөрөө” модерн бүжгэн жүжиг-10 сая төгрөг, Ш.Өлзийбаяр “Ятга, симфони найрал хөгжмийн концерт”-зургаан сая төгрөг, Г.Пүрэвдорж “Реквием”-дөрвөн сая төгрөгөөр тус тус үнэлэн улсын сан хөмрөгт худалдан авлаа. Түүнчлэн, дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн шалгаруулалтыг өнгөрсөн арванхоёрдугаар сард уран зургийн галерейд зохион шилдэг арван уран бүтээлчийг нийтэд зарлаад байсан юм. Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийн уралдаанд нийт 171 зураач уран бүтээлээ ирүүлснээс мэргэжлийн зөвлөлийн саналаар 10 шилдэг бүтээлийг улсын санд худалдан авсан юм. Дүрслэх урлагийн шилдэг бүтээлд: Д.Ганбаатарын “Монголын нууц товчоо” 10 сая төгрөг Б.Насанцэнгэлийн “Алтан лийр” найман сая төгрөг М.Батзоригын “Нисэн одох цаг хугацаа” зургаан сая төгрөг Д.Булгантуяагын “Зохиомж” таван сая төгрөг Г.Лхагвасүрэнгийн “Нууц товчооны нууцат хурал” дөрвөн сая төгрөг Б.Дэнзэнгийн “Бэр” баримал 3,7 сая төгрөг Б.Гансүхийн “Бүсгүйчүүд” гурван сая төгрөг Д.Бөхшандасын “Хөрөг” хоёр сая төгрөг А.Баярмагнайгийн “Хашгираан дээр дуссан дуслууд” хоёр сая төгрөг Ж.Мөнхжаргалын “Тэд л хүрсэн тэнгэрийн таалал” бүтээлийг 1,3 сая төгрөгөөр тус тус үнэлэн улсын сан хөмрөгт худалдан авсан юм. Улсын сан хөмрөгт энэ жил уран бүтээлчдийн бүтээлийг нийт 100 сая төгрөгөөр худалдан авсан бөгөөд салбар тус бүрт 50 сая төгрөг төсөвлөжээ. Г.ДАША | урлаг соёл |
Францын алдарт Луврын музейн салбар 2015 онд Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид нээгдэх тухай Эмиратын “Ар-Рауя” сонинд мэдээлжээ. Луврын энэ салбар “Абу Даби дахь Лувр” нэртэйгээр Саадият гэх хиймэл аралд байрлах юм. Тэр арал алсдаа Эмиратын соёлын томоохон төв болох бөгөөд Лувраас гадна Америкийн Соломан Гугенхем, шейх Зайедийн түүхийн музейн салбарууд бий болох гэнэ. Луврын салбарыг Арабын ертөнцөд байгуулах төслийн нийт өртөг 2,4 тэрбум дирхам буюу 657,5 сая ам.доллар. Музейн барилгыг барих тендерт Эмиратын “Arabtec” тэргүүтэй хэсэг компанийн нэгдэл ялсан байна. Тус компанийн төлөөлөгчийн хэлснээр музейн бүтээн байгуулалт эхэлсэн бөгөөд 2014 оны сүүлчээр байгууламж бэлэн болсон байх гэнэ. Харин музей 2015 онд нээлтээ хийх ажээ. Луврын Эмират дахь салбарын төв байр нь орчин тойрны талбайн хамт 64 мянган кв.метр талбайг хамарна. Үзвэрийн танхимын талбай 6000 кв.м байхаас гадна түр үзэсгэлэн, хурлын танхимд зориулсан 3000 кв.м талбай байх ажээ. Сонирхуулахад, олон тооны усны суваг, асар том шилэн бүрхүүл зэргээсээ хамааран музейн зочдод далайд хөвж буй мэт сэтгэгдэл төрүүлэх гэнэ. Орчин үеийн техник технологиор музейн барилгыг өвч тоноглож, зочдын тав тухыг ч мөн бүрдүүлэхээр төлөвлөжээ. Ш.МЯГМАР | урлаг соёл |
Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд маргааш 16.00 цагт Дүрслэх урлагийн сургуулийн захирал, Урчуудын эвлэлийн шагналт зураач Л.Бумандорж, зураач Д.Пүрэв нарын хамтарсан “Дүрслэл” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн сүүлийн үеийн ажлууд дэлгэгдэх юм. Мөн өнгөний сонин хослол, хар дээр харыг бичих тухай тоглолтуудыг үзэхээс гадна уран бүтээлчидтэй чөлөөтэй ярилцах боломжтой юм. Үзэсгэлэн энэ сарын 29-н хүртэл үргэлжилнэ. Г.ДАША | урлаг соёл |
Сурталчилгааны гэрэл зураг, видео чиглэлээр ажилдаг “Proline” студийнхэн уран бүтээлч ажил болох “Anti-Project” төслийн зургуудыг танилцуулж байна. “Anti-Project” төсөл нь өнөөгийн нийгэмд бидэнтэй цуг чимээгүй оршин байгаа эмгэнэлүүдийг зохиомжит гэрэл зургаар олны өмнө дэлгэн буйгаараа онцлог бүтээлүүд юм. Өнгөрсөн жил утаатай Улаанбаатарын эсрэг урлаг, соёлын эрхмүүд “баг” барин тэдэнтэй нэгдэж байсан билээ. Энэ удаад тэд бидний эргэн тойронд далдлагдан амь бөхтэйгээр оршисоор байгаа архинаас үүдсэн зам тээврийн осол, гэр бүлийн маргаан болон хүүхдийн хүчирхийлэл, ДОХ-ын эсрэг гэрэл зургийн дурангаа хараалжээ. “Proline” студийн албан ёсны facebook хуудас руу http://facebook.com/prolinestudio зочлон уг төслийн зургуудыг сонирхон уран бүтээлчидтэй нь санал бодлоо хуваалцаарай. Г.ДАША | урлаг соёл |
Оросын Пушкины нэрэмжит дүрслэх урлагийн улсын музей Хендрик ван Бален (1575-1632) ба бага Ян Брейгелийн (1601-1678) “Христийг загалмайлсан нь” зургийг Соёлын яамнаас нь гаргасан мөнгөөр хувь хүнээс худалдан авсан байна. Музейн сүлжээний аккаунтад өгүүлэхдээ “Христийг загалмайлсан нь” зургийг фламандын уран зураачид 1620-иод оны хоёрдугаар хагаст бүтээсэн ба түүнийг музейд хувь хүн бэлэглэсэн гэжээ. Хоёр зураачийнхамтын энэ бүтээл нь хамгийн том хэмжээтэй (141 х 202 сантиметр), тэндээс хоёр мастерийн уран сайхны стилийг зэрэг харж болох гэнэ. Ян Брейгель нь уг зургийн натюрмортын деталийг бичсэн гэдэг нь тодорхой байдаг. Музейн шинэ зураг нь энэ зууны хувьд хамгийн чухал ололт нь болж байгаа бөгөөд уг музейд өнөөг хүртэл Хендрих ван Балений ганц ч зураг байсангүй. Тэр зураач бусад матеруудтай байнга хамтран ажилладаг хүн байжээ. Бэлтгэсэн Ш.МЯГМАР | урлаг соёл |
«Хирс», Альбрехт Дюрер, 1515 он. Фото: каталог Christie"s Альбрехт Дюрерийн бар зургийн цуглуулга Нью-Йоркийн Christie"s дуудлага худалдаагаар зургаан сая ам.доллараар зарагдсан байна. Арилжааны лотуудын ихэнх нь хувийн цуглуулгын бар зургууд байв. Нэр нь нууцлагдсан цуглуулагч Дюрерийн бар зургуудыг хагас зууны турш цуглуулжээ. Арилжааны эхэнд 62 бар зургаас бүрэлдсэн багц 4,6 саяар үнэлэгдсэн байв. Мягмар гаригийн арилжааны хамгийн хүнэтэй лот нь 1515 онд Дюрерийн бүтээсэн «Хирс» гэсэн төмөр барын зураг байсан ба анхны үнэ нь 100-150 мянгаар эхлээд 866,5 мянган ам.доллараар зарагдсан нь Дюрерийн зургийн дуудлага худалдааны дээд үнийг тогтоов. «Хувилгаан Юстас» 722,5 мянган ам.доллараар, «Меланхолия I», 530,5 мянган ам.доллараар, «Адам, Ева» 662,5 мянган ам:доллараар тус тус зарагдсан нь бас л үнэтэй лотууд байлаа. Christie"s Дюрерийн бар зургуудын 76 хувийг борлуулж чаджээ. Ш.МЯГМАР | урлаг соёл |
“Ulzii” арт галерей нэг жилийн ойдоо зориулсан үзэсгэлэнгээ дэлгэлээ. Тэд Барилгачдын талбай буюу “Туул” рестораны баруун талд “Art House” төвд байрладаг үзэсгэлэнгийн танхимдаа нэг жилийн ойдоо зориулан Монголын алтан үеийн зураачид болох С.Дондог, Н.Цүлтэм, Ц.Доржпалам, Г.Баяр, Ү.Ядамсүрэн, Г.Одон нарын бүтээлийг дэлгэн тавьжээ. “Ulzii” арт галерейн хамт олон уг үзэсгэлэнгээрээ дамжуулан Монголын дүрслэх урлагийн нандин эрдэнэ, түүхийн ховор бүтээлүүдийг урласан XX зууны зураачдыг судалж, бүтээлүүдийг нь хадгалан хойч үедээ үлдээх мөн дүрслэх урлагийн бүтээл цуглуулагч нарт эдгээр эх бүтээлүүдийг өөрийн болгох боломж олгож байгаагаараа давуу талтай юм. “Ulzii” арт галерейг нэг жилийн өмнө Монголын дүрслэх урлагийн уран бүтээлч, дэмжигч, цуглуулагч мөн дүрслэх урлагийг үргэлжлүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй хувь хүн, албан байгууллага болон уран зургийг ташаан сонирхогчдод зориулан байгуулж байсан юм. Тиймээс тус галерейн хамт олон Монголын дүрслэх урлагийн нэрт уран бүтээлчдийн бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлж, сурталчилан таниулах болон дүрслэх урлагийн түүхэн хөгжил, тус салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан урлагийн үе үеийн нэрт зүтгэлтнүүдийнхээ уран бүтээлийг олон нийтэд сурталчилан таниулахад дэмжлэг үзүүлдэг юм. Түүнчлэн, дүрслэх урлаг сонирхогчид болон хүүхэд залуусын урлагийн боловсрол, тэдний хүмүүжлийг төлөвшүүлэхэд зориулсан сургалт, семинарыг зохион байгуулдаг. “Ulzii” арт галерей дээд зэргийн тав тухтай орчинд дүрслэх урлагийн нэрт эрдэмтэд, доктор багш нарын алтан сургаалийг сонсох, тэдэнтэй уулзалт, ярилцлага хийх боломжийг олгодгоороо хэдийнэ дүрслэх урлагийн хорхойтнуудын танил болсон билээ. “Ulzii” арт галерейн www.facebook.com/pages/Ulzii-Art-Gallery цахим хуудсаар зочилж, галерейн зургийн цомгийг үзэж сонирхоорой. Г.ДАША | урлаг соёл |
Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн зураач Ш.Чимэддорж, БНСУ-ын гэрэл зурагчин Ду Жэ-Хун нарын хамтарсан “Байгалийн нууцлаг гоо сайхан” үзэсгэлэн өнөөдөр “Max Mall”-д байрлах “976” арт галерейд 18.00 цагт нээлтээ хийх гэж байна. Уран бүтээлчид одоогоор бүгд гадаадад уран бүтээлийнхээ ажлаар завгүй яваа учраас үзэсгэлэнгийнхээ нээлтэд оролцох боломжгүй аж. Гэхдээ тэдний нүдээр байгалийн нууцлаг гоо сайхныг тольдох боломж хэн хүний өмнө нээлттэй байгааг галерейн уран бүтээлчид дуулгав. Та үзэсгэлэн үзэнгээ урлагт хайртай, дуртай сонирхолтой хүмүүстэй уулзан нэгэн үдшийг сайхан өнгөрүүлээрэй. Г.ДАША | урлаг соёл |
Долоо хоногийн ажлын сүүлийн өдөр урлагийн зарим байгууллагынхны хувьд халаа сэлгээ хийгдсэн өдөр байлаа. Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан учир өчигдөр тэрбээр албан тушаалаа дараагийн хүндээ хүлээлгэн өглөө. Дуурь бүжгийн эрдмийн театрын шинэ удирдлагаар МҮОНТ-ийн найруулагчаар ажиллаж байсан гэх Ч.Мөнхзул томилогджээ. Тус театрын менежер, захирлын албыг олон жил хашсан Б.Сэргэлэн захирлыг Монголын сонгодог урлагийг хөгжүүлэх, театрын үйл ажиллагааг зах зээлийн тогтолцоонд хөл нийлэн ажиллах менежментийг амжилттай нэвтрүүлсэн гэж урлагийн хүрээнийхэн үздэг. Ялангуяа Монголын сонгодог урлагийн салбарын гадаад харилцааг хөгжүүлэхэд түүний хийсэн ажлууд их болохыг, түүнийг үргэлжлүүлэн ажиллахыг шинэ захирал анзаарах биз ээ. Түүнчлэн сонгодог урлагийн цорын ганц театрын захирлыг өөрчилсөн энэ томилгоотой хамт урлагийн бас нэг байгууллага шинэ даргатай болсон нь Уран зургийн галерей. Тус галерейн захирал А.Чадраабалыг өчигдөр мөн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Н.Батбаатарыг түүний оронд захирлаар томилжээ. Саяхан бас Улсын драмын эрдмийн театрын дэд захирал Н.Сувдыг ажлаасаа чөлөөлөгдсөн гэх мэдээлэл гарсан ч энэ нь үндэслэлгүй мэдээлэл байсныг холбогдох хүмүүс хэлсэн. Гэхдээ юмыг яаж мэдхэв. Урлагийн байгууллагынхныг хөдөлгөж байгаа эдгээр томилгоо Драмын театрт ч бас байгааг үгүйсгэх аргагүй юм. Г.ДАША | урлаг соёл |
Төрийн соёрхолт дуучин Д.Болд өнөөдөр “Blue Sky”-ын "Сrystal hall"-д өвөрмөц хэвлэлийн бага хурал хийн “Монгол поп 2” цомгоо танилцуулсан. Тэрээр ирсэн хэвлэл мэдээллийнхэнд “Монгол поп 2” цомгийн хамт мэндэлсэн хуанлийэ зургуудыг сонирхуулав. Д.Болд хэвлэлийн бага хурал дээрээ “Монгол поп 2” цомогт хамтран ажилласан уран бүтээлчдийг танилцуулсан бөгөөд тэдгээр гэрэл зургуудыг David Ganba буюу гэрэл зурагчин Дашка авчээ. Гэрэл зурагчин Дашка, дуучин Болд нар эртний хамтрагчид юм. Тэрээр анх дуучин Д.Болдын “Хайрын хүч” цомог дээр хамтран ажиллаж байсан бөгөөд “B” продакшн, бие даасан цомгуудынх нь гэрэл зургууд дээр ажилласан гээд чамгүй олон жил нөхөрлөж буй дотны андууд аж. Мөн тэрээр “Монгол поп”, “Монгол поп 2” гээд сүүлийн үеийн уран бүтээлд нь ч хамгийн ойрхон ажиллажээ. Түүний авсан “Монгол поп 2” цомгийн гэрэл зургуудыг сонирхуулъя. Г.ДАША | урлаг соёл |
Испанийн алдарт зураач Пабло Пикассогийн “Цонхны дэргэд сууж буй эмэгтэй” /Femme assise pres dune fenetre/ бүтээл өчигдөр Английн Sotheby-ийн дуудлага худалдаагаар 28.6 сая фунт буюу 45 сая ам.доллараар зарагджээ. Алдарт зураачийн орчин үеийн болоод сюрреалист хэв шинжийг хадгалсан энэхүү уран зураг нь Sotheby-ийн энэ сарын хамгийн анхны худалдаа болж байгаа юм байна. Пикассогийн 1932 онд туурвисан уг бүтээл өмнө нь Хятад, Оросын уран зураг цуглуулагч нарт мөн хадгалагдаж байжээ. Урлагийн ховор бүтээлүүдийг дуудлагаар худалдаалдаг Лондонгийн хамгийн том төв болох Sotheby-д Пикассогийн “Femme assise pres d"une fenetre"–аас гадна Австрийн нэрт зураач Эгон Шил болон Германы зураач Макс Бекманы бүтээлүүдийг мөн үнэ хаялцуулан худалдсан байна. Э.АНХТУЯА | урлаг соёл |
Амадео Модильяни, «Жанна Эбютерний хөрөг» (хэсэг) Фото: каталог Christie"s Амедео Модильянийн 1919 онд зурсан «Жанна Эбютерний хөрөг» Лондонгийн “Christie"s”-ийн пүрэв гаригийн арилжаагаар 42,3 сая ам.доллараар (26,9 сая евро) зарагджээ. Зураачийн онгодын тэнгэр нь болсон хайртай эмэгтэйн хөрөг ийм өндөр үнэ хүрснийг Agence France-Presse мэдээлэв. Анхны дуудлагын үнэ 25,6-35,2 саяас эхэлжээ. Дуудлага худалдааны бусад топ-лотуудад 10,6 сая ам.доллараар зарагдсан «Сүм, шилтгээнтэйгээр төмөр замаас харсан Мурнау хотын зураг» (1909 он) гэх Василий Кандийнскийн зураг багтав. Анхны үнэ нь 7,8-12,5 сая байсан «Дэнжигнэлт» (1942 он) гэх зураачийн бас нэг зураг худалдан авагчдыг татаагүй учир арилжаанаас хасагджээ. «Импрессионизм, модернизмын урлаг» нэртэй энэ удаагийн дуудлага худалдаанд 78 лот тавигдаж, Christie"s 153,8 сая ам.доллар (98,3 сая фунт стерлинг) цуглуулж чаджээ. Үүнээс нэг хоногийн өмнө, импрессионистууд, модернистуудын бүтээлийн арилжааг “Christie"s”-ийн өрсөлдөгч “Sotheby"s” явуулсан юм. “Sotheby"s”-ийн арилжааны хамгийн үнэтэй лот нь Пабло Пикассогийн «Цонхны дэргэд суугаа эмэгтэй» гэсэн 1932 оны зураг 8,6 сая фунт стерлингээр зарагджээ. “Sotheby"s” арилжаанд 61 лот тавигдсанаас 121 сая фунт стерлингийн орлого олжээ. Ш.МЯГМАР | урлаг соёл |
Зураач Жулия Томпсон (Julie Thompson) Аляскад төрж өсчээ. Зэрлэг онгон байгаль, нутгийн уугуулуудын соёл түүний уран бүтээлийн онгодыг дууддаг гэнэ. Тэрбээр 20 гаруй жил зөвхөн шувууны өдөн дээр бүтээлээ туурвиж буй дэлхийн бас нэг сод авьяастан ажээ. Хүмүүс аль эртнээс өдийг дэр, гоёл болгон, ном бичихдээ ашиглаж ирсэн ч зураг зурахад өмнө нь огт хэрэглэж байсангүй. Залуухан Жулия Томпсон 1990 онд эхийнхээ малгайны тогосны өдийг зураг зурахад ашиглахаар шийдэж, түүнээс хойш өдийг уран бүтээлийнхээ гол зэвсэг болгожээ. Түүний гол сэдэв нь төрөлх нутгийнх нь онгон дагшин байгаль, ан амьтан, шувууд. Жулия ихэвчлэн тогос, цацагт хяруулын өдөн дээр зураг зурж, жаазлан, нэг бүрийг нь 275 ам.доллараар худалддаг гэнэ. Ш.МЯГМАР | урлаг соёл |
АНУ-ын Флорида мужийн зураач Кристиан Рамос гэгч элдэв төрлийн хэдэн мянган ширхэг үрлэн чихэр, амттан ашиглан алдартнуудын хөргийг урлажээ. Тэрбээр дэндүү амттай эдгээр бүтээлдээ Мерилин Монро, Бейонсе, Лэди Гага, Ники Минаж зэрэг алдартнуудыг дүрсэлсэн байна. Мексикээс гаралтай, 32 настай зураач янз бүрийн чихэр, бохь, цэлцэгнүүр зэргийг ашигладаг ба нэг зурагт 5000 орчим амттаны элемент ордог ажээ. Түүний хамгийн том бүтээл нь бодит хэмжээгээр зурсан мотоцикль бөгөөд үүнд 20 мянга гаруй чихэр хэрэглэсэн гэнэ. Дөрвөн жилийн өмнө зураач цэцэрлэгт зугаалж яваад хүү нь унаад уйлахад чихэр өгч байгаа эцгийг харжээ. Хүүхэд өвдсөнөө даруй мартаад инээж байсан гэнэ. Ингээд Рамос чихрээр бүтээсэн зураг нь урлаг болоод баяр баясгаланг холбож өгнө гэж боджээ. Зураач бүтээлдээ ганц ч дусал будаг хэрэглэдэггүй гэнэ. Ш.МЯГМАР | урлаг соёл |
Зураач Ц.Нарангэрэл “Европт аялсан нь” нэртэй бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ өнөөдрөөс “976” галерейд дэлгэж байна. Гуравдугаар сарын 05 хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд түүний 2011 онд Итали, Франц, Герман, Австри, Швейцарь зэрэг Европын орнуудаар аялах үедээ зурсан 20 гаруй зургийг толилуулах юм. Тэрээр өнгөрсөн оны гуравдугаар сард “Европын тэмдэглэлүүд” үзэсгэлэнгээ гаргаж байсан бөгөөд энэ үзэсгэлэнд оруулаагүй ховор бүтээлүүдээ өнөөдрийн үзэсгэлэнд тавихаар болсон байна. Уг бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнг “Max Mall” их дэлгүүрт байрлах “976” арт галерейд өдөр бүр 10-20 цагийн хооронд сонирхох боломжтой юм байна. М.НАРАН | урлаг соёл |
Соёлын гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Нарангэрэл энэ сарын 21-нд “976” арт галерейд “Европоор аялсан нь” уран зургийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Тэрээр 2011 онд Итали, Франц, Герман, Австри, Швейцарь зэрэг Европын улсаар аялах явцдаа бүтээсэн 20 гаруй зургийг дэлгэх аж. Зураач маань өмнө нь уг аяллын бусад бүтээлээ “Европын тэмдэглэлүүд” үзэсгэлэнд зураач Ц.Энхжаргал, Ш.Чимэддорж, Л.Ганболд нарын хамт гаргаж байсан ч энэ удаад “Европоор аялсан нь”-д өмнөх үзэсгэлэнд дэлгээгүй, ховор бүтээлүүдийг тавьж буйгаараа онцлог юм байна. Зураач Ц.Нарангэрэл шинэ үзэсгэлэнгийнхээ талаар “Европын хотын байгалийн зургууд, ялангуяа Венецийн төрх энэ үзэсгэлэнгийн зургуудад зонхилсон. Уран бүтээлчид аялах, үзсэн харснаа зурах дуртай. Тэр дундаа урлагийн төв болсон Венецийг өөрийн өнцөг, арга барилаар дүрслэх нь олон зураачийн мөрөөдөл биз ээ. Байгалийг зурна гэдэг хуулбарлахтай адилгүй. Тухайн байгаль, юмс үзэгдлийн төрүүлсэн мэдрэмж, сэтгэгдлийг буулгана гэсэн үг. Тэр зураг нь үзэгчдэд харах яруу найраг, хөгжим болж хүрдэг юм” хэмээн ярьсан юм. Тэрээр 1971-1975 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг ардын зураач Л.Гаваагийн удирдлаганд төгсжээ. Л.Гаваа агсан байгалийн зураач байсан нь түүнд мөн энэ чиглэлээр бүтээл туурвихад чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Тэрээр 1980-1986 онд Чехийн Прага дахь Урлаг, архитектур, дизайны академийг (UMPRUM) төгсөн 1991 оноос хойш Дүрслэх урлагийн дээд сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа юм. Г.ДАША | урлаг соёл |
Монголын Уран зургийн галерейн санаачилга, “Керамик арт” студи, 116 дугаар дунд сургуулийн сурагчидтай хамтран “Тэмтрэхүй” үзэсгэлэнгийн төслийг хэрэгжүүлсэн юм. Тус үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр 15.00 цагт Уран зургийн галерейд үзэсгэлэнгийн танхимд болно. Харааны бэрхшээлтэй иргэдэд хүрэх үйлчилгээ тун хомс байдаг бөгөөд үнийн нэгд музей ордог. Үзэгчид музейн үзмэрт гар хүрч болохгүй гэсэн хориг аль ч музейд байдаг. Учир нь үзмэр нь ховор нандин, амархан гэмтэх онцлогтой байдаг. Тиймээс харааны бэрхшээлтэй иргэд музей үзэх боломжгүй юм. Тэдэнд музей үзэх адил тэгш боломж олгох, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн дүрслэх урлагийн боловсролд хувь нэмэр оруулах, өөрсдийн гараар бүтээл туурвих, түүнийгээ үзэсгэлэнгийн хэлбэрээр бусадтай хуваалцах, олон нийтэд танилцуулахад энэ үзэсгэлэнгийн зорилго оршиж байна. Төслийн хүрээнд сонгосон 116 дугаар дунд сургуулийн харааны бэрхшээлтэй 16 хүүхдүүдэд “Керамик арт” студийн мэргэжлийн багш нар керамикийн урлагийн үндсэн арга барилуудыг заан дадлагажуулж, хийсэн бүтээлийг нь пааландан эцсийн байдлаар урлагийн бүтээл болгон дэлгэхэд бэлэн болжээ. Нээлттэй нийгэм хүрээлэн, Соросын сан, Cоёл урлагийн хөтөлбөр уг төслийг санхүүжүүлсэн байна. Үзэсгэлэн ирэх гуравдугаар сарын 15 хүртэл үргэлжлэх тул зав гаргаад тухлан саатаарай. Уг үзэсгэлэн цаашид нүүдлийн үзэсгэлэн хэлбэрээр тусгай сургалттай болон ерөнхий боловсролын сургууль, музейгээр аялах юм байна. Г.ДАША | урлаг соёл |
Соёлын өвийг хадгалж хамгаалах, бүртгэж баримтжуулах, хойч үедээ өвлөн уламжлуулах, палеонтологийн олдворыг нийтэд сурталчлах зорилго бүхий “Үлэг гүрвэлийн төв музей” байгуулах шийдвэрийг Засгийн газрын өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Үүний дагуу Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Үлэг гүрвэлийн төв музейн захирал болон ерөнхий палеонтологичийн нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан юм. Сонгон шалгаруулалтад ирсэн материалуудтай танилцсаны үндсэн дээр Намсрай овогтой Жавзмааг “Үлэг гүрвэлийн төв музей”-н захирлаар томилсон байна. Н.Жавзмаа нь Орос, Англи, Болгар хэлтэй бөгөөд 1992-2000 он хүртэл Монголын Анчдын нийгэмлэгийн харъяа Ан агнуурын музейд тайлбарлагч, эрхлэгч, “Байгаль хишигийн ордон”-ы даргын ажлыг хийж байсан. 2001 оноос Үлэг гүрвэлийн төв музейн захирлаар томилогдох хүртлээ Байгалийн түүхийн музейд Чихмэлийн лабораторын эрхлэгч, эрдэм шинжилгээ, арга зүй, сан хөмрөгийн тасгийн даргаар ажиллаж байсан юм байна. Мөн В.И.Лениний музейн барилгыг Үлэг гүрвэлийн төв музейн балансад шилжүүлж музейн зориулалтаар ашиглах нь зүйтэй гэж үзээд байгаа юм. Овор ихтэй үзмэрүүдийг байрлуулах, тодорхой орчин бүрдүүлэн хадгалах музейн зориулалт бүхий барилга Улаанбаатарт В.И.Лениний музейгээс өөр байхгүй аж. А.БҮЖИН | урлаг соёл |
“Эзэнт гүрний түүхийн дурсгалууд” гэрэл зургийн үзэсгэлэнг хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 18-ны өдрүүдэд Монголын Уран зургийн галерейд дэлгэх гэж байна. Нэн сонирхолтой тус үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Тархан суурьшсан монголчууд ТББ, Монголын Архитекторуудын эвлэл хамтран зохион байгуулж олон нийтэд үнэ төлбөргүй хүргэх ажээ. Үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хаан түүхтэй монголчууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Тархан суурьшсан монголчууд”байгууллагааас Иран, Ирак, Афганистан, Казахстан, Узбекистан, Кыргызстан зэрэг улсад судалгааны зураг авалт хийж, Монголын эзэнт гүрний байлдан дагууллын үеийн бүтээн байгуулалт болон Монголын түүхтэй холбоотой хот тосгон, хөшөө дурсгал түүхэн газруудын тухай баримтжуулан буулгасан гэрэл зургуудаас дээжлэн толилуулах ажээ. Үзэсгэлэнд Зүчи хааны шарилын бунхан, Хүлэгү хааны байгуулсан Одон орны төвийн туурь, Хубилай хааны байгуулсан Одон орны төв, Захирагч Үлэгбэхийн байгуулсан Одон орны төв, Аргун хааны зуны ордны туурь, Өлзийт хааны ордон, Төмөр хааны бунхан, Монгол хаадын дэлдүүлсэн зооснууд, Дундад Ази дахь Монголын үеийн гар урлалын бүтээлүүдийн гэрэл зураг, Хүлэгү хааны байгуулсан Шинжлэх Ухааны Академи, Их сургууль зэрэг барилга, байгууламж, цогцолбор, тууриудын гэрэл зургуудыг дэлгэн харуулах юм байна. Д.ОЮУН | урлаг соёл |
Монголын дүрслэх урлагийн шилдэг эмэгтэй уран бүтээлчид “Ертөнцийн гэгээ” үзэсгэлэнд нэгдэх нь ээ. Засгийн газрын тусгай сан болох Соёл урлаг хөгжүүлэх сангаас Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоотой хамтран олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан уг үзэсгэлэнг нээх гэж байгаа юм. Ирэх сарын 6-нд “976 Арт” галерейд нээлтээ хийх уг үзэсгэлэнд эмэгтэй уран бүтээлч тус бүр уран зураг, баримал, инстолляцаар туурвисан, өмнө нь олны хүртээл болж байгаагүй, гурав хүртэлх бүтээлээр оролцох юм байна. Г.ДАША | урлаг соёл |
Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн нэрэмжит “Алтан бийр 7” үзэсгэлэн маргааш нээлтээ хийнэ. 35 хүртэлх насны уран бүтээлчдийн оролцдог “Алтан бийр 7” үзэсгэлэнг Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд толилуулах аж. Залуу уран бүтээлчдийн сэтгэлгээний цар хүрээг олонд толилуулдаг уг үзэсгэлэнгийн нээлтийн үеэр “Алтан бийр” шагналын эзнийг тодруулдаг билээ. Үзэсгэлэнд уран бүтээлчид 120 гаруй бүтээл ирүүлснээс шалгарсан 100 бүтээлийг олны хүртээл болгохоор сонгосон байна. “Алтан бийр” үзэсгэлэн нь уран зураг, монгол зураг, зураасан зураг, бар зураг, монгол зураг, уран дархан, сийлбэр, уран баримал, гобелен, орон зайн урлаг, фото арт, торгон зураг зэрэг дүрслэх урлагийн олон төрөл зүйлийг нэг дор дэлгэн харуулдгаараа онцлог. Үзэсгэлэн долоо хоног үргэлжилнэ. Сонирхуулахад, ирэх гуравдугаар сарын 2-ны 11.00 цагаас тус үзэсгэлэнгийн танхимд “Таталбар зургийн уралдаан” болж, гурван шилдэг таталбарын эздийг шалгаруулах юм байна. Г.ДАША | урлаг соёл |
Фейсбүүк хуудаснаа сүүлийн үед өнгө, өнгийн харандаагаар гэрэл зураг шиг зурсан уран зургууд өөрийн эрхгүй нүд булаан постлогдох болсон билээ. Яг л амьд мэт гэрэл сүүдэр хослуулан зурсан тэдгээр зургуудын эзэн бол B.T.A артист хэмээх фейсбүүк хуудсын эзэн аж. Залуу авьяаслаг уран бүтээлч маань балын харандаа, усан будаг, өнгийн харандаа тэр бүү хэл хамгийн хямдхан балаар ч гайхалтай таталбаруудыг амилуулжээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард өөрийн гэсэн фейсбүүк хуудсыг нээн уран зургуудаа оруулж эхэлсэн түүний хуудсыг хэдийнэ 14 мянган гаруй хүн сонирхон үзэж, 11 мянган хүн бүтээлийнх нь талаар ярилцжээ. Тэрээр монголын рок, попын оддоос эхлэн, ан амьтан, эртний автомашин, охид бүсгүйчүүдийг цаасан дээр амьдруулжээ. Мөн тэрээр уг зургаа хэрхэн бүтсэн талаар ажлын явцаа цувралаар дэлгэн харуулсан нь олныг гайхшруулан түүний авьяасыг бахархах сэтгэлийг төрүүлсээр байгаа юм. Залуу уран бүтээлч B.T.A-д амжилт хүсье. Түүний facebook хуудсаар зочлоорой. Г.ДАША | урлаг соёл |
Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн нэрэмжит “Алтан бийр 7” үзэсгэлэн өчигдөр Монголын урчуудын эвлэлийн Арт галерейд нээлтээ хийлээ. 35 хүртэлх насны залуу уран бүтээлчдийн оролцдог “Алтан бийр 7” үзэсгэлэнгийн шилдэг бүтээлээр уран дарханы бүтээл тодорсон юм. Энэ бол алдарт Дарьганга хийцээр урласан ташуур байсан бөгөөд түүнийг дархан Л.Мянганцэцэг урласан аж. Уран дархан бүсгүй 2009 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран дархны урланг Д.Энхдаваа багшийн удирдлаган дор төгжээ. Тэрбээр одоо чөлөөт уран бүтээлч. Энэ удаагийн наадмын шагналын бай эзнээ оллоо хэмээн уран бүтээлчид ам сайтай байсан. Учир нь өмнөх жилүүдэд шагналын байд алтан бийр, мөнгөн шагнал дагалддаг байжээ. Харин Монголын урчуудын эвлэлийн хороо удахгүй ашиглалтад орох урлангийн байрандаа бүтэн жилийн турш үнэ төлбөргүй уран бүтээлээ хийх эрхээр урамшуулсан аж. Монголын цөөхөн эмэгтэй дархачуудын нэг Л.Мянганцэцэгтэй цөөн хорон хуучиллаа. -“Алтан бийр” шагналын эзэн болсонд баяр хүргэе. “Ташуур” бүтээлийнхээ талаар сонирхуулахгүй юу? -Монгол уран дархны Дарьганга хийц бол хамгийн уран нарийн хийц. Энэ удаагийн үзэсгэлэнд Дарьганга хийцээр урласан утсан сүлжмэлтэй мөнгөн тоногтой ташуур, мөнгөн аягаа “сойлоо”. “Ташуур” бүтээлээрээ “Алтан бийр” шагнал хүртсэндээ маш их баяртай байна. -Дархны ажил цаг их шаарддаг гэдэг. Энэ бүтээлээ ямар хугацаанд урлав? -Миний нэг жилийн хөдөлмөр. -Эмэгтэй хүн дархны мэргэжил эзэмшинэ гэдэг бол тийм ч амар ажил биш шүү дээ? -Хүн өөрөө дуртай байгаад хүсэх юм бол хэцүү зүйл гэж байхгүй гэж боддог. Арван жилийн сургуулиа би зургийн чиглэлээр суралцан төгссөн. Тэгээд 2005 онд уран дархны ангийг сонгож ороход яагаад ч юм надад их гоё мэргэжил санагдсан. Мэдээж намайг энэ зэрэгт хүргэж монгол дархны өв уламжлалыг эмэгтэй хүн гэж гололгүй өвлүүлж өгсөн багшдаа маш их баярлаж, хайрлаж хүндэтгэж явдаг. -Уран дархны ажлуудыг нэг дор цуглуулаад гаргах амаргүй байх л даа. Гэхдээ уран бүтээлч хүн бүрийн дотор бие даасан үзэсгэлэнгээ гаргах хүсэл буцалж байдаг бол уу? -Тийм шүү, бие даасан үзэсгэлэн гаргах тийм ч амар биш. Яагаад гэвэл уран дархны ажил өөрөө үнэт металл, эрдэнийн чулуу хэрэглэдэг учраас материал маань их үнэтэй. Хийсэн бүтээлүүд тэр дороо эзэддээ очдог учраас миний гар дээр хадгалагдах нь ч цөөхөн. Ер нь бол хэдэн жилийн дараа бие даасан үзэсгэлэнгээ гаргана гэж бодож байгаа. Одоогоор би уран бүтээлийнхээ хажуугаар телевизэд ажилладаг болохоор цаг зав муу л байна. -Энэ бүтээл эзэнтэй бол уу? -Ташуур, мөнгөн аяганууд хэдийнээ эзэнтэй болчихсон. Эздээс нь гуйгаад үзэсгэлэнд авчраад дэлгэсэн. -Нууц биш бол хэдэн төгрөгөөр бүтээлээ үнэлсэн бэ? -Бүтээлийн ур хийц нарийн ч харьцангуй хямдаар үнэлсэн шүү. Аяганууд маань хоёр саяаас дээш үнэтэйгээр, ташуур бол найман сая төгрөгөөp эзэндээ очсон. Сонирхуулахад, энэ жил тус үзэсгэлэнд эртний баатрын хөрөг зургаас эхлээд дөнгөж төрсөн нялх хүүхдийг домнодог эсгийгээр хайчилсэн үнэг, зүүсгэлүүдийг гэрийн тоонотой холбон хийсэн орон зайн урлал, хөдөлгөөнт зураг, аниргүйд саатсан хүйн холбоот нялх хүүхэд, өнгө алаглуулан урласан хивсэн урлал, монгол зургийн аргаар зурсан бүтээлүүд, зураасан зураг, бар зураг, уран дархан, сийлбэр, уран баримал, гобелен, фото арт, торгон зураг зэрэг дүрслэх урлагийн олон төрөл зүйлийг нэг дор дэлгэн харуулсан байсан шүү. Жил ирэх тусам хүрээгээ тэлэн залуусын оюуны цар хүүрээг илтгэн, чадварыг гайхуулан байгаа “Алтан бийр”-т энэ жил 120 гаруй уран бүтээлч бүтээлээ ирүүлсэнээс шалгарсан 100 бүтээл олны хүртээл болжээ. “Алтан бийр 7” үзэсгэлэнгийн хүрээнд ирэх гуравдугаар сарын 2-ны 11.00 цагт тус үзэсгэлэнгийн танхимд “Таталбар зургийн уралдаан” болно. Уг уралдаанд авьяаслаг залуу уран бүтээл хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд үүнээс шилдэг гурван таталбарын эздийг шалгаруулан урамшуулах аж. Үзэсгэлэнгийн гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү Г.ДАША | урлаг соёл |
Зураач С.Төгс-Оюун Манай урлангаар ийм нэртэй охин, хүү хоёр хөөцөлдөн, хэлхэлдэн явах нь нүднээ үргэлж тусна. Гэхдээ аав, охин хоёр л доо. Дархчуулын өрөөний өөдөөс харсан өрөөнд Гэрэл зураачийн урлан байх. Тэнд хааяа орох сонин... Өрөөнд ороход заримдаа хоёр Гэрэл байх шиг санагдана. Томоос том гоёмсог толинд Гэрэл, бас түүний зургаа зурж буй дүрс тодрон харагдахад хааяа, энэ хүн ихэр билүү гэх зурвас бодол төрнө. Энэ толийг хаа холын Голланд орноос чирж иржээ гэж би боддог байв. Сүүлд, өөрөө хийснийг нь дуулсан. Мөн өвлийн хүйтэн өдөр урланд нь ороход пүн хийсэн дулаан, задгай зууханд нь гал дүрэлзэн байхыг хараад нэг удаа би, “Хүүе ээ, ханаа цоолоод цааш нь яндан гаргачихаа юу” гэж дуу алдсан, бас хууртсанаа удалгүй мэдсэн. Мөн үе үе өрөөнөөс нь сонгодог хөгжим хангинана. Тэр аялгуу дархчуулын алх, дөшний дуутай хослон, нэгэн сонин хөг эгшгээр сэтгэл мялаана. Төгөлдөр хуурын ард бяцхан Гэрэлтзул их л төлөв төвшин, хөгжмөө тоглон удаан сууна. Энэ бяцхан төгөлдөр хуурч, Гэрэлийн амин хайр, алтнаас ч үнэтэй амьд эрдэнэ нь билээ. Маш хурц ааштай, энд тэнд гүйж, үсэрч харайсан охин. Яльгүй жаахан маргаанаас үүдэн аавыгаа орхин байшин тойрон гүйж, зугтан одно. Удалгүй бүхнийг мартчихсан, инээд алдан эргэн ирэх алдрайхан нэгэн... Түүний хөгжмийн эгшигт уяран диван дээрээ хагас хэвтэн буй Гэрэлийг харахад түүн шиг жаргалтай хүн энэ хорвоод үгүй мэт ээ... Өөрийн оёсон, гоё хээтэй, тансаг бүтээлгэн дээрээ тэр хаан лугаа харагдана. Охины омголон аашийг хөгжмөөр аажимхан номхруулан зөөлрүүлэхээ тэр андахгүй. Гэрэл Голландад олон жил болоод эх орондоо эргэн ирж нэлээд хэдэн жилийг үдэж ээ. Ирснийхээ дараахан Гачууртын урд уулаар явахдаа Гэрэл , хойт энгэр нь дан хожуул болсныг хараад ихэд харамсан байх тэр мөчид, эдгээр хожуулыг туулайн бүжин болгох санаа түүнд төрж “Гэрэлтзул” төслөө эхэлж байсан цаг саяхан. Одоо аль хэдийнэ зургаан зуу гаруй бүжинтэй болжээ. Зураач нөхөд нь түүний төсөлд оролцон өнжин хонон, ууланд очиж бүжин урлана. Туул голын эрэг дээр, модон дунд нэгэн том казах гэр барьчихна. Бид очихоороо сайхан тухалж амран, гол гаталж уул руу авиран хожуулаа амь оруулан өөрийн туулайгаа төрүүлнэ. Надад бол тийм амар байгаагүй, амьдралдаа анх удаа сийлбэрийн багаж барин, бараг өдөржин сууж хөөрхөн бүжин хийх гэж суух...Гэхдээ бүлтийсэн амьтан, орой нар жаргах үед над руу харан, бас араас ширтэн үлдсэн. Цаашдаа бүжингүүд хэдэн мянга болно, яагаад гэвэл үй түмэн хожуул тэнд бий. Гэрэл анх өдөн наамлын урлагийг Монголд хөгжүүлэх гэж МУЭ–ийн гар урлалын үйлдвэрт өдөн наамлын тасаг байгуулан удирдан ажиллаж байсан үеэс нь би түүнийг мэднэ. Содгэрэл гэдэг зураач гэргийтэй, Тэлмэн гэдэг хөөрхөн хүүтэй байсан. Содоо дүрслэх урлагийн сургуулийн керамикийн ангид сурч байхдаа манайд ирэн, миний бага хүү Үнэнчийг тэврэн салхинд авч гардаг охин байсан. Одоо Голландад амьдран суугаа. Гэрэл Голландад сурахаар одож Содоо хүүгээ хөтлөн араас нь нэг л өдөр “Явлаа” гээд надтай ирж уулзсанаас хойш хориод жил улиран оджээ. Энэ он жилүүдэд эдний амьдрал хувьсан өөрлөгдсөн. Өд шиг хөнгөн зөөлөн амьдралаас хад чулуу, бартаа ихтэй хүнд замыг Гэрэл туулсаар өнөөг хүрсэн. Ид туурвин бүтээх үед нь аюулт өвчин түүнийг нөмрөн авсан. Үхэл түүний өөдөөс нүд салгахгүй ширтэн байх мөчид тэр төрсөн гэртээ, эх орондоо эргэн ирж ээж, аавтайгаа уулзан учирсан. Гучин хоёрхон кило болсон түүнийг харсан ээж, аав нь “Чи эцэг эхээ байхад үхэх ёсгүй” гэдэг хатуухан үгийг түүнд хэлсэн. Ээжийнх нь энэ л үгнээс айн дальдирсан мэт, үхэл түүнээс нүүр буруулан зугтсан биз ээ. Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Эрдэнэ-Очир түүний хавдрыг ул мөргүй эмчлэн хөл дээр нь босгосон ачтан билээ. Хоёрхон сарын настай, юу дуртайгаа энэ хугацаанд хийгээд, аажимхан энэ амьдралтайгаа салах ёс хий дээ гэсэн Голланд эмч нар руугаа эрүүл саруул болоод эргэж очин нүдийг нь орой дээр нь гаргасан хүн тэр билээ. Өөрөө ч бараг үхэлтэй эвлэрэн, охиныхоо ээжийг, цаашдын амьдралаа бод доо гээд явуулж байсан өдөр түүнд байсан. Харин бурхан түүнийг бас л хайрласан уу, Ариунтуяа хэмээх сайхан сэтгэлт шавь охин түүн рүү ирж, хүнд өдрүүдэд нь хайрлан асарч, Гэрэлтзул охинд нь эхийн сэтгэлээр хандсан сайхан жилүүд ч бас түүнийх. Таван жил асарсан тэр охин, бурхан хоёрт тэр үргэлж талархаж явдаг байх. Түүнд үхэх эрх байхгүй. 2040 онд тэр 80 нас хүрнэ, Гэрэлтзул охин нь 35-тай байна. Би тэдний ямархуу хүмүүс болсон байхыг сайн мэднэ. Тэр үеийг Гэрэл өөрийн уран зургаар бидний нүдний өмнө авчирсан юм. Мөн Гэрэлтзулын сайхан бүсгүй болсон байгаа үеийн хөргийг би харсан. Сайхан , царайлаг, ухаантай, бас аавдаа хайртай бүсгүй болсон байх болов уу. Төгөлдөр хуур сайхан тоглодог, гэхдээ зураач болсон байна аа, чи. Аав нь охиныхоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлжээ, хөгжмийн боловсролтой Зулаад, дүрслэх урлагт аавын адил ул мөрөө үлдээх л үлдэж. Зураач Гэрэл уран бүтээлийн урт харгуйг туулан явна. Тусгаар тогтнолын зуун жилийн ойд зориулсан “Соёмбо” хөшөөний эх загвараа хийсэн. Соёмбонд дутуу байсан дөрвөлжин дүрсийг тэр нэмж хийсэн байна билээ. Хөшөө удахгүй Өвөрхангайн Есөн-Зүйл суманд сүндэрлэнэ. Түүний бүтээлийн сэдвийг холоос эрэхийн хэрэггүй. Өөрийн хүрээлэн байгаа орчинг тэр урлаг болгон амилуулдаг нэгэн. Түүний туйлын зорилго нь бусдын хийснийг давтан, дуурайх биш, харин Гэрэлийн сэрэл, мэдрэмжийг урлаг болгон үлдээх... Үхэл амьдралын зааг дээр, эмчийн мэс ажилбар хийж буй мөчийг ч тэр урлаг болгосон. Үүнийг түүний бүтээлүүдээс олон удаа харж билээ. Зохиолч Б.Туяа эгчийн цуглуулганд түүний дөрвөн нүдтэй, Чингис хааны хөрөг чухал байрыг эзлэн, шүтээн нь болсон байна билээ. “Цагаандариум” арт галерейд ч, “Элбэг” арт галерейд ч , өөрийн эх орон, хилийн чанадад ч түүний бүтээл өөр өөрийн эзнээ олон зохих байраа эзэлжээ. Голландын уран зургийн академид зураасан зураг, бар зургийн бүх төрөл, номын чимэглэл зургийн ангид сурч байгаад дөрөвдүгээр курсээсээ тэр уран зураг, баримлын ангид шилжин суралцаж, дипломын ажлаараа Адри Пик–ийн нэрэмжит шагналын эзэн болж 5000 евро гардаж байсан юм. Оюутан ахуйн бүтээлээс нь ганц “Өөрийн хөрөг” нь түүнд үлдсэн. Бусдыг багш нар нь болон цуглуулагчид худалдан авч оджээ. Гэрэл цагаа олж төрсөн уран бүтээлч юм. Түүнийг хүмүүс Монголын Ван Гог, Христ, Казак гэж янз бүрээр нэрлэх нь сонсогдовч тэр Гэрэл гэдэг нэрэндээ л хайртай. Түүний сурч, амьдран байсан Голландад алдарт зураач Ван Гог бас төрсөн билээ. Даанч түүний амьдран байх үед нийгэм нь дэндүү ядуу, мөнгөтэй хэсэг нь даанч уран зураг ойлгох оюуны чадваргүй, харанхуй үе таарсан байдаг. Харин Пикассогийн үед хүмүүсийн оюун ухаанд өөрчлөлт орж сэхээрч, гэгээрэл рүү тэмүүлсэн үе байв. Өөрөө ч сайн бизнесмен байжээ. Уран бүтээлч хүнд хувь тавилан өөр өөр цаг үеийг бэлтгэдэг ажээ. Бид түүний сүүлийн үед гаргаж байгаа олон үзэсгэлэнгээс эрс, тэс санаа оноо, гаргалгааг харж байна. Анхны бие даасан үзэсгэлэнгээ 2004 онд, “Далд ертөнц -1” үзэсгэлэнгээ 2007, “ Далд ертөнц-2” үзэсгэлэнгээ 2012 онд тус тус гаргаж ээ. Түүний олон бүтээл давтагдашгүй, сонин, содон увдисаараа бусдыг татдаг. “Тамга”,”Харваач”, “ Тэнгэрт очиж сэрье”, “ Зүүд” ,”Морфин“ зэрэг урлагийн бүх төрлөөр хийсэн бүтээлүүд нь олны сэтгэлд хоногшин үлджээ. Уран бүтээлч Б.Чингүүний “Гэрэл” болон “ Ширгээх ёсон”, “Гэрэлийн хөрөг” зэрэг богино хэмжээний кинонуудаас түүний мөн чанар, уран бүтээлдээ хандах дотоод сэтгэлийг харах нь заримдаа их сонин, түүнийг ахин шинээр нээх шиг мэдрэмж надад төрдөг юм. Заримдаа надад ойлгомжгүй, алгебрийн томъёо түүний уран зураг, бүтээлүүдэд зөндөө тааралддаг юм. Түүнийхээр энэ амьдрал, тооны шинжлэх ухаан бололтой, харин хариултыг хүн төрөлхтөн төгс оюун ухаанаараа гаргах ёстой юм шиг байна. Тэр бас сонгодог аргаар бүтээлээ хийдэг. Ялангуяа хөрөг зургуудаас энэ нь илт ажиглагддаг. Гэхдээ түүнийг орчин үе рүү, өөр рүүгээ чиглүүлэн, зөвхөн Гэрэлийнх л байх урлагийг бүтээдэг чанар түүнд бий. Саяхан гаргасан үзэсгэлэн дээрээ өөрийн “Цус”-аараа хөргөө бүтээсэн байсан. Ээ бурхан минь. Цусаар ч зураг зурж болдог байх нээ. Өөрийнх нь цус юм чинь жинхнээсээ л Гэрэлийн хөрөг дөө гэж бодогдсон. Энэ л зөвхөн түүний гаргалгаа, тэр л ингэж зурж чадах байжээ... цусаар... Түүний өрөөнд нэг хуучин морин хуур бий. Багаар бодоход зуун нас хүрээ болов уу. Саяхан уг хуурын ард, Гэрэлийн эгц урдаас нь, мөн хажуугаас нь харсан хөрөг, бас тоонуудтай нэгэн зураг нэмэгдсэн байв. Ямар учиртайг асуухад, эртээд халамцуу жолоо бариад журамлагдаад торны цаана оров оо. Гутарсан гэж.. . Ингээд л шоронд ордог байжээ, анх удаа... Дараа нь бас ээж үглэж, загнасныг яана гээч... Үүний дараа ариусах санаатай тугалга хайлж,” Ширгэлгэ “ хийвэ э. Олон ч янзын дүрс гарлаа, надаас огт хамааралгүй, сайхан бүтээлүүд төрлөө. Сайн хүн байж, сайхан бүтээл төрөн гарах ёстой ажээ. Бас өөрийн дотоод сэтгэлээ ариусгах ёстой гэнэ. Энэ бас л түүний нэг гаргалгаа, хариулт ажээ. Түүний бүтээлүүдийн талаар зөндөө ихийг өгүүлж болно. Гэхдээ үзэгчид аль хэдийнэ бүгдийг үзээд, хараад, зарим нь бүр өөрийнх болгочихсон байгаа. Гадаа идэр ес тачигнаж байна. Урлангийн хонгилд би бяцхан Гэрэлтзултай тааралдав. Сайн уу, аав нь юу хийж байна” гэхэд “Баганаа ахын өрөөнд байгаа, гэхдээ архи уугаагүй... ээ гэж хэлэн цааш гүйн одов. Гэрэлийн “Алтан эрдэнэ”, аавтайгаа урлагийн ертөнцөд хамтдаа оршин, бүтээсээр явааг харах надад үнэхээр сайхан байдаг юм даа. 2012 он Цэнхэр урлан. | урлаг соёл |
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн “Гэрэлт үзэсгэлэн гоо” нэртэй хүндэтгэлийн тоглолтоо гуравдугаар сарын 8-нд буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хийхээр болжээ. Тоглолт “SS club”-т 19:00 цагаас болох юм байна. Тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Гавьяат жүжигчин Т.Ариунаа, Э.Бүрнээбаяр, Т.Баясгалан, Соёлын тэргүүний ажилтан Ч.Мөнх-Эрдэнэ, Морин хуурын чуулга, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид болон яруу найрагч Ц.Хулан, Улсын филармонийн “Баянмонгол” чуулгынхан оролцох юм байна. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Зураач Ч.Солонго мартагдах шахсан цамыг сэргээн 108 дүрийг нь урлан өөрийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Тэрээр Хаан банкны “Улаан гэр” галерейд энэ сарын 25-нд “108 цам” үзэсгэлэнгийнхээ нээлтийг хийх бөгөөд урлагийг 108 цамын төслийн хүрээнд ийнхүү дахин сэргээж уламжлалт цамын баг бүжгийг ном ёсны дагуу олны хүртээл болгох нь ээ. Энэтхэгийн бурхан шашны нууц тарни, дотоод бясалгалын бүжгээс уламжлалтай "Цам" хэмээх шарын шашны багт бүжиг нь VIII зууны сүүлд Төвдөд, XVIII зууны дунд үеэс Монгол шарын шашны хамт дэлгэрэн соёлын үнэт өв болтлоо хөгжсөн юм. Цамын баг, хувцас эдлэл нь нарийн ур хийц шаарддаг чимэглэл урлагийн нэгэн гайхалтай төрөл бөгөөд зураач Ч.Солонго өөрийн хувь нэмрээ оруулсан 108 цамыг "Гандандаржаалин хийд", "Мандала бурхан шашны соёлын төв"-ийн тэргүүн Батбаярын тусламжтайгаар уламжлалт бүжгийг дэг жаягын дагуу толилуулах юм байна. Г.ДАША | урлаг соёл |
Францын цуутай барималч, фото зураач Филипп Рамет урлагийн түүхэнд нэгэн шинэ чиглэлийг гаргаж ирэв. Тэрээр фото монтаж хийлгүйгээр кадрт байхгүй биетүүдийг эвлүүлсэн зохиомжийн гэрэл зураг хийдэг. Тэр зохиомжууд нь физикийн бүхий л хуулийг эвдлээ. Филиппин зураг дахь жүжигчин нь хувьсгал байхгүй, дандаа л хар костюмтайгаар энд тэнд гарч ирэн бидэнд гайхал авчирдаг. Хүний санаанд буумааргүй гэрэл зургуудаа зохиогч бүтээсээр л байна. Зураач далайн зургууддаа их сэтгэл хангалуун байдаг. Учир нь тэнд л бодит байдал ойр дүрслэлтэй. Жүжигчин далайн ёроолд эсвэл усаар алхан, хадан дээр сууна. Зураачийн ургуулан бодолтод төгсгөл алга!!! Филипп өөрийгөө гэрэл зурагчин гэж үздэггүй. Учир нь түүний эрмэлзэл нь үзэгчдэд ер бусын зохиомжыг харуулах. Өөрийн гэсэн арга барил нууцтай. Усан дор сонин уншин суухын тулд жүжигчин тугалган хүндрүүлэгч өмсөж байгаад суусан гэх. Филипп бүх зурагтаа сэтгэл дүүрэн байгаа гэнэ. Хэн ч тэрэн шиг хүч чармайлт гаргаагүй гэж Филипп ярьж байна. Бэлтгэсэн: Ш.МЯГМАР | урлаг соёл |
Британийн далайчин Фрэнсис Дрейкийн амьдарч байсан Бакленд-Эбби эдлэн дэх Рембрандтийн хөрөг зургийг их мастер өөрөө зурсан хэмээн их зураачийн уран бүтээлийг судлаач Эрнст ван де Ветеринг дүгнэжээ. Фото: Steven Haywood / AFP “Рембрандт” гэх судалгааны хөтөлбөрийг удирдаж байгаа тэр эрдэмтэн уг зургийг дахин шалгаж үзжээ. Мэргэжилтнүүд бүтээлийн давхарга бүрт химийн судалгаа хийсэн байна. Өдийг хүртэл энэ зургийг 1635 онд Рембрандтийн шавь нарын нэг зураг гэж тооцогдож ирсэн юм. Энэ хувилбарыг анх 1968 онд их мастерын бүтээлийг судлаач Хорст Герсон гаргаж иржээ. Рембрандт төслийнхөн тэр санааг эхнээс нь дэмжиж ирсэн ч өнгөрсөн 45 жилийн дотор зураачийн арга барилын талаар шинэ мэдээлэл нэмэгдсэн бөгөөд тэр нь уг зургийг Рембрандт өөрөө зурсан гэж баталж өгчээ. Эдлэн газар нь Их Британийн соёлын өвийг хамгаалж хадгалах хувийн буяны сангийнх учраас энэ зураг нь өөрөө хувийн буяны сангийн мэдэл дэх их зураачийн цорын ганц бүтээл нь болж байна. Зургийг 30 сая ам.доллараар үнэлсэн ч хэзээ ч худалдахгүй гэнэ. Өөрийн хөрөг нь Рембрандтийн уран бүтээлд чухал байр эзэлдэг. Их мастер өөрийгөө зурсан бараг ер орчим зураг байдаг ажээ. Гэхдээ түүний олон хөргийг шавь нар нь хуулбарлан зурсан байв. Одоо зураачийн яг өөрийнх гэх 40 орчим зураг, гар зураг, 30 орчим бар зураг байдаг. Ш.МЯГМАР | урлаг соёл |
Монголын сэтгүүл зүйн 100 жилийн түүхэн ойд зориулсан үе үеийн гэрэл зурагчдын хамтарсан үзэсгэлэн өчигдөр Төрийн ордонд нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд XIX зууны сүүлч, ХХ зууны эхэн үед Монголоор аялсан гадаадын гэрэл зурагчдын бүтээлээс эхлээд Монголын анхны гэрэл зурагчдын болон орчин цагийн гээд нийт 80 гаруй уран бүтээлчийн 500 гаруй бүтээл багтсан байна. Монголын анхны гэрэл зурагчин С.Бадам, Б.Дамбийжанцар нар Богд хааны гэрэл зурагчнаар ажиллаж, Богд хаан ордныг анх удаа хальснаа үлдээжээ. Энэхүү үзэсгэлэн 14 хоног үргэлжилнэ. Ч.БОЛ | урлаг соёл |
Монголын Урчуудын эвлэлийн хорооны “Арт” галерейд өнөөдөр Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг технологийн сургуулийн багш, МУЭ-ийн гишүүн, зураач Отгонбаатарын Доржготов “Хөх тасархай” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ нээх гэж байна. Тэрээр 2002 онд Дүрслэх Урлагийн дээд сургуулийн Монгол зургийн ангийг төгссөн бөгөөд энэ удаагийн үзэсгэлэн түүний гурав дахь бие даасан үзэсгэлэн юм. Зураач О.Доржготов эх орондоо төдийгүй Япон, БНХАУ, АНУ, Финлянд зэрэг улсад бие даасан болон хамтарсан үзэсгэлэнгээ дэлгэж байсан ба энэ удаад монгол зургийн уламжлалт арга барилаар зурсан бүтээлүүд дэлгэхээр зэхжээ. Түүний үзэсгэлэнд өнгө, зохиомжийн шинэлэг шийдлээр бүтсэн 26 бүтээл тавигдах аж. Тэрээр шинэ үзэсгэлэнгийнхээ талаар “Овоо бол монгол хүмүүний оюун санаа, танин мэдэхүй, ухаарлын оролцоотойгоор бүтсэн хамгийн эртний туурвилуудын нэг юм. Монголчууд өнө эртнээс нааш мөнх тэнгэрийг шүтэж, байгаль дэлхийгээ дээдэлж, хайрлан хамгаалж ирсний илэрхийлэл нь овоо юм. Энэхүү бүтээлээрээ өвөг дээдсээс заяаж үлдээсэн ариун дагшин эх нутгаа хайрлан хамгаалж, оюуны болон байгалийн хэмжээлшгүй их баялгаа ухаалгаар хүртэн амьдрахыг даяарчлалын эрин зуунд хүн төрөлхтөнтэй хөл нийлүүлэн алхаж буй элэг нэгт монголчууддаа уриалсан юм. Өндөр уулын орой дээрх эрдэнийн чулуугаар босгосон овооны гол модноос таван өнгийн хадаг яндир салхины аясаар өнгө сүлэлдэн хийсэх агаад зуун зууны түүхийг хүүрнэх овооны оройд хадагт нандигнан ороож өргөсөн мөнгөн аяга цухуйна. Энэ нь зохиомжийн гол төвийг хураан зангидах агаад хүмүүний оюуны ур, байгалийн баялаг, тансагийн яруу тодыг илтгэнэ. Овооны хадаг Монголын хөх тасархай”хэмээн өөрийн үзэсгэлэнгээ нэрлэсэн “Хөх тасархай” бүтээлээ тайлбарласан юм. Г.ДАША | урлаг соёл |
Эми Уайнхаусийн хөшөөний загварын гэрэл зураг интернет сүлжээнд тавигдсанаас хойш түүний хөшөө ямар болох төсөөлөлийг өгч эхэллээ. Скотт Итоны бүтээх хүрэл хөшөө нь Лондоны Кэмден дүүргийн Roundhouse концертын танхимын нэгдүгээр давхарт тавигдах юм. Уг танхим нь дуучин агсаны гэрээс холгүй байдаг. Хөшөөг түүний төрсний 31 жилийн ойгоор нь 2014 оны есдүгээр сарын 14-нд нээх гэнэ. Одоогоор нээлтэд олон тооны дуучид хөгжимчид оролцоно гэдэг нь тодорхой болоод байна. Хөшөөний макет: фото via scott-eaton.com Сануулахад, англи дуучин 27 настайдаа өөрийн гэртээ нас барсан байсныг 2011 оны долдугаар сарын 23-нд олсон юм. Эми Уайнхаус өөрийн анхны Frank цомгоо 2003 онд гаргасан байв. Тэр нь тухайн үедээ Billboard-ын чартад ороод 3,5 сая хувиар зарагджээ. Хоёр дахь Back to Black гэх цомог нь гурван жилийн дараа гарч Уайнхаус гурван грэммийг хүртэхдээ “Оны шилдэг поп-цомог” шагналыг авсан байна. Бэлтгэсэн Ш.МЯГМАР | урлаг соёл |
Ху Шингхау гэгч зураачийн зурсан энэ бүтээл хэмжээгээрээ дэлхийд хамгийн томд тооцогдож байна. Тодруулбал, засмал зам дээр зурсан, 23х32 метр талбайг хамрах, “Арслангийн хаалга гэх хавцал” хэмээх нэртэй энэ бүтээл дэлхийн хамгийн том 3D зураг юм. Зураач зургаа бүтээхдээ засмал зам дээр зурж, алслагдсан хэсгийг зургаан метр өндөртэй зэргэлдээ байшингийн ханан дээр үргэлжлүүлэн зурсан байна. Зургийг ус даагч будгаар зурсан ба нийт талбай нь 892 квадрат метр. Яг л бодит мэт харагдах учраас зурган гүүрээр гарч яваа хүмүүсийн дотор муухайрч, толгой эргэх нь ч бий гэнэ. “Би өндрөөс айдаг учраас тэр гүүрээр явж чадсангүй. Зүрх хүрсэнгүй” гэж нэгэн үзэгч хэлсэн байв. Ху Шингхау сар гаруй хугацаанд бүтээлээ туурвисан байна. Ш.МЯГМАР | урлаг соёл |
Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар Өвөр Монголын Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Суртал ухуулгын хэлтсийн Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг, Өвөр Монголын Их сургуулийн Урлагийн сургуультай хамтран энэ сарын 13-17-нд Монгол Улсын гавьяат зүтгэлтэн, профессор, академич зураач, багш П.Балдандоржийн уран бүтээлийн үзэсгэлэнг зохион байгуулав. Энэхүү үзэсгэлэнд П.Балдандоржийн уран бүтээлийн дээжээс судалбар зураг болон бусад төрлийн зургийн эх загварууд болох 200 орчим бүтээлийг дэлгэн үзүүлэв. П.Балдандорж Монголын шинэ үеийн дүрслэх урлагийн анхдагчдын нэг бөгөөд энэ нь түүний Хятад улсад гаргаж буй гурав дахь үзэсгэлэн юм. С.СҮНДЭР | урлаг соёл |
Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин, поп хатагтай Б.Сарантуяа урлагийн тайзнаа хөл тавиад 27 жил болжээ. Тэрээр уг ойдоо зориулан өнөөдөр 12.00 цагт “BLUE MOON”-ын Арт галерейд "Амьдрал намайг дуунд уяраажээ” нэртэй гэрэл зургийн үзэсгэлэнгээ нээх гэж байна. Түүний урлагтай холбосон 27 жилийн амьдралынх нь тухай өгүүлэх гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 7-нд олны хүртээл болох аж. Г.ДАША | урлаг соёл |
“Маурицхёйсийн сонгодог бүтээлүүд” нэртэйгээр Токио хотын уран зургийн музейд өнгөрсөн оны зургадугаар сарын 30-наас есдүгээр сарын 17-ны хооронд ажиллуулсан үзэсгэлэн нь 2012 оны хамгийн олон үзэгчидтэй арга хэмжээ болсон тухай The Art Newspaper сонинд бичсэн байна. Энэ үзэсгэлэнг нийт 758 266 хүн үзсэн бөгөөд өдөрт дунджаар 10,5 үзэгчид түүнийг сонирхжээ. Сувдан ээмэгтэй бүсгүйн хөрөг, Вермеер. Фото: Wikimedia Гаага хотын Маурицхёйс гэх галарейн Рембрандт, Ван Дейк нарын эртний мастерүүдийн бүтээл тавигдсан байв. Тэр галарейн хамгийн алдартай зургуудын нэг нь Вермеерийн “Сувдан ээмэгтэй бүсгүй” хөрөг юм. Уг зургийг Япончууд хамгаас илүүтэйгээр сонирхсон байна. Хамгийн олон үзэгчидтэй үзэсгэлэнгүүдийн чансааны хоёрт “Амазонка: Орчин цагт” гэсэн Рио-де-Женейрод явагдсан үзэсгэлэн бичигдлээ. Үзэсгэлэнг үнэгүй үзүүлсэн ба түүнийг хоёр сарын дотор 374,8 мянган хүн үзжээ. Гуравт нь Эрмитажид үзүүлэгдсэн “XIX зууны Италийн уран зураг: Неокласизмаас симболизм хүртэл” нэртэй үзэсгэлэн орсон ба түүнийг өдөрт дундажаар 7,75 мянган хүн үзжээ. Хамгийн олон хүн үздэг музейн жагсаалтыг өмнөх жилийнх шигээ Лувр тэргүүлсэн ба өнгөрсөн онд 9,72 сая хүн уг музейг үзжээ. Хоёрт нь 6,1 сая хүний сонирхсон Нью-Йоркийн Метрополитен музей, гуравт нь Лондоны Британийн музей (5,75 сая үзэгч) тус тус оржээ. Бэлтгэсэн Ш.МЯГМАР | урлаг соёл |
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны харьяа Соёлын өвийн төв АНУ-ын Элчин сайдын яамны дэргэдэх “Элчин сайдын нэрэмжит сан”-гийн дэмжлэгтэйгээр “Галын гэмтэлтэй уран зургийн сэргээн засварлалт” төслийг 2011 оны аравдугаар сараас эхлэн 18 сарын хугацаатайгаар хэрэгжүүлж дууслаа. Энэхүү төслийн гол зорилго 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн олон нийтийг хамарсан үймээний үеэр мөн 2009 оны тавдугаар сарын 19-ний өдөр Монголын Уран зургийн галерейн сан хөмрөгийн өрөөнд гарсан галын улмаас шатаж гэмтэн, утаа тортгонд бохирдсон уран зургийг цэвэрлэх, сэргээн засварлах ажилд шаардлагатай бодис, тоног төхөөрөмжийг худалдаж авах, мэргэжилтэн бэлтгэх явдал байсан юм. Уран зургийн галерейд өчигдөр “Галын гэмтэлтэй уран зургийн сэргээн засварлалт” төслийн үр дүнг олон нийтэд дэлгэн харуулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ. Уг үзэсгэлэнд сэргээн засварлагдсан 24 зургийг дэлгэн ямар ч үнэ төлбөргүйгээр олны хүртээл болж байгаа юм. Энэ сарын 5-ныг дуустал өдөр бүр 10.00-18.00 цагийн үргэлжлэх уг үзэсгэлэнд тухлан саатаарай. Сонирхуулахад, төслийн хүрээнд халдаг ширээ, цавуу, бодис хэрэглэгдэхүүн ашиглан галын гэмтэлтэй уран зургийг сэргээн засварлах сургалт, дадлага ажлыг Соёлын өвийн төвийн Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлах хэлтсийн уран зургийн сэргээн засварлагчидад зориулан өнгөрсөн оны тавдугаар сарын 14-18-ны өдрүүдэд АНУ-ын Вилляамстауны уран зураг сэргээн засварлах төв, Атлантагийн уран зураг сэргээн засварлах төвийн сэргээн засварлагчидтай хамтран зохион байгуулсан байна. Г.ДАША | урлаг соёл |
Хятадын Тьянжин хотын нэгэн их дэлгүүрт хугацаа нь дуусч, хатсан талхаар Леонардо да Винчийн алдарт “Мона Лиза” зургийг бүтээжээ. | урлаг соёл |
Монгол улсад үндэсний сэтгүүл зүйн байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан фото сэтгүүлч В.Баттулга өөрийн уран бүтээлийн “Гэрлээр бичсэн Миний ертөнц” гэрэл зургийн үзэсгэлэнгээ маргааш 13.00 цагт Уран зургийн галерейд олон нийтэд дэлгэн үзүүлэх гэж байна. Та бүхэн В.Баттулгын уран бүтээлтэй Монголын үндэсний телевизийн эфир, өдөр тутмын “Ардын эрх”, “Монголын мэдээ” сонины хуудсаар анх танилцаж байсан биз ээ. Тэрээр ажил амьдралынхаа 27 жилийг монголын хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж, гэрэл зургийн сонин содон, өвөрмөц зохиомж, өнгө төрх, гэрэл сүүдрээр олон нийтийн мэлмийг баясган, өөрийн уран бүтээлч санаагаа хөгжүүлсээр ирсэн уран бүтээлч юм Энэ удаа тэрээр аж байдал, хүүхэд, хөрөг гэх мэт сэдэвтэй нийт 100 гаруй гэрэл зургаас бүрдсэн үзэсгэлэнгээ толилуулж байна. Үзэсгэлэнд 1986 онд авсан түүний анхны гэрэл зургаас эхлээд урлаг спортын олны танил хүмүүсийн хөрөг зураг, эгэл жирийн ард түмний ахуй амьдрал, өхөөрдөм хөөрхөн хүүхэд багачуудын хайр татам агшин зэрэг сонирхолтой фото зургууд тавигдах юм байна. Г.ДАША | урлаг соёл |
«Юрийн галавын цэцэрлэг- 4» киноны постер «Юрийн галавын цэцэрлэг- 4» кинонд өмнөх ангиудад нь байгаагүй үлэг гүрвэлийн шинэ төрлийг гаргаж ирэх тухай USA Today сонинд палеонтологч Жек Хорнер (Jack Horner) өгүүлсэн байна. Тэрбээр уг киноны зөвлөхөөр ажиллаж байгаа аж. «Яг ямар амьтан гарч ирэхийг би хэлэхгүй. Ямар ч байсан уг киног үзсэний дараа та гэрлээ асааж унтах байх» гэж Жек Хорнер тайлбарлажээ. «Юрийн галавын цэцэрлэг- 4» кино 2014 оны зун прокатад гарна гэсэн төлөвлөгөөтэй байгаа аж. Киног 3D форматаар бүтээх гэнэ. Өмнө нь зөвхөн бие даасан бүтээл хийж байсан Колин Треворроу (Colin Trevorrow) уг киног найруулж байгаа. Гүйцэтгэгч продюссераар цувралын эхний хоёрыг хийсэн Стивен Спилберг ажиллаж байна. Анхны «Юрийн галавын цэцэрлэг» кино 1993 онд дэлгэцнээ гарчээ. 2013 оны дөрөвдүгээр сард киног 3D форматад оруулаад дахин прокатад гаргасан байна. Бэлтгэсэн Ш.МЯГМАР | урлаг соёл |
Гайхамшигтай гэж тодотгож болох бүтээлээ туурвихад түүнд ердөө ганцхан өнгө, ганцхан хэрэгсэл эрэгтэй. Британийн зураач Шарлотте гэх авьяаслаг бүсгүй хар өнгийн ердийн маркер ашиглан эх орноо алдаршуулжээ. Орон сууц, албан байрны хананд хийдэг “Wall Art” гэх хар, цагаан зургаар тэр дагнадаг. Нэг ёсондоо “тасалгааны граффи” бүтээдэг хүн юм. Цав цагаан ханануудыг зураач эмэгтэй тавилга, ахуйн амьдралын эд зүйлс ассессуар зургаар гоёдог. Хов хоосон өрөө түүний зургийн дараа амьдарч буй орчны дүрээр хувирдаг ажээ. Номын эсвэл хүүхэлдэйн киноны зураг ч юм шиг. Бүх эдлэл, тавилгыг тэрээр яг адилхан хэмжээтэйгээр зурдаг. Түүний бүтээлийн онцлог нь деталийг нарийн гаргаж өгсөнд байдаг гэнэ. Ханын хүрээтэй зургийг хүртэл тэр зурагийнхаа заавал байх ёстой хэсэг болгодог. Өрөө тасалгааны ханыг зурсныхаа дараа тэр интерьерын дизайнчийн хувьд жинхэн тавилгыг нь өөрөө шилэн сонгоод зохицуулж өгдөг гэнэ. Албан байр, зоогийн газрууд, арт галерейг зэргийг чимэглэхдээ тэрээр “бодит байдлыг” өөрийн зургаар өөрчлөхгүй харин нэмэлт чимэг болгодог зарчмыг тэр барьдаг. Мөн тэрээр зөвхөн хананын зургаар дагнааад ч байдаггүй. Шилэн цонх, хаалтуудыг агаарын жингүй зургуудаараа чимдэг. Хамгийн том хэмжээний бүтээлээрээ тэр Лондоны Викторияба Альбертын музейг чимэглэсэн байгаа. Бэлтгэсэн Ш.МЯГМАР | урлаг соёл |
Уран барималч Роберт Жефферсон Трэвис Понд өөрийн «Steel Pond Studios» нэртэй урландаа ажиллан хаягдал металлаар баримал бүтээдэг Giganten aus Stahl, Мииня Аккиюрккя нарын уран бүтээлчдийн гайхамшигтай уламжлалыг үргэлжлүүлж байна. Гудамж талбайгаар, хогийн цэгүүдээр хэсээд Роберт өөрийн урланд “түүхий эдээ” цуглуулдаг байна. Зарим үед цугласан материалууд өрөөг нь дүүргэдэг аж. Янз бүрийн өнгө, хэлбэр, хэмжээтэй хаягдал цуглуулахад нь түүний эхнэр ч бас тусалдаг байна. Хэд хоног гагнаж давтаж, нийлүүлсээр ээлжит баримал нь төрдөг гэнэ. Юу бүтээхээ эртнээс бодоод сэтгэлдээ буулгасан ч тэр баримлынхаа зураг төслийг заавал хийдэг заншилтай. Гэлээ ч яг ажиллаад эхлэхээрээ баримал нь хаанаа юу хэрэгтэйг өөрөө хэлээд өгдөг ажээ. Бэлтгэсэн Ш.МЯГМАР | урлаг соёл |
Дэлхий даяар 10 сарын 31 нд тэмдэглэдэг аймшгийн баяр буюу халловины баярыг сүүлийн жилүүдэд Монголд өргөн хүрээнд тэмдэглэх болжээ. Хайди Клум, Парис Хилтон, Адам Сэндлер, Ким Кардашин зэрэг дэлхийн олон алдар цуутай одууд жил жилийн энэ үдэшт зориулан хамгийн сонирхолтой дүрийг бүтээн ирж зочдын хамт аймшигтай ордонд сүнсний баярт зориулан бэлтгэсэн тусгай оройн зоог,коктэйлийн дунд гайхаш төрүүлэм үзүүлбэрүүдтэйгээр тэмдэглэн өнгөрүүлдэг. Ирэх зочдын хүсэн хүлээдэг энэ партинд оролцох эрхийг цөөн тооны хүрээнд олон сарын өмнөөс захиалга авдаг юм байна. Яг энэ жишгээр сүүлийн үед манайхны нөлөө бүхий бизнес, урлаг соёлын алдартнууд зочлох болсон олны дунд 35 саяын брэндийн шампанскаараа шуугиан тариад буй зэрэглэл өндөртэй VLVT members club-д 10 сарын 31 ны үдэш нэр хүндтэй олны танил хүмүүс хуран цуглаж жинхэнэ утгаар нь ХАЛЛОВИНДАХ гэж байгаа гэнэ Сүнсийг баярлуулах жинхэнэ аймшгийн орчин, дэлхийн болон Монголын №1 брэнд бүтээгдэхүүнүүдээр тусгайлан бэлтгэсэн коктейл, оройн зоог, аймшигт хөтөлбөрүүдэд нэгдэх зочдын захиалга эхнээсээ хийгдээд эхэлсэн сурагтай. Шоуны онцгой зочдыг бид олон улсын "OK" сэтгүүлээс харах боломжтой юм байна. | урлаг соёл |
Зураач Д. Булгантуяагийн "Нээлттэй урлан" бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 17-нд 16.00 цагт “Цагаандариум” галерей дээр нээлтээ хийх гэж байна. Зураач, багш Д.Булгантуяа гэхээр дүрслэх урлаг сонирхогчдын нүдэнд абстракт чиглэлээр бүтээсэн уран бүтээлүүд нь буудаг. Энэ бол түүний нэрийн хуудас. Түүний зургуудаас хязгааргүй эрх чөлөө, орон зай, хүсэл тэмүүлэл мэдрэгддэг. Хэтэрхий тод биш, хоорондоо ууссан завсрын өнгө бүхий, сонирхол төрүүлэм хачин этгээд хийсвэр сэтгэлгээний зургууд нь харц булаана. Түүний бүтээлүүдээс дөрвөлжин цонхтой байшин гэх мэт энгийн зүйлийг хүлээх хэрэггүй. Тэр гурвалжин цонх, орог саарал хавар гээд өөрийн хачирхалтай ертөнцөө өнгө сүлэн буулгана. Амьдралынхаа хором бүрийг уран зургийн ертөнцтэй холбосон тэрээр заяаны ханиа энэ л урлагаас олжээ. Түүний нөхөр мөн л зураач, бас хамтдаа МУБИС-ийн Дүрслэх урлагийн сургуульд багшилдаг. Уран зургийн гайхамшгийг шавь нартаа мэдрүүлж, ирээдүйн уран бүтээлч бэлтгэх их үйлсэд хүчин зүтгэж хосууд юм. “Адилхан уран бүтээлч болохоор ойлголцоход амар байдаг” гэж “ижилсдэг” эгэл жирийн бүхнийг эгэлгүй ертөнцөөр дэлгэн гаргадаг хоёр уран бүтээлч бие биенээ олж харсан нь ч тохиолдол биш гэлтэй. Г.ДАША | урлаг соёл |
Ягаахан бүжингүүд... Уулын энгэрт амьдардаг энэ бүжингүүдийн аав нь зураач Ж.Гэрэл. Урвайсан, гомдсон, үл ялиг инээмсэглэсэн... Яг амьд юм шиг ягаахан бүжингүүдийг тэр уулын энгэр дүүргэсэн халтар хожуулуудыг хайрлаж, өрөвдсөндөө урлажээ. Энэ бол нийгэмд болоод хүмүүст өгч байгаа сануулга, инстолляци урлагаар илэрхийлсэн тэмцэл юм. Гачууртын аман дахь түүний сонгосон талбайд 12000 орчим хожуул бий. Зураач Ж.Гэрэл 2030 оноос урьтаж энэ талбайдаа 2500 гаруй бүжин бүтээх даалгаврыг өөртөө өгчээ. Байгалийг хайрлах ийм халуун сэтгэлээр бүтэж байгаа ягаан бүжингүүдийг “Гэрэлт зул” төсөл хэмээн овоглодог. Одоо тэнд эргэж амилсан 600 гаруй хожуул, эгдүү хүрмээр хөөрхөн бүжингүүд амьдарч байгаа. Хамгийн гунигтай нь, хүмүүс бидэн рүү хар тэнхээгээрээ “хашхичан” уйлж байгаа бүжингүүдийг дайрлага дайрчээ. Ягаахан бүжингүүдийн чих нь хугарч, амь тасран, эсэн мэнд үлдсэн бүжин цөөхөн болсныг эзэн нь халаглан ярьсан байв. Яагаад тэр вэ... Ягаахан бүжингүүд ямар гэм хийсэн гэж? Зураач Ж.Гэрэл 2008 оноос “Гэрэлт зул” төсөл хэрэгжүүлж, Гачууртын амны сүйтгэгдсэн модны хожуулаар бүжин урлаж эхэлжээ. /Зургуудийг зураач Ж.Гэрэлийн хувийн зургаас ашиглав/. Б.БАЯСАХ Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №009 | урлаг соёл |
Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий Монгол орны 21 аймгаар тойрон аялсан гайхамшигт байгаль, аж амьдралыг гэрэл зургийн хальснаа мөнхөлсөн “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэнгээ өнгөрсөн онд Улаанбаатар хотноо нээн үзэгчдийн хүртээл болгосон билээ. Тэрээр энэ удаад орон нутгийн үзэгчдэд гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэн сонирхуулж байгаа юм. Энэ сарын 13-нд Хэнтий аймгаас гараагаа эхэлсэн түүний үзэсгэлэн одоо Дорнод аймагт буудаллаад байгаа юм. Тэрбээр 2011 оны тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 23-ны хооронд 21 аймгийн нутгаар аялан, 25 мянган км замыг туулсан аяллаа ийнхүү гэрэл зурагт буулган хуанли хүртэл хэвлүүлсэн юм. Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий нь энэхүү үзэсгэлэндээ Монголын байгаль, хүн ардын аж амьдрал, үндэстэн, ястаны онцлог, нүд алдам тал, хэрмэн цав, ховор амьтан ургамал гээд Монголын бахархлыг өөрийн дуранд буулгасан бүтээлүүдээсээ түүвэрлэн, 160 гаруй гэрэл зургийг дэлгэн харуулж байгаа ажээ. “Хөх тэнгэрийн орноор” үзэсгэлэн энэ сарын 20-21-нд Сүхбаатар аймгийн Баруун уртад, 23-24-нд Говьсүмбэр аймгийн Чойрт тус тус үзэгчдийн хүртээл болох нь ээ. Г.ДАША | урлаг соёл |
Монголын Уран зургийн галерей”-д өчигдөр зураач, багш П.Пүүдорж бие даасан “Эхлэл 1” үзэсгэлэнгийнхээ нээлтийг хийлээ. П.Пүүдорж нь 1992 онд ДУД-Сургуулийн график зургийн мэргэжлээр, 1997 онд МУБИС-ийн Дүрслэх урлагийн багш мэргэжлээр тус тус төгссөн юм. Тэрээр сургуулиа дүүргээд уран бүтээлээ турвиж байгаад 2002-2004 онд БНХАУ-ын Гуанжоу хотод Уран зургийн академид мэргэжил дээшлүүлэн. 2005 оноос хойш ШУТИС-ийн ҮТДС-д хар, уран зургийн багшаар ажиллаж байна. П.Пүүдорж нь гадаад дотоодын үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож ирсэн ба энэ удаа анхны бие даасан үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэх гэж байгаа юм. Түүний уран бүтээлийн санд холимог техник, тосон будаг, усан будаг, акрелик зэрэг олон төрлийн арга барилийг хослуулсан 40 гаруй бүтээл тавигджээ. Монгол зургийн бүтээлүүд нь уламжлалт аргыг агуулсан боловч орчин үеийн сэтгэлгээ, зохиомж зэргээр баяжуулан уламжлалт шинэчлэлийг хослуулсан илүү шинэлэг өвөрмөц мэдрэмжийг төрүүлдэг юм. “Чинос” бүтээл нь давхин ирж буй гурван баатрын дүрийг хажуугаас нь бус эгц өөдөс ажиглагч руу эрч хүчтэй давхин ирж байгаагаар эрчимтэй хөдөлгөөнийг мэдрүүлж байгаа нь сонирхолтой. Хийсвэр хэлбэр, агуулгаар зурсан “Зохиомж” бүтээл нь огторгуйн орон зайд амьдралын хүрд мэт дугуйрсан тойрогт дөрвөн талаас нь холбоос мэт эргэн орж буй хөдөлгөөн нь олон зүйлийг бодогдуулна. Нэгэн талаас харахад хүний амьдралын мөчлөг зам нь огторгуйд хэрхэн мөрөө үлдэж байгааг өгүүлсэн, нөгөө талаас нь зохиомжийн хувьд харвал хэвтээ, босоо огтолцол нь хасах нэмэхийн нэгдлийг харуулж буй мэт... П.Пүүдоржийн уран бүтээл нь нэгэн хэв маягт захирагдаггүй, чөлөөт бодол санааны илэрхийллийг бүтээн турвидаг байдал нь бодит болон хийсвэрлэлийг хослуулан бүтээсэн нь зохиомжийн нэгдмэл байх, хуваагдах мөн чанарыг тодорхойлсон үзэсгэлэн боллоо. “Эхлэл 1” үзэсгэлэн ирэх бямба гариг буюу тавдугаар сарын 11-ныг дуустал “Монголын Уран Зургийн Галерей”-д үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн талаар нэмэлт мэдээллийг “Монголын Уран Зургийн Галерей”-н утас: 331687, 327177, 99976901 утаснаас лавлаж болно. Г.ДАША | урлаг соёл |
Монголын Урлагийн зөвлөл Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейг таниулах, тус музейд хадгалагдаж буй хосгүй үнэт үзмэрүүд тэр дундаа Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн бүтээлийг сурталчлах замаар олон нийтэд соёлын өвөө хайрлах, хадгалан хамгаалах хүсэл эрмэлзлийг төрүүлэх энэ үйлсэд байгууллага, хувь хүмүүст өөрсдийн хувь нэмрээ оруулах боломжийг олгох зорилгоор “Занабазарын нууц” соёлын өвийг хадгалан хамгаалах төслийг санаачлан, Дүрслэх урлагийн музейтэй хамтран хэрэгжүүлэх гэж байна. Энэхүү санаачлагын хүрээнд Г.Занабазарын түүх, түүний бүтээл туурвилын талаар олон нийтэд танилцуулах, сан бүрдүүлэх зорилготой арга хэмжээг энэ сарын 16-ны өдөр “М -Си-Эс” Холдинг ХХК, “Монголиан Пропертиз” ХХК-ний дэмжлэгтэйгээр Дүрслэх урлагийн музейд болох гэж байна. Тус арга хэмжээний үеэр олсон орлогыг Дүрслэх урлагийн музейн сан хөмрөг, тэр дундаа хосгүй үнэт үзмэрийг хадгалан хамгаалахад дэмжлэг болгон музейд хандивлах аж. Мөн “М-Си-Эс” Холдинг ХХК нь Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн хосгүй үнэт “Цагаан Дарь Эх” бурхан болон “Язгуурын таван бурхан”-д зориулан олон улсын музейн стандартад нийцсэн шилэн хоргыг гадаадад захиалан хийлгэхэд 15 сая төгрөгийн тэтгэлэгийг тус музейд гардуулах нь ээ. Цаашид Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж буй Өндөр гэгээний бүтээсэн хосгүй үнэт өвийг хамгаалах, олон нийтэд дэлгэн үзүүлэх зориулалт бүхий 10 гаруй шилэн хорго шаардлагатай байгаа бөгөөд энэ үйлсэд байгууллага, хувь хүмүүсийг хамтран ажиллахыг уриалж байгаа юм. Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болох маргаашийн уг арга хэмжээнд түүх соёлын хосгүй үнэт өвтэй тнаилцах, Өндөр гэгээн Г.Занабазарын амьдрал, уран бүтээлийн “нууц”-ыг тайлах, Г.Занабазарын хосгүй үнэт бүтээлийг “амилуулах” торгон мачийг хуваалцахаас гадна амьд хөгжим, орчин үеийн бүжиг, боди арт сонирхож болох нь ээ. Мөн соёлын өвийг хадгалж хамгаалахад хувь нэмрээ оруулж гишүүнчлэлд элсэн хонжворт сугалаанд оролцон сонирхолтой хүмүүсийг нэгэн үдэш хамтдаа өнгөрүүлэх ховорхон боломж тохиох юм байна шүү. “Занабазарын нууц” соёлын өвийг хадгалан хамгаалах төслийн нээлт маргааш 18.30-д Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд эхлэнэ. Г.ДАША | урлаг соёл |
Монголын рок попын ододыг нэгэн дор цуглуулсан “Best of Өөжгий” тоглолт өчигдөр орой “UB palace”-ийн концертийн их танхимд өчигдөр орой болсон билээ. Дан хайрын дуу эгшиглүүлэн, “Хайрттайгаа ирж үзээрэй” хэмээн сурталчилж байсан уш тоглолтод МУГЖ Т.Ариунаа хуримын даашинзаар гангарч, МУГЖ Б.Сарантуяа алдарт “Хайрын бурхан”-аа эгшиглүүлэн үзэгчид хайр дурлалын хөг эгшигийн дунд өнгөрүүлжээ. Рок попынхоны ихэнх хит дууны аялгууг хийж, монголын нэг номерын гитарчин хэмээн үнэлэгддэг гитарчин Өлзий-Оршихын тус тоглолтод “Никитон”, “Хурд”, “Камертон” болон “Харанга”-ын Лхагваа, МУГЖ Ж.Алтанцэцэг, Т.Ариунаа, Б.Сарантуяа гээд монголын шилдэг уран бүтээлчид оролцож байгаа юм. Тус тоглолт өнөөдөр мөн тоглогдоно. Д.БҮҮВЭЙ | урлаг соёл |
Монголын хувцас загварын ертөнцөд нөлөө бүхий “Монгол костьюмс” төвөөс энэ жил тохиож буй 10 жилийн ойдоо зориулж, нүсэр шоу хийхээр бэлтгэж байна. “Этно Фэйшн” нэртэй шоу ирэх сарын 4-нд УДЭТ-т ганцхан удаа болох аж. Энэ үеэр “Монгол костьюмс” төсвөөс “Монгол хувцасны нууц товчоо” театрчилсан тоглолтоо толилуулах бөгөөд үүнд зориулж Хүннүгийн коллекциос гадна эртний улсуудын буюу Сяньби, Түрэг, Богд хаан, Дондогдулам хатан гэх зэрэг 12 коллекц буюу 150 хувцасны шинэ загварыг бүтээсэн байна. Хамгийн сонирхолтой нь эдгээр бүх коллекциудыг судалгааны материал ашиглан урлаж, дизайнерууд гоёмсог, уран хийцээ шингээж өгчээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Монголд тун удахгүй нэгэн томоохон VIP шоу болох гэж байгаа билээ. Уг шоунд Монголын чадварлаг “make-up artist”-ууд болон “body artist”-ууд топ моделууд болон урлагийнхан болоод улстөрийн томоохон төлөөлөгчид уг арга хэмжээнд оролцох ажээ. Хамгийн сонирхолтой нь моделуудын бие нь дээр шууд “body artist”-ууд өөрсдийн уран бүтээлийг хийх юм. Хүмүүсийн тоо одоогоор хязгаартай, урилга тараагаад дуусчихсан байгаа аж. “Kryolan” компаний ерөнхийлөгч ирэх болсонтой холбогдуулан энэхүү шоу болж байгаа юм. Германы алдартай гоо сайхны бүтээгдэхүүн болох “Kryolan” брэндийн салбар Монголд нээх болсон нь уг компанийн ерөнхийлөгч герман эрхэмийг манай улсад зочлоход хүргэжээ. Wolfram Langer уг брендийн үндэслэгч бөгөөд тэрээр өнөөдөр Монголд ирж байгаа юм байна. Харин түүнд зориулсан VIP шоу маргааш орой “Bluemon”-д 18:00 цагаас болох ажээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон уран бүтээлийнхээ шинэ улирлын нээлтээ эхлүүлснээс хойш ОХУ-ын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтуудыг үзэгч түмэндээ хүргэсээр байгаа. Тэгвэл энэ удаа Буриад улсын ДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран “Байкал опера” тоглолт хийх гэж байгаа юм байна. Уг тоглолтын үеэр алдарт хөгжмийн зохиолч Ж.Бизе, Ж.Пуччини, Ж.Верди, Ж.Россини, А.Бородин, Гершвин, Доницетти нарын сор бүтээлүүдийн хэсгүүд багтжээ. Түүнчлэн Буриадын Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дуучидтай УДБЭТ-ын симфониоркестрынбүрэлдэхүүнтэйхамтран тоглох гэнэ. “Байкал опера” тоглолт арваннэгдүгээр сарын 07-нд 18:30 цагаас Дуурь бүжгийн эрдмийн театрт болох юм. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Дуучин С.Наран өчигдөр бие даасан хоёр дахь тоглолтоо Соёлын төв өргөөнд хийлээ. Хүчирхэг, хүчтэй, бардам... Түүнийг илэрхийлэх гэхээр ийм л үгс санаанд буудаг. С.Нарангийн хоолой, түүний авьяас билэг аргагүй бардам юм аа. Үзэгчид Нарантай тоглолтын эхнээс дуусан дуустал хамт дуулав. Бүр суудалдаа ч суухгүйгээр гэгэлзэн, хөөрөн, онгирон түүний тоглолтыг үзэв. Өөрийнхөө дуулсан хамгийн анхны дуугаа, ээждээ дуулсан дуугаа, найздаа зориулсан дуугаа гээд дуучин С.Наран энэ гайхалтай үдшээр амьдралынхаа хамгийн сайхан бүхнийг үзэгчидтэй хуваалцах шиг санагдав. Этгээд, өвөрмөц Наран энэ удаа илүүгээс илүү бяд заан дууллаа. Тайзны гэрэлтүүлэг, хөгжимчдийн чадвар ч зүрх догдлуулсан үдшийг бүхэлд нь чимж чадлаа. Тийм ээ, “С.Наран ямар ч үед, яагаад дандаа ийм бардам байдаг байна аа” гэж дуу алдмаар хүчирхэг тоглолт өчигдөр хотын үдшийг чимлээ. Хар өмд, хар шил, хар хүрэм... Ингэж төсөөлөгддөг, ийм л байдаг С.Наран өчигдөр жинхэнэ омог бардам хатагтайн дүрээр үзэгчидтэйгээ уулзлаа. Тэр маш гоё харагдаж байв. Түүний даашинзны өнгө нь ч, загвар нь ч ихэмсэг. Яг л Наранд зориулсан юм шиг. Нүдний шил... С.Наран нүдний шил зүүх дуртай. Гэртээ бараг зуу гаруй шилтэй. Бас тэр “Нүдний шил” гэж дуутай. Энэ дуугаа өчигдөр дуулахад нь тайзан дээр байсан хөгжимчид ч мөн нүдний шилээ зүүж, дуучныхаа хоббиг хүндэтгэв. “My voice 2” тоглолтын төгсгөл хэсэг хамгийн сэтгэл хөдлөм байлаа. Итеопоос ирсэн түүний найз тайзнаа гарч ирэн, ирэх жил дуучин С.Наран Африкт тоглолт хийх болсон тухай гайхалтай мэдээ дуулгаж, үзэгчдийг “галзууруулах” шахав. С.Наран бол гадагшаа гарч дуулж байгаа, өөрийгөө гадаад ертөнцөд үнэлүүлж чадаж байгаа Монголын цөөн дуучдын нэг. Бараг тэр манай рок попынхноос дэлхийн тайз руу хамгийн хол давхиж яваа дуучин байх. С.Нарангийн найзууд... Тэр их олон найзтай. С.Наран хүнтэй нөхөрлөсөн шиг нөхөрлөдөг “мужык” зантай. Түүний олон найз “My voice 2” тоглолтыг сонирхон үзэж, Нарангаараа бахархан сууж харагдсан. Түүний найзууддаа барьсан бэлгийн нэг нь “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Цоомоод зориулагдав. Саяхан хуримаа хийж, бал сарын аяллаа хийгээд ирсэн жүжигчин Цоомоо, түүний гэргий Т.Өлзийсайхан нарыг дуучин С.Наран тайзнаа урьж, “Welcome to my hearth” дуун дээр бүжиглэхийг хүссэн юм. Хосуудад энэ сюрприз болсон биз ээ. С.Наран + Ө.Уянга. Тэд Хөвсгөлийн бүсгүйчүүд. Тэд хоёул цуцашгүй хоолой, зүйрлэмгүй авьяастнууд. Дуучин С.Наран, Ө.Уянга нарын хамтран дуулсан “Нутгаа дуулахуй” хамтарсан уран бүтээл энэ тоглолтын хамгийн оргил хэсэг нь байлаа. Хамгийн сүрдмээр, бахархмаар, биширмээр өнгийг энэ дуунаас сонсов. Яг л далайн давалгаа шигээ намуухан, хөөсрөн шуугих мэт эрчилсэн... Яг л алс хязгаар нь үл харагдах хөх далай лугаа урсах, долгилох уянга, аялгуу юм аа, Наран. Э.ТЭМЛҮҮН | урлаг соёл |
“Luxury King tower” төслийн 2-р ээлжийн орон сууц ашиглалтанд орж байгаатай холбогдуулан DELUXE MARSHALL VILLAGE хотхонд 2013 оны 11-р сарын 17-ны нэгэн үдэш “Харанга” хамтлагийн дуучин, СТА Х.Лхагвасүрэн ая дуугаа өргөн, дэлхийн №1 Miele, Hanssem, Наран группын оруулж ирж буй Samsung, Sony, Kolarz брэндүүд болон Монголын №1 ХХБанкны ипотекийн 8% хүүтэй зээл болон төгрөгийн 1,7%, долларын 1,3% хүүтэй үл хөдлөх хөрөнгийн зээлийг танилцуулах V.I.P Event арга хэмжээ зохиогдох гэж байгааг таньд дуулгахад таатай байна. “Marshall Deluxe Village” хотхон нь усан оргилуур, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, архитектурын өвөрмөц шийдэл бүхий орчин үеийн өндөр зэрэглэлийн хотхон бөгөөд таны эрүүл мэнд гоо сайханд төгс санаа тавих Туяарах салон, Алжаалаа тайлан тухлан суух Маршал-Арт галерей, “Coffee Bean & The Tea Leaf” сүлжээ кофе шопинг, Энхрий үрсэд зориулсан Монттесори сургалттай цэцэрлэг гээд таны гэр бүлд эрүүл , амар тайван амьдралыг бэлэглэх бүх зүйлс Уг хотхонд бүрэн байна. Архитекторын сонгодог шийдэл бүхий Luxury King Tower apartment нь бүрэн цутгамал, газар хөдлөлтийн 8-10 баллд тэсвэртэй, доороо 2 давхар автомашины зогсоолтой, газар доогууур хонгилоор холбогдсон, нэгдсэн лобби танхимаар нэвтрэн орох бөгөөд үүдний ресепшин, 24 цагийн хамгаалалтай юм. Дэлхийн №1 Kohler, Schneider, LG, Miele, Hanssem брэндүүдээр тоноглон тохижуулсан, Хамгаалалтын хамгийн сүүлийн үеийн LifeSOS ухаалаг системтэй учир гар утсаараа гэрээ удирдах, гэрээсээ гарахгүйгээр бүх үйлчилгээг авах боломжтой. Энгийн апартментаас гадна Duplex, Pent-House загвар бүхий сонголтууд байгаа бөгөөд та цонхоороо хотын хамгийн том Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Богдхан Уул, Хатан туул гол, Хотын төвийн хөгжил цэцэглэлт гээд 4 зүгийн бүхий л өнгө төрхийг тольдон харах болно. Мянга сонсохоор нэг үз гэдэг, Luxury King Tower apartment-д Таныг урья. | урлаг соёл |
“Хотын гудамж”, “Нэг өдөр” зэрэг уран бүтээлүүдээр нь амьд хөгжим сонирхогчдын сайн мэдэх хамтлаг бол яахын аргагүй “Madness”. Тэд тун удахгүй өөрсдийн 15 жилийн ойгоо амьд хөгжим сонихогчидтойгоо хуваалцах ажээ. Тэдний тоглолтонд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн болон “Булсара”, “Нисванис”, “A sound”, “The lemons”, “Fire”, реппер Gee нар хүрэлцэн ирж өөрсдийн уран бүтээлээс хүргэх юм. “Madness-15” жилийн ойн тоглолт арваннэгдүгээр сарын 16-нд 19:00 цагаас “Ub palace”-ийн их танхимд болох ажээ. Тоголтын тасалбар 20 мянган төгрөг бөгөөд “Ub palace”-ийн касс болон “Hifi records”-ийн салбаруудаар худалдаалж, 1950 үнэгүй хүргэж өгч буй юм. Э.ТЭКҮ | урлаг соёл |
“Luxury King tower” төслийн 2-р ээлжийн орон сууц ашиглалтанд орж байгаатай холбогдуулан DELUXE MARSHALL VILLAGE хотхонд 2013 оны 11-р сарын 17-ны нэгэн үдэш “Харанга” хамтлагийн дуучин, СТА Х.Лхагвасүрэн ая дуугаа өргөн, дэлхийн №1 Miele, Hanssem, Наран группын оруулж ирж буй Samsung, Sony, Kolarz брэндүүд болон Монголын №1 ХХБанкны ипотекийн 8% хүүтэй зээл болон төгрөгийн 1,7%, долларын 1,3% хүүтэй үл хөдлөх хөрөнгийн зээлийг танилцуулах V.I.P Event арга хэмжээ зохиогдох гэж байгааг таньд дуулгахад таатай байна. “Marshall Deluxe Village” хотхон нь усан оргилуур, ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, архитектурын өвөрмөц шийдэл бүхий орчин үеийн өндөр зэрэглэлийн хотхон бөгөөд таны эрүүл мэнд гоо сайханд төгс санаа тавих Туяарах салон, Алжаалаа тайлан тухлан суух Маршал-Арт галерей, “Coffee Bean & The Tea Leaf” сүлжээ кофе шопинг, Энхрий үрсэд зориулсан Монттесори сургалттай цэцэрлэг гээд таны гэр бүлд эрүүл , амар тайван амьдралыг бэлэглэх бүх зүйлс Уг хотхонд бүрэн байна. Архитекторын сонгодог шийдэл бүхий Luxury King Tower apartment нь бүрэн цутгамал, газар хөдлөлтийн 8-10 баллд тэсвэртэй, доороо 2 давхар автомашины зогсоолтой, газар доогууур хонгилоор холбогдсон, нэгдсэн лобби танхимаар нэвтрэн орох бөгөөд үүдний ресепшин, 24 цагийн хамгаалалтай юм. Дэлхийн №1 Kohler, Schneider, LG, Miele, Hanssem брэндүүдээр тоноглон тохижуулсан, Хамгаалалтын хамгийн сүүлийн үеийн LifeSOS ухаалаг системтэй учир гар утсаараа гэрээ удирдах, гэрээсээ гарахгүйгээр бүх үйлчилгээг авах боломжтой. Энгийн апартментаас гадна Duplex, Pent-House загвар бүхий сонголтууд байгаа бөгөөд та цонхоороо хотын хамгийн том Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Богдхан Уул, Хатан туул гол, Хотын төвийн хөгжил цэцэглэлт гээд 4 зүгийн бүхий л өнгө төрхийг тольдон харах болно. Мянга сонсохоор нэг үз гэдэг, Luxury King Tower apartment-д Таныг урья. | урлаг соёл |
Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуягт зориулсан бүх оддын нэгдсэн “Баярлалаа” хэмээх тоглолт Монгол Бөхийн өргөөнд энэ сарын 27-ны 19:00 цагаас ганцхан удаа тоглогдох гэж буй. Өөрийн авьяас чадвараараа Монгол түмэндээ үнэлэгдэж, үндэсний их баяр наадмыг олон жил найруулан ажилласан эрхэм найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг нь Өмнөд Солонгос улсад зүрхний мэс засалд яаралтай орох болсон тул түүнийг хайрлаж хүндэтгэдэг, хамтран ажилладаг үе үеийн эрхэм уран бүтээлчид ийнхүү сэтгэлийн дэм хайрлаж нэгдэн тоглохоор болжээ. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Г.Эрдэнэтунгалаг: Өөрийгөө ямархан чадалтай дуучин гэдгээ үзэгчиддээ харуулна Дуучин Г.Эрдэнэтунгалаг тун удахгүй Best of Erdentungalag” бие даасан тоглолтоо “UB palace”-ийн концертийн их танхимд хийх гэж байгаа билээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар нь Б.Анхтуяа захиралтай “Apple” продакшн ажиллаж байгаа ажээ. -Сүүлийн үед ямар нэгэн тоглолтын сурталчилгаа эрт цацагддаг болжээ. Таны тоглолтын реклам яваад байхаар нь өнөө маргаашгүй болох нь гэж бодсон чинь ирэх сарын 1-нд юм байна шүү дээ? -Тийм ээ. Ер нь рекламаа эрт цацаад эхэлсэн нь дээр. “Хурд” хамтлаг 20 жилийнхээ ойн тоглолтын рекламаа сарын гаруйн өмнөөс цацаад эхэлчихсэн биз дээ. Саяхан хамтлагийн ахлагч Д.Ганбаяр ах над руу утасдаж, “Би нэг л эмэгтэй дүүтэй юмсан. Уг нь бид чиний тоглолтын өдөр дахиж тоглох санаатай байсан юм. Тэгсэн чи ах нараа том хаалаа даа” гээд инээж байсан. -Тоглолтынхоо нэрийг яагаад “Best of Erdenetungalag” гэж нэрлэсэн юм бэ? -2003 онд би уран бүтээлч болох гэж зүтгэж байлаа. Өөрийн гэсэн дуутай ч болж сонсогчдийнхоо алга ташилтыг сонсч байв. Түүнээс хойш 10 жилийн турш дуучин гэдэг тодотголтой явсан байна. Хамгийн анх “Ханьсахын жаргал” дуугаа дуучин Т.Батсайхан ахтай хамтарч “өлгийдсөн”. Энэ дуу аав, ээж хоёрын минь бүтээл гэдгийг хүмүүс мэдэх байх. -Дуг өөрийнхөөрөө тодорхойлбол? -Дуу өөрөө уран бүтээлч хүний дотоод сэтгэлээс төрдөг. Би дээр хэлсэндээ, “Ханьсахын жаргал” дууг өлгийдсөнөөс хойш 10 жил болж гэж. Түүнээс хойш би уран бүтээлчдийн амьдралд хөл тавьснаар өнөөдрийг хүрэхдээ юу бүтээв гэдгээ энэ тоглолтоороо дамжуулж үзэгчиддээ хэлэх гэсэн юм. Тиймдээ ч би “Best of Erdenetungalag” гэж нэрлэсэн. 10 жил гэдэг хүний амьдралд том хугацаа. Үүнийг тэмдэглэхээс ч аргагүй. Хүн нэг нас нэмлээ гэж хэчнээн их баярлаж тэмдэглэдэг билээ. -Тоглолтод цоо шинэ дуу эгшиглэх үү? -Зөвхөн өнгөрсөн 10 жилд би ямар дуу дуулсан бэ гэдгээ л үзэгчиддээ хэлэхийг зорьж байна. Тиймээс “Хайрлаарай”, “Дуулж л явахаасаа даа”, “Зангаараа амраг”, “Ижий минь бодогдоно”, “Навчин дээрх шүүдэр”, “Нарт тэнгэрийн дор” зэрэг миний нэрийн хуудас болсон дуу дуулагдана. Шинэ уран бүтээлээсээ сонгоогүй гэсэн үг. Харин сүүлийн үеийн уран бүтээл гэвэл, УГЗ Д.Цэвээнравдан багшийн хөгжим, яруу найрагч Ч.Алтантүлхүүрийн үг “Хайрын булаг“ гэдэг дууг гавьяат жүжигчин С.Ганзориг ахтай хамтарч дуулсан. Одоогоор хараахан цацаж эхлээгүй байна. Мөн “Нюанс” хамтлагтай ээжийн тухай нэгэн сайхан дуу дуулсан. Түүнчлэн “Voice” группийн дуучин А.Эрдэнэжаргалтай ч нэг дуу дуулсан. А.Эрдэнэжаргал бид хоёр оюутан байхдаа хүмүүсийн ярьдагчлан “халтуур” их хийдэг байлаа. Тэр үед халтуур гэдэг бол бидний хувьд дасгал байсан. Тэгж явахад миний анхны хамтран дуулсан хүн бол А.Эрдэнэжаргал. Бидний нэрний эхний үе ч адилхан болохоор хүүхдүүд “Хоёр эрдэнэ” гэж их дуудна. Азийн хатан хаан гэгддэг “Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй ч саяхан хамтарсан. -Гэхдээ эдгээр дууны заримыг өмнө нь өөр дуучин дуулж байсан шүү дээ? -Тийм. “Навчин дээрх шүүдэр”, “Нарт тэнгэрийн дор” дууг өөр хүн дуулж байсан. Гэхдээ намайг ямар нэгэн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоход хүмүүс “Навчин дээрх шүүдэр” эсвэл “Нарт тэнгэрийн дор” дуугаа дуулаач гэдэг. Тэгэхээр эдгээр дууг миний л бүтээл мэт сонсогчид төсөөлдөг болсон байгаа биз дээ. -Өнгөрсөн 10 жилд таны амьдралд хамгийн ихээр өөрчлөгдсөн зүйл нь юу вэ? -2003, 2013 оны Эрдэнэтунгалаг мэдээж өөрчлөгдсөн. 2003 онд би амьдралыг хараахан таньж чадаагүй байсан. 20 насыг дөнгөж гэтэлж байсан болохоор бараг хүүхдээрээ байлаа шүү дээ. Тиймдээ ч би их л дэврүүн, бүх зүйлийг “алаад” өгөх юм шиг санаж явсан. Одоо ч гэсэн амьдралыг бүрэн таниж чадсан уу гэвэл бас л үгүй. Гэхдээ тэр дэврүүн үетэйгээ харьцуулбал арай өөр болсон. Хүний л амьдрал хойно бүдэрч, босч явж ирлээ. Тэгж тэмцэж явахдаа залуу хүмүүсийн адил үргэлж өөрчлөгдөх гэж зүтгэсэн үе олонтой. Оносон ч юм их. -Уран бүтээлийн хувьд хэрхэн өөрчлөлт оров. Таныг “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт, дуучин Д.Болд болон дуучин Quiza-тай хамтарч уран бүтээл хийх гэж байсныг чинь сонссон. Нийтийн дуучин тэдэнтэй хамтарна гэдэг бас л таны хэлдгээр өөрчлөлт шүү... -Д.Болдод санал тавьсан үе маань 2008 он шиг санагдаж байсан. Охиноо төрүүлсэн жил бил үү дээ. Д.Болдын “B” продакшнд ороод энэ саналаа хэлэхэд тэр их сайхан хүлээж авсан. Би маш их урамшсан. Учир нь би “Камертон” хамтлагийн дууг хүүхэд байхдаа их сонсдог байлаа. Их ч хүндэлдэг. Тийм хүн надтай асар их хүндлэлтэй харилцаж, зөвшөөрсөн саналаа хэлэхэд би маш их баярласан. Яг үнэндээ би тэр саналаа тавих гэж зорьж очсон хэрнээ их сандарч, айж байсан. Магадгүй намайг хүлээж авахгүй ч байх юм бил үү гэж бодсон шүү. -Д.Болд тэгээд танд ямар хариулт өгсөн юм бэ? -“Хамтарч ажиллахад хэзээд бэлэн. Гэхдээ та өөрийнхөө стилээр уран бүтээл хийж тодорхой байр суурь эзлэх хэрэгтэй. Тэгсний чинь дараа хоёулаа хамтаръя” гэсэн. -Харин Quiza-гийн хувьд? -Бас л надад нээлттэй хариу өгсөн. Гэхдээ одоогоор боломжгүй гэдгээ хэлсэн. Тэр үед бид хоёр хэн хэнийгээ сургаар л таньдаг байсан л даа. Хааяа ямар нэгэн тоглолтын үеэр таардаг байсан ч ярилцаж байгаагүй. Харин 2010 онд Ардчилсан намын “Монгол хүн-2020” нэртэй тоглолтын баг орон нутгаар аялахад Quiza надад “Чиний үргэлж шинийг эрэлхийлдэг чанар чинь надад маш их таалагдсан. Хоёр жилийн өмнө хамтран уран бүтээл хийх санал тавихад чинь л мэдрэгдсэн. Нийтийн дуучдаас хамгийн түрүүнд надад тийм санал тавьсан хүн бол чи. Үүнд чинь би одоо болтол баярладаг” гэж хэлсэн. Тэр үг нь ч надад маш их урам өгсөн. Би тэднээс мөнгө гуйгаагүй, зөвхөн хамтарч ажиллах саналаа сэтгэлээсээ хэлсэн болохоор сэтгэлээс гарсан үг сэтгэлд нь хүрдэг юм байна гэж ойлгосон. Ер нь би мөнгө гуйгаагүй болохоор хэнд ч уран бүтээлийн санал тавихдаа айдаггүй ээ. -Тоглолтод тань урилгаар хэн хэн оролцох вэ? -“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах, дуучин Л.Чулуунбаатар, Т.Батсайхан, “Voice” группийн дуучин А.Эрдэнэжаргал, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, саксфончин Ч.Болдбаатар, Улсын Филармонийн симфони оркестр оролцоно. Би СУИС-аас Дуурийн дуулаач гэсэн мэргэжил эзэмшсэн болохоор энэ тоглолтдоо мэргэжлийн хэдэн дуу дуулахаар төлөвлөсөн. Гэхдээ тоглолтынхоо төгсгөлд дуулна. Хүч чадлаа шавхсан хэрнээ гэсэн үг шүү дээ. Өөрийгөө ямархан чадалтай дуучин бэ гэдгээ үзэгчиддээ харуулах гэж тэр. -Нэг бөх оролцох сураг байсан. Чухам хэн бэ? -Уг нь би үүнийг их нууцлахыг хичээсэн юм. Сэтгүүлч та нар нуугаад байхад л мэдчихсэн байх юм аа. Улсын хурц арслан Д.Мөнх-Эрдэнэ ах нэг сайхан дуу дуулна. -Таныг Т.Батсайхантай хамтарч дуулахыг уншигчид маань ойрд хараагүй. Тэгэхээр сонирхолтой санагдаж байна л даа? -Бид хоёр өдөр бүр таардаг. Чухал арга хэмжээнд ч хамтарч дуулж байгаа. Гэхдээ олон нийтийг хамарсан тоглолтод бид хамтдаа дуулахгүй байгаа болохоор уншигчид маань биднийг бүр таарах ч үгүй байгаа юм байна гэж ойлгож байгаа байх. Бид өдөр бүр хэн хэндээ уран бүтээлийн зөвлөгөө өгдөг. Баагий ах маань их нуруутай, миний хамгийн их баярлаж явах хүний нэг. Оюутан байхдаа сургуульдаа хамгийн мундаг тенор байсан. Одоо ч хэвээрээ байгаа. Би энэ хүнтэй хамтарч дуулснаар өнөөдрийн зэрэгт хүрэх шалтгаан болсон гэж боддог. Миний энэ тоглолтыг үзсэн хүмүүст ч бидний дууг анх хэрхэн хүлээж авч байсан, тэр бодлоо сэргээх байх. Тэгэхээр зүгээр дуулаад өнгөрөх биш дурсамж сэргээсэн үдэш байх болов уу. -Таны хайр, ханийн тухай олон дууг сонссон залуучууд дурлалт бүсгүй, залуудаа сэтгэлээ илчилсэн байх даа? -Тийм шүү. Нэг зүйл санаанд орчихлоо. Баагий ах бид хоёрын дуулсан “Ханьсахын жаргал” дууг хит болж амжаагүй байхад нэг залуу эхнэрээ гомдоочихоод байж. Гэхдээ тэр залуу их сэргэлэн байгаа юм. Бидний энэ дууны гуравдугаар бадгийг хаанаас ч юм олж бичээд мессежээр эхнэр рүүгээ явуулсан гэсэн. Гэхдээ өөрөө зохиосон юм гээд. Тэгсэн эхнэрийнх нь сэтгэл хөдөлсөн юм байлгүй уучилж. Гэтэл удалгүй бидний дуу нийтэд түгээд эхэлсэн чинь эхнэр нь “Энэ шүлгийг чи зохиогоогүй л юм байна шүү дээ. Дууны шүлэгнээс хулгай хийчихэж” гээд инээлдсэн гэж Т.Батсайхан ах бид хоёрын “Ханьсахын жаргал” тоглолтын үеэр ирж ярьж байсан. Нэгэнт нөхрийгөө уучилчихсан юм чинь яах ч аргагүй болсон байгаа биз дээ. Ёстой хөөрхөн. Хамгийн гол нь аливаа сэтгэлээс гарсан зүйл бусдад тэгтлээ шингэдэг байх нь. -Энэ тоглолтын дараа орон нутгийн үзэгчид маань таныг хүлээнэ байх. Тэдэнд хүрч тоглох боломж бий юу? -Бодол байгаа. Одоогоор шийдээгүй байна. Нэг зүйл хэлье л дээ. Саяхан Ховд аймгийн Мянгат сумын нэг эгч над руу ярьсан. Миний утсыг яаж ч олсон юм бүү мэд. Ямар ч байсан их хичээл зүтгэл гаргасан нь мэдээж. Тэр эгч “Өөрийн чинь тоглолт болох гэж байгааг дууллаа. Би дууг чинь сонсох дуртай. Тиймээс эгч нь очиж үзнэ ээ” гэсэн. Тэгэхээр нь би “Зардлаас эхлээд тэр холоос ирэх танд хэцүү шүү дээ. Таны энэ их сэтгэлийг дүү нь ойлгож байна, баярлалаа” гэсэн. Тэгсэн “Үгүй ээ, эгч нь очихоор төлөвлөчихсөн байгаа” гэсэн. Хамгийн гоё нь тэр эгч “Эгч нь нэг хонины мах аваад очино. Охиндоо шөл хийгээд өгөөрэй” гэсэн. Тэгэхээр нь надад яг л миний ээж эсвэл ах дүү ч юм шиг санагдсан. -Та сүүлийн үед нэлээд жин хасч байгаа бололтой, тэгж анзаарагдаж байна. Зарим эмэгтэйд жин хасах нь бараг толгойны өвчин болдог юм билээ. Магадгүй тэд таныг яаж жин хассан юм бол гэж бодож байж болох? -Яг үнэндээ би эцэг, эхээс заяасан эрүүл саруул сайхан биеийг өнгөрсөн хугацаанд гамгүй эдэлж байж ээ. Болох болохгүй хүнс хэрэглээд л. Үүнээс шалтгаалж жин нэмэх үүсвэр тавигддаг юм байна. Өнгөрсөн есдүгээр сараас эхэлж хоёр сарын хугацаанд “Сарангуа” фитнесст хичээллэсэн. Өмнө нь явдаг байсан ч алдаг оног л хичээллэдэг байлаа. Сая хичээллэхдээ 10 гаруй кг хасч 73 кг жинтэй болсон. -Тоглолтдоо зориулж жин хасав уу, ер нь гоо сайхандаа анхааръя гэж бодов уу ? -Дуу хуур гэдэг бол хүний сэтгэлээс урган гардаг зүйл. Түүнээс биш зүс царайтай холбоогүй. Миний сэтгэлийн гоо сайхан эвдрээгүй цагт сайхан уран бүтээл хөвөрсөөр л байна. Сонсогчид ч миний биеийг хархаас илүү дууг минь мэдрэхийг хүсч байгаа байх. -Таныг одоо нийтийн дуучдын дунд үе гэж хэлнэ. Сүүлийн үед залуучууд гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан, дуучин Т.Батсайхан, Г.Эрдэнэтунгалаг шиг болно гээд их л хичээх юм. Хамгийн гол нь тэдний уран бүтээл таны сэтгэлд хэр нийцдэг вэ. Ер нь манай улсад ийм олон нийтийн дуучин байх шаардлага байна уу? -Тэдний уран бүтээлийг үзэгч, сонсогчид л шүүнэ. Мөн цаг хугацаа. Ер нь уран бүтээлч болъё гэж сэтгэл нь шулуудсан хүн л тунаж үлддэг. Энэ бол амьдралын хууль. -Таны аав ээж уран бүтээлч. Тэгэхээр та нарыг байнга уран бүтээлийн яриа өрнүүлдэг болов уу гэж бодлоо? -Яг ийм дуутай болъё гэж ярилцдаггүй. Гэхдээ ерөнхий санааг нь би дандаа гаргадаг. Тэгж байж тэднийгээ хөглөдөг. Надаар нэг дуу дуулуулахын тулд намайг хөглөх хэрэгтэй. Тэгж байж сайн уран бүтээл төрнө. Сүүлийн үед ээжээс маань улам сайхан бүтээл төрж байгаа. -Танд хамгийн их хөг шаардагдсан ямар уран бүтээл байдаг вэ? -“Тэнгэрлэг эрчүүд”. Энэ дууны аяыг зохиосон Р.Билэгт намайг дуул гээд өгөхөд би бэлэн байгаагүй. Дуулах гэж оролдоод ч үнэхээр хөглөгдөж чадахгүй байсан. Яагаад гэвэл тэр үед би эр хүнд дэндүү их гомдсон байсан. Эр хүнийг ч хайрлах орон зай надад өчүүхэн ч үлдээгүй байлаа. Тэгж явахдаа би сайхан хайртай учирсан. Тэр агшинд л би хөглөгдөж жил гаруй хүлээгдээд байсан дуугаа дуулсан. Би ч өөрөө тэр хайрын мэдрэмжийг алдаагүй дээрээ дуулахыг хичээсэн. Эх сурвалж: www.mminfo.mn | урлаг соёл |
Монголын рок попын түүхэнд 10 гаруй жил уран бүтээлээ туурвиж, олон гайхалтай хит дуугаараа залуусыг байлдан дагуулсаар ирсэн “FREEZONE” хамтлаг арванхоёрдугаар сарын 7-ны өдөр "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд “ХОТЫН ХЭМНЭЛ” тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэртээх 1998 оноос эхлэн өнөөг хүртэл бүтээсэн хит дуунуудаас түүвэрлэсэн 28 дуу “ХОТЫН ХЭМНЭЛ” тоглолтод дуулагдах юм. Шинэ мэдээлэл дуулгахад, "Freezone" хамтлагийн залуус маргааш буюу 12-р сарын 04-ний 12:00 цагаас "BRAU HAUS" ресторанд тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурлыг хийх юм байна. Э.ТЭКҮ Дэлгэрэнгүй мэдээллийг: 88111367 | урлаг соёл |
Саяхан манай оронд Буриадын дуурийн театрын уран бүтээлчид тоглолтоо хийгээд буцсан. Тэгвэл энэ удаа манай уран бүтээлчид Буриад улсыг зорихоор болжээ. “Sweetymotion” хамтлагийнхан арван нэгдүгээр сарын 18-нд ОХУ-ын Улаан-Үд хотын Н.Бестужевийн нэрэмжит драмын театрт өөрсдийн бие даасан тоглолтоо хийх юм. “Sweetymotion” хамтлагийнхан өөрсдийн фейс бүүк хуудсандаа “Буриад улсыг зорих болсондоо баяртай байна. Бидний тоглолт болоход долоо хоног үлджээ. Та бүхэнтэйгээ уулзах мөчийг тэсэн ядан хүлээж байна” хэмээн Оросоор бичсэн байлаа. Тэдний тоглолтыг хөгжмийн зохиолч төгөлдөр хуурч Б.Чинбат хөтлөх юм. “Sweetymotion” хамтлагийнхан 18-нд тоглолттой бол 19-нд нь барууны болон Монголын хөгжмийн талаар лекц уншиж Буриадын уран бүтээлчдэд хичээл захаар болжээ. http://www.youtube.com/watch?v=e-FEiKL3yoo Э.ТЭКҮ | урлаг соёл |
Мэргэжлийн уран бүтээлчдийн хүсэн хүлээдэг “UB Art Fair” үзэсгэлэн энэ сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 1-ний хооронд “Blue Mon” уран зургийн галерейд болох гэж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан тав дахь жилдээ зохион байгуулж буй уг үзэсгэлэн соёлын болон тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, мэргэжлийн уран бүтээлчдийг дэмжих зорилготой. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр, “Дизайн парк” ТББ-тай хамтран зохион байгуулдаг тус үзэсгэлэнд энэ удаа мэргэжлийн уран бүтээлчид, түүний дотор хөгжлийн бэрхшээлтэй уран бүтээлчдийг түлхүү оролцуулахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь social inclusion буюу уран бүтээлчдэд адил хандах, тэгш боломжоор хангах орчин үеийн урлагийн хандлагатай нийцэж байгаа гэнэ. Цаашид тус үзэсгэлэнг дэлхийд алдартай Швейцарийн “Art Basel”, Лондонгийн ”Frieze”, Недерландын “TEFAF” зэрэг уран зураг цуглуулагчид, сонирхогчид зорин ирдэг дүрслэх урлагийн томоохон арга хэмжээ, нийслэлээр овоглосон соёлын аялал жуулчлалын эвент болгохоор зорьж байгаа юм байна. Анх Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болоход нь 40 гаруй мэргэжлийн уран бүтээлчийн 250 бүтээл, Дүрслэх урлагийн дээд сургуулийн багш оюутнуудын 100 гаруй уран зураг, уран бичлэг, сийлбэр, эртний эдлэл, гар урлал, бэлэг дурсгал, арьсан урлал, чимэглэх урлал, вааран урлалын бүтээл тавигдаж байв. Үзэсгэлэнгийн үеэр 100 гаруй бүтээл худалдаалагдаж, 1500 гаруй хүн үзэж сонирхож байсан бол 2012 оны үзэсгэлэнг эмэгтэй уран бүтээлчдийн 200 гаруй бүтээлээр гаргахад гадаад дотоодын жуулчид, худалдан авагч 3500 зочид үзэж байжээ. Д.ЦЭЭНЭ | урлаг соёл |
Монголд анх удаа шөнийн циркийн үзүүлбэрийг хүргэхэд бэлэн болжээ. Дэлхийн шоу ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг циркийн шилдэг үзүүлбэрүүдийг мэргэжлийн шөнийн циркийн баг өөрсдийн үзүүлбэрүүдээс толилуулах нь ээ. Аса циркийн уран бүтээлчид олон улсаар алдартай шөнийн 15 үзүүлбэр бэлдсэн ба электро хөгжмийн хэмнэлд үзүүлэх аж. Шөнийн үзүүлэр “New mass” клубт арван нэгдүгээр сарын 15-нд 22:00 цагаас болох ажээ. Тэдний зүгээс олон сонирхолтой магадгүй хүрэлцэн ирсэн хүмүүсийг алмайруулсан шинэ үзүүлбэртэй шоуг хүргэхийг зорьж буй. Э.ТЭКҮ | урлаг соёл |
Италийн нэрт загвар зохион бүтээгч Валентино Гараванигийн загварын ордон бол дэлхийн хамгийн алдартай захиалгын болон бэлэн хувцасны загварыг тодорхойлогч их гүрнүүдийн нэг юм. Жижигхэн, даруухан “V” гэх логогоор дэлхийн загварын ертөнцөд ноёрхлоо тогтоосон Валентино 1932 оны тавдугаар сарын 11-нд дэлхийн загварын төв гэгддэг Милан хотод төржээ. Бага байхаасаа л эрэгтэй, эмэгтэйчүүдийн хувцас загвар сонирхож, төсөөлөлдөө бий болгосон загвараа цаасан дээр буулгадаг байсан тэрбээр чинээлэг эцгийнхээ тусламжтайгаар Францыг зорьж, Парис хотын нэр хүндтэй Урлагийн их сургуульд суралцаж, амжилттай төгсчээ. Парист түүний анхны сонголт нь Жеки Фат, харин дараагийнх нь Баленсиага байв. Удалгүй тэр тухайн үеийн нэртэй загвар зохион бүтээгчдийн нэг Жен Дессес дээр очиж, туслах ажилчнаар ажиллаж, таван жилийг үджээ. Харин дараа нь Валетино Ги Ларошийн загварын урланд хоёр жил ажиллаад, эцэг, эхийнхээ хүсэлтийн дагуу өөрийн хайрт бүсгүй, Францын сэхээтэн Геральд Нэнтигийн хамт төрөлх Италидаа иржээ. Удалгүй тэрбээр 1959 онд Ром хотын төвд, баян эцгийнхээ сүр хүчин дор, түүний хөрөнгө мөнгөөр өөрийн гэсэн хувцас захиалгын газраа нээжээ. Энэ үед тэр 27 настай байв. 1960-аад он гарахад Ром хотод дэлхийн нэртэй жүжигчдийн тоглосон киноны зураг авалт тасралтгүй үргэлжлэх болж, энэ нь Валентиногийн ирээдүйн ололт амжилт, алдар хүнд, асар их өв хөрөнгийн эхлэлийг тавьжээ. Энэ л түүний ирээдүйн амьдралын төгсгөлгүй эхлэл байлаа. Валентиногийн хувьд төрөлх нутаг нь Парист үзсэн амьдралаас тэс ондоо байжээ. Алдрын оргил өөд хялбархан мацсан түүний анхны шоунд оролцохоор Парисаас хүртэл загвар өмсөгч, моделиуд ирж байсан гэдэг. Удалгүй Валентино тансаг улаан өнгөт даашинзаараа алдартай болсон бөгөөд хожим нь загварын хүрээлэл дунд “Валентиногийн улаан” гэх өнгөний томъёо бий болсон нь өдгөө хадгалагдсаар буй. “Rosso Valentino” буюу Валентиногийн гэгдэх улаан өнгө нь 100 хувийн ягаан, 100 хувийн шар болон 10 хувийн хар өнгийн нэгдэл ажээ. Валентиногийн олон улс дахь алдрын замнал 1962 оноос эхэлсэн гэж болно. Тухайн үед Италийн загварын төв байсан Флоренци хотод загварын шоугаа зохион байгуулж, дээд зэргийн төвшинд дэндүү тансаг болж өнгөрсөн уг шоуны дараачаас эхлэн Валентиногийн нэр хүнд гайхалтай гэмээр манджээ. 1960-аад оны дунд үе гэхэд Валентино Италийн төдийгүй дэлхийн оддын гоёлын урладаг болсон байв. Түүнийг дэлхийн дахинаа нэр алдраа түгээн цуурайтуулахад нөлөөлсөн томоохон хүчин зүйл нь АНУ-ын 35 дахь тэргүүн хатагтай Жаклин Кеннеди юм. 1964 оны есдүгээр сард Нью-Йорк хотын тансаг зэрэглэлийн “Waldorf-Astoria” зочид буудалд болсон хандивын арга хэмжээний үеэр Валентино ээлжит шинэ коллекцио танилцуулжээ. Түүнийг харсан хатагтай Кеннеди коллекцийг тусгайлан үзэхийг хүсч, улмаар Валентино Кеннедигийн гэрт өөрийг загваруудыг моделийн хамт илгээсэн байна. Тэргүүн хатагтайд түүний загварууд онцгой сэтгэгдэл төрүүлж, бүгд хар, цагаан өнгөтэй зургаан даашинз захиалжээ. Хатагтай Кеннеди нөхрөө нас барснаас хойш гашуудлын нэг жилийн хугацаанд тэдгээр зургаан даашинзыг л өмссөн байна. Тэр цагаас хойш Жаклин Кеннеди нэрт загвар зохион бүтээгчийн байнгын үйлчлүүлэгч төдийгүй дотны анд болжээ. Хожим нь Жаклин Грекийн бизнесмэн, усан тээврийн магнат Аристотель Онассистай гэрлэхдээ хуримын даашинзаа Валентиногоор урлуулсан байна. Түүний бүтээсэн богинохон цагаан хуримын даашинз өдгөө дэлхийн загварын түүхэнд сор болсон бүтээлүүдийн нэгд зүй ёсоор тооцогддог. Хувцас загварын домог болсон Валентино Гаравани 2007 оны есдүгээр сарын 4-нд Парис хотноо хийсэн ээлжит шоуныхаа үеэр 2008 онд албан ёсоор дэлхийн загварын тайзыг орхихоор шийдсэнээ зарласан юм. Ингээд эцсийн удаа тэр Парист 2008 оны нэгдүгээр сард загварын шоугаа толилуулаад өвөрмөц энэ хүрээллээс бүрмөсөн явжээ. Дэлхийн загварын ертөнцөөс түүнийг үдсэн тэр гайхалтай хаалтын шоунд Эва Херзигова, Наоми Кэмпбэлл, Клаудия Шиффер, Надья Ауэрмэнн, Каролина Куркова гээд нэгэн цагт дэлхийн тайзыг эзэгнэж явсан супер моделиуд эргэн тайзнаа гарсан нь ховор тохиол байлаа. “Би эмэгтэй хүнийг хайрладаг” гэж Валентино үргэлж хэлдэг. Тийм ч учраас тэр эмэгтэй хүнийг үргэлж ихэмсэг хэрнээ тачаангуй, тансаг харагдуулахыг хүсдэг байж... С.ЦЭЛМЭГ | урлаг соёл |
Өндөр зэрэглэлийн эрхмүүдэд зориулсан шоу ар араасаа зохиогдсоор. Энэ удаа “Brix” шөнийн клубт “High heel VIP” парти болох гэж буй. Арваннэгдүгээр сарын 30-нд 01:00 цагаас “Dumond” гутлын брэнд нээлтээ хийснийг тохиолдуулан зохион байгуулах партид Монголын нийгэм, улс төр, урлаг гээд бүх л салбарын лидер эмэгтэйчүүд оролцох гэнэ лээ. Одоогоор зочдын урилга тараагдсан байгаа бөгөөд оролцох хүсэлтэй хүмүүс 30 мянган төгрөгийн тасалбар худалдан авч орж болох ажээ. Шоуны үеэр өндөр өсгийт дээр бүжиглэдэг залуус өөрсдийн сонирхолтой бүжгийг толилуулах гэнэ. Дашрамд сануулахад, эмэгтэйчүүд эл партид заавал өндөр өсгийттэй ирэхээ мартав аа. Э.ТЭКҮ | урлаг соёл |
“Монгол Циркийн хөгжлийн төв” ТББ-ынхан Монголын үзэгчид, хүүхэд багачуудын шинэ жилийн баярт зориулан дэлхийд алдартай “Сircus on ice” буюу “Мөсөн цирк”-ийн тоглолтыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулахаар товоо зарлаад байгаа билээ. ОХУ-ын Москвагийн төв циркийн жүжигчдийн алдарт “Мөсөн цирк” тоглолт ирэх арванхоёрдугаар сарын 7-ноос эхлэн “АСА” циркт ердөө долоо хоног үргэлжлэх юм. Уг тоглолтын тасалбарыг “АСА” циркийн кассаар борлуулж эхэлсэн бөгөөд эгнээ, суудлаасаа хамааран 10 мянга, 15 мянга, 20 мянга гэсэн сонголттойгоор худалдаанд гарчээ. Тоглолтын тасалбарыг 1199 дугаарт захиалан үнэгүй хүргүүлэх боломж бас нээлттэй гэсэн шүү. Мөсөн циркийн тоглолт ажлын өдрүүдэд 19.00 цагаас, амралтын өдрүүдэд 11.00, 15.00, 19.00 цагт болно. Гэр бүлээрээ үзэх үзвэр төдийлэн элбэг биш байдаг манай орны хувьд шинэ жилийн баярт өдрүүдэд хайртай хүмүүстэйгээ хамтдаа дэлхийн жишиг тоглолтыг үзэж бяцхан үрсээ баярлуулах боломж ийнхүү бүрдлээ. Сонирхуулахад, циркийн өвөрмөц нэгэн төрөл болох Мөсөн циркийг анх 1964 онд Оросын циркийн алдарт найруулагч, соёлын гавьяат зүтгэлтэн А.Арнольд санаачилжээ. Анхны үзэгчид нь циркийн үндсэн төрлүүд болох гимнастик, акробат, жонглёр болон алиалагчийн үзүүлбэрийг мөсөн дээр тэшүүрээр гулган хийж байгааг ихээр шагшин, өндрөөр хүлээж авч байжээ. Түүнчлэн анхны аялан тоглолт нь 1965 онд Бельги улсын нийслэл Брусель хотод болжээ. Үүнээс хойш уг циркийн төрөл нь улам бүр хөгжиж үзүүлбэрүүд нь чанаржин дэлхий даяар алдартай циркийн урлагийн томоохон төрөл болтлоо хөгжиж чадсан байна. Одоогийн байдлаар дэлхий дээр “Мөсөн цирк”-ийн төрлөөр үзүүлбэрээ толилуулдаг нэр хүнд бүхий ердөө таван циркийн шоу байдгаас анх энэ урсгалыг үүсгэн хөгжүүлсэн Оросын алдарт шоуг эх орондоо тольдох боломж тун удахгүй нийслэлчүүдэд тохиож байна. Эх сурвалж: www.urlag.mn | урлаг соёл |
Монголын урдаа барьдаг хийлчдийн нэг Дээгий буюу Ч.Дэлгэрцэцэг "Улаанбаатарын үдэш" шинэ жилийн шоу тоглолтоо 2013 оны 11 сарын 30 -нд 19 цагаас Улаанбаатар чуулгын их танхимд ганцхан удаа тоглохоор болжээ. Энэхүү тоглолт нь түүний бие даасан зургаа дахь уран бүтээлийн тоглолт бөгөөд энэхүү тоглолтоороо нийслэлийн нүүр царай, соёлыг харуулахын дээр уянгын бус транс хөгжим оруулсан, үзэгчдийг уйдаахгүй шинэлэг тоглолт болно гэдгээ тэрээр хэлж байгаа юм. Тоглолтын дараа "Улаанбаатар чуулга"-ын уран бүтээлчидтэй хамт ОХУ-ын Эрхүү хотын драмын театрыг зорихоор төлөвлөжээ. Сонирхуулахад хийлч Дээгий "Монгол бахархлын өдөр"-өөр Улаанбаатар чуулгын гоцлол хөгжимчин болсон билээ. Эх сурвалж: www.xyyp.mn | урлаг соёл |
Монголын загварын ертөнцийн хамгийн том наадам “Гоёл” энэ жил 25 дахь удаагаа зохиогдож, шилдгүүдээ нэрлэлээ. Монголын дизайнеруудын холбоо, Дизайнеруудын академи болон Херо энтертэйнмент студийн хамтран зохион байгуулсан Гоёл наадам бямба гаригт Соёлын төв өргөөнд хөл хөдөлгөөнтэй болж өнгөрөв. Наадмын ивээн тэтгэгч “Керасис” брэндийн шагналын эзнээр загвар өмсөгч Х.Халиунаа, н.Мөнгөнцэцэг, н.Сэлэнгэсүрэн нар шалгарч, Дизайнерын академын шагнал, “Хүндэт одон”-гоор Шилмэл загвар ХХК-ийн дизайнер н.Батзаяа шагнуулав. Харин наадмын тусгай шагнал дизайнер Сарангэрэл болон Хятад улсаас ирж, Хорчин үндэстний хувцасны коллекцоо танилцуулсан дизайнер Лю Ин нарт очсон юм. Мөн Өвөр Монголын Хөх хотын загварын компанийг төлөөлж, “Нарны хатад” коллекцоор оролцсон дизайнер н.Түвшинзаяа “Гоёл” наадмын шилдэг залуу дизайнер шагналын эзэн болсон бол “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер н.Өнөболор, “Сити” Дээд сургуулийн оюутан, дизайнер н.Отгонзаяа, “Best tailor” компанийн дизайнерн н. Биндэрьяа, дизайнер н.Цас, “Diamond fashion” компанийн дизайнер н.Алтанчимэг нар “Гоёл” наадмын топ загвар зохион бүтээгчээр шалгарав. Наадмын “Шилдэг зохион бүтээх товчоо” шагналаар энэ удаа “Дархан минж” ХХК шагнууллаа. Эцэст нь наадмын хамгийн том шагнал болох Гран При шагналын эзнийг нэрлэхэд “Аяс кашмер” компанийн дизайнер Оюунбилэг шалгарсан юм. Харин загвар өмсөгч н.Чинзориг, н.Сарнай нар наадмын шилдэг загвар өмсөгч шагналын эзэд боллоо. “Гоёл” наадмын “Топ модель”-ийг нэрлэх мөч болоход загвар өмсөгч С.Ариунбилэг тодорсон нь үзэгчдэд төдийгүй шагналын эзэнд өөрт нь ч гэнэтийн бэлэг болсон юм. Н.ЭНХ | урлаг соёл |
Subsets and Splits